Жонатaн Волф

Улс төр сонирхохгүй байгаа хүнийг өөрийн ажил хэргээс
хөндий байгаа хүн гэхгүй, харин ажил хэрэг гэдгийг
ерөөсөө мэддэггүй хүн юм байна хэмээн үзнэ.
(Pericles’ funeral oration, in Thucydide,
The Peloponnesian War, 147)


Гайхамшигтай ном. Эхлээд гарчгийг нь харах юм бол бүгдийг нь мэддэг, ойлгомжтой асуудлууд мэт санагдах авч анхааралтай уншаад ирэх үед тухайн асуудлыг мэддэггүй байсан, аль эсвэл тэр асуудлаар өнгөц мэдлэгтэй байснаа ухаарах болно. Ер нь ямар ч хүнийг тодорхой асуудлыг мэдэхгүй байгааг нь мэдүүлдэгт философийн рефлектив шинж оршдог билээ. Мэдэхгүй байгааг нь мэдүүлнэ гэдэг бол тухайн асуудлаар тэр хүний мэддэгээс илүү гүнзгий учир шалтгаант холбоо, үндэслэгээ гаргаж ирнэ гэсэн үг. Үүнийг та “Улс төрийн философи” номноос олж харах болно.

Лондоны их сургуулийн Коллежийн Философийн тэнхимийн багш Жонатан Волфын эл агуу бүтээлийнхээ гол зорилгыг “улс төрийн философийн гол асуудлууд, тэдгээрийн талаар философийн түүхэнд гарч байсан сонирхолтой санааг уншигчдад хүргэх явдал” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн  зохиогч орчин үеийн онолын маргаан болон сэтгэлгээний түүхийг тоочихоосоо илүүтэйгээр чухал сэдвүүдийг хөндсөн сэтгэмж, сэтгэлгээг нээн харуулах зорилго тавьсан байна.

Хүмүүс ном уншихдаа эхнээс нь аваад хуудас бүрээр нь дэс дараалан унших ёстой мэт санадаг. Харин энэ номын тухайд өөрийн сонирхож буй аль ч сэдвээс эхлэн уншиж болно. Номын агуулгын ихэнх хэсгийг Лондоны Их сургуулийн Коллеж, Бикбэкийн Коллеж, Лондоны Коллежүүдийн лекцийн программд орсон материал эзлэж байна.

Хамгийн гол нь, та энэ номыг уншиж судалснаар өөрийгөө “юу ч биш” биш, бүрэн эрхт хувь хүн, хүсэмжилбэл зохих нийгэм тань ямар байх ёстой, ардчиллын ололттой хийгээд дутагдалтай тал, мөн тэрчлэн эрх чөлөө гэж юу болох гээд олон чухал асуудлаар философи үндэслэлтэй мэдлэг эзэмшинэ.

Улсын Их Хурлын гишүүн Э. Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр Нэпко хэвлэлийн газраас нийт уншигчдынхаа хүртээл болгож буй тус ном улс төр хэмээх нарийн төвөгтэй шинжлэх ухааны мөн чанарыг танин мэдэж, өнөөгийн нийгмийн олон үзэгдлийн учрыг тайлахад олон нийт, тэр дундаа улс судлаач, улс төрчдөд чухал гарын авлага болно хэмээн найдаж байна.

“Иймэрхүү төрлийн номнууд дотроос үүнээс илүү гарах нь үгүй л болов уу… Энэ ном нь улс төрийн философийн нэн ойлгомжтой бөгөөд сонирхолтой тайлбар юм билээ.”

Оюун ухаан, Эндрю Ливайн
(Andrew Levine, Mind)

“Эсрэг тэсрэг үзлүүдийн чадварлаг илэрхийлэл… Миний мэдлэгт хамгийн их тус болсон бүтээл бол энэ ном юм.”

Философийн сургалт, Кларк Волф
(Clark Wolf, Teaching Philosophy)
“Ойлгомжтой бичихийн зэрэгцээ сэтгэлгээг орхигдуулаагүй Жонатан Волфын энэ номыг ямар ч эргэлзээгүй сонгодог бүтээл хэмээн үзэж болно… Эндээс аль нэг үзэл сурталд баригдалгүй хүссэн зүйлээ олж авна”

Дипломат, Кристофэр Ж.Волкэр

НЭПКО хэвлэлийн газар