Галаа түлүүлж, хоол ундаа хийлгэдэг болохоор нөхөр маань намайг галын бурхан гэж дээдэлсэн юм. Эрхэм хүүхнүүд ээ, хэрэв нөхөр тань гаднаас орж ирээд угаасан шалан дээгүүр шороотой гутлаараа туучдаг бол, тамхиныхаа үнсийг дуртай газраа хаядаг бол, гоожуурын ус хэрэглээд хаалгүй орхидог бол, өөр юм бодоод авгайнхаа хэлснийг тоож анхаардаггүй атлаа дахин давтан залхтал нь яриулдаг бол энэ өгүүллэгийг уншаарай.

“Сургаж болохгүй хүн гэж байх ёсгүй” гэж сургадаг. Үнэхээр тийм юм шиг байна лээ. Гэхдээ өрхийн тэргүүлэгчдийг гэр орны яль бүлийн дэг журам сахиулахад тийм ч амаргүйг миний мэт галын бурхад сайн мэдэх учиртай. Нөхрийгөө гэр орны дэг журам дагахгүй зөрчихөд би “Үүний буруу миний нөхөрт бус гагцхүү энэ гайны дэг журам л сулдаад байна” гээд "хуулиа" улам чангалдаг байлаа. Манай нөхөр нэг хүүхэнтэй сүүлэрсэн удаатай. Сүүлрээгүй ч байж болно. Ямар ч атугай надад тэгж санагдсан хойно сүүлэрсэн нь л болж таарна. Би энэ талаар хуулиа чангалж, нөхөртөө "Хэрэв чи дахиад бүсгүйчүүд рүү зөвхөн жоготой харц шидвээс би үг дуугүй сална. Энэ бол манай гэрийн заавал биелүүлэх дотоод хууль" гэж тунхаглав.

Хэд хоногийн дараа бид хоёр дэлгүүрт орлоо. Тэгтэл нөхөр маань махны худалдагч царайлаг цагаан бүсгүйд тасалбараа өгөхдөө нүд ирмээд надад баригдлаа. Би нөхөртөө "Энэ талаар манайх ямар хуультайг чи мэдэх үү?" гэвэл тэр аргагүйдаж толгой дохиод "Ясгүй мах л авах гэсэн юм" гэж өчиж байна. "Хуулиа  мэдсэн хүнд энэ бол санаатай үйлдэл" гээд би гэртээ оруут түүнийг сайн хашраахаар өөрийн гэсэн хамаг өмчөө ялгаж ян тан цүнхэлж аваад орон дээрээ гадуур хувцас, гуталтайгаа хэвтсэн нөхрийнхөө дэргэд зүрхээр нь хатгуулахаар зориуд авчирч тавилаа. "Би чинь ийм хөөрхөн хүүхэнтэй моньд байсан юм уу" гэсэн харамсалдаа түүнийг багтарч үхвэл үхэг гэж бодоод дэргэдүүр нь хойш урагшаа, загвар өмсөгч мисс бүсгүйн маягаар гунхалзав. Уг нь надад шууд гарах л үлдсэн юм. Гэвч гэргийгээ бүрмөсөн салж байхад нөхөр нь ямар нэгэн үг дуугарах магадгүй гэж сэтгэл минь хоргодоод болдоггүй. Хөөрхий эмэгтэй хүний сэтгэл болсон хойно ямар нэгэн юманд горьдоод байна аа. Юунд горьдоо вэ? Мэдэхгүй! Бухимдсандаа би царсан шалан дээгүүр гутлынхаа шөвх өсгийгөөр тас тас товшлон алхлав. Энэ нь нөхөрт маань бол царсан шалан дээр өндөр өсгийгөөр товшлох бус харин өөрийн нь халзарч яваа нимгэн зулай дээр хон хэрээ эвэр хушуугаараа тоншиж буй мэт өвдөж байгаа бий. Гэвч яая гэхэв өөрийн нь хийсэн алдаа гэж би зүрхээ чангалаад "Гомдолгүй биз?" гэж  амыг нь асуулаа. Тэр орон дээрээ дээш харж хэвтсэн чигтээ аман дахь орос папиросныхаа шилбийг ой гутам зажилангаа,  
-Одоо яая гэхэв манайх нэгэнт тийм хуультай хойно гээд миний өнчирч буй зүрхийг булгилтал санаа алдав.

Орон дээрээ костюм шаахайтайгаа өөдөө харж, зовхио буулган, цусгүй цонхир цагаан царайлан хэвтсэн нөхрийнхөө хажууд би нас барсан хүний шарилтай салах ёс гүйцэтгэх мэт хэсэг чимээгүй зогслоо. Тэгээд дараа нь амьсгалаа уртаар авч, "За баяртай!" гэж жүжигчний авъяасаар хоолой чичрүүлээд нөхрийнхөө дэргэд зүрхийг нь шархлуулахаар аль түрүүн тавьсан цүнхтэй өмчөө авч хаалга руу явах гэтэл хоёр хөл зүүдэнд мэт хөдөлсөнгүй. Сэтгэл нэг юманд дэндүү горьдсондоо нүд юу ч үзэхгүй болчихлоо. Нүдээ харанхуйлж, чихээ шуугимагц би бодлоо: Намайг ингэж барьц алдаж байхад мань эр одоо  тэсэхгүй. Ухасхийн шалан дээр сөхөрч, хоёр нүцгэн шилбийг минь тас тэврээд, халзан духаараа шал нүдэж, айл аймгийн хүмүүсийн тархинд сэргийлэхийн дуудлагын дугаар ортол муухай орилно. Ингэж бодоод хүчтэй төсөөлөлдөө толгой минь салганаж хөл дайвалзав. Гэвч яасан гэж санана. Нөхөр маань хөлд сөхрөх нь бүү хэл, орон дээрээ папиросныхоо ишийг идсэн чигтээ зүүрмэглэж харагдав. Би ичмээр байдалд ингэж орсноо түүнд мэдэгдэхгүйг хичээж хаалга руу алхлаа. Тэгэхдээ түүнийг араас ирж гэнэт тас тэврэн орилоход нь цочихгүй юм хуна даа гэж хамаг биеэ түүнд бэлдэн сугаа хавчин явсаар нэг мэдэхнээ хаалганд хамраараа тулав. Түлхүүрээ зориуд чимээтэй еэ шажигнуулан эргүүллээ. Хаалга дуугарсан ч үгүй явсугай хэмээн өөрөө онгойв.

Онгорхой хаалганы босгон дээр би арчаагүйхан хэсэг зогслоо. Чимээ ч алга. Намайг явуулахын мөрөөс бүр болжээ гэж бодоод шар хөдлөв. Босго алхуут зэвүү хүргэсэн бэлбэсэн эрийн хаалгыг чадлаараа тас хаялаа. Тэгтэл эхнэргүй болсон эрийн харанхуй орцонд аймаар ганцаардаж байна. Хаасан хаалгаа нуруугаараа налж хэсэг уужрахдаа "Бүх болсон ба болох" явдлаа тунгаалаа. Энэ муугаас салахад би харамсаж байна гэж үү? Ёстой гайгүй байлгүй гэж шийдмэгц доош шатаар гүйв. Энэ зэргийн хар юмнаас салахдаа харамсвал ёстой гутамшиг. Шатны хашилга сандайлаад багын зангаар гулгамаар санагдав. Гулгалаа. Болж байна аа, болж байна. Надаас хорж холторсон юм ердөө ч алга. Би одоо айлын эхнэр биш онгон бүсгүй. Бие хөнгөрөөд нэг л сул охин шиг болчихлоо. Байз, ингээд харьчихад нэг л юм дутаад байна. Юу дутаа вэ? Аа тийм, түүнийг ядаж ганц сайн чадах юмсан. Яасан гэж түүнийг чадах гэж байгаа билээ? Шалиг зан гаргаж махны худалдагч бүсгүйд нүд ирмэсэн гэж үү? Үгүй ээ! Одоо бол нүд ирмэсэнд гомдох юм өчүүхэн ч алга. Ичгүүргүй тачаангуй харчуудыг өдөхөд би ч гэсэн хааяа зөвхөн гадна талдаа тас намжирдаж байсан. Миний гомдол өөр зүйлд байна. Тэр намайг үүрд явахад яагаад хорьсонгүй вэ? Би түүнд тийм хямдхан амьтан байжээ. Хамаг гомдол минь үүнд л байна. Ерөөсөө буцаж  оръё.

…Намайг ороход тэр ухасхийн босож, тэнэг юм шиг дарвайтал инээгээд гараас тээшийг минь авах гэлээ. Би цүнхээ угз татаад,
-Үгүй шүү! Та буруу ойлгож байх шиг байна. Би танаар хүргүүлэх гэж буцаж ирлээ. Та намайг анх хөтөлж авчирсан болохоор дөхүүлж өгөх байлгүй гэлээ. Тэр хөмсөг зангидан нэлээд бодсоноо,
-Миний буруу. Намайг уучил гэж байна. Шууд буулт хийх нь арай ичгэвтэр тул би,
-Тэр ярихгүй ээ. Хууль бол хууль! Алив, одоохон хар гэрт минь хүргээд аль гэв. Түүний царай үерийн үүл мэт баралзсанаа,
-За, хүргэж өгье дөө гэж сулхан авч дуулгавартай дуугараад хувцаслав. Хүн бууж өгөх гэж байхад мэдэхгүй, тэнэг амьтан гэж би дотроо түүнийг хараагаад гаднаа их л ууртайгаар "Чи намайг зайлахгүй гэж айсандаа хар гэрт минь аваачиж тушаах нь үү. Би ганцаараа далд орж чадна" гээд гарлаа.

 …Эхлээд шууд харихаар автобусанд суув. Тэгтэл таньдаг хүн таарах вий гэсэн айдас намайг эзэмдэв. Нөхрөөсөө салсныг яваандаа бүгд мэдэх атал ийм айдас төрсөн нь хачирхалтай санагдаж, нэгэнт шийдсэндээ хүрэхийн тулд өөрийн оюун мэдрэлд ямар л эрэг шураг байна бүгдийг чангаллаа. Нуугаад яахав. Эртхэн мэдэж авцгааг. Дараагийн нөхөр болох эрчүүд хойноос минь эртхэн гөрөөлөг гэж өөртөө зарлиг буулгав. Гэвч таньдаг хүн таарах вий гэхээс бэргэж жийрхээд нэг л горьгүй нь ээ.

…Тоншуут хаалга аяндаа өөрөө онгойж, эвгүй чяхрав. Би хувцсаа өлгөөд галын өрөөнд орлоо. Тэр нойрмоглосоор орж ирээд хажуу дахь сандалд лагхийн сууснаа,
-Чи сая ирэв үү? Би таг унтчихаж гээд эвшээлгэв. Би түүний нүүр өөд харж чадсангүй, дэмий л,
-Чи чинь хаалгаа түгжилгүй унтчихсан хүн үү гэх зуураа "Гэр орон хулгайч ухчихвал яах юм бэ" гэсэн их л өөриймсөг харц шидвэл мань эр,
-Чи өөрөө явахдаа “түгж” гэж хэлээгүй юм чинь би дураараа түгжихээ яаж мэдэх юм бэ гэж уцаарлав. Нөхрийн маань юу ч болоогүй мэт хэнэггүй, тэр ч байтугай увайгүй тунирхуу энэ бүдүүлэг зан, миний ичиж нэрэлхсэн бүх л зовлонг хөнгөлж, нимгэлж чадсанд баярласандаа би түүндээ хариу тунимаар санагдав. Гэвч биеэ барилаа. Барихаа алд. Саяхан би нөхрийнхөө тухай бодохдоо “Тэр авгайгаа явуулчаад хоолоо хийх гэж циркийн баавгай зүү сүвлэх гэж буй мэт овойж суугаа даа” гэж хор шарын инээдмээр аминдаа хариугаа авч явлаа. Гэтэл тэр намайг ичгүүртэй еэ буцаж ирэхэд минь юу ч болоогүй мэт хоолоо хүлээгээд гэдсээ илэн хэвтэж байсанд надад ч гэсэн тэр дороо юу ч болоогүй юм шиг болж, нэг мэдэхнээ ханцуй шамлан тогоо тулга золгуулан гялбалзаж байх нь тэр. Үүгээр ч үл барам таг дуугүй суух нь энэ айлыг хөмөрсөн тогоо лугаа адил харанхуй бөгчим болгоод сэтгэл давчдуулахад би нөхрийгөө үг хэлэх байх гэж түүний амыг чагнана. Нөхөр маань эвшээлгэх зуураа харвингаа шохоорхон баахан илснээ,
-Би сая хонжворт сугалаагаар эмэгтэй хүний нэхий дээл хожлоо гэж зүүдэллээ. Хэмжээ нь яг дөчин зургаа, урт нь хоёр байдаг шүү гэлээ.

Эхлээд нөхрийнхөө энэ тэнэглэлд миний ой гутах шиг болов. Дараа нь "Еэ зайлуул даа, авгайгаа аргадах ухаан нь энэ" гэж бодоод “Би ер нь яасан усан тэнэг амьтантай суусан хүүхэн бэ” гээд хоолой зангирлаа. Эцэст нь "Маанаг тархи нь мөн мэргэн арга бодож олов оо" гэж бодогдмогц хоолойд зангирсан тээглээ уусч зөөлөн инээд болж хувирлаа. Гэхдээ миний нөхөр тэнэг хүн яавч биш ээ. Тэр хүнтэй ярихдаа маш ухаалаг. Ухаалаг байдгийн нууц нь анхаарлаа дайчилсных. Харин тэр надтай ярихдаа оюун ухааны өчүүхэн ч зардал гаргадаггүй учир ийм дүнхүү байдалд байн байн ордог хүн. Энэ нь надад итгэсэндээ ч тэр үү, дээрэлхсэндээ ч тэр үү бүү мэд. Хамгийн гол нь миний сэтгэл түүнийг үг хэлэхэд хариу дуугарахгүй гөжиж ерөөс тэвчдэггүй юм. Тэр зүүдээ ярьсан хойно гэргий хүн би хариу дуугарах ёстой. Тэгээд,
-Орчин үеийн маягаар бол би рост гурвыг өмсдөг болсон шүү гэлээ. Тэр мангардуухан инээгээд,
-Мэдэхгүй ээ, мэдэхгүй, золиг. Тэгвэл рост гурав байсан байх аа. Их л тод зүүдэлсэн юмдаг гэж мангуутлаа.

Бид дахин таг дуугүй болов. Энэ ёозгүй аниргүй байдал бид хоёрын сэтгэлд оройны эвгүй маргааныг дахин авчрах тул би сэтгэлээ дүүвэйлэх санаатай учир утга мөхөс мулгуу яриандаа эргэн орохоор шийдэж,
-Хим цэвэрлэгээнээс чиний хувцсыг аваад замдаа үсээ янзлуулах юм билүү гэсэн нь хүн зөндөөн байна. Яараад чадсангүй гэж гүвтнэв. Тэр дахин дахин "Аах-аах-аах" гэж эрүүнийхээ углуургыг нуд нудхийтэл эвшээлгээд хайрцагтай тамхиа авч үзсэнээ,
-Чи тамхи авчирсан биз. Тамхи дуусчихаж гээд намайг буруутгахад бэлэн яаж ч мэдэх тэнэг мугуйд ууртай хүйтэн харцаар цоргив. Түүний татах дуртай папиросыг замдаа авахаа мартаагүйдээ би өөрийгөө овоо хүүхэн шүү гэж дүгнэлээ. Хүүхнүүд минь, би нөхрийнхөө атганд ингэж орсон хүн дээ.

Энэ явдлаас хойш би гэр орондоо хичнээн дэг тогтоож, хууль гаргаад нөхөр маань биелүүлэхээ цэглэлээ. Мунгинасаар байтал нэг мэдэхнээ манайх олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Аавыгаа дагалдаад хүүхдүүд маань миний шаардлагыг дагах янзгүй. Ээ дээ хүүхнүүд минь орон гэр өөдрөг байх нь өрхийн тэргүүлэгчийн хүмүүжлээс ихээхэн шалтгаална шүү. Яагаад гэвэл тэдний занг үр хүүхэд нь дууриадаг байна. Нөхрийгөө гэр орны аливаад сургахад ёс журам сулдахгүй ээ, сулдахгүй! Гагцхүү тэр ёс журмыг биелүүлж байна уу үгүй юү гэдгийг мөрдөх л сулдана! Дахин хэлье: “Мөрдөх” л сулдана! Биелүүлэхгүй бол дэг журам хичнээн чанга байгаад ямар ч ашиггүй. Төрийн хууль ч гэсэн “мөрдөхгүй” бол ялгаагүй мөн ижил. Одоо би эвдэрсэн нөхрөө засаж авахын тулд хатуу хуулиа зөөлрүүлж, харин биелэлтийг нь чангаруулж байна. Жишээ нь "Тамхины үнсийг бэлтгэсэн саванд хийж бай" гэж байсан бол одоо "Тамхиныхаа үнсийг ойчихыг дөхүүлээд авгайгаа дуудаж, авахуулж байх ёстой" гэж зөөлрүүлсэн юм. Гэхдээ энэ журмыг заавал биелүүлэхийг хатуу шаардсаны дүнд нөхөр маань байн байн "Хөөе, тамхины үнс уналаа" гэж хашгирах буюу эсвэл "Уналаа уналаа, гүйгээрэй гүйгээрэй!" гэж сандаргана. Би ч үнсний сав барин түүний тамхины үзүүрийг хэдгэнэ мэт ээрүүлдэн амар заяаг нь үзүүлэхгүй нүдний нь өмнө бүртэлзэн гүйдэг боллоо. Тэр ч байтугай мань хүн заримдаа надаас түвэгшээгээд гарынхаа дор байгаа үнсний саванд тамхианыхаа үзүүрийг тоншиж үнсийг нь унагадаг явдал ч сүүлийн үед ажиглагдлаа. Бас "Гар нүүрээ угаагаад гоожуураа хааж  бай" гэхийн оронд "Гар нүүрээ угаагаад эхнэрээ дуудаж, гоожуураа хаалгаж бай" гэсэн зүйл анги оруулсан юм. Ер нь өрхийн тэргүүлэгчид "Энийг ингээч, тэрийг тэгээч" гэж гэргийдээ онгирох онцгой дуртай хүмүүс. Энэ нь тэд өөрсдийгөө эхнэрээсээ их давуу гэж бардсаных. Манай нөхөр гоожуурын ус хэрэглэчихээд явахдаа "Хөөе чи, тэр гоожуур хаахаа мартаж, улсын үнэт байр сүйд хийчих вэ. Ус ч гэсэн алт гэдгийг чи мэдэх үү" гэж надад сургахаа ерөөс мартдаггүй юм. Эрчүүдийн иймэрхүү "зааварлах" дурыг дагуулан хөөргөөд өгвөл цаадуул чинь уг нь ханилж болох хүмүүс шүү. Эхнэртээ томрох, түүний минь жаргал болдогтой би эвлэрээд бүр дасчээ. Эрчүүдийн дуг нойрон дундаа хурхирахаас бусад бүх дутагдлыг засаж болно гэдэгт эрхэм галын бурхад минь итгээрэй.
                                                                                                                           1978
Шинээр хэвлэгдсэн “Алаг цахиур” түүврээс.