Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооноос 57 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчээр Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал, нарыг сонгосноо зарлалаа. Тус холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд Монголын павильоны куратороор “Хөх нар” төвийн үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир ажиллахаар сонгогджээ. Монгол Улсын Засгийн Газрыг Гадаад Харилцааны Яам төлөөлж хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БСШУЯ, Нийслэлийн ЗДТГ зохион байгуулалтад хамтран ажиллаж буй. 57 дахь удаагийн Венецийн биенналь Италийн Венец хотод 2017 оны тавдугаар 13-наас арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм.

Өвөг үзэсгэлэн




Италийн Венец хотын зөвлөл 1895 онд анх хотынхоо нэрэмжит урлагийн биенналийг зохион байгуулсны цаад зорилго нь шинэ тутам үүсэж эхэлсэн орчин үеийн урлагт зах зээлийн орон зайг бий болгох, шилдгүүдийг нэг дор цуглуулах зорилготой байлаа. Тухайн үед судлаачид, цуглуулагчид, урлаг сонирхогчдод янз бүрийн урсгал хөдөлгөөнүүд, өөр өнцөг, хандлагыг эрэлхийсэн уран бүтээлчидтэй холбогдох, танилцах өргөн боломж байсангүй. Тиймээс хоёр жил тутамд болдог Венецийн биенналь тухайн үедээ урлагийн ертөнцийн гүүр болж байсан нь ойлгомжтой. ААА зэрэглэлтэй энэ биенналь зөвхөн урлагийн тухай байсан нь үгүй. Фашист удирдагч Б.Муссолини 1930 онд биенналийн ач холбогдлыг мэдэрч, өөрийн шууд удирдлага дор зохион байгуулсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа А.Гитлерт биечлэн хөтөч хийсэн нь бий. Түүний дарангуйлал эцэс болсноор биенналь сая нэг улс төрийн хүлээснээс ангижирсан ч ач холбогдол, цар хүрээ нь ганц салбарт хязгаарлагдахааргүй өргөн хэвээр байна. Хэдий ийм ч урлагийн ертөнц дэх том толь хийгээд луужин болдгийг нь ч мартаж болохгүй.



Харин өдгөө дэлхийн хамгийн том хотуудад зохион байгуулагддаг 100 гаруй биенналь, олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдийн “Өвөг эцэг” хэмээн нэрлэгдэж, цар хүрээ, чансаагаараа ч тэргүүлсээр байна. Урлагийн цахим маркет Artnet.com-аас гаргасан энэ төрлийн жагсаалтад Венецийн биенналь тэргүүлсэн бол таван жил тутам Германд зохион байгуулагддаг Документа удаалж, Америкийн Уитнигийн биенналь, Европын Манифеста, БНСУ-ын Гванжугийн биенналь эхний тавд бичигджээ. Аль ч орон хийгээд уран бүтээлчдийн хувьд Венецийн биеннальд оролцох нь асар их хариуцлага хийгээд нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдгийн учир энэ. Дэлхийн хэмжээнд ААА зэрэглэлтэй уг биеннальд Монгол улс хоёр жилийн өмнө анх удаа өөрийн павильоныг нээн оролцсон нь магад манай дүрслэх урлагийн түүхэн дэх хамгийн чухал бөгөөд онцлууштай үйл явдал болсон юм.

Other Home: Чухал эхлэл

Гэр хаана байдаг вэ? Төрсөн нутаг, амьдардаг газар, дотно хүмүүсийн маань буй тэр зүгийн алийг нь "Гэр" хэмээн нэрлэх вэ? Орон зай хийгээд хүмүүсийн холбогдол, өнгөрсөн дэх дурсамж ба ирээдүйн тодорхойгүйдэл. Харин одоо цагт энэ тухайгаа хүүрнэх аж. Уран бүтээлч Х.Үнэн-Энх, Т.Энхболд нарын 56 дах удаагийн Венецийн биеннальд толилуулсан “Other home” үзэсгэлэнд  энэ нь тусгалаа олсон байлаа. Венец хотын төвд орших Палазо Морагийн хоёрдугаар давхар дахь Монголын павильоны гурван өрөө бүхий үзэсгэлэнгийн танхимд Т.Энхболдын адууны хомоол, үнс сэлт ашиглан бүтээсэн зургууд, гэртэй перформансын нь видео бичлэг болон Германд суурьшин туурвидаг Х.Үнэн-Энхийн гол төлөв эсгий, төмөр утсаар хийсэн ажлуудыг дэлгэсэн билээ. Венецийн биеннальд Монголын павильоныг анх удаа нээх, монгол уран бүтээлчдийг оролцуулах ажлыг Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо санаачлан, зохион байгуулж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн дэмжиж, түншээр Монголын Урлагийн Зөвлөл оролцсон. 2015 онд Венецийн биеннальд Монголын 56 уран бүтээлч оролцох хүсэлтээ ирүүлснээс уран бүтээлч Х.Үнэн-Энх, Т.Энхболд нарын үзэсгэлэнгийн төсөл шалгарч, улсаа төлөөлөхийн сацуу өөрсдийн нэр хүндийг дархалсан нь бий.  Монголын павильоны “Other Home” үзэсгэлэнгийн куратороор Калифорнийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэг ажилласан билээ. Тэрбээр мөн өөрийн тэргүүлдэг “Mongolia Foundation”-ын хүрээнд, Венецийн биенналийн үеэр Европын соёлын төвөөс зохион байгуулдаг “Personal structures”-д дэлгэсэн уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Reincarnation” үзэсгэлэнгийн куратороор мөн ажилласан. “Венец хотын түүх Монголтой холбоотой юм билээ. Хүннүгийн Атилла тавдугаар зуунд Итали руу довтлоход зугтсан  иргэд энэ хагас арал дээр суурьшсанаар Венец хотын түүх эхэлсэн гэдэг. Дараа нь Марко Поло Хубилай хааны ордонд 16-17 жил амьдарч байсныг бид мэднэ. Түүний бичсэн ном хүн төрөлхтний түүхэн дэх шинэ газар нутгийн нээлтэнд асар их нөлөөтэй. Христофер Колумб Марко Пологийн Монголын тухай, Монголын нийслэлийн тухай бичсэнийг уншсаны үндсэн дээр аяллаа эхэлсэн байдаг” хэмээн урлаг судлаач Ц.Уранчимэг хэлж байсан. Тэгвэл 2015 оны Венецийн биеннальд дэлгэсэн Монголын анхны үзэсгэлэн “Art Radar”, “Art Review Asia”, “Culture 360” зэрэг томоохон хэвлэлүүдийн санал болгосон онцлох орон, шилдэг үзэсгэлэнгийн жагсаалтад багтсан юм. “Other home” үзэсгэлэн бүхэлдээ даяарчлалын эрин дэх төрөлх гэр, өөр газар оронд буй нөгөө гэрийн тухай ойлголтын талаар авч үзсэн байв. Энэ бол тэдний уран бүтээлчийн замнал төдийгүй Монголын дүрслэх урлагийн хувьд шинэ эхлэл болсон үйл явдал байлаа.

Улс төр биш, урлаг



Өнгөрсөн жилийн Венецийн биенналийн ерөнхий куратороор нь Нигер улсаас гаралтай Оквуй Энвезор ажилласан юм. Биенналийн түүхэн дэх анхны африк гаралтай куратор тэрбээр тухайн жилийн биенналийн хэв маяг, гол үзэсгэлэнгийн дэглэлтийг хариуцдаг. Харин түүний сонгосон сэдэв нь “Бүх дэлхийн ирээдүй” байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт болж буй улс төрийн зөрчил мөргөлдөөн, дайн дажиныг онцгойлон авч үзсэн нь ажиглагдсан. Түүний дэглэсэн үзэсгэлэнгүүдийн онцлог ийм байдаг нь улс төр судлаач хэмээх уг мэргэжилтэй нь холбоотой байж ч мэднэ. Чухам ийм учраас өнгөрсөн удаагийн биенналийг “Дэндүү баргар шинжтэй, улс төрийн урлаг” гэсэн шүүмжлэлүүд хаа сайгүй нисэлдэж байв. Энэ мэт хүчтэй шүүмжүүд энэ жилийн биенналийн ерөнхий куратор, сэдвийг сонгоход ихээхэн нөлөөлсөн нь харагдана. Биенналийг зохион байгуулагчдын зүгээс Францын куратор Кристин Маселийг ерөнхий куратороор зарласан. Венецийн биенналийн куратороор ажиллаж буй дөрөв дэх эмэгтэй тэрбээр энэ жилийн үзэсгэлэнгийн ерөнхий сэдвийг “Viva Arte Viva” хэмээн тодорхойлсон юм. Ингэснээрээ уран бүтээлчдэд куратор өөрийн үзэл бодол, арга барил, нэг чигийг тулгахаас илүүтэйгээр тэдэнд өөрсдийн үзэл бодлыг юунд ч хязгаарлагдалгүйгээр илэрхийлэх эрх чөлөө олгож буй хэмээн онцолжээ. “Энэ бол уран бүтээлчдийн өөрсдийнх нь эх санаан дээр тулгуурласан, уран бүтээлчдэд зориулсан цэвэр урлагийн биенналь байх болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн нь бий. Монголын павильоныг зохион байгуулагчид ч энэ санаанд үндэслэн, уран бүтээлчид, кураторыг сонгосноо онцолж буй юм.

Хөх тэнгэрийн дор төөрөгсөд




Венецийн биенналийн Монголын павильон энэ жил сонгогдсон таван уран бүтээлчийн ажлуудаас бүрдэх “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнг дэлгэх юм. Бөө мөргөл болон буддизм түүхэнд нь чухал нөлөө үзүүлсээр ирсэн нүүдэлчин үндэстэн өдгөө даяарчлалаас үүдсэн эдийн засаг, санхүүгийн шинэ ойлголтууд, боломжуудын өмнө тулж ирээд байна. Гэвч энэ нь эргээд үндэстний мөн чанар, хэн бэ гэдэг ойлголтыг хөндөж, цаашилбал байгалт орчныг хямраахад хүргэж байгаа билээ. Монголд 1990 онд социалист систем нуран унаж, ардчилалд үүдээ нээснээр эдийн засаг ч нээлттэй болсон нь олон хүнд гайхамшигтай боломжуудыг авчирсан нь илэрхий. Уул уурхай, барилга, ноос ноолуурын бизнес олон хүнд хөрөнгө чинээ, нэр алдар бас Монгол оронд дэвшил авчирсан ч тэдгээр нь байгаль орчныг асар ихээр сүйтгэж буй нь эмзэглэмээр. Чухам энэ эмзэглэл уран бүтээлчдийг уг үзэсгэлэнгийн бүтээлүүд рүү хөтөлсөн аж. Таван уран бүтээлч Монголын павильонд дэлгэх үзэсгэлэндээ Монгол орноор хөндлөн гулд аялаж, судалгаа хийсний дүнд бүтээсэн видео, инстолляци, саунд ажлуудаа дэлгэх юм.

Тэд бол бид, бид бас тэд

Венецийн биенналь улс орнуудын урлагийн уулзвар болдог учраас тухайн улс өөрийгөө хэрхэн илэрхийлж, ямар талаас харуулахыг хичээснийг нь тольдож болдог. Хэдийгээр улс гүрнүүд хэл соёл, үндэс язгуураас эхлээд өнөө цагийн хөгжлөөрөө харилцан адилгүй ч хүн төрөлхтөн хэмээх нэг нэртэй, дэлхий хэмээх нэг гэртэй. Бид хоорондоо хэчнээн ондоо харагдсан ч дэлхий дээрх өөр өөрийн уулан дээр гарч тугаа мандуулах хүсэл, тайвшрал хийгээд энх амгаланг хүсэмжлэх сэтгэл, үнэт дурсамжаа нандигнангаа илүү сайхан ирээдүйг бүтээх гэсэн өнөөдрийн оролдлого хийгээд бэрхшээлүүдээрээ танил төстэйг бүх ертөнцийн уран бүтээлчид цугласан энэ цэгээс бэлхнээ харж болдог билээ. Тэд бол бид, бид бас тэд юм.


Нийтлэлч: Б.ЭГШИГЛЭН
http://artscouncil.mn/
https://www.facebook.com/UrlagtaiYaria/