Шашныхан шүтэх, эс шүтэх эрхийг ширүүхэн хэлэлцсэн шастир
ХЗДХЯ-ны санаачлан боловсруулсан "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс хийсэн тэмдэглэл.
Хархорум хотноо будда, загалмайн, исламын шашны хуврагууд 1253 онд мэтгэлцсэн гэж Гийом де Рубрук тэмдэглэжээ. Үүнээс 765 жилийн дараа Улаанбаатарт үүн лүгээ төстэй явдал болов. Гэхдээ тэд энэ удаа “хэнийх нь үнэн хамгийн үнэн бэ” гэхийн оронд “хэн нь хамгийн монгол вэ” хэмээн маргасан гэхэд хилсдэхгүй. ХЗДХЯ-ны боловсруулсан “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хуулиас бусдыг хангалттай ярьсан нь тод сонин үзэгдэл байлаа.
Овациитай зөвлөх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан
Арваад хоноод 25 жилийн ойгоо үзэх “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийг орчин цагт нийцүүлэн өөрчлөх ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид нэгэн дуугаар зөвшөөрсөн нь энэ хорвоогийн бурхад ганц л зорилготойг нотлох сайхан тохиол байлаа. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хуулийн агуулгыг товч танилцуулснаар хэлэлцүүлэг өрнөснийг урьдаар хэлэхийн далимд хэн хэн хаагуур байраа эзэлснийг сонирхуулах нь зөв буй за. Танхимын зүүн этгээдийг “Монголын бурхан шашинтны төв” хэмээгдэх Гандантэгчэнлин хийдийнхэн, баруун жигүүрийг “Зүүн хүрээ” Дашчойлин хийд тэргүүтэй бусад шарынхан эзэлсэн бол тэдний дундуур загалмайтнууд, хуульчид, бөө зэргийн төлөөлөл суусан нь тусгаарлагч мэт харагдана.
Хэлэлцүүлгийн салхийг Дашчойлин хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү хагалж “Хуулийн төслийг хэн боловсруулсан бэ, үндэсний аюулгүй байдлыг бодолцсон уу, шашнуудын уламжлалыг судалж үзсэн үү” гэдэг гурван асуулт тавьсан нь тэр өдрийн гол сэдэв болох ерөөлтэй байжээ. Шарын шашныхан, түүнчилэн өөрийгөө түүх соёлоо дээдлэгч монгол үндэстнийг төлөөлөл гэж үзсэн хүн бүхэн дээрх гурван санааг ахин дахин асуусан бөгөөд урьд урьдын үг хэлэгчээсээ илүү уран цэцэн, үнэхээр зүрх зүсэж, чухам жихүүдэс төрмөөр илэрхийлэх уралдааны маяг орсныг тэнд суусан хэн ч анзаарахаар байлаа.
ОУ-ын Шашны эрх чөлөөний өдөрт зориулан@StateDept-ийн Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан ажилтан Челси Бринт МУ дахь шашны тэргүүнүүдтэй уулзаж, хүний түгээмэл эрх болох шашин шүтэх эрх чөлөөг дэмжих талаар ярилцлаа. Шашны эрх чөлөөний тухай тайлан: https://t.co/xDu7TqCS0F pic.twitter.com/5CB0FlwRNy
— U.S. Embassy in UB (@usembmongolia) October 25, 2018
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хардлага сэрдлэг нь чинэчихсэн танхимд чүдэнз зурж орхилоо. Түүний “АНУ-ын Элчин сайдын яаман дээр энэ хуулийн хэлэлцүүлэг болсон гэдгийг би мэдэж байгаа” гэх мэдэгдэл чухам л “овации” (өөрөө энэ үгийг хэрэглэсэн) авлаа. Ерөөс шарынхан нэгнээ үг хэлэх бүрийд алга ташин дэмжиж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөө “нисдэг бор морийг нь идээд ир гэсэн үү, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн үү” бүү мэд. Ямартаа ч Ц.Хулан АНУ-ын Элчин сайдын яам 2015 оноос хойш тасралтгүй, жил бүрийн Шашны эрх чөлөөний өдрөөр Монголын бүх шашны төлөөллийг оролцуулан зохиодог дугуй ширээний уулзалтыг хэлсэн болж таарсан. “Бид нар гадаадын ямар ч Элчин сайдын яаман дээр энэ хуулийг, Монгол Улсын дотоодын асуудлыг, дотоодын зүйлийг гадны Элчин сайдын яаман дээр ярих ёсгүй ээ” гэдэг өгүүлбэр нь хэлсэндээ эзэн сууна гэж хүн бүхэнд ойлгогдов.
Тогоогоо хөмрөв
МоАХ-ны Дарь.Сүхбаатар
Хорин таван жилийн өмнө баталсан хуулийн “сүм хийд”, “лам санваартан” гэх томъёоллыг шинэчилсэн найруулгад “шашны байгууллага”, “номлол түгээгч” гэж оноосон нь шарынхны чухам жигшил зэвүүцлийг өдөөжээ. Мөн “наманчлалын нууц” ч эгдүүг нь төрүүлсэн. Шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль бүхэлдээ буддын шашны чиг баримжаатай байх ёстой гэж үзсэн шарынхан “лам, пастор, имам” зэрэг олон нэртэй нэг субьектийг хэрхэн нэрлэх талаар санал хэлээгүй ч “номлол түгээдэггүй” гэдгээ шууд зөвшөөрсөн. Цагаан морин жил монголчуудыг шашин шүтлэгтэй нь дахин золгуулсан МоАХ-ны Дарь.Сүхбаатар “Судлаач нар НҮБ, Хүний эрхийн конвенцид ингэж тэгж заасан гээд байна. Үгүй! Энэ газар шороон дээр монгол хүн л эрүүл, аз жаргалтай амьдрах ёстой” гэдэг цогтой мэдэгдэл хийгээд алавхийн гарч одохдоо сөхсөн тогоогоо буцаагаад хөмөрч орхив. Үүнээс өмнө хэлсэн Ц.Хулангийн “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ардчиллын үзлээс татгалзаж байгаагаа зарласан” гэдэг уянгалаг хоолойн цуурай танхимд замхраагүй байсан бөгөөд өдгөө ч энэ хэлэлцүүлэгт оролцсон бүхэнд сонсотсоор байгаа гэдэгт огтоос эргэлзэхгүй байнам.
Үг хэлэгсдийн дөрөвний гурав нь буддын шашныхан байсан бөгөөд тэднээс Монголын Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждоржид хуулийн төсөл бүхэлдээ таалагдсан гэнэ. Олон шашныхны дэргэд Гандантэгчэнлин хийдийг “Монголын бурхан шашинтны төв” гэж хүлээн зөвшөөрдөггүйгээ ойлгуулахын ялдар ойрмогхон тэд нарт зодуулснаа ч зарлав. Мань эр уншиж, ойлгоогүй л болохоос хуулийн төсөл далд утгаараа Гандангийн талд бичигдсэн байлаа. Харин Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажавын “Бурхны шашныг хүндэтгэнэ гэжээ. Тэгэхээр энэ хуулинд яаж хүндэтгэх вэ гэдгээ зааж өгвөл яасан юм бэ. Гандан дээр очоод мандал өргүүлэхээрээ дээдэлж, хүндэлж байгаа нь тэр юм уу? Бид очоод уулзахаараа дээдэлчихэж байгаа нь тэр юм уу?” гэдэг үг углуургатай, олон жил сэтгэлдээ тээсэн санаа шиг үнэртсэн.
Жинхэнэ асуудал
Нархажид хийдийг үүсгэн байгуулагч Д.Мэндбаяр
ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярын чармайлтаар Монголын мусульмануудын нийгэмлэгийн тэргүүн К.Саирааныг, исламыг сонсох боломж гарлаа. Тэр “Шашны байгууллагын өмчийн асуудалд нэг их анхаарал хандуулахгүй байна. Сүүлийн 30 жилд шашны байгууллагууд нэлээд өмчтэй болсон. Олон байгууллагын дэг жаягаар бол шашны байгууллагын өмч нь ямар нэг хувь хүн, төрийн байгууллагад байх ёсгүй” гэв. Энэ санаа хуулийн төсөлд туссан. К.Саирааны дараа Нархажид сүмийн тэргүүн Д.Мэндбаяр “Нархажид хийдийг байгуулахад 27 жилийн хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулсан. Тэгээд би ямар гэм хийсэн гэхээрээ өмчлөх эрхээ булаалгах маягийн юм болох гээд байна?” гэсэн нь “үндэсний шашин”, “үндэсний аюулгүй байдал”-аас хавьгүй бодитой сонстов. Одоох “Төр, сүмийн хийдийн харилцааны тухай” хуульд “Сүм хийд үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох тохиолдолд үүсгэн байгуулагчид нь анх оруулсан эд хөрөнгөө нэхэмжилбэл тэдгээрт хөрөнгийг нь олгож...” гэдэг санаагаа нэхсэн нь хөрөнгө мөнгөө зарцуулсан хүний түмэн зөв. Гэхдээ үхэл, мөнх бусыг бясалгагч буддын шашинтны хувьд нүглийн ёроол нь тэр бөгөөд сүсэг чухал уу, хөрөнгө чухал уу гэдгийг хялбархан ойлгуулах жишээ байлаа.
Гаднаас санхүүжилттэй загалмайтнуудын санааг зовоох асуудалд тэд тэвдсэнгүй. Амэн. Бэлэн гоймон мэтээр санхүүждэг эдгээр шашны байгууллагад “Гадны санхүүжилт” авахгүй гэдэг хуулийн төслийн заалт инээдэм. Гадны санхүүжилтийг хаах гэсэн ХЗДХЯ-ны санаа нь сургууль зэргээр орж ирээд, хүний эрх яриад сууж байгаа исламын “бүлэг”-ийг аяндаа гааршуулахаар. Төр нь шашнаа хүндлэх ганц арга бол мөнгө хаанаас орж ирснийг хянах буюу татвар. Эргэл мөргөлийн жуулчлалаар мөнгө олдог “Будда тур”-ын Ц.Гүрсэдийн бачимдсан сэтгэлийн ёзоорт ч жилээс жилд жижгэрч буй зах зээл нь байсан болов уу.
Эрх цагаан ишиг
Хуульч Т.Алтангэрэл
Яаран бэлдсэн хуулийн төслийг шашин судлаач Б.Идэрбаяр бут авсан. “Нэгэнт ОХУ-ын хуулийг орчуулсан юм бол тэнд байгаа “шашны байгууллага” гэдэг тодорхойлолтыг нь авчихгүй яасан юм бэ? Тэнд түүхэн, тодорхой эх бичигт суурилсан хүмүүсийн нэгдлийг шашны байгууллага гэсэн байгаа” гэв. “Шалгадгийн ухаан”-тай (буддын шашны гол ухаан буюу логик) хүн шал ондоо. Шалгаад үзчихэж. Б.Идэрбаяраас бусад шарынхны хэлсэн үг шүлэг байлаа.
Олноо “Бонын Т.Алтангэрэл” гэж алдаршсан хуульч бүсгүйн санаа гэгээн романтизмаар дүүрэн. Түүн дотроо “Нийгмийг ёс суртахуунжуулах нэг байгууллага (гэдэг) үүднээс нь харах ёстой. Тийм учраас хамтран ажиллах холимог системийг Монголын өнөөдрийн хөрс шороонд зайлшгүй хуульчлах ёстой гэж бодож байна” гэдэг үг нь үе үеийн ерөнхийлөгчийн теократ төрийн эзэн болох гэсэн санааг тээж явааг анзаараагүй. Шашны реформ шашин дотроосоо эхэлдгийг “шашны реформ”-ыг хуульчлах гэсэн хуульч бүсгүйд сануулъя. “Гал команд дуудаад эрх цагаан ишгээ аваръя” гэдэг өгүүлбэр хүүхэлдэйн киноны үг билээ.
Хуулийн шинэ төсөлд “бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү тэгш эрхтэй” гэж заасаар атал хусмаа голсон хүүхэд шиг хошуугаа унжуулсан шарынхан (би тэдний нэг) сүсэгтэн олондоо “номлол түгээж”, нүглээ “наманчлах” боломж заяасан энэ насны чөлөө учирлаа буян хураахад зориулаасай хэмээн хүсэж амуй. Хэлэлцүүлгийг хаяж гарлаа гээд “хорвоог гэтлэхгүй” билээ. Нийгэмд байр сууриа алдаад байгаа чинь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг та нарын л буруу болохооос хуульд, тэр дундаа христийнхэнд хамаагүй. Та нарыг аврах гэж “гал команд дуудах” хүн Т.Алтангэрэлээс өөр гарахгүй. Хүний хэлээр ярьдаг шашин өчнөөн л байна. Тэгээд ч жил ирэх тусам шашнаас ангижирч яваа хүн төрөлхтний нэгээхэн хэсэг болохын хувьд дэлхий нийтийн хандлагыг ч харах ёстой.
Ирж яваа цагийн хуулийг үеэ өнгөрөөсөн шашныхан хэлэлцсэн шастир ийм буюу.
ESUIGEN
ESUIGEN
Зочин
зочин
ццц
Асуулт асууя
Зочин
Зочин
Tuya
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
СҮХБААТАР
,,,
Болд
ОНОМ
Болд
Өлзий
Шашин судлаач
Шашин судлаач
Unshigch
өлзий
Зочин
Монголоо гэсэн нэгэг
уншигч
Нүдээ нээцгээ
Нүдээ нээцгээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хөх тэнгэр
Хөх тэнгэр
Хөх тэнгэр
Зочин
Зочин
Сайн нийтлэл
Хөх тэнгэр
Зочин
Хөх тэнгэр
Хөх тэнгэр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бонн
сс
Зочин
Tugs
Зочин