Энэ 7 хоногт
Гайхамшигт Коосэн тогтолцоо
Би “Монгол Коосэн” технологийн коллежийг төлөөлөн “Сакүра сайэнс” хөтөлбөрөөр Япон оронтой танилцах дадлага хийгээд ирсэн.
Барилгын инженерийн ангийн 4-р курсын оюутан Ж.БАСАН
(2016.8.19-28 Япон, Хоккайдо, Томакомай коосэн, “Сакүра сайэнс” хөтөлбөр)
Би “Монгол Коосэн” технологийн коллежийг төлөөлөн “Сакүра сайэнс” хөтөлбөрөөр Япон оронтой танилцах дадлага хийгээд ирсэн. Эхлээд Томакомай коосэн дээр очиход нээлттэй өдөрлөг болж байхтай таарч сургуультай танилцан, коосэн сургалтын тогтолцооны тухай илүү их мэдээлэл авсан. Дараагийн өдрөөс эхлэн дадлагын хичээл орж, бетоны найрлагыг тодорхойлох, агшилтын бат бэх шалгах, бэхжилтээ хэр хугацаанд олох, төмөр бетон бүтээцийн тухай ч үзсэн.
Би Япон оронтой танилцах дадлага хийж, Японы коосэн тогтолцоотой танилцаж, дадлага туршилтын хичээлд суусандаа үнэхээр их баяртай байна. Аливаа зүйлийг хурдан хийхдээ чухал биш хэр чанартай хийж байгаа нь чухал болохыг маш сайн ойлголоо. Бүх зүйлийг маш нямбай, сэтгэлээсээ хийж байгаа нь их таалагдсан. Манай сургууль Японы коосэнтэй адил үйлдвэрлэлийн дадлага хийх бүхий л тоног төхөөрөмж, боломжийг бүрдүүлж өгсөн. Бид улам их хичээх болно.
Барилгын инженерийн ангийн 4-р курсын оюутан Б. ПҮРЭВ-ОЧИР
(2016.8.19-28 Япон, Хоккайдо, Томакомай коосэн, “Сакүра сайэнс” хөтөлбөр)
- Хоккайдогийн Читосэ хотын аюулаас хамгаалах сургалтын газар
- Томакомай хотод байрлах CCS үйлдвэр (CCS-Carbon dioxide Capture and Storage)
Манай оронд ч бас ийм үйлдвэрийг зөв газраа сонгон байрлуулж чадваас бид бохир агаараар амьсгалах хэрэггүй болох юм.
Цахилгааны инженерийн ангийн 3-р курсын оюутан Г.АНУНГОО
(2016.12.5-14 Япон, Нийгата, Нагаока коосэн, “Сакүра сайэнс” хөтөлбөр)
Японы соёл- Анх Японд очоод онгоцны буудалд газардсан цагаас эхлэн бүх зүйл өөр байлаа. Орчин, хүмүүс, хүмүүсийн хоорондын харилцаа, үнэр, агаар гээд бүгд харь орныг санагдуулж байв. Япон хүмүүсийн соёл үнэхээр хачирхалтай. Тэнд 10 хоногийн хугацаанд байхад би ч тэрхүү соёлоос нь суралцаж танилцсан.
Очоод япон хүмүүсээс ажигласан хамгийн онцгой зүйл нь хүмүүс үргэлж бие биенээ дэмждэг. Алдаа хийсэн ч зэмлэлгүй дахин эхлэх урам өгч нэгнээ дэмждэгийг дадлагын хичээлд япон оюутнуудтай хамтдаа нэг баг болохдоо мэдсэн.
Үүнээс гадна япон хүмүүс бүгд өөрийн гэсэн зарчимтай мөн бусад хүмүүст садаа болохгүй байхыг баримтладаг хүмүүс юм. Энэ нь надад үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Тэд урсдаг шатаар явж байхдаа зүүн талруугаа шахаж зогсдог. Баруун талаар нь яарч буй хүмүүс явах юм. Мөн япон хүмүүс өөрөөсөө ахмад настан болон албан тушаал дээгүүр хүмүүстэй маш их хүндэтгэлтэй харьцдаг. Энэ нь тэднийг багаас нь сургамжилж сургасан юм шиг санагдсан.
Бидний очиж дадлага хийсэн коосэнд хачирхалтай сургуулийн дүрэм байдаг. 1-р курсын хүүхдүүд дээд ангийнханаа хүндэлж хоолоо идэхийн өмнө “Сайхан хооллоорой” гэж маш чангаар хэлдэг. Анх ингэж хэлэхийг нь сонсоод их цочиж билээ. Япон хүүхдүүд хүн бүртэй бөхийж мэндэлдэг. Монголчууд бөхийж мэндэлдэггүй учир бага зэрэг ичиж, эвгүй санагдсан. Энэ бүхнийг харахад япон хүмүүс үнэхээр зарчимч ба энэ их өндөр хөгжсөн нь ард иргэдийн хувь хүний хөгжлөөс шалтгаалдаг юм болов уу гэж бодогдож байлаа. Манай орон ч бас хувь хүний хөгжил, соёлд анхаарвал Япон улс шиг өндөр хөгжиж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Барилгын инженерийн ангийн 3-р курсын оюутан Б.СҮХ-ЭРДЭНЭ
(2016.12.5-14 Япон, Нийгата, Нагаока коосэн, “Сакүра сайэнс” хөтөлбөр)
Японд очоод дадлагынхаа хичээлийг дуусгаад Нагаока хотын үйлдвэр компанитай танилцахаар явав. Эхнийх нь Nagaoka Gear компани. Хувь хүн болон албан байгууллагын захиалгаар төрөл бүрийн араа хийдэг ба дэлхийн хэд хэдэн оронд нийлүүлдэг.
Дараагийн Цүгами компани нь том том механик, барилга зэрэг үйлдвэрлэлийн томоохон тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг бөгөөд бүх жижиг эд ангийг өөрсдөө хийдэг давуу талтай байсан. Дээрх бүх компаниуд аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан цэвэр цэмцгэр орчинд үйлдвэрлэлээ явуулдаг нь надад их таалагдсан.
Японд байсан хэдэн хоног надад сайн инженер болохын тулд мэрийлттэй сурах шаардлагатайг мөн япон хэл сурвал илүү их боломж нээгдэхийг ойлгосон. Эргэж ирсэнийхээ дараа хичээлдээ шамдан суралцаж байна.
Механикийн инженерийн ангийн 3-р курсын оюутан Б.БАЯРБААТАР
(2016.12.5-14 Япон, Нийгата, Нагаока коосэн, “Сакүра сайэнс” хөтөлбөр)
Надтай нийлээд манай сургуулийн 3 хүүхэд 2016 оны 12-р сарын 5-14ны хооронд Нийгата мужийн Нагаока коосэн руу 3D cad-ийн хичээлд суухаар явсан. Энэ хичээлээр бид нар “Авто кад” программ дээр зураг зураад түүнийгээ 3D принтерээр хэвлэж сурсан. Бид нар өөр өөр баг болж хуваагдаад баг тус бүр гурван япон оюутантай хамтарч өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжтой шинэ бүтээл санаачлан хийсэн юм. Япон оюутнуудтай ойлголцоход эхэндээ хэцүү байсан ч сүүлдээ дасаж өөрсдийнхөө санааг сайн ойлгуулж чадсан. Маш сонирхолтой байсан. Япон оюутнуудын шаргуу хичээл зүтгэл, сахилга бат, цаг баримтлах чанар нь надад маш их таалагдсан. Монгол оюутнууд ч гэсэн энэ зан чанарыг хэвшил болгож чадвал маш их амжилтанд хүрэхийг ойлголоо.
Хичээлийн байр, дадлагын газар, Япон хүний соёл, оюутнууддаа хичээлийг нь ойлгуулахыг эрмэлзэж байгаа багш, заасан хичээлийг нь сурах гэж хичээж байгаа оюутныг хараад тэнд сурах юмсан гэсэн хүсэлтэй болсон.
Цахилгааны инженерийн ангийн 3-р курсын оюутан Т.БАРХАС
(2016.12.5-14 Япон, Сайтама, Шибаүра технологийн дээд сургууль, GPBL хөтөлбөр )
2016 оны 12 сард Япон явахдаа би Шибаүра технологийн дээд сургуулийн GPBL хөтөлбөрт анхны монгол оюутан болон хамрагдсан юм. Ингэхийн тулд 10 сард зохиогдсон Техник Технологийн дээд сургууль дахь англи хэлний илтгэлийн тэмцээнд оролцон байр эзлэсэн бөгөөд илтгэлээ сайн тавьсанаар япон явж нэгэн хөгжилтэй хөтөлбөрийн нэг хэсэг болсондоо их баяртай байна.
GPBL гэдэг нь Global Project Based Learning буюу “олон улсын төсөл дээр суурилсан сургалт” гэсэн үг юм. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь олон улсын оюутнуудыг нэгтгэж нэгэн шийдэлд хүрч бүгд хамт илтгэл тавихаар ажиллаж байсан.
Хэдийгээр би Япон явсан ч олон өөр улсын хүмүүстэй ганц долоо хоногийн дотор их дотносож янз бүрийн соёлыг харж тэр хэмжээгээр хандлага маань ч өөрчлөгдсөн болохоор их сайхан сэтгэгдэлтэй байна. Япон хүмүүс их тусч, найрсаг, шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг хараад яагаад ийм өндөр хөгжилтэйг ойлгосон.
Цахилгааны инженерийн ангийн 3-р курсын оюутан Ц.УРАНЗЭВ
(2017.1.11-18 Япон, Токио, Салежио коосэн, хамтарсан судалгаа)
Усан тариалангийн судалгаанд зориулсан програм хангамж судлахаар “Салежио” коосэнд 7 хоногийн хугацаатай сургалтанд суухаар Япон улсыг зорьсон юм. Энэ удаад судалгаа хариуцсан багш Уранцоожийн хамт явсан.
Эхний өдрөө судалгааг удирдагч Ито багш болон оюутан Камиваки, Арифүкү нараас AWS (Amazon Web Service) гэх серверийн систем судалж ерөнхий ойлголт авсан юм. Япон болон монголын хамтарсан судалгаанд өдөр бүрийн үр дүнг бие биедээ илгээх, хадгалах зорилгоор сүүлийн үед хамгийн сайн нууцлалтай гэдгээрээ томоохон үйлдвэр компаний сервер болоод буй AWS –г ашиглахаар шийдсэн нь энэ юм. Дараагийн өдрөөс AWS хаяг үүсгэх, төлбөрийг хэрхэн хэмнэх талаар болон мэдээллээ хадгалахын тулд файлыг хөрвүүлэх програм бичих зэргээр олон шинэ зүйлсийг судалсан. AWS нь Amazon API Gateway, AWS LAMBDA, Amazon S3 гэх олон шат дамжлагатай ба тэр тус бүрийг бидэнд зааж өгөв.
Харин амралтын өдрөөр Япон орны бүтээн байгуулалт, хөгжил, түүх, соёл урлагийг сонирхон олон газраар аялсан. Монголд эргэж ирсэнийхээ дараа усан тариалангийн судалгаанд программ хангамжаа хөгжүүлсээр байна. Өмнө нь шийдэгдэхгүй байсан олон зүйлс энэ системийг сурснаар илүү амар шийдэгдэж байгаа. Ингэснээр усан тариалангийн технологийг илүү хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.