Энэ гуншин, алдаршил маршалын амнаас гарчээ. Заримдаа “Манай намын үхэр буу” ч гэдэг байж. Намын хоёрдугаар даргынхаа зориг зүрхийг үнэлэн Х.Чойбалсангаас ийм цол хайрлажээ. Дайчин, гүргэр, тууштай, хурдан шалмаг араншинг нь үнэлж буй хэрэг.


Сталины хөргийн дор олуулаа зэрэгцэн суужээ. Чойбалсан, Бумцэнд хоёроос бусад 1940-өөд оны Монголын бүх удирдагчид Намын Төв Хорооны орос сургагчаа дундаа хийгээд их л хичээнгүйлэн сууцгаажээ. Зүүн гараас Д.Дамба, Ю.Цэдэнбал, орос сургагч, Ч.Сүрэнжав, С.Янжмаа, Б.Ширэндэв

Чимиддоржийн Сүрэнжав гуайн 100 насны ойг ирэх жил манай улсад даруухан ч гэсэн тэмдэглээсэй гэсэндээ энэ нийтлэлийг тун ховор чамин зургуудынх нь хамт би дэлгэж байна. Нам–төрд хашиж явсан албан тушаалууд нь:

-    МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн (Улс төрийн Товчооны гишүүн)
-    МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга
-    БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч
-    БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга

Өмнө нь
-    МАХН-ын Төв Хорооны Ухуулан боловсруулах хэлтсийн дарга
Хавсраад
-    Намын шинэ хүчний дээд сургуулийн захирал
-    МАХН-ын Хянан шалгах комиссын дарга


Ч.Сүрэнжав орос сургагчтайгаа ажлаа зөвлөж байна гэх үү, ажлаа тайлагнаж байна гэх үү?

Ч.Сүрэнжав хэмээх энэ эрхэм 1940-1959 онд Монголын улс төрийн тэнгэрт од болон гялалзаад оч болон харван одсон түүх хуучраагүй.

Түүнийг нөхөд нь үнэлэн дүгнэсэн үгс байна:

-    Сүрэнжав шиг том дуутай гүжирмэг хүн хэрэгтэй
(Ж.Самбуу)
-    Сүрэнжавт шаардлагатай, сайн тал бий, түүнийг ашиглах хэрэгтэй. Дэвшүүлэх боловсон хүчнийг олох хэрэгтэй. Одоогоор ажилд нь байлгаж байя (Ю.Цэдэнбал)
-    Сүрэнжавын нэг чанар гэвэл их гүжирмэг, тэмцэгч, юмтай тэмцэлдэхдээ их дуртай. Нам засгийн удирдах ажилд ажиллахдаа улсдаа нэлээд зүйл бүтээсэн нь зайлшгүй     (Н.Жагварал)
-    Улс төрийн Товчооны хурал дээр чи битгий чалчаад бай гэдэг боловч үнэндээ ажил хөөцөлддөг хүн юм (М.Лувсанчоймбол)
-    Сүрэнжавын шаардлагатай нь үнэн. Ажлын хойноос хөөцөлддөг. Нам улсын ажилд ажиллаж чадах хүн гэж үзэж байна (Ц.Намсрай)
-    Сүрэнжав гуай шударгын хувьд сайн хүн, надад гомдол гаргаад байх юм алга (М.Жамсран)
-    Сүрэнжав нам улсад их ажил хийж байсан хүн. 1950-иад он хүртэл өсөлтийн шугамаар явсан, сайн гэдэг дүгнэлттэй байсан (С.Батаа)
-    Сүрэнжавын хатуу шаардлагатай, юм хөөцөлддөг гэж байгаа нь үнэн (Д.Шарав)
-    Сүрэнжав 19 жилийн өмнө шаардлагатай хүн байсан юм. Тэр муйхар арга нь ашигтай байсан юм (Ж.Лхагвасүрэн)

Ч.Сүрэнжав гуай 1914 оны хавар төржээ. Увс аймгийн харьяат. Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэл сургуульд суралцаад Улаангомд багш, бага сургуулийн захирал хийж байгаад 1936-1939 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд суралцжээ. Эргэж ирээд оюутны ширээнээс шууд Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч болж, тэндээ хэдэн сар болоод 1940 онд шатгүй дэвшиж, Монголын гурав дахь (Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын дараа) хүн болох хувь тохиожээ. Төрийн талаас Г.Бумцэнд түүний өмнө бичигдэх боловч маршал Х.Чойбалсан Ерөнхий сайд байсан гэвэл түүний тэргүүн дэд нь Сүрэнжав, нам талаасаа Цэдэнбалын дараагийн хоёр дахь хүн нь гэхлээр аль ч талаасаа Монголын хоёр дахь удирдагч байсан болж таарна.


1958 онд Ардын Их Хурлын даргын хувиар АИХ-ын төлөөлөгчдөө тэргүүлэн СССР-т айлчлахаар очиж байна. Москвагийн галт тэрэгний буудал.


СССР-ийн Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга К.Е.Ворошилов Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Москвад хоёр орны парламент – БНМАУ-ын АИХ, СССР-ийн Дээд Зөвлөлийн төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ явагдав.


1952 онд Х.Чойбалсанг өөд болсны дараа Ерөнхий сайдад тун магадлалтай хүнээр Цэдэнбал, Сүрэнжав хоёр тодорч, далдуур өрсөлдөж явсан тухай түүхэн гэрчүүд ярьдаг, ном зохиолд энэ талаар бишгүй бий. Энэ тухай Баабар “Монголчууд: Нүүдэл суудал” номынхоо 679-680 дахь талд:

-    Энэ суудалд санаархаж байсан хоёр хүн байсан нь намын дарга Цэдэнбал, Ерөнхий сайдын орлогч Ч.Сүрэнжав нар аж. Угийн Цэдэнбалд дургүй Г.Бумцэнд Сүрэнжавыг дэмжиж байлаа. Ингээд Ерөнхий сайдыг тодруулах ажил МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоонд бүтэн сар үргэлжилжээ. Цэдэнбал зөвлөлтүүдээс дэмжлэгтэй байсан байж магадгүй. Ингэхээр нь хамаг хэргийн эцэслэн шийдэх газар болох Зөвлөлтийн Элчин сайдын яаман дээр Сүрэнжав очоод тэндээ хэдэн хоногоор сууж байжээ. 1949 онд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулан УБХ-ыг татан буулгаж, сонгуулийн системд өөрчлөлт оруулан АИХ-ыг байгуулахад Бумцэнд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу албан ёсоор төрийн тэргүүн болжээ. Гэвч тэрээр Чойбалсангийн дараахи залуучуудтай тэрсэлдэх чадал байсангүй. Тэрээр эцэст нь ганцаардаж Цэдэнбал Ерөнхий сайд болох үүд нээгдлээ. Үүнд гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь Улаанбаатар хотын намын хорооны дарга Д.Дамба, Чойбалсанг үхэнгүүт шинээр УТТ-д орж ирсэн Б.Жамбалдорж, Цэдэнбалын багын найз Н.Лхамсүрэн нар байлаа. Ерөнхий сайд тодруулах УТТ-ы хурлаас Сүрэнжав зугтаан дутааж байсныг Жамбалдорж шүүмжлэн “Сүрэнжав өөрөө Ерөнхий сайд болох гээд уг албан тушаалд хүн томилох асуудлыг гацааж байна” гэсэн байна. Ингээд 1952 оны 5 дугаар сард болсон УТТ-ы хурал дээр Сүрэнжавын үйлдлийг намч бус гэж үзэн дутагдлаа эс засвал намаас хөөх шийдвэр гаргана гэсэн сүрдүүлэгтэй тогтоолыг Д.Дамба, Н.Лхамсүрэн, С.Сосорбарам нарын саналаар гаргаж үүнээ Сүрэнжавт шууд тулгалаа. Ерөнхий сайд горилсон биш үхэж ч болох аюулд тулснаа ойлгосон Сүрэнжав бууж өглөө. Залуудаа ухуулагч явсан түүнийг боловсролоо дээшлүүл хэмээн Москвад Намын дээд сургуульд хөөж явуулав. 



Ийнхүү 1953 онд түүнийг шатгүй буулгаад Москва руу оюутнаар хөөж явуулсан байдаг юм. Коммунист намын дээд сургуульд 3 жил гэгээрээд 1956 онд эргэж ирэхэд нь шатгүй өгсгөөд МАХН-д эрхэлж байсан хуучин албанд нь тавиад, төдөлгүй Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар тавьжээ.


Зураг дээрхи голд нь буй халзан хүн бол Чехословакийн Ерөнхий сайд Антонин Запотоцкий. Монголын төлөөлөгчдийг Прагад хүлээн авч хэлэлцээ хийсний дараа.


Монгол дээлтэй жанжин малгайтай эрхэм бол Чехословакийн Ерөнхийлөгч Климент Готвальд. Түүнд хүндэтгэл үзүүлж үндэсний дээл, малгай бэлэглэжээ. 


Монгол дээл жанжин малгай бэлэглэх ажиллагаа Прагад үргэлжлэв.


1959 онд Д.Дамбын хамсаатан болгож буруутган хөөж буулгасан ялтнаар Ю.Цэдэнбалыг тодруулаад байдаг нь архивын баримтаар няцаагдаж байна. Харин ч Цэдэнбал нутгийн анд, чацуутан, өөрийн орлогч ба өрсөлдөгч асан Сүрэнжаваа авч үлдэх гэж ядаад, бүр цөхөрсөн тухай баримт ил болжээ.

1959 оны хаврын эхэн сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал Дашийн Дамбыг сэхэл авахааргүй ниргэсэн ба түүний хамсаатнаар Дамдин, Ламчин, Балган, Самдан, Дүгэржав нарыг нэрлээд халах шийдвэр гаргаж байтал хэрэг бишэджээ. Хожим 1964 онд намын эсэргүү болдог Нямбуу бүгд хурал хаагдахын өмнөхөн:

-    Самдан, Дамдин, Ламчин нарыг Дамбын талын хүн гээд хаслаа. Цаад талд нь нэг хүн үлдэх шиг боллоо. Энэ нь нөхөр Сүрэнжав байгаа юм. Сүрэнжавыг Цэдэнбал авч үлдээд байдаг хүн гэж ярилцдаг юм. Сүрэнжав нь Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаал хөөцөлдөж байсан, боловсролоор илэрхий хоцрогдсон байна. Ингэхлээр Сүрэнжавыг товчооны гишүүнээс хасах нь зүйтэй гэж гэв гэнэт хэлжээ.

Чухам эндээс л Ч.Сүрэнжавын үйлийн үр эхэлжээ. Хууль бус хэлмэгдэл ч гэж хэлж болохоор. Намын Төв Хорооны бүгд хуралд хэлэлцүүлэх аливаа асуудлыг өмнө нь Улс төрийн Товчоогоор хэлэлцэж баталдаг дүрмээ зөрчиж Нямбуу гэдэг ганц хүний саналаар товлоогүй асуудал бүгд хурал хэлэлцэх нь тэр. МАХН дүрмээ зөрчин зөрчин Сүрэнжавыг боорлон шүүж гарав.  

Намын журмын нөхөд нь түүнийг ялласан үгс архивт байна:

-    Хамгийн нэр хүндгүй, хамгийн хоцрогдсон хүн (Ш.Цэрэвсамба – гэм нь миний хадам аав – Д.Баярхүү)
-    Нэр хүндээр сулдсан, товчооны гишүүнээс нь өөрчлөх хэрэгтэй (С.Равдан)
-    Сүрэнжав хоцрогдсон хүн юм байна. Хүний үг ойлгохгүй, хүнд үг нь ойлгогдохгүй болчихсон хүн
(н.Пүрэв)
-    Нямбуутай санал нэг байна. Олон залуу хүчин байна. Заавал Сүрэнжав байх албагүй (Н.Балжид)
-    Цэдэнбалын өгч буй хариулт буруу байна. Цэдэнбал Сүрэнжавыг дааж авч байгаа нь буруу (С.Сосорбарам)
-    Би Сүрэнжавыг мэднэ. Нийлж суугаад ярилцаж байхад дундаас нь тасалж хальт мөлт ойлгож аваад их чанга дуугаар өөрөө яриад өнгөрдөг. Өөрийн нэр хүндийн төлөө их хөөцөлддөг. Өөрийн хоцрогдсоноо мэддэггүй бололтой. Сүрэнжавын удирддаг шинжлэх ухаан ер урагшаа ахихгүй. Дамбын дутагдлаас ч их байна (Д.Майдар)
   Нөхдийн ярьж байгаатай тохирч байна. Ноднин парламентын төлөөлөгчөөр явахдаа элдэв яриа гаргаж байсан. Солонгосын жүжигчдийг хэрэгцээгүй дагаж байгаад онгоцоо саатуулж байсан. Чадваргүй нь харагдаж байна. Хурал удирдаж чаддаггүй (П.Шагдарсүрэн)  
-    Ноднин парламентын төлөөлөгчдийг даргалж явахдаа хэд хэдэн зүйлийн дутагдал гаргасан. Энэ бол санаатай хийгээгүй биз. Орос хэл муу мэддэг, архинд дуртайгаас болсон биз дээ (C.Батаа)
-    Хүний нүүрэн дээр дутагдлаа хүлээхгүй, ер нь өөрөө зөрүүд зантай. Туршлага гээд дэмий зүйл, худал ч ярина. Сүрэнжав хоцрогдсон нь үнэн, бид дассан, хэлж мэдэгдвэл боллоо. Хоцрогдсон хүмүүс иймэрхүү болдог юм байна (Д.Шарав)
-    Сүрэнжавын дутагдлыг олон хүн ярилаа. Үүний урьдах бүгд хурал дээр Сүрэнжавыг нарийн бичгийн даргаар гишүүд хүлээн аваагүй, өөр ажилд томилсон (Б.Лхамсүрэн)
-    Хоцрогдсон байна. Би ч адилхан хоцрогдсон хүн. Тэгэхдээ хүнээс юм сурах, хүнийг хүндэтгэж бусдаас юм сонсох хэрэгтэй. Ийм тал Сүрэнжавт байхгүй (Ц.Дүгэрсүрэн)
-    Сүрэнжавын дутагдлыг шүүмжилсэн нь зүйтэй. Товчооны бүрэлдэхүүнд байлгаж болохгүй нь. Сайд нарын Зөвлөлд хүн олдохгүй байж магадгүй, тэр ч яахав (Д.Төмөр-Очир)
-    Хүний хэлсэн юмыг дуулна гэж байдаггүй. Хүнээс нэг юм асуугаад хариу хэлээгүй байхад өөрөө яриад гардаг. Цэдэнбал их сайн ярьж өгсөн (Н.Жагварал)
   Сургуульд байхдаа намын хуралд хамт сууж байсан. Архи их уудаг, зодоон хийдэг, дэмий ярьдаг, нам засгаа муу хэлдэг гэж сонсголд орж баахан шүүмжилж байсан. Хүнтэй үг булаацалддаг, тэнээд алга болдог. Хичээлдээ муу, идэвхгүй суралцаж байгаад ирсэн. Ирээд архи уусан гэж шийтгүүлсэн байх (В.Давга)
-    Сүрэнжавын үгийг дуулж ажил хийдэг хүнгүй болж, зүгээр за за гэж хуурдаг юм байна. Ярьсан зүйл нь ойлгоц муутай, хүнд авах юм үлддэггүй. Цэдэнбал Сүрэнжавыг хамгаалаад байдгаа анхаарч үзэх хэрэгтэй (Ж.Мусахаан)
-    Би Сүрэнжаваас дор хоцрогдсон хүн. Намайг бодвол хэд хэдэн сургууль хийсэн. Үнэндээ хүнтэй зөрж ярьдаг. Хүний үг сонсдоггүй. Бусад хүн дандаа юм мэддэггүй. Өөрөө бол их юм мэддэг хүн. Сайн бол Сүрэнжавынх, муу бол цаад хүнийх байдаг (С.Лувсан)
-    Хоцрогдсон байна. Энэ жил Солонгосын жүжигчид Завхан аймагт очсон. Сүрэнжав дарга ирэх гэнэ гэхэд хачин их бэлтгэсэн. Гэтэл ажилд нэмэр болоогүй. Олон шил коньяк ууж салхинд баахан явсан бөгөөд хүлээн авалт дээр Завхан аймгийн клубын овоо дуулдаг хүмүүсийг ийм хүн гэж байдаг юм уу, дуу мэддэггүй юм байна гэж доромжилсноос тэр хүмүүс гомдож клубээсээ гарчихсан (Ч.Пүрэвжав)

Гэхчлэн шүүмжилжээ. Гайхалтай нь 45-хан настай, өнөөгийн өнцгөөс ажвал идэр залуу, тэгээд бүр дахин цэнэглэгдээд ирсэн нөхрийг “хоцрогдсон” гэж ширүүн авч өгсөн байх юм. Маршалын цоллосон “Манай намын үхэр буу” маань архичин, завхарсан, хэнэггүй гөлгөр байсан болж таарав уу? Цусгүй ална гэдэг л энэ байх.


Унгарт АИХ-ын төлөөлөгчид айлчилж байна. Ч.Сүрэнжав нь АИХ-ын даргын хувьд парламентын төлөөлөгчдөө тэргүүлэн 1958 онд БНУАУ, Чехословак, БНАГУ-д айлчилсан ба Унгарын Улсын хурлын томхон дарга хатагтай нөхөр Istvanne Erzsébet Metzker Vass (Унгарын түүхнээ төрсөн анхны коммунист эмэгтэй улс төрч) Сүрэнжавын наана зогсож байна.


Коммунист шүүмжлэл гэж нэг иймэрхүү л юм байсан хэрэг. Коммунист зусардал, тахин шүтлэгийн туйл болгох шахуу явсан журмын нөхөр Сүрэнжаа 1959 онд буудаж алахын наагуур хөөж буулган шившиглэсэн гашуун түүх ийн оршвой!


Ахан дүүсийн илэн далангүй уулзалт. Улаан армийн дэд хурандаа халамцуу сууж, Монголын хоёр дахь том хүн түүнд үйлчилж зочилж байгаа бололтой.