Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Хэрэв их өрийг тэглээгүй бол Таван толгойгоо тавиад туучих байсан, гэхдээ би төлчихсөн учраас Оросууд яаж ч чадахгүй байгаа юм” гэж ярьж байв. Уг нь их зөв үг, гэхдээ арай л эрт хэлчихсэн юм. Энэ ярилцлагаас хойш тун удалгүй Оросууд Таван толгойн ордыг авахын төлөө алалдаж эхэлсэн. Явж явж их өрийг тэглээгүй болж таарав. Таван толгойгоо алдах нь ээ? 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярын сонгуулийн кампанийг удирдаж байсан С.Баяр хэрэв “Их өрийн асуудлыг сөхөх сонирхол АН-д байгаа бол тун тоогүй асуудал үүсгэнэ. Өрийг Оросын төрийн думаар хэлэлцээгүй учраас буцаачих ч нөхцөл бий” гэж сүрдүүлсэн, түүнийг нь Дундговиос шамбалын үүд ч юм уу, ямар нэг юм хайгаад байгаа төрийн думын дарга С.Миронов батлаж, тэр мэдэгдлийнх нь дараахан Оросын хэвлэлд гарсан ийм агуулгатай багавтар өгүүллийг МАХН-ын баримжаатай сонинууд орчуулан нийтлэж байв. Нэг муу сонгуулиас болж ахиж өрөнд ороод яахав, МАХН-ынхан намынхаа өчүүхэн эрх ашгийг улсын эрх ашгаар өлхөн зольчих солиотой коммунистууд. Тэд хэзээд намаа төрөөс, улсаас дээгүүрт тавьдаг…
Эцэст нь нэр дэвшигч М.Энхсайхан их өр тэглэсэн үйл явцыг шалгах ажлын хэсэгт орсон хэрнээ өөрөө сонгуулийн “түүзээ үхүүлж” ямар ч асуудалгүй тэглэсэн болохыг батлаж гарын үсгээ зурсан юм. Уг нь энэ шалгах ажлын хэсгийг Ан-ын шахалтаар байгуулж чадсан тул өрсөлдөгчдөө томоохон цохилт өгч чадна гэж тооцож байсан юм. Явж явж энэ бүгд худал болж таарлаа. Мань мэт ч дээ, жинхэнэ үхэр, Н.Энхбаяр төлчихлөө гэж нэг хуураад, төлбөрөө буцаана гэж нэг айлгаад, мань мэт нь болгоомжилж байна гэж юүхэв. М.Энхсайхан ямар сэжмээр ийм дарамтанд орсныг гайхаад олдоггүй юм, Баабар ч гэсэн яг ийм бодолтой явдаг юм билээ.
М.Энхболдын Засгийн газрын үед ирсэн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Фрадковын өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал Оросууд Монголд эргэж ирж байгааг ил тод харуулсан юм. Оросуудад юу хэрэгтэй вэ? Эхлээд пушкагаа, дараа нь Пушкинаа явуулдаг Оросоос Путин, дараа нь Дерипаско ирж билээ. Оросуудад нүүрс, уран хэрэгтэй байна. Энэ хоёр ашигт малтмал хоёулаа эрчим хүчний түүхий эд. Таван толгойд 6 тэрбум гаруй тонн коксждог нүүрс бий, Энэ бол металл боловсруулах үйлдвэрийн гол түүхий эд юм. Аж үйлдвэрийн түүхийн эхэн үед нүүрснийхэн металл боловсруулагчдаа хянадаг байлаа, одоо нүүрсийг металлынхан хянадаг болсон байна.
Дорнын орнуудад нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэж байхад Европт буурчээ. Европ дахь нүүрсний үйлдвэрлэлийн бууралт нь эрчим хүчний үйлдвэрлэл багассан гэсэн үг биш, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй дулааны станцаас татгалзаж, атомын станц олноор байгуулж байгаанх, тэгээд л ураны эрэлтийг нэмж байна. Ийм шалтгаанаар Монголын нүүрс дорнын улсуудад, харин уран өрнийнхөнд хэрэг болжээ. Дэлхийд олборлож буй нүүрсний 13 хувийг металлургид ашигладаг. Хамгийн сайн чанартай антрацит /коксжсон болон коксждог/ нүүрсний эрэлт юм.
“Оюу толгой”-н ордын төлөө Өрнөд-Хятад хоёр дайтаж, өрнийн төлөөлөл “Рио Тинто” ялж байна. Уг нь гэрээг хэлэлцэхийн өмнөхөн Хятадын гадаад бодлогын монголын чиглэлийг хариуцдаг Хятад Улсын дэд дарга, ирээдүйн ХКН-ын дарга гэгдэж байгаа Си Цинпин “Монголын чиглэлд амжилт олохын тулд ямар ч ресурс хайрлахгүй” /www.ganaa.mn/ гэж байсан ч хүндхэн цохилт авчээ. Ер хятадын дэдүүдэд Монгол халтай, Моагийн залгамжлагч Лин Бяо Монголд онгоцтойгоо сүйрсэн. Гэвч шаргуу хятадууд сөргүүлээд дараагийн ресурсээ дайчилж төмөр замын дэд сайдаа илгээж төмөр замын төсөл санал болгожээ. Энэ нь Эрээн-Сайншанд-Таван толгой-Гашуун сухайт-Нарийн сухайт-Секе гэсэн нүүрс зөөх битүү гогцоо үүсгэх төмөр зам тавих санал байжээ. Ингэхдээ Эрээн Сайншандын өргөн төмөр замтай зэрэгцсэн нарийн төмөр зам тавих санал байжээ. АН-ыг либериал нам гэдэг ч МоАХ-ныхны хадгалдаг үндэсний үзэл нэвшсэн зам тээврийн сайд Х.Баттулга Монголын Нарийн сухайт-БНХАУ-ын Секе гэсэн холбоосыг зөвшөөрөөгүй байна.
Хойд Хятадын төмөр замын сүлжээ өнөөдөр ачаалаа даахгүй байгаа тул Хятадууд Монголын Шивээ Овоод цахилгаан станц байгуулаад эрчим хүч импортлохын тулд тогтмол гүйдлийн 500 квт-ын шугамаар цахилгаан импортлох хүсэлтэй, харин Нарийн сухайтаас Секе хүрсэн зам нь цаашдаа Бугатын металлургийн үйлдвэрт хүрэх юм. Хятадын баруун хойд төмөр замын сүлжээнд хамрагддаг ачаалал багатай энэ замаар Монголын ордуудаас коксждог нүүрс зөөхийг боджээ. Ингэвэл Таван толгойгоос Дорнод хилээр хаашаа гарах нь мэдэгдэхгүй байгаа төмөр замын ач холбогдол буурч болзошгүй юм. Өөрөөр хэлбэл Чойбалсангаас урагш эргэж яг хилд тулсан Япончууд байгуулсан байж магадгүй Эрс /Yirshi/ өртөөгөөр дамжуулсан зам тавибал Тянжин руу эргэнэ. Тянжин хүрэх зам нь Япон, Өмнөд Солонгос бусад орнуудад нүүрс хүргэх ёстой, Чойбалсангаас хойш эргэвэл Оросын Борзая өртөөгөөр дамжин мөн энэ хэрэглэгчдэд хүрнэ. Оросоор дамжвал тээврийн зардал өндөр тул илүү өндөр үнэтэй болох магадлалтай ч Хятадаар дамжвал төмөр замын ачааллаас шалтгаалсан өртөг нэмэгдэж болзошгүй тул тээврийн зардлын ялгаа нэг их гарахгүй.
Яг энэ үеэр ОХ-ын Ерөнхийлөгч Д.Медведев айлчиллаа. Монголд хоёрдугаар фронт нээгдэв.  Халх голын ялалтын 70 жилийн ой. Орос Монгол ах дүүс хорин жил уулзаагүйгээ тэмдэглэн тэврэлдээд наргиж, цэнгэж байх зуур японы империалистууд /милитарист, дээрэмчин, самуурай, түрэмгийлэгчид, булаан эзлэгч… өөр юу ч гэдэг билээ/ Хэрлэн голын дээгүүр гүүр тавьж, Өвөрхангайд сургууль засаж, цахилгаан станц шинэчилж, эмнэлэгт шинэ тоног төхөөрөмж бэлэглэн нуруу тэнийлгэх завгүй ажиллаж байв. Энэ хэдэн хоногт “старые добрые времени-хуучин сайхан цаг” ирсэн мэт байлаа. Оросууд Монголд хайртай. Ерөнхий сайд М.Касъяанов, Ерөнхий сайд М.Фрадков, Ерөнхийлөгч, бас Ерөнхий сайд В.Путин, Ерөнхийлөгч М.Медведев нар Монголд айлчилжээ. Их оросын төрийн эрхэнд гарсан бүхэн алс дорнын жижигхэн Монголд заавал ирдэг болсны учир юу вэ? Оросууд муу шоовдор дүү Монголыг юунд ингэтлээ анхаардаг болов? Таван толгой. Одоо Таван толгойд Орос-Хятад хоёр өрсөлдөх болно. Монголчууд Оросуудад их сайн. Хятад ахиад л ялагдах уу? Одоо Орос Хятад хоёр Таван толгой-Чойбалсангийн замыг өргөн төмөр зам байх уу? нарийн төмөр зам байх уу? гэдгийг шийднэ… Гээд хар хятад, шар хятад /Өндөр гэгээн Оросыг ингэж хэлсэн/ хоёрт ялгаа юу байна?
Их Монголын нутаг дахь коммунизм
Олон хүн анзаардаггүй юм, ХХ зуунд Сталин Гитлерийг ниргэснийхээ дараа коммунизмыг яг ХIII зууны Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр бий болгосныг.
Гагцхүү 800 жилийн өмнө эзэнт гүрний эзэн нь Монголчууд байсан бол XX зуунд Оросууд байлаа. Гэхдээ засаглалын төвлөрсөн ёсыг Оросууд Монголоос авснаараа өрнөөс үргэлж ялгарч ирсэн. Аль аль нь хагас зуун жил оршин тогтноод задарчээ. Түүхийн давтамж уу? Эсвэл хэн хүчирхэг байсан тэр эргээд хүчирхэг болно гэсэн түүхийн философийн нотолгоо юу? Алтай, Хянганы завсарт нүүдэлчид үе үе хүчирхэгжихээрээ хятадыг тонон баяжиж, бууран доройтохдоо өрнө зүгт зугтан оддог байлаа. Хятад ба Монголын хүчирхэгжлийн давтамж ямагт зөрдөг. Хятадын түүхэнд найман их гүрнийг онцолдог. Цин, Хан, Тан, Сүн, Юань, Мин, Чин, БНХАУ. Харин Монголын түүхэнд Хүннү, Сяньби, Жужан, Тоба, Түрэг, Уйгур, Хиргис, Кидан, Их Монгол гүрэн, Зүүнгар тодорчээ. Дэлхийн түүх Модун шаньюй Цин Ши хуандийн тулалдааныг хүсээгүй юм. Ши хуанди үхснээс нэг жилийн дараа Модун шаньюй болж байв. Тэр Цин гүрнийг хойд талаас нь хүчирхэн дарлаж, Хан гүрний сэргэн мандлын эхийг тавьжээ.  Хан Сяньби, Тавгач, Тоба нарыг даваад мөхөв. Тан, Түрэг хоёрын өрсөлдөөнд Түрэг ялагдсан ч, Куль тегин, Тоньюкукын үед гялалзсан амжилт гарган санаачлагыг гартаа авч билээ. Түрэгүүд нэгдмэл байдлаа хадгалан нутгаа тэлж, Каспий хүргэсэн юм.
Монголчуудаас бусад нь өрнө зүгийг тэмцсэн. Хүннү Баруун Ромыг унагаж, Табгач Кавказад тогтож, Түрэгүүд өрнөд хил дээрээ Бага Азид дахин сэргэж, Киргиз тэнгэр ууланд бүгж, Хятадын соёлд автсан Зүүн киданы Ляо улс Зүрчидүүдэд ялагдсан ч хагас нь мөн л өрнийг тэмцэж Хорезмд тулаад тогтсон Хар киданыг байгуулжээ. Чингис хаан энэ улсыг өөртөө нэгтгэжээ. Уйгур баруун зүг биш баруун өмнө зүг нүүгээд хоёр зууны дараа Кунлуний нурууг давж их цөлийн дунд Таримын савд иржээ. Үүнээс цааш нүүх чадал үлдсэнгүй, учир нь тэд хагас суурьшмал болсон байв. Тэгээд 800 жилийн дараа Манж нарт гүйцэгджээ. Торгуудууд Ижилийн савд 150 жил тогтоод хагас нь буцлаа. Тэд муу мэдээтэй ирлээ, баруун зүгт зам хаагджээ…
Өнөөдөр Монголчууд буурай, Хятад хүчирхэгжлийнхээ оргил руу очиж байна. Урьд өмнө Монголчууд наран шингэх зүгт зугтан оддог байсан бол одоо тэгж чадахгүй. Торгууд эргэж ирсэн тэр цагаас хойш Монголчууд оршин тогтнох орон зайгаа хадгалан үлдэхийн тулд хоёр фронтод ширүүн тулаан хийсэн юм. Өмнө зүгт 2000 жил сөрсөн дэлхийн аугаа иргэншил, харин хойд талд залуу идэрмэг Орос гүрэн байв. Хятад луу, Орос буу хоёр Монголын эргэн тойрныг амархан эрхэндээ авчээ. Оросууд лалжсан нүүдэлчин казахыг, Манж нар Зүүнгарыг эзлээд Монголын баруун талд гар гараасаа атгалцжээ. Манж нар Балхаш хүртэл нутгийг эрхэндээ авсан боловч хожим Оросууд булаан авсан юм.
Гурван томоохон иргэншлийн дунд 400 жилд шахагдсан Монголчууд Халхын тал нутагт үлджээ. Нэгэнт баруун зүг зугтаж чадахгүй тул аль нэгийнх нь эрхшээлийг дагах болоход Өндөр гэгээн Манжийг /хятад биш шүү/ сонгожээ.
Хятадын түрэлтийн өмнө хуваагддаг тэр жам ёс Монголыг нэрвэжээ. Хойд-өмнөд Хүннү, баруун-зүүн Түрэг, Хар Кидан-Ляо улс, Ар-Өвөр Монгол гэсэн түүхэн  хуваагдал давтагджээ. Тува, Буриад Оросынх болов. Хятадууд өмнөд Монголыг өөртөө уусгаж дуусвал ахиж нэг алхах байлаа. Бид буурай ч, их гүрний амбицаараа 1911 оны Чин гүрний уналтын дараа Өвөр Монголыг алдсандаа харамсдаг боловч өвөрлөгчид Халхыг таатай цаг иртэл бараг 100 жил хятадаас халхалж чадсан нь бидний олз юм. Харин өнөөдөр Хятадын их түрэлтийг ажихад өвөрлөгчид тэсч үлдэх найдвар тун бага болжээ. Хойно ердөө гуравхан жилийн өмнө Буриадын гурван улс өөртөө засах эрхтэй байлаа. Одоо хамгийн захын хүн ам цөөнтэй нь орос даргатай өөртөө засах эрхтэй үлдээд нөгөө хоёр нь Чита, Эрхүү мужид шингэлээ… Ямар сайндаа Оросууд цорын ганц үндэсний Ерөнхийлөгчийн хувьд К.Илюжиновыг байнга айлчлалдаа оролцуулж байхав дээ.   
ХХ зуун, монголчууд сөрсөн нь
Богд хаант улс
1911 онд тусгаарлахын өмнө Жавзандамба хутагт унаж буй Манжийн сүүлчийн эзэн хаанд захидал илгээж хамгаалуулах эсэхийг нь асуужээ. Хэнийг хэнээс хамгаалах гэж? Манжийг Хятадаас хамгаалах учиртай байв. Уг нь гэрээ ёсоор  Манжийн хааны эсрэг Хятадууд босвол Монголчууд хамгаалах гэрээтэйгээр Чин гүрний дээвэр дор 200 жил оршжээ. Манж нар ч энэ гэрээгээ сахиж, Монголыг Хятадад уусгахгүйн тулд хатуу журам тогтож байв. Чин гүрний дотор Монгол үндэстэн Манж нарын дараа ордог байлаа. Манжийн хаад нар ёс болгож их хатнаа  боржигин овгоос голдуу хорчиноос буулгадгаас Чин гүрний хаад Манж ястай, монгол цустай байв. Өнөөдөр ч БНХАУ-д энэ уламжлал хадгалагдсан нь Монголчууд хүн цөөтэй ч хоёрдугаар дэстэй нь ажиглагддаг. Гэхдээ л 1911 онд Хятаджсан Манжийн хаан монголчуудаар хамгаалуулахыг хүсээгүй юм. Харин ч тэд Монголыг уусгах гэж оролдсоноороо гэрээгээ зөрчиж хамгаалагчдынхаа итгэлийг алджээ. Уг нь хар тамхины дайны үед европчуудтай Чин гүрний армийн Монголын хороод хамгийн сайн байлдаж байв. Англичууд Монголын морьт хорооны захирагчийг “сэр Бэнингсон” гэж хүндэтгэн нэрлэдэг байв.
Халх тусгаарлав, өвөрлөгчид хоёр хуваагдсан байна. Нэг хэсэг нь гэрээ ёсоор Манжийн хааныг хамгаалж, Их Чин гүрнийг дахин сэргээхийг хүсэж байлаа, харин нөгөө хэсэг нь шууд тусгаарлая гэлцэж байв. Хэрэв Манжийн хаан хүссэн бол Монголчууд хамгаалж дөнгөх байсан уу? Лав л Юань Ши Кай 1911-1919 онд  Монголыг цэргийн хүчээр эзлэх гэж оролдох бүртээ буцохиулж байв. Сайтар зэвсэглэсэн 40 мянган цэрэг нь Халхын нутгийн барааг ч харалгүй Өвөрмонголд хиарцохиулсан. Богд хаан өвөрмонголыг өөрийн улсын нэг хэсэг гэж үзэж байв. /Энэ тухай “400 монгол 10000 хятадыг ялж чадна”.www.ganaa.mn сайтаас уншина уу/ Монголын арми Хөх хотыг өнгөртөл давшихад Оросууд зээл, зэвсэг нэмж өгөхөөс татгалзаж, цэргийг нь гэдрэг татуулж, гурван улсын гэрээгээр Ар Монголыг автономчилжээ. Тэр цагаас л Оросууд бол найдвартай түшиг тулгуур биш гэдгийг Монголчууд ойлгосон юм. Хожим Зөвлөлтийнхөн гурван улсын гэрээг хаант Оросын шившигт хуйвалдаан гэж муулдаг хэрнээ өөрсдөө тэр бодлогыг ямар ч хазайлтгүй хэрэгжүүлж иржээ.
Үүний дараа харчин гүн Бавуужав тусгаарлах бус Чин гүрнийг сэргээх талын хүн байсан нь илэрхий болж, Богд хааны арми тэднийг даржээ. Харчин, хорчин нар Манжид илүү үнэнч байсны учир нь энэ аймгаас Манж нар хатан буулгадаг байсантай холбоотой. 1919 онд дипломатын аргаар Монголыг эрхэндээ авсан хятадуудад мөн л Чин гүрнийг сэргээх хүсэлтэй Барон Унгерн саад болж, Ар Монгол тусгаарлажээ.
Баруунтан ба зүүнтэн
1921 онд Зөвлөлтийнхний хүчээр Хятадын нөлөөг шахан гаргасан Монголчууд бие даасан бодлого явуулахыг зорихдоо Хятадыг яаж ийгээд хагалан бутаргахыг хичээж байсан юм. Эхэндээ Өвөрмонголыг нэгтгэхийг хүсэж байв, хожим бодлогоо арай “зөөлрүүлж”, халхавч тусгаар улс болгохыг зорьжээ. Өнөөдөр ӨМАН-д нэгдэх, тусгаар тогтнох гэсэн өөр өөр үзэлтэй жигүүр байдаг нь намын энэ түүхтэй холбоотой. Хожим хятадын коммунистууд ӨМАН-ыг ХКН-ын бүрэлдэхүүнд оруулж нэрийг нь өөрчлөөд, гэнэтийн дайралтаар нэг жилд хагас сая өвөрлөгчийг хядаж, ӨМАН-ыг устгасан юм. Гэвч Монгол дахь ардчилсан хувьсгалын нөлөөгөөр энэ нам сэргэхдээ түүх уламжлалаа хадгалж байгааг ажиглаж болно.
Баруунтнууд Оросууд Ар монголыг тусгаарласан туршлагыг өвөрмонголд давтахыг оролдож, Өвөрмонголын ардын намыг байгуулж, бүх өвөрлөгч даяар хамарсан сүлжээтэй болгохыг хичээж байжээ. Дилав хутагтын намтарт бичсэнээр 1928 онд монголын цэрэг Алшааг уулгалж байв. Мөн тэр онд Монголын төрийн эрхэнд байсан баруунтны хатгалгаар Мэрсэ баргад бослого зохион байгуулж, энэ далимаар Монголчууд баргыг нэгтгэхийг оролдсон байна. Баргын босогчид Манжуурын төмөр замын өртөөд, Хайлаарыг эзлээд, цахилаан холбоог нь таслаж, Харбин руу зүтгэжээ. Хятадууд их хүчээр сөрөг цохилт хийж Хайлаараас шахан гаргажээ. Гэнэт Монголын 1300 морьт цэрэг завдан хил давж босогчдыг дэмжихээр давшжээ. Зөвлөлтийнхөн төмөр зам хамгаалах нэрээр цэрэг оруулж хоёр талыг заагласан ба Хятадууд Монголын түрэмгийллийн талаар гомдол мэдүүлсний тул Монгол цэргээ буцаан татжээ. Тэгээд зүүн хилээр орж ирсэн баргуудыг саадгүй оруулах шийдвэр гаргажээ. Цөөн барга орж ирсэн ба үлдсэн баргын босогчид Квантуны армийн баргын морьт хороод болон хувирчээ. Баргын бослогын удирдагч Мэрсэ Улаанбаатарт эргэлт хийсэн оросуудаас болгоомжилж Япончуудтай нийлжээ. Удалгүй эхнэртэйгээ уулзах зөвшөөрөл авахаар Зөвлөлтийн консулд очиход нь баривчлан Сибирьт аваачаад цаазалжээ.
Оросууд панмонголист баруунтнуудыг солихгүй бол Монголчуудын амбиц айхтар байжээ. 1928-1929 онд баруунтныг зүүнтнээр, Жадамбыг Гэндэнгээр сольсон Оросууд дотоодод нь зүүнтнийг бэхжүүлсэн авч гадаад бодлогыг нь өөрчилж чадаагүй юм. Их гүрний үлдэгдэл гүрвэл мэт жижгэрсэн ч могойн санаатай аж. Монголчууд хятадын зүүн хойдод бэхэжсэн Япон 1931 онд шинээр буй болгосон Манж го улсыг хүлээн зөвшөөрөх дуртай байв. Ингэвэл Хятад хуваагдана. Тиймээс Манж готой хилийн хэлэлцээр хийж эхэлжээ. Япончууд нармай Монгол үзлийг сурталдаж байсан нь Монголын удирдагчдад таалагдаж байлаа. Үүнээс ч илүү таалагдаж байсан нь Япончууд Хятадыг хуваагдмал байдалд оруулж чадаж байв. Гэтэл Зөвлөлтийнхөн Монголын нутгаар дамжуулж Хятадын армийг сургагч, зэвсгээр хангаж байх гэж…
Чойбалсан
Гэндэн “Орос Япон хоёр байлддаг л юм байгаа биз, бид байлдахгүй” гэж байжээ. Оросууд Гэндэнг мөн л зайлуулж алав. Гэндэнтэй хамт төрд эргэж ирсэн Зөвлөлтөд хамгийн үнэнч гэддэг маршал Чойбалсан хүртэл “гадаад  бодлогоо” өөрчлөхийг хүсээгүй юм. 1944 онд маршал Чойбалсан Ховдын Булган суманд өөрөө очиж, Шинжаан дахь казахын босогч Оспанд 395 винтов, 200 мина харвагч, 30 хөнгөн пулемёт, 6 хүнд пулемёт, 45 автомат, 2000 гранат бэлэглэж байв. Мөн цэргийн сургагч, тагнуулын мэдээллээр хангаж байжээ. Орос, Хятад хоёрыг хэлэлцэн тохирохоос өмнө эргэн тойрны нутгаас Монголчуудаа буцаан татах ажлыг эхлүүлсэн маршал хожим мөн л Оросуудын гарт үрэгджээ. Тэр хөлөнбуйрын баргыг, зүүн үзэмчний 12 хошууны есийг, Ховог сайрын торгуудыг оруулж авч амжжээ. XX зууны эхний хагаст Богд хаант улсын үед өвөрмонголыг өөрийн нэг хэсэг гэж үзэж байсан бол панмонголист баруунтны үед салган тусгаарлахыг оролдож байв. Харин Чойбалсан өвөрлөгчдийг эгнэгт алдсанаа мэдээд хүн амыг нь татаж авахыг оролджээ. Монголчууд ухарсаар байлаа, тэр бүхний шалтгаан нь Оросууд байсан юм.
Цэдэнбал
1949 онд БНХАУ байгуулагдаж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүний өмнө 1945 онд Чан Кай Ши Монголчууд өөрөө тусгаар тогтнохыг хүсэж байгаа бол тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрнө гэсний дагуу бүх ард түмний санал хураалт явуулахад 99.9 хувиар тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн билээ. 1970-аад онд Зөвлөлт Хятадын харилцаа муудахад Оросуудын дэмжлэгээр Монголын арми шүдээ хүртэл зэвсэглэв. Хэрэв Зөвлөлт Хятад хоёр байлдвал Монголын армийн гол хүч Лоб нуур дахь Хятадын цөмийн туршилтын талбайг дайруулан Ланжоугийн чиглэлд цохилт өгөх үүрэгтэй бүлэглэлд багтсан байна. Бүр ХХ эхээр Петр Бадмаев Оросын II Александр хаанд захидал илгээж, Ланжоуг 40 мянган морьтны хүчээр булаан авч, Оросоос Монголоор дайруулан төмөр зам татаж, Хятадыг зүсэн хуваах төлөвлөгөөгөө танилцуулж байсан нь зууны сүүлээр ийм маягтай хэрэгжжээ. Маршал Ю.Цэдэнбал ч Хятадад таагүй ханддагаа нуудаггүй байжээ. Мао Ордост Чингис хааны онгоныг сэргээж байгааг сонссон тэр их дургүйцжээ. Ордост байгаа тэр онгонд хадгалагдсан гэгддэг Чингис хааны эд зүйлсийг Богд хаант Монгол улсын үед хааны зарлигаар Халхад авчирсан байх тун магадлалтай байдаг юм. Хятадууд Монголтой хил тогтоох ажилд ихээхэн идэвх чармайлт гарган хамтран ажилласан нь Монголчуудыг зааглаж авах сонирхолтой байсных. Деморкац хил тогтоосноор нэг талаар тусгаар тогтносон Монгол улсын аюулгүй байдал баталгаажсан авч, нөгөө талаар монгол үндэстэн эгнэгт салжээ. Үүний дараа л өвөрмонголыг хятаджулах ажил эрчимжсэн юм. Өвөрлөгчид удаан тэссэн нь гагцхүү өвөрлөгчдийн гавъяа биш, Монголын төрийнхний амь хайргүй тэмцлийн үр дүн бас бий юм.
Коммунизмаас хойш
Коммунист систем задрахад Оросууд Монголыг хаяв. 1989 оны 8 дугаар сарын 16-нд болсон М.С.Горбачев Дэн Сяо Пиний уулзалтын үеэр Дэн Сяопин Горбачеваас 1.5 сая км.кв нутгийн гомдол мэдүүлжээ. Үүнийг сүүлийн үед Хятадын зарим үндсэрхэг үзэлтнүүд Монголыг нэхсэн “гэрээслэл” гэж мушгидаг ч үнэндээ Чин улсын үед Оросын булааж авсан Балхаш нуурын орчим, Амар мөрний сав дагуух нутгийн тухай дурдсан байжээ. Сүүлийн 20 жилд Оросын эдийн засгийн хориг ба Хятадын бодлогын улмаас Монголын эдийн засаг өмнөд хөршөөсөө хамааралтай болов. Японы тусламжаар барьсан цорын ганц ноолуурын үйлдвэртээ түшиглэн ноолуураа бүрэн боловсруулж барууны зах зээлд гарахыг эрмэлзсэн Монголын эрмэлзэл Хятадын демпингт өртөн унаж байлаа. Ц.Нямдоржийн тухай алдарт 45 хуудас тагнуулын материалд дурдсанаар Хятад Монголоос хаягдал төмөр нэрээр танк, хуягт олноор авах төлөвлөгөөтэй байжээ. Авсан танк хуягтыг Бугатын үйлдвэрт хайлуулж, “шувууны үүр” барих гээгүй, зэвсэглэлдээ авах гэж байсныг Монголын тагнуулынхан мэдээд их бууны хошууг нь тайрч, дотор талыг нь дэлбэлээд гаргаж байх шийдвэр хүртэл гарч байсан юм.
Сибирийн зах зээлд Монголоос нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүнүүд зах зээлгүй болсноос Монголын бараг бүх үйлдвэрүүд бүрмөсөн сүйрсэн. Гэвч шийдэмгий Ерөнхий сайд Д.Бямбасүрэн өрнийхөнтэй холбосон ба хүнд цагт өрнийхөн тусладаг тулдаа энэ үеийг даваад гарчээ.
Ахиад өрнө зүгт
Монголчуудын тэвчээр хатуужил гайхалтай байв. ШХАБ-аас хойшхи цөөхөн жилд Орос-Хятадын шахалтаар тус нийгэмлэгт элссэн Киргиз богино хугацаанд хятадын хямд бүтээгдэхүүнд зах зээлээ эзлүүлж, үйлдвэрүүд нь сүйрч байна. Овоохон доллар саадаг Америкийн цэргийн “Манас” баазыг хүртэл хаах хэмжээнд хүрснийг бодоход шахалт их хүнд байгаа бололтой. Харин Монголчууд өрнийнхөнтэй тогтоосон хэлхээ холбоогоо сүрхий эрхэмлэж байна. ШХАБ-д элсээгүй нь хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлогоо хамгаалсан хэрэг байлаа. Ердөө саяхан айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш “АНУ бол Монголын гуравдагч хөрш” гэж хэлснээрээ Монгол алсын хараатайгаа харууллаа. Монголын гуравдагч хөршийн томъёолол олон улсын нэр томъёо болов. Дотооддоо яаж ч үймж бужигнаж байсан Монголчууд гадаад бодлогын тал дээр санал зөрдөггүй нь XX зууны туршид бэхжиж, уламжлагдаж ирсэн юм. Энэ нь өнөөдөр ч баттай хадгалагдаж, “Чайналко”, “Рио Тинто” хоёроос Риог сонгов. Магадгүй үндэсний зөн совингоор өрнө зүгт аврал байгааг мэдэрснийх үүнд нөлөөлсөн байх. Манай улстөрчид Монголчуудыг нэгтгэдэг “эх оронч үзэл”, “хөгжлийн үзэл” эрж байна, гэвч Монголчуудын нэгдмэл үзэл санаа нь дотоодын санал зөрөлдөөнөөр биш гадаад бодлогоороо илэрч байгаа юм. Сүүлийн үед геополитик, геоэкономикийн зэрэгцээ ментаполитик их чухал салбар болсон байна.
Монголчууд түүхэн туршдаа соёлыг өрнөөс авч байсан юм. Монгол бичиг, кирилл бичиг, латин, англи цагаан толгой нэг эхтэй. Авиа тэмдэглэдэг маш боловсронгуй үсгийг нүүдэлчид сонгож авсан нь гайхалтай. Монголчууд аугаа их соёлтой хятадаас бичиг үсэг авч болох байсан. Солонгос, Япон хүртэл Хятадаас бичиг үсгээ авсан шүү дээ. Гэтэл соёлоороо бахархдаг Хятадууд хүртэл бодож олоогүй боловсронгуй бичиг үсгийг Монголчууд хэрэглэж иржээ. Хамгийн сүүлд хөршүүдийнхээ соёлын дарамтаас салахын тулд Төвдөөс буддизм авчээ. Тиймээс Монгол Күнзийн болон ортодокс загалмайтан, лалын иргэншлийн дунд өвөрмөц соёлтой орон болон үлджээ. Өндөр гэгээний сонголт нь соёлын энэ өвөрмөц хамгаалалтаа хадгалж үлдэхийн тулд байлаа. Ингэвэл шуудай хар будаанд атга арвай хийх мэт Монгол уусахгүй. Энэ нь үнэн байлаа, XX зууны эхээр Монгол нь шашны төв болохын төлөө төвдтэй өрсөлдөж, зарим талаар давамгайлдаг болсон байв. 1905 онд ХШ Далай ламыг ирэхэд Жавзандамба хутагт угтаж очоогүй ба ингэснээрээ Халхын шашны тэргүүн далай ламтай зэрэг зиндаа ижил гэдгээ нотлохыг хүсч байжээ.
Хэдийгээр өнөгийн Монголчууд хүчирхэгжин буй хятадаас өрнө зүгт нүүгээд зугтчихаж чадахгүй болсон ч глобалчлалын эрин үе хоёр талаас хавчсан бахинаас үл хамааран өрнөтэй холбогдох боломжийг нээсэн байна. Энэ нь Оюу толгойн гэрээг батлах үйл явцаас харагдаж байна. Монголчууд эхний даваагаа давлаа. “Рио Тинто”-г Оюу толгойд оруулснаараа тэртээ нэгэн цагт Хятадууд нүүдэлчдээс хамгаалж барьсан цагаан хэрэм шиг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамгаалалт босгох юм. Өмнө зүгт өөр хөрштэй болсон гэсэн үг юм. Гэхдээ энэ алхам бол зөвхөн хамгаалалт хэрэм төдийгүй, өрнөтэй холбох гүүр гэдгийг давхар бодолцох учиртай.
Хэдэн жилийн өмнө сүрхий задгай сэтгэдэг Монголчууд өмнийн говийг Япончуудад түрээслээд Хятадаас заагласан өөр хөрштэй болох ба хэзээ нэгэн цагт түрээсийн хугацаа дуусахад Япончууд говийг Гонконг шиг хөгжүүлчихсэн байна, тэнд очоод жаргана гэж мөрөөддөг байсан билээ. Тэр мөрөдөл нь ямар ч түрээсгүй хэрэгжиж эхэллээ. Өнөөдөр Хятадууд говьд хэдэн зуун километр төмөр зам тавъя, шанд нь урагшаа наяхан киломерт зам тавиад холбочихъё гэхэд жижиг орны үндсэрхэг сайд Х.Баттулга “Монголд тавьбал тавь, хаашаа гаргахаа бид мэдье” гэж ихэрхэж байгаа нь өөрсдөдөө бас өрнөдөд итгэх болсных.  
Үүний дээрээс Монголчуудын хувьд Орос бол өрнө биш гэдгийг ойлгож байна. Орос бол өрнийн дорно, дорны өрнө, харин Монголчуудын хувьд болгоомжилбол таарах хүчирхэг хөрш. 3000 жил хөрш байсан Хятадыг Монголчууд сайн мэднэ, сүүлчийн 100 жил Оросуудтай ч сүрхий танилцжээ. Оюу толгойн гэрээг батлах үйл явцыг ажиглахад Монголчуудын мах цусанд хоёр мянган жил шингэсэн өрнийг тэмцэх зөн совин үйлчилжээ. Газарзүйн хувьд өрнөдөөс бүрэн тусгаарлагдсан ч орчин үе Монголчуудыг өрнөтэй холбогдох боломжийг нээж өгснийг шүүрэн авч байна. Энэ бол оюун санааны шийдэл байсан юм.
Тэд бидэнд таалагдахыг хүсэж байна, харин бид тэдэнд таалагдах албагүй
Өмнө нь ланжуу, пушкагаар айлгаж байсан хоёр хөрш өнөөдөр Монголд таалагдахыг хичээж байна. Хятадууд сайтар бодож тооцсон соёлын панмонголизмыг сурталдаж, харин Оросууд яаруу боловсруулсан эдийн засгийн панмонголизм сурталчилна. Хоёр их хөрш урьд нь бодлогоо шууд тулган хүлээлгэдэг байсан бол өнөөдөр Монголчуудын амбицыг хөдөлгөж таалагдах гэж байгаа юм.
Путин ирмэгц зөрөөд гарсан Монголоос Халимаг хүрэх аялагч Конюхов бол Оросын бодлогын сайхан сурталчилгаа. Ирээдүйд торгоны зам дагуу Монголоос Каспи хүрсэн эдийн засгийн шинэ интеграцчлал, нэгдмэл зах зээл үүсэх бөгөөд энэ зах зээл нь Хятад, Оросын зах зээлтэй өрсөлдөнө. Үүний манлайлагч нь Монголчууд байх ба хоёр хязгаарт нь Халимаг Монгол хоёр байх юм” гэсэн сүрхий романтик хэрнээ шохоорхом прогнозыг Оросын шинжээчид Путины айлчлалын өмнөхөн гаргав. Үүндээ Кирсан Илюжиновын “Монголчууд минь та нар далайгүй гэж бүү бод, Халимаг бид Каспийн эрэгт байгаа шүү” гэсэн үгийг ишлэж байна.
Түүхийн туршид Монголчууд торгоны замыг эрхшээхийн төлөө Хятадуудтай нүдэлцэж байсныг бүгд мэднэ. Тэр торгоны замаар дорноос өрнө рүү л торго урсдаг байсан юм биш, өрнөөс Монгол руу соёл урсаж байсан юм. Энэ соёлын хэлхээ холбоо Монголчуудыг Хятадад уусгачихалгүй авч үлдсэн билээ. Монголчууд сүрхий европжсоноо сүүлийн 100 жилд Оросуудын үзүүлсэн нөлөө гэж боддог ч үнэндээ бол Монголчууд дорноос зугтаж, өрнийг татдаг үндэстэн юм. Нүүдэлчин, хөдөлгөөнтэй байдал нь үүнд нь тусладаг. Харин Хятадууд өөрийн соёлыг хэт шүтдэгтээ өрнийн соёлыг үл тоодог байсан билээ. Хоёр хөрш Монголыг дорно зүг рүү, тодорхой хэлбэл өөррүүгээ чангааж байна, харин бид өрнийхөнтэй хэр ойр байна, Оросын энэ прогноз хэрэгжих магадлал төдийнчинээ өндөр байх болно гэдгийг л ойлгоход төвөггүй.
Өөрийн мэдэлд байгаа Монголчуудыг бүрэн эрхшээсэн гэж үзсэн тэр цагтаа хөршүүд маань сүүлчийн удаа ухасхийх гэж байлаа. Тэд өөрийн гарт байгаа Монголчуудаар дамжуулж гадаад монголыг татахыг хүсэж байсан юм. Тэр цаг нь ирсэн авч “Халхын заяа их аж” өрнийхөн ороод ирлээ. Бид өрнө зүг зэсээр, нүүрсээр зам тавина аа.