Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Ихэрхүү монгол хүн
Ихэрхэгчид өөрөөс нь бэл чинээ, хөрөнгө мөнгө, эд хэрэглэл, албан тушаалаар илүү хүнд ихэрхэж чаддаггүй, долигнож долоож ханддаг. Тэд эгэл жирийн хүмүүст л ихэрхдэг. Ер нь ихэрхэл гэгч бусдад хайр найргүй хатуу хандсан, дээрэнгүй шинжтэй, хүн ёсны үнэр ч үгүй энэ мэт үнэхээр хөгийн, өчүүхэн шинж, аяс, санаа бүхий байдлаараа хүн ёсны биш зүй бусын хандлагад тооцогдоно.
Гучин жилийн тэртээх нийгэм шилжих үйл явцыг улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны задрал дагалджээ. Жам ёсны үйл явц боловч үр дагаварт нь нийгэмд асар их буруу бусармаг, худал хуурмаг явдал дэлгэрчээ.Нийгмийн оюун санаа хэмээх ертөнц задарч, энэ явдал монгол хүний оюун санааны ертөнцөд ул мөрөө үлдээж,зан чанар, төрх төлвийг хэм хэмжээгүй задарч задгайрахад хүргэсэн юм байна.Биднээс нийтлэг харагддаг ичиж зовохыг эс мэдэх эрээгүй байдал, дүрэм журмыг эс мэдэх балмаджил, хэм хэмжээгээ үл мэдэх увайгүйтэл,хайр найргүйн шинж болох хахир хатуу, өршөөлгүй байдал, бэлэнчилсэн завшигч үйлдэл хандлага бол зан чанар хэт задарч задгайрсаны шинжүүд юм. Энгийн л нэг муухай зан чанар биш бөгөөд муу муухайгаас хэтрээд, жигшиж зэвүүцэм, ой гутам шинжтэй болсоны шинж. Зохист байдал, хэм хэмжээ нь алдагдвал муухай гэдэг ой гутам, жигшимшинжтэй болж өөрчлөгддөг жамтай. Монгол хүний зан чанар, төрх төлөв эвдэрч гэмтсэн гэсэн шалтгаанаар хэт задгайрч, зүй бусын, гаж эрэмдэг байдал, шинж, аяс, төлөв рүү шилжсэн нь энэ юм.
Ихэрхэл бол зүй бусын, гажиг төрх төлөв, зан чанарын нэг нь. Бид бие биедээ машид ихэрхүү ханддаг болж. Монгол хүний ихэрхүү зан, төрхөд хэм хэмжээ гэж алга. Дуугарч ядсан, эсвэл хэг ёг хийсэн үг яриа, хамрынхаа үзүүрийг харах харц, хэтрүүлээд дээш өргөчихсөн эрүү,голж чамласан өнгө аяс, гонсгор дуу алдах энэ мэт дүр төрх, хандлагууд нь ихэрхлийн амьдрал дээрх хэлбэржлүүд.
Энэ мэт хандлагаараа ихэрхэгчид юуг илэрхийлж байдаг вэ? Бусдаас илүү гэдгээ илэрхийлж, бусдын дээр тавьж илэрхий илүүрхэх нь тэдний гол зорилго, санаа юм. Эдлэл хэрэглэл, ажил алба, дүр төрх, авир араншин, үйлдэл хандлага бүхий л зүйлээрээилүүрхэж,бусдын дээр тавьдаг зан чанар юм, ихэрхэл гэгч. Ихэрхэгчид дотоод сэтгэлийнхээ гүнд бусдыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөс бусдыг хэнийг ч байөөртэйгээ эн тэнцүү гэж үздэггүй ба өөртэйгээ ижилхэн нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, өөртэй нь адилхан хүн гэдгийг ойлгодоггүй. Бусадтай өөрийгөө тэнцүүлж, нэг ижил хэмээн харж, ижил тэгш хандаж хүлцдэггүй байдлаас үүдэлтэй байдаг, ихэрхүү зан чанар, төрх төлөв.
Гэхдээ өөрийгөө илүү гэдгийг илэрхийлж, тодруулж, товойлгох арга хэлбэр нь бол байнгад бусдыг доош хийж, өөрөөс нь дутуу гэдгийг мэдрүүлэх юм. Энэ санаа, зорилгоо хэлбэр төрхөөрөө, үг яриагаараа, үйлдэл хандлагаараа, дээгүүр харсан харцаараа, тоомжиргүй байдлаараа, үл тоосон зангаараа, ярвайсан янтгар хандлагаараа, голж чамласан өнгө аяс бүхий дуугаараа гээд өөрийн мэдэх бүхий л арга хэлбэрээр, илэрхийлнэ. өөрийн эд зүйл, гар утас, машин тэргээрээ илүүрхэж, дээрэнгүй хандана, голж чамласан хичээл зүтгэл, амжилтанд нь таагүй хандаж, үгүйсгэж гонсгор дуугарна. Энэ мэтээр ихэрхэнэ ээ. Бусдыг доош дарах энэ мэт аргыг сурамгай сурцтай хэрэглэдэг. Мөн бас урам зоригийг нь хугална, нэр хүндийг нь гутаана, ажил алба, гутал хувцас, эдлэл хэрэглэлийг нь доош хийдэг нь хүнд буй сайн сайхан бүхнийг эрс үгүйсгэж буй үйлдэл болно. Сайн сайхан, үнэ цэнэт бүхнийг нь оргүй үгүйсгэх аргаар тухайн хүнээ доош дарж буй санаа, үйлдэл.Бодит бус үндэслэлгүйгээр, хэтрүүлсэн байдлаар бусдыг доош хийж, дооршааж дарах гэдэгчи бол надаас доор нэгэн, хэн ч биш гэдгийн илэрхийлэл юм.
Бусдыг доорд үзсэн энэ үйлдэл нөгөө талдаа өөрийг нь өргөмжилж, би чамаас илүү, бүх зүйлээр дээр, тэнгэрлэг, өнгөлөг, өөдөө нэгэн гэдгийг илэрхийлэх учиртай байдаг. Бусдыг доорд үзэхгүй бол өөрөө өргөгдөхгүй. Энэ шалтгаанаар ихэрхэгчид байнгад бусдыг дооршааж байх хэрэгцээ шаардлага үүсдэг. Өөрийгөө товойлгохын тулд бусдыг доош дардаг зан юм. Бусдыг доош хийхгүй бол өөрөө товойж, тодрохгүй хэцүүддэг тэд.Өөртөө хийгээд бусдад хандах байдал нь хэт эрс тэс байдалтай бөгөөд өөрийгөө тэнгэрт тулмаар өргөмжилж, бусдыг байж боломгүйгээр доош хийдэг ажээ. Ихэрхэл гэж, ихэрхүү байдал, ихэрхэгч гэж энэ.
Ихэрхэгчид өөрөөс нь бэл чинээ, хөрөнгө мөнгө, эд хэрэглэл, албан тушаалаар илүү хүнд ихэрхэж чаддаггүй, долигнож долоож ханддаг. Тэд эгэл жирийн хүмүүст л ихэрхдэг. Ер нь ихэрхэл гэгч бусдад хайр найргүй хатуу хандсан, дээрэнгүй шинжтэй, хүн ёсны үнэр ч үгүй энэ мэт үнэхээр хөгийн, өчүүхэн шинж, аяс, санаа бүхий байдлаараа хүн ёсны биш зүй бусын хандлагад тооцогдоно.
Бусдыг доош дарсан энэ төрх хандлага хэлбэр тал, харагдах байдалдаа бол сүржин сүртэй, мундаг хүн мэт, шударга шулуун нэгэн мэт хуурмаг төрхийг үүсгэдэг. Гэтэл дотоод тал, илэрхийлж буй санаа, зорилго, сэдэл нь өрөвдөм өчүүхэн шинжтэй байдаг нь хайрлан нигүүлсэнээс үүдэлтэй өрөвдөх сэтгэл биш эсрэгээрээ хөгийн, арчаагүй, хуншгүй байдалд гутсанөрөвдөх сэтгэл юм.
Ихэрхэл бол хий хоосноос үүдэлтэй зан чанар, төрх араншин. Өөрт байхгүй, бүрэлдэн тогтож амжаагүй зүйлсийг гадаад төрх байдал, маяг хэлбэр, үйлдэл хандлагаараа иш үндэсгүйгээр, зохиомлоор бий болгосон нь энэ юм. Үнэн хэрэгтээ бол өөрийг нь бусдаас товойж тодруулах тэр зүйлс нь өөрт нь байхгүй байна гэсэн үг. Гэвч энэ хамаагүй. Өөрт дутаад байгаа зүйлсийг хэлбэрээр буюу машид мундаг,аугаа их, хорвоод ховорхон, бусдаас илүү хүний дүр төрхийг зохиомлоор бий болгочихож байгаа нь энэ юм. Ихэрхэл гэгч зохиомлоор бүтээсэн дүр, хий хоосон маяг юм. Ийм учир ихэнх тохиолдолд ихэрхүү зан, төрх араншингийн цаана “ Аугаа ихийн хийрхэл “ нуугдаж байдаг. Аугаа ихийн хийрхэл гэгч өөрийгөө хий хоосноос хэтрүүлэн өргөмжлөх хэнээ, хэт хүсэл, шунал агаад хэт хөөрөл, элийрэл, солиорол юм. Үүнээс өөр шалтгаан ч бий.
Өчүүхэн, хөгийн шинж чанартай зүйлс эргээд эзнээ гутааж гутамшигладаг зүй тогтол ёсоор ихэрхүү хандлага эргээд ихэрхэгчээ бусдын өмнө гутаадаг. Ихэрхэгчид бусдыг доош дарах гээд өөрийгөө гутаачихдаг шүү. Энэ бол бусдыг доош дарах нь эргээд өөрийн чинь сайн сайхан бүхнийг гутаана гэсэн үг. Өндөр боловсролтой, хэд хэдэн гадаад хэлтэй, гял цал хувцасласан, амжилттай хүний дүр төрхтэй хирнээ ихэрхээд байх нь энэ бүхнээ гутааж байдаг байх нээ. Өөрийн тэмцэж, хичээж зүтгэж бий болгосон сайн сайхан, үнэ цэнэт бүхнээ өөрөө гутаах гэдэг, хүн өөрөө өөрийгөө гутаана гэдэг эрүүл саруул хандлага огт бус. Ихэрхэгч бол ялгаварлан гадуурхагч, хий хоосон дүр бүтээж хэлбэрдэгч, бусдын амжилтанд хорсон тэчъяадагч, хийрхсэн солиот аж. Зүй бусын эрэмдэг гаж хандлагад тооцогдоно шүү.
Зүй бусын харилцаа, хандлага гэдэг араасаа таагүй үр дагуулдаг жамтай. Монгол хүний ихэрхүү зан чанар, төрх төлөв нь нийгмийн харилцаанд хэлбэр хөөсөн дүр төрх, маяглал хий хоосон, утгагүй үзэгдлүүдийг дэлгэрүүлж байна. Нийгэмд адлал ялгаварлал, тэгш бус байдал, сэтгэл зүйн хүчирхийллийг дэвэргэж байна.
Удаан уулзаагүй найзууд, эсвэл нэг ангийнхан, танилууд, хамаатан садан хэн ч бай нэг нэгэндээ ихэрхэх явдал дэндүү түгээмэл. Монгол хүн ихэрхэх тохиолдлыг огт алддаггүй. Ихэрхүү хандлага нь хамт олон, найз нөхөд, хамаатан садны харилцаа, уур амьсгалыг эвгүйтүүлж байгаа ч анзаарахгүй юм. Өөрийгөө л өргөж байвал, бусдад, сэтгэл зүйг нь яаж дарамталж, сөргөөр нөлөөлж байгаа нь огт хамаагүй байдаг бололтой юм.
Ядахдаа л ихэрхүү хандлага гээх аваас нийгмийн харилцаа тодорхой хэмжээгээр эрүүл саруул хандлага тогтох болно. Ихэрхүү хандлагаа гээе. Нэг нэгэндээ энгийн, найрсаг, дотно дулаахан, элгэмсүү хандлагыг хэвшүүлье. Нэгнээ доош дарахаа больё. Илүүрхэх аливаа оролдлогыг ор тас орхие. Ихэрхсэн нэгэндээ зөв шаардлага тавьдаг байя.
Зан чанараа өөрчилье.
Оюун санаагаа шинэчилье.
Үйлдэл хандлагаа өөрчилье.
Ч.ТУЯА
зочин