Тоодог Базар гэж миний багад манай нутагт нэг марзан өвгөн байв. Дээлээ дэндүү хөөргөж бүсэлдгээс “Тоодог” хоч хүртжээ. Базар гуайг ярихын тулд өмнө нь мангар Гүрсэд дэнх Жамц хоёрын нэгэн паянг цухас дурдах нь манай голынхныг багцаалахад дэм болно гэж би үзлээ.

Найр наадмын шувтарга дуусаагүй намрын налайсан шар өдөр “мангар Гүдээ дэнх Жамцыг хутгалчихлаа” гэсэн мэдээ хирд хийлгэв. Хүн хутгална гэдгийг ерөөс үзээгүй манай нутгийнхан “Еэ Гомбо Гүр минь” гэж дөнгөж залбирчээ. Мангарт хутгалуулсан Дэнх хойт хотонд үхэж хэвтнэ гэсэн дуулианаар хүмүүс тэр хот айлд тал бүрээс цугларч бас хажуугаар нь айраг архи сөгнөцгөөв. Хутгалсан хутгалуулсан Мангар Дэнх хоёрыг үзэх гэсэн хүүхнүүд хүртэл зайдан моринд хоёр гурваар сундлалдаж, олон урт нүцгэн гуя шилбээ мориныхоо гэдсэн доогуур савчуулан давхиж иржээ. Ер нь Гашууны голд энэ аймшигт хэргийг сонирхолгүй гэртээ хоцорсон хүн гараагүй юм гэдэг. Ганц хоёр гэрээр бэлчээр хөөж нутгалдаг улс далим л гарвал олноороо цугларч хөгжилдөх дуртай.

Хүмүүс эхлээд хутгалуулсан Дэнхийн зовиурыг хуваалцах уу, эсвэл найзыгаа хутгалсан Мангарт юун түрүү таарсан жавьтыг нь хүртээх үү гэж эргэлзэв. Долоо настай би бээр эхлээд Дэнхийг үзлээ. Дэнх Жамц гэгч зузаан бор залуу хүн шавуулжээ. Би түүнийг хутгалуулсан юм чинь өдийд бараг үхээ биз гэж түгшиж байв. Гэтэл дэнх Жамц олны дунд бэлхэмзэлж, нүцгэн мунадаг хүрэн цээж ханхалзуулаад “Ёо ёо-оо, би яг одоо үхлээ” гээд хуцных шиг аргил доривлог дуугаар сөөнгөтөх нь сүртэй. Би түүний хутгалуулсан шархыг харах санаатай Дэнхийг тойрон суусан хүмүүсийн мөрөн дээгүүр өнгөлзөв. Надад цус нөж шарх сорви юу ч харагдсангүй. Шоохой Шарав хэмээх манай ойрын хамаатан шал согтуу эр нус нулимс болсон нүүрээ Дэнхийн нуруунд наагаад,
-Заяагүй муу новш, чи одоо ингээд хүнд хутгалуулаад үхэх чинь энэ гэж уйлаад л Дэнхийн далан дээр нэг газар аяархан тэмтрээд ч байх шиг.

Тэгсэн нь Шоохой Шаравын тэр илж тэмтрээд байгаа газраас нэг жоохон ягаан шүүс бултайчихаж. Шоохой Шарав дэнх Жамц хоёр урд хамрын цаагуур урсдаг Долооны голоос цуг ирсэн, өөрөөр хэлбэл, гадны хоёр тул нутаг нэгтэн хэмээн элгэмсэж буй нь тэр юмсанж.

Дэнхийн тэр ягаан шүүстэй бяцхан шарханд Шоохой хурууныхаа өндгийг зөөлхөн хүргэх гэснээ зүрх алдан огил харайж,
-Ингэчихсэн хойно чи одоо яаж тэсэхэв. Үхэхгүй өөр яахав. Өнчин болохоор чинь дээрэлхэж байгаа юм. Гашууныхан чи бид хоёрыг гадуурхаж байгаа нь энэ. Ерөөсөө амьд мэнд дээрээ Долооныхоо голын барааг харъя гээд л уйлаад байх юм.

Дэнх нь нүцгэн түнтгэр хүрэн нуруугаа олон түмэнд үзмэр мэт зориуд хандуулж, бяцхан ягаан шүүс бултайсан шархаа үзүүлэнгээ,
-Би одоо яг үхэлгүй өөр яахав гэж янцгалаад аймаар.

Тэр айлын Сарангэрэл гэдэг хөөрхөн хүүхэн Дэнхийг царайчлаад, айраг архи аягалж өгөөд байх юм. Согтуу Шарав ах ч уй гашуудлыг далимдуулан айраг архи ээлжлэн залгилна. Дэнхийн далнаас ягаан шүүс бултайх авч цааш сүртэй юм болж базаасангүй. Өөр сонирхох юм энэ гэрт алга. Би мангар Гүдээгийн байгаа баруун гэр өөд чавхадлаа.

Юм л бол ална, хядна гэж онголзож явдаг, хоёр том час улаан нүдтэй, тас хар сахалтай мангар Гүдээ бүр шалдаа буучихсан, гадаа гэрийн сүүдэрт уруу царайлан намрын айраг шимнэ. Хэдэн залуу Мангарын нуруу сэрвээг ээлжлэн базлаж, хуян шар усыг тараах зуур,
-Чи минь одоо ингээд шоронгийн тав болж дээ гэхэд Мангар хоёр том догшин улаан нүдэндээ бялхсан нулимсыг энгэр лүүгээ сархийтэл асгаруулаад,
-Миний шоронд орох яахав. Дэнх минь л үхэхгүй бол яамай сан. Уг нь би түүнийг хутгалахдаа цээж рүү нь нэвт бүлчихэж магадгүй гээд хутганыхаа үзүүрийг хумсны толион чинээ цухуйлгаж, хоёр хуруугаараа сайн чимхээд, далны нь ясанд тээглэхээр хатгасан шүү ухаантай юмсан. Явж явж энэ бүгд Сарангэрэлээс л болж байгаа юм гээд санаа алдан нөхөддөө тунина.

Гурав дахь жижиг бор гэрт хэдэн өвгөчүүд Мангарын Дэнхийг хутгалсан хутгыг тогоо нэрж буй их галд улайсгаж үзээд хэр лав орсныг тогтоох гэж ядна. Улайтгасан хутганд хүний маханд орсон хэсэг нь өөр өнгөөр ялгардаг гэж Гашууны голын бүхнийг мэдэгч Хөх гэгч өвгөн айлджээ. Гэвч улайтгасан хутганд хоёр янзын зураас гараад болдоггүй. Энэ хоёр зураасаар бол Дэнхийн нуруунд хутга нэг бол төө илүү лав орсон, нөгөө бол Дэнхийн далыг хутга хумсын чинээхэн исгэсэн гэсэн хоёр сүрхий онош сөргөлдөөд Гашууны голын өмнөө барьдаг егзөр өвгөчүүд ухаанаа бүр баржээ.
          
Үдээс хойш хүнд хутгалуулаад амь гарсан дэнх Жамц, хүн хутгалаад шоронд явах гэж буй мангар Гүрсэд хоёроор толгойлуулсан баахан хүн гол өгсөж, уруудан найралж билээ.
          
…Тоодог Базар бол энэ хоёроос арай өөр нэгэн. Тэр бээр гайхамшигтай сайн эр, баригдашгүй хулгайч явснаа хойч үеийнхэндээ итгүүлэх гэж хөдлөх бүрдээ мартахгүй жүжиглээд салахгүй нь, түүний царыг сайн мэдэх нутгийн хөгшчүүлд яршигтай. Гэвч тоодог Базар цөхрөхгүй. Тэр бээр ёс мэт дандаа ногт ганзгалж явна. Яаж буй нь тэр вэ гэвэл хулгайлсан адуугаа ногтлоход бэлэн гэж тэр. Үргэлж есөн зоос шигшиж мэргэлнэ. Зоосоо гэртээ шигшинэ, гадаа хаяандаа гэрээ налж суугаад шигшинэ. Нүдээ аньж, амандаа тарина шивэгнэнэ. Залбирна. Залбирахдаа царай нь хачин зовиуртай барайна. Мэргэлснийхээ дараа санаа алдана. Сэтгэлээр унана. Яагаад гэвэл маш том хулгай хийсэн болохоор тэр! Түүнийг барих гэж хөөцөлдөж яваа Төрийн шүүх цагдаа Тоодогийн зоосонд дэндүү баяртай, дэндүү олон хөлтэй буугаад өөрөөр ер буухгүй зовооно. “Тоодог Базар баригдах нь уу, яах нь вэ?” гэж өөрийгөө мэргэлэхэд есөн зоосонд нь дандаа хар нар, хар сар, цагаан хэрээ, ганц хөлтэй хар чоно, эсвэл огт хөлгүй цагаан арслан бууна. Тоодог Базар том хулгайч учраас үйлдсэн хулгай нь аймаар тул түүнд маш хэцүү байна гэсэн сэтгэгдэл түүнийг тойрон суусан багачуулд төрнө. Төрийн шүүх цагдаа зоосонд нь олон хөлтэй, чоно хэрээндээ их баяртай төлөг буувал маш аюултай гэж өвгөн Базар хаа нэг үг унагана. Шүүх цагдаагийн хийморь сүлдийг үзэхэд толгой зоос нь найман хөлтэй хар арсланд буувал дахиж мэргэлэх хэрэггүй хэмээн Тоодог зоосоо авдрандаа хийгээд хэдэн өдөр уулын хяр дээр алсыг дурандан санаа алдана. Хулгайгаа сөхөгдөх вий гэж гэрт, гадаа, хээр, морин дээрээ ямагт мэргэлдэг тул есөн зоос нь элэгдээд дээр нь бичээстэй худам монгол болон хятад үсэг хоёул арилжээ. Гэвч Базар зоосоо аль талаар буусныг андахгүй.

Үнэндээ Базар гуай хулгай хийх нь хийжээ. Хулгай нь ямар хулгай байсан бэ гэвэл зэргэлдээ сумын шуурганд уруудсан адуунаас сарнисан нэг тарган шүдлэн байдсаар мань эр хүнс хийчихсэн аж. Энэ бол маш олон жилийн тэртээ болсон хулгай. Түүнээс хойш байдасны нь хулгай дотроос нь хатгаад зүгээр суулгахаа бүр больжээ. Эр чадал эрдэм ухаанаа дахин туршихаар ямагт ногт ганзгалах авч есөн зоос нь “Дахиж хулгай хийвэл ёс баригдах юм байна” гэж дандаа бууж айлгана. Есөн зоос нь хулгай хий гэж огт буусангүй. Тоодог зоосныхоо “үгнээс” гардаггүй хатуу зарчимтай тул байдаснаас хойш нэг ч хулгай хийсэнгүй. Үүндээ бухимдах боловч зоос нь тэгэж буугаад байгаа юм чинь яаж хулгай хийх билээ. Тоодог зоосноосоо зөрж зүрхлэхгүй. Бүр тэгээд сурчихсан хүн. Зоосноосоо ондоо хэнбугуайн ч үгэнд үл орно.

Нэг шөнө баривчлагдан хүлүүлж байна гэж зүүдлээд сэжиг нь хүрч өндийгөөд мэргэлж үзвэл өөрийг нь барихаар яг одоохон машин хөлөглөсөн буутай олон том дарга ирж яваа зоос буужээ. Зоосондоо яс итгэдэг тэр бээр босож хувцаслаад гарвал шөнийн харанхуйд газрын мандал дээгүүр машины гэрэл тэднийхийг хурцаар цоргиод айсуй гэнэ. Базар өвгөн аргамжаатай морио барьж унаад тэр чигтээ зугтаж амжжээ.

Хүний нутгаар өвгөн Базар олон хоног хэнэггүй царайлан хэсүүчилж, бас хажуугаар нь сайн эр Базарыг аймгийн шүүхээс эрж буй дуулиан гарч байна уу гэж битүүхэн чих тавьж явлаа. Тоодог хэний хүчинд баригдсангүй вэ? Мэдээж есөн муу зоосныхоо ачаар мултарчээ.

Гэтэл Базар өвгөн шөнө гарч харахдаа тэнгэрийн хаяагаар дөнгөж цухуйж буй том гялаан од анибалзахыг машины гэрэл гэж эндүүрээд оргон зайлсан юмсанж. Оргож явахдаа мэдээж өлсөнө цангана ядарна. Тэгээд олноос зөдгий нутагладаг танил ганц бие эмгэнийд очиж, цай чануулж, тэнхрэхээр талын өнчин гозгор уулын бэл ороотол өөдөөс нь хөнгөн тэрэг гараад иржээ. Базар өөрийгөө барих гэж хөөцөлдөж яваа машинтай халз тулчихлаа гээд ухаан тавьчихаж. Өвгөн ямар гэмт хэрэг үйлдсэн билээ гэвэл өнөө л байдасны хулгай. Өөр ямар ч хэрэг тариагүй. Машинд Өвөрхангай аймгийн прокурор Арвайхээрийн нэг хулгайч эрж яваа юмсанж.

Өөдөөсөө гарч ирсэн ганц морьтой хүнээр газар заалгахаар нөгөө машин Базар өвгөнийг тосож давхтал өвгөн машинаас ухаангүй зугтаажээ. Энэ яагаад машинаас зугтаадаг этгээд вэ гэж прокурор сэжиглэж, өвгөн Базарыг элдэв. Өвгөн Тоодог бартаагүй цэлгэр талд хурдан тэрэгнээс хаашаа ч мултарч чадахгүйгээ ухаарч хадархаг өнчин толгойн бие дэх бартааг ашиглахаар дээхнүүр ороон тойрч хурдлав. Машин түүнээс жаахан доохнуур хад чулуугүй бэлээр уулын хормойг алсуур ороож давхилаа. Өнчин толгойг нөгөө хоёр хэд хэд тойрч хөөцөлдөв. Тоодог гуай морио цуцах тусам толгойн бие өөд мацаж, хад чулуу сүлжин машинаас зай барина.

Эцэст нь прокурор энэ яасан ч зүгээр хүн биш. Аюултай оргодол байж таарна гэж хардаад буугаа гаргаж, Тоодогийн толгой дээгүүр хэд хэд буудав. Хурдан бууны хурц сум толгойны нь хуйхыг халуу оргиулан сүнгэнэлээ. Энэ мөчид Тоодогийн унаж явсан муу харшсан үрээ нь буун дуунаас бусгахдаа бүдэрч хамраараа газар хатган ойчлоо. Өвгөн Тоодог годройтож буй морин дээрээсээ малгай шиг хийсэв.

“Машинаас яагаад зугтсан бэ?” гэсэн анхны байцаалтад өвгөн Тоодог ямар ч өчиг өгч чадсангүй “Алив хүүхээд ус байна уу? Ус, ус!.. Өвөө нь бөглөчих нь!” гэж аахилж уухиллаа. “Сайн эр” өвгөний хамаг бие чичирч хар хөлс асгарч үнэхээр үхдэг дээр тулжээ. “Гэмгүй хүн машинаас зугтах ёсгүй. Чи ямар гээч гэмт хэрэг тарьсан зөнөг вэ? Одоохон үнэн ээ хэл! Хийсэн хэргээ хүлээхгүй бол Арвайхээрийн шоронд арьс ястай чинь хатаана!” гэхэд мань сайн эр “Ганц байдасны л хэрэг бий. Өөр ямар ч гэм энэ насандаа би үйлдээгүй хүн” гэж нуудаг ганц хулгайгаа илчлэв. “Ганц байдас та яасан хүн бэ?” гэж прокурорыг байцаахад өвгөн сайн эр “Ганц байдас хулгайлаад идчихсэн юм” гэж хамаг нүглээ дэлгэлээ. “Хэний байдас байсан юм бэ?”. “Хэнийхийг мэдэхгүй”. “Хэзээ хулгайлсан байдас вэ?”. “Гучин таван жилийн өмнө хулгайлсан байдас” гэж улайв.

Өвөрхангайн прокурор Базар гуайг голоод хээр хаячихаад яваад өгч. Базар гуай прокурорт толгой дээгүүрээ буудуулснаас хойш өтөлж ядарсан уу томоожсон уу гэртээ хэвтэж байдаг болсон юм. Гэхдээ бас мөчөөгөө өгөхгүй хууч хөөрөхдөө юм л бол “миний прокурорт буудуулдаг жил”, “прокурор намайг буудаж элддэгийн урьд жил”, эсвэл “миний буудуулдгийн хойтон жил” гэж үг хавчуулна. Намайг нийслэлд олон аймгийн хүүхдүүдтэй нэг ангид суралцаж буйг сонсоод Базар өвгөн нүдээ анин бодолд дарагдан хэвтэх зуураа,
-Одооны энэ хүүхдүүд хулгай хийвэл яаж баригдахав. Алс холын тэр олон аймгийн хүүхдүүд морь дамжуулбал мөн хол цөлнө өө дөө. Азаргаар адуу цувчуулсан ч сураг нь гарахгүй гэж их л ядруухан өгүүлж байж билээ.

Манай нутгийн толгой хулгайч нь тоодог Базар. Хутга мэсний хамгийн хэрцгий хэрэг гэвэл мангар Гүдээ дэнх Жамц хоёрын зэрлэг явдлыг гүйцэх тийм муу ёрын хэрэг төвөг миний багад гараагүй юм даг. Муу юм ер үзээгүй, муухай ажил ер хийгээгүй, нутгийн танил ахан дүүсээс өөр хүний бараа огт хараагүй агаад эргэж уулзах улаан нүүр халуун тул худал хэлэхээс айдаг, тийм л ард түмний дунд балчир нас минь өнгөрчээ.
                                                                                                                           Манай нутгийн толгой хулгайч нь тоодог Базар. Хутга мэсний хамгийн хэрцгий хэрэг гэвэл мангар Гүдээ дэнх Жамц хоёрын зэрлэг явдлыг гүйцэх тийм муу ёрын хэрэг төвөг миний багад гараагүй юм даг. Муу юм ер үзээгүй, муухай ажил ер хийгээгүй, нутгийн танил ахан дүүсээс өөр хүний бараа огт хараагүй агаад эргэж уулзах улаан нүүр халуун тул худал хэлэхээс айдаг, тийм л ард түмний дунд балчир нас минь өнгөрчээ.

“Алаг цахиур” номоос. Номын баярын мэнд хүргэе. Ц.Д.                                                                                                  

2008-01-22