Үе сагьше үнгэроол даа
Үhэшье сайжа захалаал даа
(Буриад дуунаас)

Монгол хэл соёлын зуслангийн дууны хичээл


АНУ-д бидний хэдэн нөхөд “Монгол хэл соёлын зуслан” гэж хичээллүүлдэг юм. Хэлээ мэдэхгүй нэгэнд нь заана, мэддэг нэгнийхийг нь мартуулчихгүй санаатай. Хүүхдэд (том хүнд ч бас) хэл заах хамгийн сонирхолтой арга бол дуу билээ. Дуу зааж байгаагийн маань хамгийн гол зорилго нь монгол хэлээ л заах гээд байгаа учраас шууд сонсгоод тогтоолгох бус, юуны өмнө эхлээд дууны үгийг ямар утгатай болохыг харилцан ярилцаж, өөрсдөөр нь юу бодож байгааг нь хэлүүлнэ. Чухам ямар утгатай, юун тухай өгүүлсэн дуу болохыг ойлгуулах нь хэл сургах нэгэн арга.

Зусланд эхлээд бид багш нараа сургадаг юм. Манай багш нар гэж өөрсдөө арван зургаа, долоотой хүүхдүүд л дээ. Ингээд бид хүүхдийн баахан дууны үгийн тухай ярилцаж гарлаа. Гэтэл нэг дууны талаар санаанд оромгүй олон өөр хувилбар хариулт гарч байна шүү. Дууных нь үг нь ийм:

Цагаан баавгайн бамбарууш
Тоглон наадаж байна
Цэгээн туйлын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай

Зохиогчийн санааг хэн нь ч ойлгосонгүй, бүгд өөр өөрөөр тайлбарлаж байгаа нь маш сонин байв. Үүнээс хойш миний бие хаа явсан газраа хэрэг болгон хүүхэд залуусаас энэ дууны үгийг асуудаг юм. Анхандаа зөвхөн Америкад өссөн хүүхдүүд болохоор мэдэхгүй байна гэж үзэж байсан, Монголд явахдаа ч хүүхдүүдээс асууж үздэг, ялгаагүй юм билээ. Хаана өссөний ялгаа биш, ерөөс цаг үеийн ялгаа ажээ.

Хүүхдүүдийн хариулт

Багш хүний хувьд надад энэ дууны үгийг хүүхдүүд чухам аль талаас нь, юу гэж ойлгох нь тун сонирхолтой байдаг юм. Тиймээс бараг цуглуулга шахуу юм хийнэ. Жишээ болгон Монгол, Америк өөр өөр газар төрж өссөн монгол хүүхэд залуусын хариултаас толилуулъя.

Учрал (17 настай): Мөсөн дээр бөмбөг битгий шидээрэй. Нэгнийгээ хайрлаж яв гэсэн утгатай дуу.

Сэцэн (22 настай): Байгаль хамгаалах сэдэвтэй дуу юм биш үү? Хүмүүсийн тоглох газар тэлээд, туйл руу ороод байгаагийн эсрэг.

Далай (13 настай байхдаа): Машин зам дээр бөмбөгөөр битгий тогло гэж байна.

Золбоо (16 настай), Батзаяа (21 настай): Хүүхдүүдийг битгий сахилгагүйтэж бай гэж байна.

Баясаа (16 настай): Өвлийн тухай, бас хайрын тухай дуу байна.

Анхаа (10 настай): Аймаар баавгайны хажууд битгий тогло, иднэ шүү.

Уранбилэг (17 настай): Цэцэрлэгтээ би энэ дуунд хамгийн дуртай байсан ш дээ, гэхдээ нээрээ үгийнх нь тухай огт бодож үзээгүй юм байна.

Ингэхэд чи баавгайны талд байна уу, хүүхдийн талд байна уу?

Хоёул 1987 онд төрсөн, нэг ангиас гарсан хос Мөнхөө, Нансаа хоёрыг суулгаж байгаад яг энэ асуултаа тавив.

Гэргий Нансаа: Амьтан сайхан амардаг газар хүүхдээ битгий тоглуул гэж байна. Амьтдыг хамгаалах утгатай юм уу даа.

Нөхөр Мөнхөө: Хүүхдээ аймшигтай араатан амьтантай газар битгий тоглуулаарай гэсэн санаа байна.

Нансаа: Үгүй ш дээ, баавгайгаа хамгаалах гээд байгаа юм биш үү?

Мөнхөө: Юу гэж дээ, хүүхэд илүү чухал биз дээ...

Нөгөө онигоо ярьж байгаад “Чи ингэхэд миний талд байна уу, баавгайны талд байна уу “ гэдэг л болох шахав.

Түлхүүр үг - Бөмбөг

Энэ дууны үгийг хэрхэн ойлгох нь “бөмбөг” гэж үгийн олон утгатай шууд холбоотой. “Цагаан баавгай, цэгээн туйл” хоёроо бол бүх хүүхэд мэдээд байна. Гагцхүү тэнд ямар “бөмбөг” битгий хая гээд байгаагаас шалтгаалаад ийм олон өөр хувилбар үүсэж буй ажээ. “Бөмбөг” нь ямар бөмбөг байх нь арынхаа үйл үг болох “хаях”-ыг бас “шидэх, тоглох” гэх мэт олон өөр утгаар тусгах гол нөхцөл болж өгч байгаа юм.

Дүгнэлтийн оронд


Угаасаа сүртэй том дүгнэлт хийх гээгүй, зүгээр л үе цаг өнгөрөхөд үг шүлгийг ойлгох ойлголт хэрхэн хувьсдагийг харах л гэсэн учраас “дүгнэлт” гэлгүй, “дүгнэлтийн оронд” хэмээв.

Юуны өмнө бүр социализмын үед, намайг бага байхад л дуу заахдаа үгийнх нь утгыг ойлгуулалгүйгээр шууд цээжлүүлчихдэг байсан муйхар арга одоо хүртэл хэвээрээ юм уу даа гэсэн бодол төрөв. Уранбилэг охины хэлж байгаагаар цэцэрлэгт нь багш нь заасан, хамгийн дуртай дуу нь атлаа үгийнх нь учрыг багш нь огт хэлж өгөөгүй гэх. Намайг утгыг нь тайлбарлаж өгөхөд “Хөөх хүүхдийн дуунд яагаад тийм тэсрэх бөмбөгийн тухай оруулдаг юм бэ” гэж гайхан асуух нь аанай л тухайн цаг үед амьдраагүйнх.

Багадаа бид “Нарны зургийн нэгээхэн дор Нанжнаа хичээж бичихдээ...” гээд л ангиараа дуулдаг сан. “Нанжнаа” гэж юу гэж байгааг мэдэх ч үгүй, багшид бол хамтдаа чанга дуулж байгаа нь л сайн болохоос бидний үгээ ойлгож байгаа эсэх огт хамаагүй. Тэгсэн тэр нь үнэндээ “нандинаар” гэсэн үг байсан юм билээ. Одоо цаг өөр болсон, уг нь дууг тэгж утгагүй тогтоолгож заамааргүй л байгаа юм.
 
Хоёрт, хүүхдийн хариултад зөв буруу гэж үгүй юм. Хэрхэн ойлгож байна вэ гэдэг л чухал. “Ийм юм мэдэхгүй гэж үү” хэмээн хараан загнах хэрэггүй. Харин ч ийм юм мэдэхгүй байна аа гэдэг цаг үе хэчнээн амар жимэр, айх аюул багассаныг илтгэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл хүүхэд мэдэхгүй тусмаа сайн гэсэн үг. Миний ажилглалтаар бол 1985 он л зааг хугацаа юм билээ. 1985 оноос өмнө төрөгсөд дуунд юуны тухай өгүүлж буйг гаргаахгүй гэсэн үг. 1985-1990 оны хооронд төрөгсөд бол эргэлзээтэй, алдаг оног мэдэх юм билээ. 1990 оноос хойш төрөгсөд бол бараг мэдэхгүй дээ.

Миний туршилтыг үргэлжлүүлэх үү, эцэг эхчүүд, багш нар аа


Та бүхэн энэ туршилтыг үргэлжлүүлээд үзэх үү? Дунд сургуулийн сурагчид бараг мэдэхгүй байх, яг одоо их дээд сургуульд сурч байгаа оюутнуудаас асуугаад үз дээ. Ахин хэлэхэд зөв буруу хариулт гэж битгий шүүгээрэй, хэрхэн олон өөр янзаар ойлгож байгаа нь л чухал юм шүү. Тэндээс л цаг үе өнгөрөхөд үг шүлгийн утгыг хэрхэн ойлгох нь бас хувьсдаг тухай сонирхолтой дүгнэлт гарна.

Хүүхдээсээ асууж үзээд сонин хариултаас нь хуваалцаарай. Бага сургуулийн хүүхдээр бол зураг зуруулж нэг шалгаж болох юм шүү.