“Говийн домог”-ийн жинхэнэ дүрүүд
“Говийн домог” бол говийн домог биш юм.
“Говийн домог” бол говийн домог биш юм. Киноны туршид өгүүлэх яруу эгшиглэнгийнх ч биш. Монгол үндэстний язгуур соёлын хүчирхэг илэрхийлэл болсон морин хуур хөгжмийн домог ч бас биш юм. Эндээс үзэгчид ямар нэгэн түүхэн цаг үе, бодит үйл явдлын улбаа олж харахгүй. Гол үйл явдлын шугам, үндсэн зөрчил, өрнөл тайлалд монгол хүний мэдэх сонгодог домог үлгэрүүдийн аль нь ч бүхэллэг бүтцээрээ үзэгдэж харагдахгүй. Тиймээс “Говийн домог”-т чухам юун тухай өгүүлнэ вэ гэсэн асуулттай үзэгч тулгарна.
Хөг найрсал, гоо үзэсгэлэн, сүр бадрангуйн дэглэлтээр дэлгэцнээ өрсөн “Говийн домог” уран бүтээлчдийн оюун санаанд цогцолсон хийсвэр нийгэмлэгийн тогтолцоо болон түүний дотоод зөрчлийн тайлбараас эхэлж байна. Үлгэр, домгийн сэтгэхүй ер ийм л нийтлэг ерөнхий өгөгдөлтэй байдаг. Хэзээ ч юм, эрт урьдын цагт ч юм уу, эрин галбын эхэнд ч юм уу оршин байсан тэрхүү нийгэмлэгт яруу эгшиглэнг дуурьсгагч Хан хуурчдын аймаг угсаа төрийн эрхийг барьж асан жилүүдэд уян нинжин сэтгэл бодитой оршин байлаа. Гэвч энэ зонхиллыг Түшмэдийн угсаатнууд нухчин дарж, төрийг эзлэн захирснаас хойш хорин жилийн дараа домог өрнөнө.
Дордуулаагүй объектууд
UBS телевизийн кино группын хамт олон ээлжит бүтээлийнхээ үндсэн объектоор говийг сонгон авсан нь өмнө бүтээсэн Содура киногоороо бий болгосон “объектын босго”-ыг дордуулахгүй гэснийх төдий биш юм. Тал нутгийн айзам хэмнэлийн илэрхийлэл болсон морин хуурын уран яруу аялгуу, түүний сэтгэлд нэвтрэх шид нөлөөллийг дэлгэн харуулахад үзэмж хийгээд өвөрмөцийн төгс зохицол болсон уудам тэнүүн говиос өөр ямар ч газар орон үл зохирох бүлгээ. Туршлагатай зураглаач Д.Цэрэнчимэдийн баг зураг авалтын объектуудаас өгөгдсөн сүр бадрангуй өгөгдлүүдийг чамбай ашиглаж, орон зайн эффект, өнгө гэрлийн ялгарлыг нүднээ дурайтал буулган, үзэгчдийг элс төөнөсөн манхан, заган төглийн бударганат чөлөө рүү эрхгүй татан оруулахуйц тод томруун дүрсэлж чаджээ.
Хавцал хадны эрэг ирмэгээр гүйлдэх дайчид, мөсөн голын мандал дээрх тулаан, усны толион дээгүүр гүйх ижил шувууд, хуйлран үргэх зээрийн сүргийн давхил, улаан эрэг, шаргал хавцлын тогтоц дагуулан нисэх камерийн дүрсүүд, улмаар бүргэдийн нисэх өндрөөс зурагласан дэлгэмэл зургууд говь нутгийн сүрдэм гоо үзэсгэлэнг бүрнээ мэдрүүлнэ. Гагц объектын төлөв байдлыг илтгэн харуулаад зогсохгүй аж төрөхийн нөхцөл, цаг хугацааны хамаарлыг давхар тоглуулсан зураглаачдын ажил компьютер графикийн шийдлүүд, доторх зургуудын өнгө, гэрэл, зураачдын урласан бүтээцүүд болон дүрүүдийн хэв шинж, тоглолтуудтай зохирон домгийн орон зайг цогцлоох зорилгоо хангалттай биелүүлжээ. Товчхондоо, “Говийн домог”-ийн дүрслэл хийгээд дүрсний илэрхийллүүд гүйцэтгэлийн хувьд харьцангуй бүрэн хийгджээ гэж дүгнэхэд хилсдэхээргүй болжээ.
Аниргүйг тоглосон аялгуу
“Говийн домог” өрнөсөн энэхүү гайхамшигт орон бол үлгэр домгийн орон. Тиймээс Монгол Улсын хаа нэгтээгээс, Өмнөговийн ч юм уу, Дорноговийн, эс бөгөөд Булганы нутгаас эрж хайх, эгнүүлэн бодох нь илүүц юм. Домог өрнөсөн хорин жилд энэхүү уудам агаад зэлүүд, хахирган газар орон гүн аниргүйд автан байсан юм. Учир нь уламж бусаар хаан сэнтийг эзэгнэсэн харгис догшин Иглэр (Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин Эдуард Борисович Ондар) аялгуулах, эгшиглэхийн бүхий л үйлийг цаазлан хорьжээ.
Гүн аниргүй бол киноны үйл явдал, зөрчил тэмцлийн урьдач нөхцөл нь юм. Гэхдээ үүнийг илэрхий нам гүмээр тоглуулахыг уран бүтээлчид хүссэнгүй. Харин ч морин хуурын уйлган харуусалт аялгуугаар дүнсгэр аниргүйг илэрхийлэхээр оролдсонд “Говийн домог”-ийн үл давтагдах шинж оршиж байна. Ерөнхий продюсер, хөгжмийн зохиолч Л.Балхжав эгшиг, аялгуугаар илэрхийлэх гэсэн бүхий л санаанууддаа мэдэгдэхүйц характер агуулж, тус тусын зохиомжийг үйл явдлын өрнөл болон дүрүүдийн дотоод зөрчлүүдтэй зангидаж чадсан төдийгүй зарим газарт жүжигчдийн дутуудуулсан, орхигдуулсан гүйцэтгэлийг ч нөхөх хэмжээнд дуугарч байна.
Хан хуурчдын угсаа хоморголуулан нухчуулж доройтсон болон дахин сэргэхийн үүтгэл тавигдсан тухай, тодруулбал, дүнсгэр аниргүй урт удаан түүхийн тухай энэхүү домог туульсийн зөн билэг, шалтгаан үр, үйлдэл хийгээд мөн чанар төдийгүй шид увдис нь киноны хөгжим юм. Цээл уужим, уйтан бачим, нэг бол догшин сүрлэг, эс бөгөөс аядуу удаан хэмнэлт айзам эгшгийн өгөгдлүүдийг үзэгчид домгийн үйл явдлын хэлхээс дотор дүржүүлэн сэтгэх шаардлага ч тулгарч байна. Тухайлбал, Эгээрэл (Жүжигчин Б.Замилан) гүнжийн эцэг эх, элгэн хотлоо Иглэр хаанд хүйс тэмтрүүлсний их хилэнт өширхөл, аймшигт үзэн ядалт гагцхүү хуурын аялгуугаар эерэн зөөлөрч, улмаар дотносон уясаж, өвдгийг нь дэрлэн нойрстолоо нялхамсан эрхэлж байна. Үйл явдлын өрнөл болон жүжигчдийн тоглолтоор нь цэгнэвэл дүрийн ийм хэмжээний хувиралд хүрэхүйц хангалттай сужет, тээш байсангүй. Магадгүй, хөгжмөөр илэрхийлж буй ид шидээс өөрөөр энэ хувирлыг хийхэд цаг хугацааны хийгээд зөрчил, өрнөлийн багтаамж хүрэлцэхгүй байсан биз.
Ид шидийн сэтгэлгээ
Зөвхөн Монголын төдийгүй нийт хүн төрөлхтний домог зүйн сэтгэлгээний нийтлэг онцлог нь амьтай ба амьгүй юмсад ялгаваргүй ханддагт оршдог. Амьгүй юмсад амь оршоох, үүрэг гүйцэтгүүлэх, учир шалтгааныг төдийгүй түүний тайллыг агуулах зохиомж улс үндэстэн бүрийн домог зүйн сэтгэлгээнд бишгүй үзэгдэнэ. Монгол ардын туульсад мангас, аваргас зэрэг соёлт баатруудыг ялагдашгүй болгох зорилгоор амийг нь ямар нэгэн эд юмсад шингээн биеэс нь ангид, долоон уулын цаана, далан алд нүхэнд булж орхих ч юм уу, гадаад далайн гүнд живүүлчих тохиолдол олон гардаг. Эс бөгөөс аль нэг мангасын амийг хуруу дарам мэнгэнд багтаагаад ээж мангасынх нь далан дээр, эс бөгөөд өөрийнх нь хөлийн хуруун дээр дарчихна. Зүй тогтол хийгээд бодит оршихуйгаас ангидаар, тайлан тайлбарлах аргагүй ид шидийн сэтгэдгээрээ домгийн өгүүлэмж гайхамшигтай.
“Говийн домог”-ийнхон энэ гайхамшигт сэтгэлгээний уран аргыг зохиолдоо ашиглаж, Иглэр хаан, Хөгөлжиргэн хуурч (Жүжигчин О.Амгаланбаатар) хоёрыг дундын амьтай болгосон нь бүхий л үйл явдлынхаа өрнөлд яв цав тохирсон шийдэл болсон байна. Хэдийгээр хуурчийг алахаас нааш үхэхгүй нь Иглэр хааны давуу тал мэт харагдаж, тэрээр хэдэнтээ үхлээс амьд үлдэж байгаагаар илэрхийлэгдэж байгаа боловч Ерөнхий найруулагч Ц.Даваажаргал, найруулагч О.Эрдэнэ нар үүнийг хараал жатга талаас нь, өөрөөр хэлбэл хааны аргагүй байдал болгон харуулсан нь тун зөв өнцөг болсныг дурдахаас аргагүй.
Тэд бээр жүжигчдийнхээ тоглолтод ерөнхийд нь академик хэв шинжийг түлхүү баримталсан нь харагдана. Ийм хэв шинж бүхий тоглолтууд зарим газартаа сэтгэл хөдлөлийн энгийн, диалектик элементийг хүртэл алгасахад хүргэх нь бий. Үйл явдлын үндсэн бүтэц нь домог буюу цэвэр уран сэтгэмжийнх тул дүрүүд, тэдгээрийн аливаа зөрчилд үзүүлж байгаа хариу үйлдлүүд бодит хүмүүсийнхтэй яв цав нийцэх алба байхгүй ч байж мэдэх юм. Ерөөс домогт гарч байгаа хаан, хатад, хуурчид, ард иргэд болон зэрлэгүүдийг “хүмүүс” гэж харах нь нэг талаасаа өрөөсгөл. Хүмүүн бусууд гэж үзэх нь ч бас дэмий. Гэвч анхнаасаа домог туульсийн сонгодог орчин бүрдүүлж, тэндээ амьдруулсан дүрүүддээ тэр л ертөнцийнх нь тээшийг өгч, тэр л ертөнцийнх нь шинж чанар, зан байдлыг бүрдүүлэх нь уран бүтээлчдийн хамгийн голч шийдэл байсан болов уу.
Жинхэнэ гол дүрүүд
Ёр зөнгийн нийтлэг өгүүлэмжээр үүтгэл хийж, боос шаргачингийн төлийг харвуулан унасан эхийнх нь хэвлээс гарган авсан Юмлай түшмэл (Монгол Улсын Гавъяат жүжигчин С.Лхагвасүрэн) үүнийг үр удмаа бүтээхийг шаардсан далдын дохио хэмээн хаанд итгүүлж байна. Дүнсгэр аниргүй хорин жил ханилсан Эсэргэн хатан (Жүжигчин Ч.Очгэрэл) түүнд үр заяасангүй. Домог үлгэрүүд, ялангуяа эртний болон дундад зууны эзэн гүрнүүдэд хамаарах түүхэн домгуудад ор залгамжлах нуган үрийн элемент элбэг байдаг. “Говийн домог”-т энэ элементийн гүйцэтгэж буй үүргийг бүхэл дүрийн хэмжээнд авч үзэх нь зүйд нийцнэ. “Би удам залгах нугантай болсу” гэх Иглэрийн үг түүний үндсэн шугамыг илэрхийлж байгаа бол хуурын амь хуурчтайгаа хамт төрдөг гэсэн жам барилдлагын тухай тайлбар Эгээрэл гүнжид давхар шугам болон орж ирнэ. Улмаар энэхүү “дүр” киноны үйл явдлыг нэвтрэн гарч, зөрчил тэмцлийн суурь шалтгаан, өрнөлийн үндсэн шийдэл болоод зогсохгүй эцсийн оргил тайлал болон “биежиж” байгаагаараа бодит дүр болж чадсан байна.
Кинонд өгүүлэгдэх бас нэгэн хийсвэр атлаа “гол дүр” бол яруу эгшиглэн. Шүүмжийнхээ эхэнд миний “Говийн домог” кино бол яруу эгшиглэнгийн домог биш гэсний учир нь энэхүү яруу эгшиглэн бол киноны гол дүр юм гэж харсных. Яруу эгшиглэн хүний үеэр тооцвол бараг хоёр бүтэн үе үргэлжилсэн урт удаан, улигт дүнсгэр аниргүйг өөрийнхөө эзгүйрлээр бий болгосон хүчин зүйл. Мөн тэрээр киноны бүхий л дүрүүд, баатруудын далд тэмүүлэл, оргилон гарахад бэлэн байгаа дотоод буцалмал хүсэл нь юм. Иглэр хааны хувьд яруу эгшиглэн бол эрх сүр, хүч чадлыг ньсөрж, аажим аажмаар дарангуйлагч чинадын зөөлөн хүч бөгөөд хайр дурлалынх нь хэрэглүүр болж байгаа бол хорон санаат Юмлай түшмэлд Иглэрийг ашиглан хаан сэнтийд залрах гэсэн эрт балраас төлөвлөсөн арга башрынх нь золиос болж дүрслэгдэнэ. Төрсөн цагаасаа хойш эгшиг аялгуу, дуу хөгжим гээчийг огт сонсолгүй нас бие гүйцсэн Эгээрэл хатанд бол бүр ид шидийн увдисаар нөлөөлж байна. Яг л өөрийн гэсэн хувь заяа, зураг төөрөгтэй, өмнөх намтар, хойчийн замналтайгаар бүтээгддэг цогц дүрүүдийн адилаар яруу эгшиглэнгийн дүр бүрэн гүйцэт бүтээгджээ. Үүгээр зогсохгүй түүний дүр кинонд бодит гол дүрүүдээс дутахааргүй тоглолт үзүүлж, үүрэг гүйцэтгэж, үйл явдалд нөлөөлж байгаа нь домог зүйн амьдчилсан амьгүй дүрүүдийн нийтлэг хэв загвар юм.
Дутуудсан тоглолтууд ба илүүдсэн жүжигчин
Киноны үйлдвэрлэл асар ярвигтай. Ялангуяа олон улирал дамнуулан зураг авахад дүрүүдийн хэв төрх, өгөгдөл тээшийг улирлаас улиралд хадгалах, уламжлан залгуулахад маш сайн зохион байгуулалт, найруулагч, жүжигчид болон зураач нар, нүүр хувиргагчдын чамбай ажиллагаа шаардагдана. Өмнө нь цөөнгүй бүтээл хийсэн UBS телевизийнхний хувьд гүйцэтгэлийн хүчир шалгуурт “өвдөг шороодсонгүй” гэж ам бардам дүгнэж болохоор. Ялангуяа Ерөнхий зураач Т.Нямсүрэнгийн хувцасны болон гоёл чимэглэлийн зураг, үйлдвэрлэлийн ажил Монголын кино урлагийн түүхэнд бичигдэхүйц бүтээл болжээ гэвэл хэтийдсэн болохгүй болов уу. Туршлагатай нүүр хувиргагч Г.Ганчимэгийн хамгийн далайцтай ажил нь “Говийн домог” болсон байж мэдэх юм. Ордны гол дүрүүдээс гадна Эгээрэл гүнжийн аав Хантай сэцэн (Жүжигчин О.Бат-Өлзий), ээж Өвөөлжин хатан (Монгол Улсын Гавъяат жүжигчин И.Одончимэг), тэдний аймаг отгийнхон, Хан хуурч отгийн ахлаач, өрөөсөн нүдэт Бүри (Ардын жүжигчин П.Цэрэндагва), түүний иргэд, говь талын “урт дурынхан” гэмээр зэрлэгүүд, мөн цэргүүд, 40-50 хүний бүрэлдэхүүнтэй орлон тоглогчид гээд нүүр хувиргагчдын багийн ачаалал асар өндөр байсныг дэлгэцнээ дурайсан дүр зургууд хангалттай өгүүлж байна.
Сайн гүйцэтгэл гэж байхаас төгс кино гэж байдаггүй. Үйл явдал, тэдгээрийн зөрчил, нэвтрэн гарч буй үйлдлүүдийг асар ритмлэг хэмнэлээр өгч, киног үзүүштэй болгоход өнөө л домгийн сэтгэмж уран бүтээлчдэд хангалттай тусалжээ. Тийм ч учраас үйл явдлын эргэлт, дүрүүдийн хувирал, зэрэгцээ шугамын шийдэл зэргийг хялбар дөхөмөөр илэрхийлэх боломжтой болсон нь харагдана. Гэвч шалтгаан үрийн хэлхээсийг зарим газарт хэт товчилсон алдаа мадаг ажиглагдаж байгаа нь домог зүйн сэтгэмжид ч логик уялдаа байдгийг харуулсан сургамж болж байх шиг. Тухайлбал, хутга ханцуйлсан Эсэргэн хатан хорин жил Хөгөлжиргэнд дөхөж очоогүйн зөвтгөлийг тоглуулаагүйгээр барахгүй түүнд хэтэрхий зохиомол гэмээр гэнэтийн эргэлтийг зориудаар өгч эсрэгээс, эерэг төлөв рүү хувиргаж байгаа нь жүжигчний тээшийг төөрөлдүүлж, эрхгүй хүчилсэн хиймэл тоглолт гаргахад хүргэжээ. Яг ийм төөрөлдмөл байдал Эгээрэл гүнжийн тоглолтод бүр ч олонтаа үзэгдэв. Аав, ээжийн охин, харвалга сайт эрмэг язгууртан, богтлогдсон хатан, хилэн хар морины эзэн, өш зангидагч, хайрлан дурлагч, аллага гүйцэтгэгч гээд түүний дүр дэндүү олон талтай. Хамгийн гол нь жинхэнэ мөн чанар нь чухам аль вэ гэдгийг жүжигчин тууштай шийдэж өөртөө байршуулаагүй, үүнд нь тоглолт хариуцсан найруулагч ч бүрнээ тусалж чадаагүй бололтой. Хоморголсон хядлагаас балчир хуурч, аавтайгаа хоёулхнаа сүүлчийн угсаатан болж амьд үлдсэн хэмээх боловч Эсэргэн хатан бол ганц шөнийн дотор, Эгээрэл, хуурч хоёр олон хоног явж хүрэх газарт нуугдсан Бүри тэргүүтэй бүхэл бүтэн аймаг отог гарч ирэхийг домгийн ид шидээр нөхцөлдүүлэх хараахан бэрх. Иглэр хааны шийдвэртэй бус тоглолт уран бүтээлчдийн кинондоо харуулахыг хичээсэн өөрийнх нь хүч чадалд тохой дутав уу гэмээр. Хорин жилийн өмнөх төрийн эргэлтийг хийхдээ Юмлай түшмэлийн хатгаасанд автсан байж болох ч харгислал, дарангуйлал нь дийлдэшгүй байхад өөрийнх нь хүчин зүйл яавч хэрэгтэй байсан юм.
Кино бүхэлдээ 500 шахам хүний хоёр жилийн хөдөлмөр. Шигүү үйл явдлууд, цөөнгүй дүрүүдийн тавиланг уран сайхны киноны стандарт хугацаанд багтаах амаргүй байсан нь мэдээж. Зарим хэсэгт эвлүүлгийн алдаанаас болж миний дээр өгүүлсэн дутуу, буруу гүйцэтгэл, мэргэжлийнхний хэллэгээр “үсрэлтүүд” үүссэн байхыг үгүйсгэхгүй. Харин яаж ч дүгнэлээ гэсэн хамгийн байж боломгүй алдаа бол бүхэл киноны турш огтхон ч үзэгдээгүй Өөскө (Жүжигчин А.Өнөржаргал) албатын дүрээр гэнэтхэн гарч ирэх юм.
ганзо
Дорж
Бааги
Бааги
Бааги
Зочин
монгол хэл
У.Төрбадрах
зочин
reader
Лхагважав
Сүхбаатар
zochin