Монголчууд гадаад улсад олноор зорчиж, тэндээ суурьшин амьдрах болсон нь барагцаалбал хориод жилийн өмнөөс эхэлсэн хөдөлгөөн юм. Хэл, соёл гэдэг хүнээ даган тардаг, хүнтэйгээ хамт аялдаг зүйл. Гэхдээ бас очсон газрынхаа хэл соёлд уусан алга болох ч аюултай. Тэр аюулыг харьд анх очсон хүмүүс бас тэр бүр анзаарна гэж үгүй. Хориод жилийн өмнө АНУ-д очсон монголчууд арваад жилийн өмнөөс эх хэл, эх соёлынхоо талаар ухаан, санаа тавьж, үйл ажиллагаа зохиож эхэлсэн юм уу даа гэж бодогддог юм. Үүний нэг тод жишээ нь Монгол Соёлын Төвөөс Индиана мужийн Блүүмингтон хотноо жил бүр зохион байгуулдаг “Монгол хэл соёлын зуслан” билээ.

Арван жилийн тэртээ Ажаа гэгээнтэнтэй ярилцан, анх түүний удирддаг Шашин Соёлын төв дээр зуслан хичээллүүлнэ гэхэд төдийлөн сонирхож, үр хүүхдээ явуулах хүн ховор байлаа. Олон хүн “хүүхдүүдээ англи хэлтэй болгоно, АНУ-д сургуульд оруулна гэж авч ирсэн байхад юун монгол хэлний зуслан” билээ хэмээн гайхаж байсан юм. Англи хэл угаасаа хүүхдүүдийн чинь хэрэглээ, өдөр тутмын хэл болно, монгол хэлээ харин мартана шүү дээ хэмээн учирлаад нэмэргүй. Харин аз болоход Миззури мужид аж төрөх Жагдагдорж, Борчулуун тэргүүтэй, алсыг харсан эцэг эхчүүд бас байсны улмаас хүүхдүүдээ манай зусланд илгээж, 16 хүүхэдтэйгээр шаваа тавьж байлаа. Таньдаг хүмүүс, найз нөхдөөсөө хүүхдээ өгөөч гэж гуйдаг байсан энэ зуслан өнөөдөр хүүхдээ багтааж дийлэхгүй, бүртгэлээ сарын өмнө хаадаг болоод байна.

Энэ жил “Монгол хэл соёлын зуслан” 7 сарын 15-22 ны өдрүүдэд хичээллэж, Иллинойс, Вашингтон Ди Си, Мариланд, Индиана, Миззури, Висконсин, Колорадо, Виржиниа муж улсын хүүхдүүд хамрагдан суралцав. Урьд урьдын зуслангийн адил гурван гол зорилгыг агуулсан нь, нэгд, монгол хэл, бичиг заах, монгол дуу, бүжигт сургах, ер нь л монгол хүн шүү гэдгийг нь хүүхдэд мэдрүүлэх, хоёрт, гар утас, тооцоолуурын дэлгэцнээс нь хол байлгаж, эрүүл агаарт биеийн хөдөлгөөнт тоглоом хийлгэж, спортод дур сонирхолтой болгох, эцэст нь өөр өөр хотын монгол хүүхдүүдийг найзлан нөхөрлүүлэх, сүлжээ бий болгох зэрэг байв.

Монгол хэл бичгийн хичээл



Энэ удаагийн зуслан анх удаа монгол бичиг зааснаараа онцлог байлаа. Өмнө бид монгол хэлээ сайн сурсных нь дараа, кирилээр чөлөөтэй бичиж сурсан хойно нь монгол бичиг заана хэмээн хойшлуулсаар ирсэн юм. Гэтэл ийм бодлого баримталсаар байвал монгол бичиг заах цаг хэзээ ч ирэхгүй нь тодорхой болов. Иймийн тул энэ жил 11-16 насны том хүүхдүүдэд монгол бичиг зааж үзлээ. Өглөө нэг цаг, үдээс хойш нэг цаг, 7 хоногт нийт 14 цаг орсноор зорилго амжилттай биелж, хүүхдүүд маань үзсэн үсгийнхээ хэмжээнд уншиж бичиж сурсан билээ. Энэ хугацаанд бид монгол бичгийн зурлага, эгшиг үсгүүдээс гадна, л, м, н, б, с, р гийгүүлэгчийг үзэж амжсан юм. Хэдхэн хоногийн өмнө монгол бичгийн талаар огт ойлголтгүй ирсэн хүүхдүүд гэхэд “Аабын бору морийг барилаа” гэх мэтээр уншихыг харахад бахархалтай.

Арваас доош насны хүүхдүүдэд харин өөрийгөө танилцуулах, дуртай дургүй зүйлээ тайлбарлан ярих гэх мэтчилэн ярианы хэл заав.

Шигтгээ: Хэлний хичээлийн сониноос буюу англи монгол хэлний ялгаа

Англи хэлнээ I am from… гэсэн хэллэг бий. Энэ нь нэгд чухам тэр мөчид хаанаас ирснээ заахаас гадна угаас аль нутгийн хүн бэ гэдгийг хэлэх өөр утга буй. Жишээ нь I am from Canada гэвэл тэр хүн яг тэр цагт Канадаас хүрээд ирсэн гэсэн биш, канад хүн л гэсэн. Харин монгол хэлнээ гарахын тийн ялгалаар, Би Канадаас... гэсэн маягаар өгүүлбэр дуусгаж болдоггүй, ард нь заавал үйл үг ордог зүй тогтолтой. Тэр үйл үг нь “ирсэн” хэмээх үйл үг. Тэгээд “Би тэндээс ирсэн“ хэмээвээс чухам бодит газар орноос тус газар “хүрч ирсэн” гэсэн утгыг агуулдаг билээ. Олон өөр газраас ирсэн хүүхдүүд учраас хаана хаанаас ирснээ хэлж танилцаж байсан хичээл юм. “Намайг Хулан гэдэг, би Чикаго хотоос ирсэн”, “Намайг Марал гэдэг, би Мариландаас ирсэн” гэх мэтчилэн. Тэгж байтал дөрвөн настай Гэгээ хүүгийн ээлж ирэв. “Намайг Гэгээ гэдэг. Би гэрээсээ ирсэн”... Монгол хүүхэд, монгол хэлний хувьд чухам зөв сэтгэлгээ бол энэ мөн. Дараа нь Гэгээгийнд амьдарч байгаа үеэл нь болох Цэлмүүн гэж таван настай охины ээлж болов. “Намайг Цэлмүүн гэдэг. Би Гэгээгийн гэрээс ирсэн”...

Спортын тэмцээн



Зуслангийн хүүхдүүд тооцоолуур, гар утаснаас хол, идэвхтэй амарч, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, кикбол, үндэсний бөх, агаарын теннисний аваргаа шалгарууллаа. Монгол хүүхдүүд төрөлхийн өрсөлдөөнч, аваргын төлөө тэмүүлдэг зантай, тэмцээн бүр маш сонирхолтой, үнэн сэтгэлээсээ хичээсэн тулаанууд болж байлаа. Аль болох олон өөр хотын хүүхдүүдтэй нөхөрлүүлэх үүднээс тэмцээн бүр дээр багийг нь өөрчлөн, шинэ багт оруулж байв. Үндэсний бөхөөр бол охид хүртэл хоорондоо барилдан үзүүр түрүү булаалдсан гэж байгаа.
Өглөө бүр алхаж ирээд, гимнастик хийнэ. Зарим өглөө бүр хол, ой модоор нэлээд хэдэн километр аялна. Спортоос гадна бид бас мэргэжлийн ёоганы багш нар урьж ёога заалгасан юм.

Шигтгээ: Ёоганы багш Монголд айлчилна


Ёоганы хоёр багш манай зусланд гурав дахь жилээ ирж, багшилж байгаа улс. Ирж заасаар байж монгол хүүхэд, Монголын соёлд бүр дуртай болчихсон. Энэ жил тэгтэл “Бид хоёр Монгол явахаар шийдсэн” хэмээж байна шүү. Зүгээр нэг аялаад ирэх биш дор хаяж гурван сар болж, сонирхсон хүмүүст ёога зааж өгнө өө гэж байна. Хоёр боловч хүний сонирхлыг ийнхүү Монголд татсандаа зусланг зохион байгуулагчид бид бас баяртай.

Дуу бүжиг

Монгол дуу, бүжиг бол монгол соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй хүүхэд залуусын сонирхлыг ихэд татдаг учраас заавал заах хичээл юм. Бид энэ удаад Бөөн баяр, Сайн байна уу, Тавтай нойрсоорой хэмээх зуслангийн уламжлалт дуунууд дээрээ нэмж “Халуун элгэн нутаг”, “Төрийн дуулал”, “Алсад суугаа ээж” зэрэг илүү хэцүү үгтэй дуу ч заалаа.

Чикаго хотоос ирсэн Уранбилэг охидод монгол бүжиг заав. Монгол ахуй амьдралын холбогдолтой, эсгий элдэх зэрэг бүжгийн хөдөлгөөнийг Монголдоо очиж ч үзээгүй монгол охид тун эвсэлтэй хийж байгааг харахад цусанд шингэдэг, удам дамждаг юм уу ч гэж бодохоор.

Их сургуулийн аялал, бусад хичээл



Энэ долоо хоногт бид нэг мөч зүгээр суусангүй. Удахгүй сургуулиа төгсөх хүүхдүүдэд их сургуулийн амьдрал ямар байдгийг үзүүлэх зорилгоор Индианагийн их сургуулийг танилцууллаа. Гэр орондоо ээж аавдаа тусалж байг хэмээн буузны гурил элдэх, чимхэх хичээл заалаа. Усан хүрээлэнд шавайгаа ханатал сэлж тоглолоо. Рэнбүчигийн гэрийн гаднаас сайтар болсон тоор жимс түүлээ. Монголын Нууц Товчоо номыг хүүхдэд зориулан хялбаршуулсан хувилбараар нь уншлаа. Уран зургийн уралдаанд оролцож, гучаад бүтээл илгээлээ. Уран зургийн галлерей үзлээ. Ажаа рэнбүчитэй хамт бясалгал үйлдлээ. Кино хамтдаа үзлээ. Орчин цагийн бүжгийн тэмцээн – Жаст Даанс гээчийг зохион байгууллаа. Шатар, даам, хөзөр хүртэл тоглолоо.

Ийнхүү идэвхтэй байна гэсэн зорилгодоо ч хүрлээ, эх хэл соёлыг нь заана гэснээ ч хийж чадлаа.

Олон хүний сэтгэл, зүтгэл, нөр их хөдөлмөрөөр бүтдэг энэхүү зусланг зохион байгуулахад хамгийн үнэт хувь нэмэр оруулдаг хүн бол яах аргагүй Ажаа Ренбүчи маань билээ. Төвд Монголын Шашин Соёлын Төв хэмээх энэхүү сайхан газар зуслангаа явуулах боломжийг олгодог энэ өгөөмөр хүнд талархаад баршгүй.

Зуслангийн үеэр хүүхдүүдийг маань амттан, жимс, пиццагаар дайлж, багш нарыг маань урамшуулан дэмжсэн Блүүмингтон хотын иргэн Д.Очмаа, Индианагийн Их Сургуулийн багш Л.Цэрэнчунт, Чикаго хотын Х.Батсанаа, Висконсин мужийн Т.Дагиймаа, Миссури мужийн Э.Жагдагдорж нартаа чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье! Жил бүр Чинсанаа хүүгээ зусланд ирүүлж, хаалтын үйл ажиллагаан дээр хүүхэд бүрт бэлэг бэлдэн ирж дадсан Чикаго хотын Ганхуяг танд мөн баярлалаа.

Арван жил чадлынхаа хэрээр ийнхүү энэ зусланг таслалгүй ажиллуулж, монгол хэл соёлоо заах гэж, харийн энэ улсад үл таслах, гүрэн лотор улсаа хадгалах гэж оролдож явна. Манай төр засгаас ямар ийм ажлын үнэ цэнийг ойлгож тусална гэж байх биш. Идэвх санаачилгатай монгол иргэд та бүхний минь сэтгэл хандив, эцэг эхчүүд та бүхний зүтгэлээр л энэ ажил урагшлах юм даа.