(Яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраагийн “Таслал” түүврийн өмнөх үг)

Уншигч та, яруу найрагч Я.Баярааг “барьж авахад” бэлэн үү?

Яагаад би “бэлэн үү” гэж асуув гэвэл, энэхүү түүвэрт орсон шүлгүүдийг нэвт сүлбэн гарсан яруу найрагчийн амин учирт миний асуултын учиг оршиж буй юм. Ном бүхэнд, тэр дундаа яруу найргийн бүтээл бүрт илэрхий бус боловч мэдэгдэхүйцээр оршин байдаг амин учрыг мэдэрч чадахгүй бол дахиад эхнээс нь унших хэрэгтэй болдог юм.

“Таслал”-ыг уншихын тулд яагаад “бэлэн болох” ёстой юм бэ гэж эргэлзэж байгаа тань гарцаагүй. Учир нь Я.Баяраа, “Таслал” хоёрын хооронд асар гүнзгий шалтгаант холбоо бий. Таслал бол таслал биш төдийгүй харин ч хэлхээ холбоо юм гэж ухаад, түүний шүлгүүд дэх эмзэглэлт танин мэдэхүйд нэвтэрч, яруу найрагчийн ужиг наждыг үүрэлцэж гэмээнэ тэрхүү гаслангуй бүгт анирыг сонсох болно.

Бүхий л юмс биежих (бий болох) хийгээд үгүйрэх (устах)-ийн дундах давчидмал орон зайд догдлол, шаналал, гутрал, солиорол, цурхирал, замхрал гэх мэт үй түмэн таслалуудаар хэлхэгдэж оршихуйн үр хөврөлөөр,

...Өөр рүүгээ өнгийх гэдэг чинь толинд харахаас өөр!
...Үр хөндүүлсний дараах анхны дур тавилт шиг
...Үзэм ядмаар үйлдэл...

гэх тарчлаант танин мэдэхүй гарцаагүй бүрдсэнийг хүлээн зөвшөөрөхөд хүрнэ.

Орших ёсон яг ямархан байдгийг хэн хүнээс өөрөөр тэр өөрийнхөөрөө нотлон өгүүлж байна. Амьдрал гэж бидний нэрлэдэг хувь заяа хийгээд цаг хугацааны хэлбэршил, орчлон гэж басхүү оноодог үзэгдэлт хийгээд үл үзэгдэхүйн нийлэмж, оршихуй гэж ойлгохыг хичээдэг хөдөлгөөнт ба зогсонгийн зохицол сэлтийг тэр хачин тодорхойёо танин мэдээд ер бусын орь хоосныг нь шимширтэл шүлэглэж байна. Элдэв чамирхал, угалзралгүй энгүүн шулуунаар, яг л хүүрнэн буй мэт тэрлэсэн “Таслал”-ын шүлгүүдэд далдхан орших амин учгийн үүтгэл нь яруу найрагчийн үзэл санаанд буй энэхүү “тэрс” танин мэдэхүй юм.

...Сарних хоосон зэрэглээ мэт атлаа
Хүлэх төмөр гинж мэт орон зай...
хэмээн сэрэх түүний эсрэгцэлт сэтгэлгээнд нь,
...Амь зуух тухай мөчид бодол...


болон

Хүн байхаас сайн дураар чөлөөлөгдөх хүсэл...

төрөхийг хачирхахын хэрэг юун билээ.

Шүлэгчийн омог бардам хэв шинжит далд номлол нь үзэл сэтгэлгээ хэврэг нэгнийг бол хачин гүн дарангуйлна. Сэтгэлзүйн диалектик төөрөгдлөөр хэлбэржсэн эрэлхийлэлт сэтгэлгээний өгүүлэмжүүдэд, магадгүй, хэт үнэн мөн орших боловч тэдгээрийг мэдрэх гэж хичээх нь хүсмээр зүйл биш ч байж болох. Ер үнэн өөрөө хүсэмжит юм байдаггүй билээ.



Яруу найраг бол байгаллиг мэдрэхүйн бүтээл, дээд оюун санааны өл хоол, мэдрэмжийн чавхдасыг хөндөн эгшиглүүлэгч гэхчлэн бид хангалттайяа өргөмжилдөг. Гарцаагүй ээ, бүгдээрээ үнэн. Үнэхээр дээд зүйл мөн. Харин Я.Баяраа шүлгүүдээ бусдад мэдрүүлэхэд зориулж бичдэггүйг “Таслал” танд илт өгүүлнэ. Тэр бүү хэл, уншуулахад ч зориулаагүй нь лавтай. Түүний хувьд яруу найраг бол зам мөр юм. Өөрөө өөрийгөө бүтээн бий болгохын тулд бичиж, бичихийн тоолонгоор өөрөө биежин цогцолж буй хэрэг. Шүлгүүдээрээ, бүтээлүүдээрээ өөрөө бүтээгдэхийн хэрээр тэр улмаа бүрдэж, ийн бүтдэхийнх нь хэрээр түүний яруу найраг бүр төгөлдөржин чивчирсээр авай.

Одоо уншигч танд ямархан дүгнэлт төрж байна? Таслал бол таслал биш, харин ч яруу найрагч Я.Баяраагийн бүрдэл хэмээн ухаад, түүний хэт мэдрэхүйн онч илэрхийллээр далд учирт нь нэвтэрч, оюун санаагаа

Нүгэл бүхэнд зөвтгөл олдох...

тухай гүн эргэцүүлэгт живүүлэхэд бэлэн үү? Бэлэн бол давай!

2016.12.15