Гинжний дөрвөн цагираг

Ерөнхийлөгчийн айлчлал онцгой ач холбогдолтой байлаа. Айлчлалын өмнөхөн Оросууд экспортынхоо шатахууны хэмжээг хязгаарлах болсноо зарлаж бөөн шуугиан дэгдээсэн. Дараа нь энэ хязгаарлалт Монголд хамаагүй гэж мэдэгдсэн гэсэн. Гэтэл яг тариалалтын үеэр дизель түлш “хязгаарлагдав”. 1996 онд л Ардчилсан хүчин сонгуульд ялж Засгийн эрхийг авах нь тодорхой болоход ийм  боомилолт хийж, Монголын машинууд бараг гудамжиндаа унтарч, жолооч нар хувин барин гүйлдэж байсан, бүгд л санаж байгаа биз. Ердөө 15 жилийн өмнөх түүх. Тэгэхэд М.Энхсайханы Засгийн газар гаалийн тарифыг шууд тэглэх замаар дотоод зах зээлд учрах дарамтаа сулруулж байсан. Ингэхдээ суурь үнийг чөлөөлж улсынхаа эдийн засгийг аварсан ч намаа орон нутгийн сонгуульд хиаруулсан. Эхлээд улсын, дараа нь намын эрх ашиг гэсэн дараалал үйлчилсэн байх. Тэр үе нь яг өвлийн ид бэлтгэлийн үе байлаа. Харин энэ удаад хаврын тариалалтын үед гэнэтийн боомилолт таарав. Цаад шалтгааныг нарийн харвал Ерөнхийлөгчийн айлчлалд, бүр гүнзгий ухвал төмөр замын асуудалд л байсан болов уу?

Монгол Улс өнөөдөр ОХУ-аас гурван зүйлээр хараат байна. Нэгдүгээрт шатахуун, хоёрт цахилгаан, гуравт төмөр зам. Зөвлөлтийн колоничлолын үед Монголыг эдийн засгаар сүрхий гинжилсэн. Энэ гинжний нэг цагираг тасрахад л уг нь бид алдуурчих боломжтой. Эрхбиш коммунизм хэмээх хүзүүвчээ сольсон ч “Нохой зассан хүндээ янаг” гэгчээр 20 жил болоход гинжнээсээ холдсонгүй дээ. Түүнийхээ горыг л амсаж байгаа юм. Бидний хохь, бидний тэнэгийнх.

Оросууд гинжээ султгаад идүүрээ харамласан даа. Өнөөдрийг хүртэл Оросын гаалийн тариф өндөр хэвээр байна. Монголын төрийнхөн очих бүртээ л энэ талаар улигладаг ч цаадуул нь “хуучин сайхан цагаа” мартсан мэт бөлгөө. Чухамдаа Оросууд зах зээлээ хааснаас Оросыг түүхий эдээр хангах зорилготой манай социалист бүтээн байгуулалт-үйлдвэрүүд тэр чигээрээ нуранги болсон доо. Ингэж бодвол стратегийн хувьд бүр дөрвөн хүчин зүйлээр хараат хэвээр байна. Ийм гинжнээсээ салж чадах болов уу? бид. Үгүй байх, унхиагүй удирдагчид нь улам лав шигдээд байна.

Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Оросууд бүх дотац, тэтгэлэгээ зогсоосны дараа задран бутарч буй ЗХУ-д айлчилахаар очиход Оросын нэгэн эх оронч түшмэл Латвичуудад “Та муусайнууд хаа холддог юм бэ? Бид ганц крант хаахад л дуусна” гэж занан хашгирч байж. Харин үүнийг Д.Бямбасүрэн гуай өөрт нь хэлсэн үг гэж ойлгосон гэдэг. Тиймээ ганц л крант. Өнөөдөр Оростой эдийн үзасгийн харилцаагаа хэвийн хөгжүүлэхэд дөрвөн крантын асуудал байна.

Нэг орох, гурав нь гарах. Орон зах зээл нь хаалттай байна. Тариф нь 40-45 хувь гэдэг Монголоос экспортлосон бараа бүтээгдэхүүний үнэ хил гараад л 1,5 хувь өснө гэсэн үг. Жижиг буурай орны экспортод хямд үнэ өрсөлдөх чадварын гол үзүүлэлт байдаг тул манай бараа бүтээгдэхүүн Оросын зах зээлд өрсөлдөж чадахгүй гэсэн үг л дээ. Юу байгаа аж дээ, боловсруулах үйлдвэрүүд Оросын зах зээл хаагдаад сүйрчихсэн тул жаахан шүлхийгүй мах, нэхий гэсхийгээд л зогсоно.
Харин цахилгааны үнийг 110 төгрөгт хүргэх гэж Оросууд шахаж байна. Төмөр замын хувьд талыг эзэмшдэгийн хувьд Оросууд төмөр замын тээврийн үнийг тогтоолцож байна, тэр тусмаа өөрийн хүнийг төмөр замын даргаар тавьсан нөхцөлд Монголчуудад бүр ч хүнд тусдаг.

Шатахуун, цахилгаан, тээврийн зардал нэмэгдэх нь импотроос хараат Монголын эдийн засагт даалууны нөлөө үзүүлнэ. Босгож өрсөн даалууны нэгийг унагахад бүгд ханаран унадаг шиг. Ийм нөлөө нэлээд эрт эхэлсэн. Дөрөвдүгээр сарын эхээр Засгийн газар цахилгааны үнийг нэмсэн. Одоо л Монголчууд мартчихсан л даа. Ерөнхий сайд мэргэн арга олж бензиний үнийг 50 төгрөгөөр буулгасан. Нэг улсаас хараат хоёр бүтээгдэхүүнээр хараат улсын Ерөнхий сайд тоглож болдоггүй л байхгүй юу. Ингээд Оросын тоглоомд орсон. Шатахууны экспортоо хязгаарлана гэж зарласнаараа С.Батболдын 50 төгрөгийн хямдралыг “ниад хийгээд” зогсохгүй дээрээс нь 50 төгрөг нэмэхээс аргагүйд хүргэж “шившиг” болгож байгаа юм. Нэртэй бизнесмэн улсыг удирдаж байхад алзахгүй гэдэгсэн.  Манайхан л Оросын өргийн хүү болсон С.Батболдыг өрөвдөөд байгаагаас үнэндээ Оросууд манай Засгийн газарт хэр нөлөөлж чадахаа нотлосон хэрэг. Тэгээд Ерөнхийлөгч нь албан ёсны урилгын дагуу гүйгээд ирэг, ядаж гуйх юмтай байлгахгүй бол Монголчууд хөрөнгө оруулалтдаа сагаж байна.

Оросын заль айхтар. Жишээ нь дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буухад Оросууд буулгадаггүй. Нэмдэг. Ингэхдээ нефтийн бүтээгдэхүүний үнийг хэвээр байлгадаг ч экспортын татвараа нэмчихдэг. Ингэснээрээ дэлхийг олигопольчилж нефтийн үнэ нэмсэн гэх шүүмжлэлээс бултдаг. Арабын орнуудад дараалсан хувьсгалууд дэгдэж, дэлхийн зах зээлийн 4 хувийг, ялангуяа Европыг хангадаг Ливийн цооногууд зогсоход Оросууд нийлүүлэлтээ хязгаарлаж байгаа нь нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх заль. Уучлаарай, Оросод мөнгө хэрэгтэй байна. Хямралаас дөнгөж гарч байна шүү дээ, бид. Монгол хэцүүдлээ гэнэ үү,  харж үзнэ ээ. Юу ч гэсэн хүрээд л ир.

Русская рулетка

Манай Ерөнхийлөгч В.Путинтай уулзав. В.Путин “ах” хэлсэндээ байгаагаа харуулж “Тэр монголыг яагаад байгаа юм, шатахууныг нь өг” гэж дүрэмдэв. Яс юман дээрээ В.Путин М.Ходорковскийг торны цаана жиргүүлснээрээ Алс дорнод дахь нефтийн тоглоомыг гартаа авсан шүү дээ. Санамсаргүй ч байж болох ч В.Путин Оросыг хөндлөн хуваасан долоон губерни болгосон нь тэр нэгэн цаг Оросын нефтийн долоон синдикат дотоод зах зээлээ хувааж авсан тэр л “албан бус” хуваарьтай тун ойролцоо давхцдаг. Тиймээс Ерөнхий сайд Владмир Путин бас албан бусаар Монголын нийлүүлэлтийг давхар мэддэг хүн дээ. Хэдийгээр Владимир Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид “бараалхаж” байгаа ч үнэндээ Дмитрийгээс том л байхгүй юу. Энэ хөзрөөр Монголтой ч биш Хятадтай ч наадаж болдог юм. Тиймээс бууны дамрыг эргүүлээд байх юм байхгүй, Путины хүхээнд л сум байгаа.

Яг хаврын тариалалтын үед дизель тасарсан нь өнөөгийн хохирлоор хэмжигдэхгүй. Автобус 500 болох яахав. Намар тариа хураах үед үнэтэй шатахуунаар тариалалт хийсэн компаниуд үр тарианыхаа үнийг өсгөж л таарна. Энэ бол гурилын үнийн өсөлт. Гурил өсөхөөр яадаг билээ? Оросын “их тэнгэрийн дүлий-талхны” үнэ өснө, Оросын юм оросынх нь байдаг. Бас Оросуудаас спирт уухыг ч сурсан л даа, спиртийг буудайгаар нэрдэг. Зөвхөн тариалангийнхан ч биш алтныхан яг өдийд ажлаа эхэлж байгаа. Ер нь л Төв Азийн цэвдэг гэсэх энэ л цагаар Монголчууд ирэх жилийнхээ “хүнсийг” базаах нөр их ажлаа эхэлдэг. В.Путин Ерөнхийлөгч болох хүсэлтэй байна, тэр Оросын ард түмэнд ганцхан зүйлийг-хүчирхэгжлийг “Влади Мир”-ийг амласан. Хүчирхэг байна аа!

Монголд бензин байхгүй, царайчлахгүй хаачихав.  Танай жилийн хэрэглээ чинь хэд билээ? Аан, Эрхүүгийн жилийн хэрэглээнд хүрдэггүй юм байна..., ав ав. Уг нь та нар тэр хавьдаа л ярьчихмаар юм байна шдээ.

Өөр нэг засаглалын хүч

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад хэргийн дэд сайд угтан авлаа. Өндөр хүндэтгэл. Хөөрхий улсаа 44 жил удирдсан буурал даргыг маань Москва хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга угтдаг байсан тэр үе өнгөрч дөрвөн жил төр засах Ерөнхийлөгчийг ингэж угтана гэдэг цаг өөр болсных. Гэхдээ л нэг юм хэлээд байна...

Харин манай Ерөнхийлөгч дөнгөж буумагцаа хэвлэлийнхэнтэй уулзчихав. Львовын цэргийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Аль ч газрын сэтгүүлчид амь нэгтэй. Олонх айлчлалын төгсгөлд сэтгүүлчдийг урьж айлчлалын албан ёсны мэдээлэл тараадаг бол энэ удаад урьдчилгаа өгдөг байгаа.

Ерөнхийлөгчтэй уулзсан сэтгүүлчдийн дунд өнөөгийн Оросын диссидентүүд олон байна. Лав л “Ерөнхий редакторуудын клуб”-ын гишүүн Евгений Киселёв Оросын Ерөнхий сайд асан Михаил Касъяановтай ярилцсанаа “Путингүйгээр” гэж нэрлэн ном болгож, хамтдаа нээсэн том толгой. Өмнө нь Д.Медведев Монголд айлчилсны дараа Оросын сайтуудаар “Манай Ерөнхийлөгч танк бэлэглэв” гэсэн гарчигтай мэдээ их тарсан, гэхдээ тэр танк нь тоглоомон танк байсан юм билээ л. Хэдийгээр Халхын голын ялалтын ойгоор ирсэн авч дээр нь “Хувьсгалт Монгол” гээд биччихээгүй байх, танк нь Т-34 биш Т-72 байсан юмдаг уу. Харин энэ удаад жинхэнэ танканд дизель хэрэгтэй шүү дээ, найз аа.

Харин энэ удаад Оросын хэвлэлүүд сүрхий үндсэрхэж, эх орончирхсонгүй. Энэ талаараа ч Оросууд аатай л даа, дээрэлхчих гээд л байдаг юм.  Монголын ганц онгоц сөнөжээ, үүнийх нь төлөө БХ-ын сайдаа буудчихаж, тэгээд Монголын арми сумгүй болчихжээ гэх мэт онигоо алга. Мэдээж Монголын Ерөнхийлөгч эх орон өөр ч, мэргэжил нэгт нөхдөө тэгтлээ “хүндэтгэж” байхад...

Оросууд юу хүсээ вэ?


2011 оны 5 дугаар сарын 12-нд ИТАР-ТАСС-ын мэдээлснээр РЖД Нью-Йорк хотноо Америкийн төмөр замын Холбооны удирдлагуудтай хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээний дүнгийн талаар ярилцлагадаа В.Якунин: “Таван Толгойн орд газрын дэд бүтцийг байгуулах төсөлд АНУ Оростой хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдэгджээ. Оросуудад зориулан америкийн мэргэжилтнүүдийн тусгайлан зохион бүтээсэн 125 тонн ачаа даах, сөрөг нөлөө нь одоо хэрэглэж буй технологитой харьцуулахад маш бага тэргэнцрийн асуудлыг ярьсан байна. Түүнээс гадна хоёр тал төмөр замын тээврийн шинэ холхивч (подшипник) үйлдвэрлэх тусгай завод барих, ажиллуулах төслийг Самар хотноо эхлүүлжээ. “Энэ үйлдвэр одоо нэгэнт ажиллаж эхэлсэн бөгөөд манай оронд ийм бүтээгдэхүүн өнөөг хүртэл үйлдвэрлэж байгаагүй” гэж Оросын төмөр замын тэргүүн тэмдэглэв. (Эх сурвалж: www.ganaa.mn)

РЖД Таван толгойн тээврийн шалгаруулалтын эхний шатыг давсан гэж мэдэгджээ. Магадгүй өргөн царигийн асудал байх, эсвэл нөгөө Засгийн газрын асар нууцлаад байгаа Цанхийн гэрээ юу? Одоо жаахан гөнжөөд өгвөл төмөр урхи Оросынх болно. АНУ-тай хамтарна гэдэг нь дараагийн шатанд ялах боломжоо нэг ахиулсан хэрэг, дээрээс нь Путин жаахан чангалаад өгвөл. Зарим эх сурвалжийн хэлэхээр В.Якунин В.Путинд геополитикийн үнэтэй зөвлөгөө өгдөг ажээ. Энэ хэрээр нөлөөтэй, гэхдээ заримдаа жаахан чангалж байхгүй бол Монголчууд яалаа?

Оросууд Таван толгойн асуудалд маш болгоомжтой, няхуур хандаж байгаа юм. Монголчуудад бараг л хүндэтгэлтэй хандаж, шалгууруудыг нь “таалагдтал” нь биелүүлэх гэж хичээж байна. “Чайналко”-г унаж тустал нь молигодоод “Оюу толгой”-г “Рио Тинто”-той хамтран ашиглах болсон. Хятадууд томорч “Рио Тинто”-г нь худалдаж авна гэж үзээд “Рио” ч үгүй, “Оюу” ч үгүй хоцорсон. Оросууд уг нь шохоорхож байсан ч Хятадын энэ том тоглоомноос болоод “хэрээ мэдэж” чимээгүй болсон. “Коммерсантъ” бага зэрэг “Глобал таймс” айхтар гомдол тавиад өнгөрсөн.

Бид дизель шиншиж явах зуур өмнөд хөрш бүтээн байгуулалтаа эхлүүлжээ. БНХАУ-ыг хөгжүүлэх XII таван жилийн төлөвлөгөө гарчээ. Төлөвлөгөөнд:

Хилийн боомтын хувьд: Ганцмод (Монгол талаас Гашуун сухайтын боомт залгана), Мандал (Монгол талаас Ханги боомт залгана), Зүүн Хатавч (Монгол талаас Бичигт боомт залгана), Аршаант хүртэл (Монгол талаас Нөмрөг боомт залгана), Ар хашаат хүртэл (Монгол талаас Хавирга боомт залгана) тус тус төмөр зам байгуулахаар төлөвлөжээ. Авто замын хувьд Монголын Нарийн сухайт хүртэл Далайн хөвөө буюу Өжина хошуунаас, Бичигт хүртэл Улиастай буюу Зүүн Үзэмчин хошуунаас, Гашуун сухайт хүртэл Лин Хө-гөөс, Эрээн хот хүртэл Мандалтаас авто зам тавих ажээ. (Эх сурвалж: http://indra.niitlelch.mn/)

Харин Монголчууд төмөр замаа Орос стандарт болгох шийдвэр гаргасан. Их эртний бодлого юм, түүнийг илчилсний төлөө Монголын шүүх намайг сая төгрөгөөр торгож “шагнасан”. Үхэж байсан Монголчуудын төлөө санаа тавьж бичвэл ингэдэг юм, май чи.  Харин Хятадуудын төлөвлөгөөнд “Төмөр урхи” цувралд таамагласан “Найман зам”-ын Бургастай, Ярантын чиглэл алга. Ганьсу, Шинжаан мужийн төлөвлөлтийг ухвал гараад ирж магадгүй байх, даанч би хятад хэл, ханз хоёрыг сураагүй хоцрогдсон хог, үүгээрээ бахархахгүйгээ мэднэ, тиймээс Индрагаас нөгөөдүүлийг нь үзэж өгөөч гэж эчнээ гуйхаас өөр шидгүй болж байнал даа. Ингэж онож таамагласны төлөө арай цаазын ял өгчихгүй байх гэж найдая. Уг нь ингэж доромжлуулахаа мэдсэн бол нарийн төмөр зам тавих нь зөв, Оросын консорциумд “Таван толгойг”  Монгол 49:Орос 51 харьцаагаар өгсөн нь дээр, (тэгвэл Оросууд ухаад Хятадууд зөөгөөд бид санаа амар сууж байхсан), “Рио Тинто” бол бузар неоколоничлогчийн гар хөл, Хятадаас болгоомжилж “Чайналко”-д өгсөн нь дээр, тэгвэл муу хорчин Боб бөгсөөрөө газар сууж, Эрээний бараа хямдарч 21 мянгыг тараах гэж зовохгүй гэж бичих ёстой байж. Бага багаар сургамж авч л байна шүү.

Харин та нар анзаараарай. Монголоор автозамыг нь угтуулж автозам, төмөр замыг нь угтуулж төмөр зам тавих гээд л бужигнаж байна. Яаж байгаа нь тэр вэ? Заавал найман газраар гоожуулах хэрэг байна уу? Глобальчлагдаж байгаа юм аа, ард түмэн биднийг сонгосон, чи дуугүй бай, ардчилсан нийгэмд сайдыг “доромжилж” болдоггүй юм.

Монголчууд


Харин хилийн цаана Өвөрлөгчид тэр замын угтлыг нь хорих гээд дайруулж үхээд л. Мянга мянгаараа жагсаж, зуу зуугаараа баривчлагдаж байна. Хэдий бид колони ч гэсэн бидний өвөг дээдсийн нутаг, манай малын бэлчээр. Харин Ар Монголчууд хүнээ дайруулчихаад хоёр жилийн ял. Жолооч хятад Өвөрмонгол малчныг дайрахдаа “Чи муу 40 мянган юаний гарзтай хог” гэж харааж байж. Гэвч тэр согтуу толгойгоо алдах болжээ. Харин Ар Монголд бол Монголыг алчихад хоёр жилийн л ялтай, би ялаа нутагтаа эдэлчихнэ, за. Заримдаа Өвөр Монголыг тойрсон Хятад улс байгаа юм шиг санагдах юм. 

Одоо Ерөнхий сайдыг дуудаж аваачаад Өвөрлөгчдийнхөө тухай олон юм бүү яриарай, Хятад та нар хэцүү үед дизель өгсөн, дээрээс нь жаахан тусламж, бас зээл өгнө гэж аргадна. Ер нь Хятадад бослого гарах бүрт Монголыг ингэж аргаддаг. Харин Төв монголчууд тэмцэж боссон Өвөрлөгчдөө яг Иудай шиг хэдэн мөнгөн зоосоор арилжина. Төвдийн бослогын үеэр 30 сая юань авч байсан, одоо бол овоо юм авна даа л гэж тооцож байгаа. Ёс суртахуун гэж тавиад туучихсан, аймшигтай хөгийн наймаачид. Айраг суманд хүн дайрсан хятад бүх гэрчүүдийг худалдаж аваад 2 жил гаран хоригдох ял авсан гэлцэнэ.

Өмнөд бүсийн томоохон төслүүдийн цахилгаан хангамж Хятадаас хамааралтай болчихсон байна. Өөрсдөө станц байгуулчихмаар авч манай төрийн мэргэн сайдууд говьд ус байхгүй гэнэ. Ус нь хаачсан юм? Хөрөнгө оруулагчдад “үнэгүй  зарчихсаншдээ”. Шатахууны хувьд ч ийм болох байх. Нөгөө Сү.Батболдын шинэ замаар урсаад ирэх Кувейтын сая тонн нефть хаачсан? Хятадууд нэрж байгаа байх аа. Тамсагаас гаргадаг сая тонн яасан? Хятадууд нэрээд манай шатахууны 2,5 хувийг хангадаг байхгүй юу. Тэгэхээр Кувейтийн нефть бас 2,5 хувь уу? Өмнө нь нэг хувь ч байгаагүй юм шүү, хэрэв 2,5 болбол их том хөгжил мэдэв үү?!

Хоёр хөрш аль аль нь лавхан барьцтай, хоёулангийнх нь адилхан барьцны хариуд аль алиныг нь гомдоохгүй шийдвэр гаргачихвал яахав? Даанч чадахгүй л дээ. Орос, Хятад аль аль нь Монголчууд гэв гэнэт хоёр хөршөө мурьчих вий гэж болгоомжилж чаддагаа л хийж байгаа юм. Тиймээс Орос ч, Хятад ч Таван толгойд орж байж л сална. Тэр хүртэл их ч юм болно доо. Саяны дизелийн дутагдал бол бүр юу ч биш.

Монголчууд юмыг углуургаар нь боддог үе өнгөрч. “Оюу толгой” Хятад ажилчин аваад байна гэж хашгирахаас биш хятад цахилгаан аваад байна гэж санаа зовохгүй. Хятад зүүн хойд дөрвөн муж цахилгааны хязгаарлалттай байгаа хэр нь хил давуулж цахилгааны шугам татаад л байна. Өмнөговиор, Сүхбаатараар, Говь-Алтайгаар, Баянхонгороор. Манай сайд, гишүүд очиж тууз хайчлаад л. Уг нь тэр цахилгааны шугамыг нь хайчлаад өөрийн шугам тавих тухай бодмоор юм.

Оросууд миний машинд шатахуун өгөхгүй байна гэж мань мэт нь үхэн алдаад л байхад хөрөнгө оруулагчид Хятадаас шатахуун татаад л байна. Нөгөө зэс, нүүрсний өртөгт нь энэ үнэ шингээд Монголын нутгаас ухсан зэс, нүүрс, алт, цайрны үнэ цэнэ Хятадынх болчихож байгаа юм. Ийм үед бид юу ч ухаад ямар ч ашиггүй. Ер нь Оросыг ч, Хятадыг ч үзэн ядсангүй ээ, тэд ухаантай, илүү юм. Тэд Орос, Хятадын ард түмний эрх ашгийг ингэж хангаж байна, харин бид тэнэг юм. Жижигхэн улс байна гэдэг жижигхэн тархитай гэсэн үг биш биз дээ.  Аймхай үндэстэн оршин тогтнох эрхгүй гэж нэг их муу хүн хэлсэн юм билээ. Бид аймхай учраас тэр муу хүн.

Паушок уг нь Монголд нефть нэрэх үйлдвэр байгуулах гэж байсан юм билээ. Түүнд нь М.Фрадков уурлаад Чингис зочид буудалд төслөө танилцуулах гэж байхад нь загнаад суулгаж байсан. Оросууд түүхий нефть экспорлох тал дээр дэлхий дахины өмнө ёс зүйгээ бодоод нэг их юм хийж чаддаггүй, харин шатахуун болгоод гаргахдаа их маягладаг. Түүнийг нь мань эр олоод харчихгүй юу. Харин манайхан Оростой элбэж байгаад хөөгөөд гаргасан. Юуны чинь нефтийн үйлдвэр, манай шатахуун импортлогчид турж үхэх нь.

Тамсагийг анх “Соко ойл” нээгээд нефтээ овоохон үнээр өгөлцөж авалцах юм болсон, гэтэл манайхан хавчсаар байгаад, мэргэжлийн хяналт хийсээр байгаад хөөгөөд явуулсан. “Да Чин” авсны дараа манай хяналт мэргэжлийн бус болоод зогсчихсон. Отгонбаяр Налайхад нефтийн үйлдвэр барих гэсэн. Эх орон нам дийлдэхээ байлаа гээд сүйд хийгээд хаясан. Хамгийн сүүлд Солонгосын нэг компани жилдээ сая тонн нефть нэрэх үйлдвэр байгуулах, санхүүжилтийн Өмнөд Солонгосын хоёр аварга компаниас гаргах болоод төслөө танилцуулжээ.

Манай Газрын тосны, АН-ын нэг хурган дарга нэг чухал хүнтэй уулзуулсны төлөө 2,5 саяыг нэхсээр байгаад 100-гаад саяыг хусчихаж. Хамгийн сүүлд нэг сонгуулийн үеэр яг одоо 100 сая төгрөг аваад ирвэл бүх зүйл “ок” болох нь гэсэн баяртай мэдээ дуулгажээ. Харин Солонгосын төлөөлөгч баяртай мэдээг харамсалтай нь өөрөө сонсож чадсангүй, 100 гаруй сая төгрөг идэж уусан хэргээр шоронд орчихсон байжээ. Гэхдээ их баярласан гэдэг юм, хэрэв сүүлийнхийг нь өгсөн бол би хоёр дахин хүнд ял авах байж гэж. Тэгээд өнөөдөр дизельдүүлээд явж байхаас яахав. Дизельгүй бол төмөр замаа өг.

Одоо харин байгаа ганц тулгуур “Рио Тинто”-г мэрж байна. Муусайн хогнууд Хятадуудтай хуйвалдаад байх шиг байна. Монголоос юу ч авахгүй. Тэгээд өгөх юм юутай билээ бид? 

Тулгуур

Монголын Ерөнхийлөгч Оросод очоод бүжиглэж чадаж байгаа нь, Засгийн газар Хятадуудыг молигодож дөнгөөд байгаагийн цаад шалтгаан нь гуравдагчид л байсан юм. Харин энэ удаад гуравдагчид нэг л хойрго байх шиг. Нөгөө олон тулгуурт гадаад бодлого нь бодат амьдралд хэрэгжиж байгаа хэрэг. “Рио Тинто” Оюу толгойд байгаа учраас хоёр хөрш сандраад байна. Бэлэн сургамж.

Ийм үед уг нь бид ч бас үргэлж эргэлзэж байх хэрэгтэй. Жишээ нь төмөр замыг Оросуудад өгөх хэрэг байна уу? гэж асууя. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх 300 саяын зээлийг В.Путин амласан. Орчин үеийн “Белорусь” трактор Сүхбаатарын талбайд жагсаасан ч Путиныг явсны дараа баахан тосны хар толбо үлдсэн байсан. Харин манай газар тариалангийн компаниуд тэргийг нь голоод, банкууд нөхцлийг нь голоод амласан зээлийн 10 хувийг л авсан гэсэн. С.Баярын Засгийн газрын нэг амжилт будаа. Яагаад гэвэл Оросууд нөгөө дэмжиж байсан газар тариалангийн салбараа шатахуунаар боогоод булшлах шахаж ч байх шиг. Нөгөө төмөр замын цариг батлуулахдаа алчуур болгож мянган вагон өгсөн гэсэн, зурагтаар арваад эвдэрхий ящик л харуулна билээ, одоо тэр нь хаа ч яваа юм. Тоглоомон танк өгөөд л. Оросын бодлого хэцүү.

Оросын бодлого хэцүүгээсээ илүү эндээс “Одоо нэг тэгчихвэл ч болчих гээд байна” гээд байх шиг. Гэхдээ сая бол Оросууд санаснаа хийчихсэн л дээ. Тэгээд энд нэг, хоёр, гурав дахь хөршөө дагасан нөхдүүд сэмхэн нэгнээ чимхэж тоглоод, ард түмэн нь 21 мянгадаа оочирлоод юун тэр төмөр зам мам. 536 хувьцаа өгвөл хэдэн шил архи болох бол? гэсхийгээд л сууж байна. Хамгийн баяртай мэдээ нь Элбэгээ маань дизель авчрах болсон гэнэ ээ. Дизель ч үгүй ирдэг байсныг бодвол, бүр өөрөө ч ирдэггүй байсныг бодвол овоо л доо.

Гагцхүү цаана нь ухаад авах яах вэ? Ачаад явах тухай цаадуул чинь хэлэлцээд, хэмлэлцээд байна. “Төмөр зам бол геополитик”. Энэ бол В.Якунины хэлэх дуртай үг. Тэгээд бодоод байх нь ээ бид гинжний дөрвөн цагираг дээрээ нэг цагираг нэмэх гээд л байна даа. Эртхэн алгаа ташаад “Бороо бороо ороорой, оросын маамуу ирээрэй” гээд дэвхцэж байдаг ч юм уу?

Уг нь эхлээд мултарчихаад, мултрахын тулд нэг бол тарифыг нь буулгадаг санж уу, эсвэл МТЗ-ийн 51 хувийг, ердөө нэгхэн хувийг авдагсанж уу, эсвэл цахилгааны үнийг буулгадагсанж уу нэг л жаахан л юм хийчихмээр байх юм. Ухаантай улс мэдэж л байдаг байлгүй дээ. Сүйрч сүйрчээд гүйж очоод гуйгаад байх хаашаа ч юм. Ард түмний бүсийг жаахан чангална л биз, тэртээ тэргүй эцсийн гархиндаа байгаа юм хойно. Үхчилгүй тэсэх байх, үхвэл бүр ч хэцүү шүү дээ.

Төгсгөлд нь үүнийг батлах нэг гоё түүх яръя. “Үхэхэд хучих шороо үлдэх нь үү” гэж нэг бичтэл тэнэг, мангар болов оо. Саяхан нэг эмэгтэй ярьж байна. Хүү минь би МАН-ын гишүүн. Чиний бичсэнийг уншаад ёстой нэг бөөлжис цутгаж байлаа. Гэтэл сая хамаатны маань хүн хотод нас бараад оршуулах гэтэл газар олддоггүй ээ. Тэгж тэгж Солонгос эзэнтэй оршуулгын газарт 2,5 саяыг төлж байж хүнээ нутаглууллаа. Бидэнд ясаа хучих ч шороо үлдсэнгүй дээ гэж... Ядаж шарил ачих машин дизельтэй байсан нь яамай даа, чандарлаад л байя даа, эгч минь.