Шинэ парламентийн үйл ажиллагаа гацаанд ороод “байлаа”. Анхдугаар чуулганаа ч хуралдуулж чадахгүй хэд хоносон энэ байдлыг гацаа гэхгүй өөр юуг гацаа гэх билээ.

Гацаа ганц эзэнтэй. Тэр нь МАН гэнэ. Уг нь бол яг ч нэг эзэнтэй гацаа биш л дээ. Үнэн хэрэгтээ энэ хорвоогийн бүх юм харилцаан дээр тогтож байдаг. Тэр харилцааг ямархуу соёл залж байгаагаас л өрнөх үйл явдлууд хамаарч явдаг. Энэ удаа олонхи цөөнх хоёулаа л ойлголцлын тойргоос дөлж, нэг нь баахан эрэлхүү дээрэлхүү, нөгөө нь жаахан тунирхуу ялархуу аяг ааш үзүүлэн гацааж байна.  

Ялагдлын шокноосоо гараагүй байгаа МАН-ыг энэ өдрүүдэд амтай болгон л шүүмжилж байх шиг байна.  Ер нь бол энэ явдал гаднаасаа намынхаа дотоод асуудлыг төрийнхөөс дээгүүр эрэмбэлж харагдан бусдын зэвүүцлийг улам дэвэргэж байгаа ч нөгөө талаасаа бол цөөнхийн зүгээс хийдэг л, байдаг л улс төр юм. Гэвч шахуулж, балбуулж, баалуулж буй МАН-ын бүлгээс арга буюу мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс анхдугаар чуулганыг гацаах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд бүлгийн хуралдаанаа түр хойшлуулах болсноо мэдэгдэв. Тус намынхан Ардчилсан намаас УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн З.Энхболдтой энэ асуудлаар хэлэлцэх санал илгээсэн  боловч З.Энхболд “Албан ёсоор бүлэг байгуулагдаагүй байхад би танай хуралд оролцохгүй” гэсэн хариу өгчээ. Түүнийг хувь гишүүний зүгээс ихэрхсэн гэж харах үндэслэл бас алга. Зарчмын дагуу, хуулийн дотуурх л хариуг өгсөн нь энэ.  Ингээд УИХ-ын даргыг томилох тухай асуудал дахин хойшилсон ч олонхи эз дийлэн энэхүү гацааг алхаж гарав.

УИХ-ын чуулганы танхимд МАН-аас бусад намын гишүүд хоёр өдөр хүлээлтийн байдалтай сууж сөрөг хүчнийг үзэн ядуулах амжилттай улс төрийг хийсний эцэст УИХ-ын даргыг тэд  батламжиллаа. 

Хэдийгээр  АН-ын дарга Н.Алтанхуяг  Д.Дэмбрэл даргатай уулзаад,   чуулганыг хуралдуулахаар тохиролцоонд хүрсэн ч УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Д.Дэмбэрэл гишүүнийг хүлээх шаардлагагүй, дахиад л бас нэг маргааш болно. Тиймээс Л.Цог гишүүнээр хуралдаанаа удирдуулъя гэсэн годгоносон горимын санал гаргаадхав. Ингээд түүний дэвшүүлсэн горимын санал дэмжлэг авснаар өнөөгийн УИХ-д Д.Дэмбрэлийн дараа орох ахмад настны хувьд УИХ-ын гишүүн Л.Цог  УИХ-ын даргын суудалд түр заларч гацааг арилгав. Гишүүдийн ирц 62.3 хувьтайгаар ийнхүү  УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг  батламжиллаа.  Гэхдээ энэ явдал Үндсэн хууль зөрчив үү, яав. Зөрччих шиг л болох юм. Үндсэн хуулийн шинжээчид нэн даруй үгээ хэлэх биз ээ. З.Энхболд гэдэг энэ яралзсан гоё лидерийн хүзүүнээс анхнаас нь хууль бус их хурлын дарга гэсэн таагүй нэр хоч зүүлгээд явуулчихав уу даа гэсэн болгоомжлол төрнө. Яарвал яана билээ ард нь нэг үг байдаг сан.   Анхдугаар чуулган хуралдаж чадахгүй байсан шалтгаан ахин хэлэхэд дэндүү  энгийн юм. УИХ-ын даргыг цөөнхөөс асуулгүй “томилчихлоо” гэсэн л тунирхал. Зөвшилцөл хүссэн л тунирхал шүү дээ. Зөвшилцөл анхнаасаа байхгүй юм бол үнэндээ төрийн ажил цаашаа явахгүй. Уг нь бол Ардчилсан намын бүлэг болон эвсэлд орж байгаа гурван нам ярьж тохироод л З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Энд ямар нэг буруу зөрүү явдал байхгүй. Гагцхүү энэ тухай саналаа МАН-д биш МАН-ын байрны жижүүрт хүргүүлчихсэн . Жижүүр мижүүрт өгч жижиглээд байх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу.С.Баяр 45 суудалтай үнэмлэхүй олонхийн эзэн байхдаа зөвшилцлийн бичгээ арай АН-ын жижүүрт өгөөгүй байх.

Үндсэн хуулинд бусад намуудтай зөвшилцөнө гэж заасан. Тэрийгээ л бүрэн дүүрнээр нь, басхүү улс төрийн соёлд түшиглээд хийчих  байсан. Нэг нь ингэж шалтгаан тарьж, нөгөө нь тэгж шалтаг болгож нийгмийг бухимдуулах хэрэг юу билээ.  Гэхдээ хуулинд зөвшилцөнө гэж заасан ч зөвшилцлийг ямар хэлбэрээр хийхийг заагаагүй учраас олонхи өөрийн алхмуудаа нэг их айж бэргэлгүй хийж байна. Цөөнх болсон МАН үргэлж ингэж толгой дээрээ гишгүүлж явахгүй гэдгийг АН бодох л ёстой. Тэдний хувьд Өвөрхангайн хоёр гишүүнээ оруулж ирэх гэж үзэх нь байдаг л улс төр шүү дээ. Аль ч нам улс төрөө хийдгээрээ л хийнэ. Ер нь бол АН-д цаашдаа эвсээд хэд хонож байгаа шинэхэн найзууд нь биш МАН илүү түшиг болно. МАН-тай ойлголцож байж төрийн ажил цаашаа явна. Энэ бол 92 он ч биш, 96 он ч биш. МАН ч анх удаа ч сөрөг хүчин болж байгаа юм биш.

Сонгодог сөрөг хүчин гэдэг үүднээсээ яаж ч бодсон ойлголцож, зөвшилцөж байж ажил явах учиртай. Шууд цавчаад л яваад байдаг амьдрал ийм бүтэцтэй парламентийн үед байх бололцоогүй.

МАН ялагдал хүлээлээ. Дотроо хариуцлага ярьж байна. Бага хурал нь хуралдаж байна. Сонгуулийн дараа улс төрийн нам хүчнүүд яг энэ жишгээр л дотроо зарчим “ярьдаг”. Ярих нь өөрөө хамгийн эрүүл үзэгдэл. Наад зах нь үүнийг нь хүндэтгэж болмоор санагдана.

УИХ-д 31 суудал авч олонх болсон АН өчнөөн жил эвсэж явж явчихаад гэнэт ингэж эрэлхүү баралхуу аашилцгааж, хүн болгон нь дуугаа өндөрсгөн хашгирч, яаран дааран дайрч давшилж, хэт улангасч байгаа нь эргээд шүүмжлэлд өртөх вий дээ. Ганц нэг өдрийн наана цаана дээр ингэтэл жудаггүй аашлах хэрэг байна гэж үү. Бушуу туулайн л үлгэр шүү дээ.