Улс төрд ороод хүн аймаар болгоомж суугаад, үг үйлдлээ хянаад, хүнд итгэхээ болиод явчихдаг тэнэг биш бололтой. Нэг хэсэгтэй нь тэмцээд, нэг хэсэгтэй нь хамтраад яваа л нөхөр... Үр дүн нь өнөөдөр шуугиан болж байгаа хөл хорионы үеийн Засгийн газрын тогтоол. Тэр сая мэдэгдэхдээ, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Сингапур руу худалдах гэж байгааг мэдсэн даруйдаа 2019 онд Монгол Улсын Засгийн газар маш шуурхай шийдвэр гаргаж, тус үйлдвэрт онц байдал тогтоосон. Үүний үр дүн өнгөрсөн хоёр жилд гарсан. Түүхэндээ анх удаа тус үйлдвэр 2019 онд 963 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн, энэ жил нэг их наяд төгрөг төвлөрүүлэхээр байгаа. Улсын нийт төсөв 10 их наяд төгрөг, үүний 10 хувийг "Эрдэнэт" үйлдвэр дангаараа бүрдүүлэх чадамжтай болсон гэсэн үг. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээний эрчим хүч, усан хангамж, дулаан, хогны төлбөрийг ирэх долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцах шийдвэр гаргалаа. Үүнд шаардагдах 650 тэрбум орчим төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гаргана” гэв. Айл өрх бүрийн хаалгаар орж очсон шийдвэр. Үгүйсгэх гээд ч яах юм, тэнэг харагдах биз...

Үгүйсгэх аргагүй шийдвэр шигээ мушгихад түвэгтэй нотолгоо бас хэлдэг юм билээ. Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ, “Хувийн хэвшлээ төр дэмжилгүй яах вэ. Гэхдээ Сүхбаатрын талбайгаа нууцаар өгтөл хувийн хэвшлийг дэмжиж болохгүй. Энэ талбай бол олон нийтийн өмч. Сүхбаатарын талбай чинь байж л байх ёстой зүйл шүү дээ. Аль ч улсад төв талбай байдаг биз дээ” гэж. Өгчихсөн нууц тогтоолоо хав дарчихсан байсныг нь сая л мэдлээ шүү дээ гэж бас бататгаж байгаа юмаа. Түүний төрд ажиллаж байгаа хандлага маш товчхондоо ийм. Үүнийхээ төлөө тэр маш их хөрөнгөжиж байгаа гэж бодохгүй байна. Харвалт өгчихөөд тэвдүүлж байгаа ээжийнхээ эмчилгээнд мөнгө зээлүүлээч гээд хүнээс гуйж явдаг ЗГХЭГ-ын дарга. Энэ нь их олон гэрчтэй учраас бичиж байна.

Түүнээс юм асуухаар өмнөөс асуултаар хариулаад байдаг юм билээ. Б.Ганчимэг сэтгүүлчээс “Их тэнгэр гэхэд одоо ч гэрчилгээ байдаггүй шүү дээ. Ерөнхий сайд байсан хүн нь төрийн тусгай хамгаалалтын газраа дүүдээ өгөөд буудал барих шийдвэр гаргачихаж болох уу? Дэлхийд ийм зүйл байдаг болов уу? Эсвэл би буруу бодоод байна уу?” гэх шиг... 

Л.Оюун-Эрдэнэ улс төрчийнхөө хувьд хувийн хэвшил, хувийн өмчид дайсагнасан шинж бүхий үйлдэлтэй хүн. Тэр үйлдлээ зөвтгөхдөө ингэж ярьдаг, “Өнөөдөр Монголд хуулиас дээгүүр хоёр гурван компани бий. Шүүх, Прокурор, Цагдаа, Тагнуул нь бүгд тэдний мэдлийнх, Төр нь бас тэдний мэдлийнх. Тэгэхээр бусад бизнесийн компаниуд яаж тэд нартай өрсөлдөх вэ. Залгиулна биз дээ. Олигархи систем гэдэг чинь энэ. Энэ нь өөрөө жам ёсны бизнесийн орчныг сүйдэлдэг. Энэ тохиолдолд эдийн засаг маш хүнд байдалд ордог. Ийм л зүйл дунд бид үндсэндээ 30 гэхээ болъё, юутай ч сүүлийн 15 жил явсан нь үнэн байна. Тэгэхээр одоо хэдүүлээ цэгцлэх юмаа цэгцлээд, нэгдсэн нэг чиг баримжаатай, төлөвлөлттэй, нэг тогтсон зарчимтай явья. Хувийн хэвшлээ, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжилгүй яахав. Гэхдээ буруу туйлшрал энэ улс орныг балласан. Өнгөрсөн 30 жил “Ерөөсөө хувийн хэвшил л байвал төр юу ч биш” гэсэн философи явсан. Төр юунд ч оролцохгүй байх ёстой. Төр бол муу менежер гэсэн сурталд идэгдсэн. Тэгээд далд эдийн засгийн гар орж ирээд л бүгдийг зохицуулж байдаг. Ийм байдлаар цаашаагаа яваад байвал улс маань дийлэхгүй болчихоод байна. Тэгэхээр бид энэ бүхнийг цэгцлэх л хэрэгтэй болно. Цэгцлээд тоглоомын дүрмээ дахиж тодорхойлох хэрэгтэй болно. Зарим нэг зүйлд төр оролцох хэрэгтэй болно” гэж. Түүний энэ байр суурь, зарчмыг хэн хэрхэн дүгнэх нь нээлттэй. Чи битгий хуцаа гэсэн ч болно... 

Их хурлын гишүүн болж орж ирээд л ийм байр сууринаас хандсан “бацаан”барьж идүүлэлгүй яахав дээ. Бүр бүхэл бүтэн систем түүний эсрэг ажилласан биз. УИХ-ын шинэ гишүүн тэрээр УИХ-ын даргатайгаа, Ерөнхий сайдтайгаа, Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчтэй, Тагнуулын дарга, АТГ-ын дарга... ерөөсөө дээшээгээ бүх хүнтэй барилдсан. Тэдэнтэй муудалцсан, муу муухайг нь дуудсан. Хариуд нь өөрөө хүндбайдалд орсон. Нэг жил орчим түүний гэр бүл, ойр тойрны бүгд хууль ёсны ч юм уу, хууль бус ч гэх юм уу, тийм мөрдөн шалгах ажиллагаанд өртөснийг өөрөөс нь өөр хүн бараг мэдэхгүй. Нийгэм бол бүр ч мэдэхгүй. Түүний хөшигний ар дахь ажил амьдралын зах зух энэ. Энэ бүгдийн ард гарсныхаа дараа тэр “Манай тусгай албад ч их хүнд юм байна лээ. Ийм зүйлийн дундуур яваад, нэг сайн шалгуулчих нь зөв юм билээ” гэсэн. Хэн тэгж хэлсэн ярьсныхаа төлөөс болж Л.Оюун-Эрдэнэ шиг донсолж амьдрахыг бодох юм, ер нь. 

Тэр өнөөдрийн Монголын улс төр, сонгуулийн системийн гажигийг ингэж ярьдаг, “Энэ 30 жилд юу болсон гэхээр ерөнхийдөө уул уурхайн хэдэн компаниас сонгуулийн мөнгө гарч ирсэн. Өөр сонгуулийн мөнгө гаргах бяртай компани Монголд байхгүй. Дээрээс нь банк байна. Эд нараас л энэ 30 жилийн сонгуулийн санхүүжилт дандаа боссон байгаа юм. Тэд ялах магадлалтай 15 орчим хүнтэй маш ойрхон харилцаа тогтоодог. Энэ 15 хүн бол аль аль нь намынхаа лидерүүд. Тийм учраас энэ 15 хүн Их хуралд орж ирэхээр нийлбэр харьцаа 30 болно. За, тэгээд энэ 15 хүнтэй холбоотой хүмүүсээ тооцохоор нийлбэр харилцаа 40-өөс дээш. 39 гэдэг тоо чинь Төр шүү дээ. Засаг байгуулна гэсэн үг. Гоёор тайлбарлавал энэ дандаа том төслүүд явдаг. Муухайгаар тайлбарлавал энэ дунд нөгөө хор найраа, авилгал, төрийн эрх мэдэл дээгүүр давсан лобби төслүүд явна гэсэн үг. Энэ лобби төслүүд яах вэ гэхээр асар их хэмжээний далд эдийн засгийг дагуулна. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг Улсын Их Хурлаар оруулахгүйгээр 49 хувийг нь авчраад нэг компани авна гэдэг бол энэ төрийн хуулиас давсан лобби байна л гэсэн үг. “Эрдэнэт”үйлдвэр өнгөрсөн жил нэг их наяд орчим төгрөгийг улсад төвлөрүүлсэн байгаа. Гэтэл худалдаж авсан дүн нь 400 сая доллар. Нэг жилийн ашиг байгаа биз. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг жилийнх нь ашгаар аваад, гэхдээ тэр авсан 400 сая долларын босголт нь үндсэндээ 80 орчим хувь нь дахиад төрийн мөнгөөр шийдчихсэн үйл явц. Тэр нь Монголбанк, Хөгжлийн банкны мөнгө. Аль аль нь улсын мөнгө” гэж. УИХ-ын гишүүн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнийн энэ үг хэрэв үнэн бол энэ улсад хууль биш хувь хүмүүс засагладаг болж байгаа юм. Энэ үгийнхээ хариуцлагыг нөхөр бас л өөрөө хариуцадаг биз... 

Л.Оюун-Эрдэнийг гаднаас харахад зөрчилд дуртай хүн мөн үү. “Үзэлцэнэ ээ” гээд дайраад байх дүр мөн үү. Хэн нэгэнтэй түрүүлж муудалцаан үүсгэж байсан удаа түүнд байхгүй байх. Нөхөр бол өөрийнхөө яаж харагдаж байгааг анзаарах ч сөхөөгүй цаг хугацааг туулж байх шиг байна. Залуу зүрх, зориг ч гэмээр юм уу. Энэ дотор нь нийгэмд буруу зөрүү ойлгогдсон зүйлс байдаг биз. Ойлголт бол нэг хэрэг. Он жилүүдийн дараах эерэг дүнгүүд түүний ажлаас харагдах ёстой. Лав л тэр үр дүнгээс Монголын ард түмэн өнөөдөр хүртэж байх шиг байна.

“Би ЗГХЭГ-ын даргын алба хашиж байгаа хүний хувьд мэдээд байнаа” гэж ирээд түүний Эрдэнэтийн 49 хувь дээр хэлсэн нэг үг бий. Тэр нь, “Эрдэнэтээс зэс гараад хилээр дамжиж, гангийн үйлдвэр дээр очиход томоохон луйвар явдаг байсан юм билээ. Тэр нь энэ онцгой дэглэмийн үед тогтоогдсон учраас ашиг ийм өндөр гарсан юм” гэж. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн тухайд бидний авч байсан мэдээллээс хол давсан, тэр бүр хүн нарийн ойлгох боломжгүй технологи,баримтад тулгуурласан дүгнэлт болов уу. Энэ үгнийхээ хариуцлагыг тэр бас хар толгойгоороо хариуцадаг биз.

Одоо бол харин Монголын ард түмэн Л.Оюун-Эрдэнэд дутуу хийсэн ажлыг нь сануулах ёстой. Тэр бол Эрдэнэт үйлдвэрийг илүү нээлттэй хувьцаат компани болгож, ард түмний хяналтад оруулах. Түүний ирэх дөрвөн жилд хийх хамгийн чухал ажлын нэг нь энэ. Одоо Л.Оюун-Эрдэнэ Та үүнийгээ л гүйцээгээд хийчих. Ард түмний хүсэл, өөрт тань өгч буй үүрэг даалгавар гэж ойлгож болно. Нөгөө талаасаа Л.Оюун-Эрдэнэд өгч буй улс төрийн “сануулга” гэж болно. Өнөөдөртөө Эрдэнэт үйлдвэр Л.Оюун-Эрдэнэ таны хяналтад байна. Маргаашаас наад Эрдэнэт үйлдвэрийг чинь би, бид хянамаар байна, хувьцаа хүртмээр байна. Үр шимийг нь үүд хаалгаараа оруулаад авч болохыг бодитоор сая харлаа. Өнөөдрийн үнэн бол Оюутолгойгоос Оюун-Эрдэнэ нь ойрхон байсан юм байна, цаг хугацааны хувьд ард түмэнд.