Чингис хааныг залгамжлагчид
Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Монголчуудын уг гарал үүслээс эхлээд өнөөгийн үеийг хүртэл үзүүлсэн 2 дэвтэр ном. Баабарын Монголчууд: Нүүдэл, Суудал ном нь Монгол номнуудаас гадаадын хамгийн олон хэлэнд орчуулагдсан ном бөгөөд энэхүү ном англи хэл дээр хэвлэн гарлаа.
HISTORY OF MONGOLIA
Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Монголчуудын уг гарал үүслээс эхлээд өнөөгийн үеийг хүртэл үзүүлсэн 2 дэвтэр ном. Баабарын Монголчууд: Нүүдэл, Суудал ном нь Монгол номнуудаас гадаадын хамгийн олон хэлэнд орчуулагдсан ном бөгөөд энэхүү ном англи хэл дээр хэвлэн гарлаа.Чингис хааныг залгамжлагчид
Чингис хааны байгуулсан их эзэнт гүрнийг түүний үр хүүхэд ач гуч нар залгамжлан жолоодсон юм. Эдэн дотроос хамгийн алдартай нь ач хүү Хубилай нь билээ. Тэрээр Бээжинд нийслэллэн Их Юань династийг үүсгэсэн юм. Чингис хаанаас Хубилай хүртэл эзэнт гүрэн цар хүрээгээ улам тэлж, түүхэнд байгаагүй том гүрэн болсон байна.
Өгөөдэй хаан
Өгөөдэй хаан суусан 1229-1241 оны хооронд эзэнт гүрний хил хязгаар тал тал тийшээ учиргүй их тэлжээ. Юун түрүүн тэрээр эцгийн Алтан улстай эхлүүлсэн дайныг дуусгахаар дүү Тулуй, Чингис хааны хамгийн шилдэг жанжин Сүвээдэй нараар толгойлуулсан армийг 1231 онд өмнө зүг рүү илгээв. Гурван жилийн тулалдааны дүнд 20-иод жил үргэлжилсэн их дайн дуусч Алтан улс бүрэн уналаа. Энэ далимд Солонгосын хойгийг эзэлснээр монголчууд түүний цаана Япон хэмээх арлын улс буйг мэдэн дотроо санаж явсан хэрэг. Алтан улс сөнөснөөр монголчууд Хятадын сүүлчийн династи Өмнөд Сүнтэй халз нүүр тулав. Умард Хятадыг өөртөө нэгтгэх зорилгоор монголчуудтай хавсайдан Алтан улсыг удаа дараа өмнө талаас нь уулгалж байсан Өмнөд Сүнгийн бодлогогүй хаад одоо өөрийн алуулах цагийг хүлээх ээлж болсон ба энэ нь ч удсангүй ердөө хойтон нь 1235 онд Их Монгол улс Өмнөд Сүнд дайн зарлав. Хубилай хаан 1279 онд Юань (Yuan) династийг үүсгэх хүртэл 35 жил үргэлжилсэн энэ дайнд олон сая хятад хүн амиа золиосолсон нь эдүгээ аварга амжилтыг тэмдэглэдэг Гиннесийн номд оржээ.
1225 онд Чингис хааныг буцсанаас хойш дахин толгойгоо өндийлгөх оролдлого хийж эхэлсэн баруун зүгийн лалын ертөнц рүү Өгөөдэй хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй армиа илгээжээ. Тэд юун түрүүн Сартуулын шах байсан Мухаммадын хүү Жалил ад Дин Энэтхэгээс эргэж ирээд баахан түйвээсэн байсныг нэхэн байлдсаар дарж авлаа. Энэ далимдаа Перс, Армен, Гүржийг буулган авч Кавказыг даван Европын зүрхэнд тулж иржээ. Бүх шашныг тэнцүүд үзэх Чингисийн Их засгийг мэдэхгүй Армений хаан монголчуудын түйвээний цохилтын голыг бие дээрээ амсаж буй хэзээний заналт лал нарын эсрэг Загалмайтан Монголын холбоо байгуулахыг ихэд чармайж байв. Гэвч умар зүгт дайн хийсэн монголчуудын өөр арми аль хэдийнээ Төв Европт нэвтрэн загалмайн шашинт улсуудад гал усны гамшиг учруулаад эхэлжээ.
Чингис хааныг амьд байхад Зүчийн баруун зүгт хийсэн дайнаар Оросын салангид вангуудыг удаа дараа салам цохисон боловч Зүчи болон Чингис хааныг тэнгэрт хальсны дараа, Өгөөдэйг сонгосон, Алтан улстай байлдсан, Жалил ад Динийг дарсан зэрэг илүү олон чухал үйл явдал дараалан үргэлжилсэн учир баруун умар зүгийн байлдааны ажиллагаа нэлээд олон жилээр тасалджээ.
Алтан улсыг унасны дараа Өгөөдэй хаан 1235 онд Хархорумд Хурилдай зарлан хуралдуулж өмнө зүгт дайныг сэргээн явуулах төлөвлөгөөгөө хэлэлцүүлжээ. Баруун зүгийн бүхий л байлдааныг Бат ерөнхийлөн удирдах болж, тус бүрдээ үүрэг авсан ирээдүйн их хаад Гүюг, Мөнх болон Чингис хааны олон ач удирдан оролцсон 150 мянган морьтон бүхий аварга арми цэргийн нэрт жанжин Сүвээдэйн удирдлагын доор 1236 онд Сибириэс баруун тийш хөдөлсөн тэд тавхан жилийн дотор Адриатын тэнгис хүртэл тулалдах хувь зохиолтой байжээ.
Монголчууд анх 1222 онд Европт хөл тавин Азов, Каспийн тэнгис орчмоор сүйтгэж явахад, цохигдсон пловчууд загалмайн мөргөлт гэгээн Владимирт очин “Тэд манай орныг эзэлж байна, маргааш танайхыг эзлэх болно”80 гээд тусламж гуйсан боловч тархай бутархай Оросын олон бие даасан ван үгийг нь тоосонгүй. Ийнхүү тэр жилдээ монголчуудтай хүч үзэхээр шийдсэн Өмнөд Оросын цэрэг Калкад бут ниргүүлжээ. Байлдааны ажиллагааг Чингис хааны хамгийн авъяаслаг жанжин Зэв, Сүвээдэй нар удирдав.
Хархорум
Нүүдэлчид хэзээнээсээ хот балгадыг басамжлан үздэг учир суурин төвлөрөл хэзээ ч үүсгэж байсангүй. Монголын нутаг дээр оршин тогтнож байсан үе үеийн хүчирхэг гүрнүүдийн аль нь ч үлдэхээр хот суурин босгосонгүй. Гэвч бүгдээрээ нийслэлтэй байлаа. Энэ нь цугларч шийдвэр гаргах, найр наадам зохиох газар байсан бололтой. Орхоны хөндийд ихэнхдээ нийслэлээ товлодог байсан нь уул устай, бэлчээр даац сайтайд нь дулдуйддаг байсных биз.
Монголчууд нүүдэллэн аялж маневрлах чадварыг л улс үндэстэн хүчирхгээр оршин тогтнох үндэс гэж үзнэ. Иргэншлийг хялайн харж, суурьшмал иргэдийг “шавар хотондоо шавааралдан суудаг [тул]… хурдан аянд түргэн хөдөлж чадахгүй, хурц дайнд даруй мордож чадахгүй” учир “тэд нар ямар зугтаад явна гэж байх биш” хэмээн тавлан басамжилдаг байлаа. Чухамдаа ялагдсан улс үндэстнийхээ сул дорой талыг суурин амьдрал буюу иргэншилдээ байна гэж харна. Ингэхээр хот балгад бариад түүндээ байнга амьдарвал эрхшээлд нь байгаа улс үндэстнүүдийн нэгэн адил сул дорой болон хувирах вий гэсэн айдас бас агуулж таарна.
Иргэншлийн төлөөлөгч болох Елүй Чуцай Их Монголын нийслэл байгуулах санааг анх гаргасан гэдэг. Ингэж Хархорум хот талд сүндэрлэжээ. Гэвч Хархорум нь нүүдэлчдийн уламжлалыг дагасан мөнөөх цуглаж шийдвэр гаргах, үе үе найр наадам зохиох л газар байлаа. Урьдын нүүдэлчдийн нийслэлийг бодвол дэлхийн талыг эзэлсэн гүрний төв болохоор эрхбиш харьцуулшгүй том байв. Иргэншиж суурьшсан олон орныг эзэлж асар их баялаг тонон дээрэмдсэн тул тэр бүхнээ нэгэн газар аваачиж цуглуулах хэрэгтэй болно, тэр нь Хархорум байсан болов уу. Үүнээс гадна, ялангуяа газар газрын дархцуул, урчуул монголчуудад хэрэгтэй. Самарканд, Бухар хотыг эзэлсний дараа иргэдийг нь бүгдийг нь алж талсан боловч дархцуулыг үлдээн Хархорум руу илгээсэн байдаг. Ийм маягаар Хархорум нь газар газрын дархцуул, уран барилгачдын ур үйлдэх суурин байжээ. Өдгөө Хархорумын малтлагаас үзэхэд тэнд туйпуу цохих бааюу, суваг зэрэг суурин хотын олон элемент илэрч байна.
Алив шашинд эрх тэнцүү ханддаг монголчуудад ойр байх гэсэн газар газрын шашны төлөөлөгчид Хархорумд цуглан өөр өөрийн сүм дуганыг байгуулж хоорондоо энх тайванчаар өрсөлдөн шашнаа сурталчилж ном хаялцдаг байжээ. Шашин болгоны төлөөлөгчид энх тайвнаар зэрэгцэн оршсон дэлхийн хамгийн анхны хот Хархорум мөн гэхэд нэг их алдахгүй болов уу. Гэхдээ суурьшмал амьдралын утгаар Хархорумыг нийслэл хот байсан гэж хэлэхэд нэлээд төвөгтэй. Хотыг анх байгуулсан Өгөөдэй хаан энд анхны Хурилдай зарлан хаан ширээнд заларсан ба хэрэм бариулан дотор нь сууж байсан байна. Хархорумд ач холбогдол өгч байсан ганц хаан нь уг хотыг босгосон Өгөөдэй өөрөө ганцаараа бололтой. Түүнээс цааш хэн ч энд Хурилдай зарлаж байсангүй, эзгүй хээр талыг илүүтэйд үзэж байлаа. 1246 онд Плано Карпини дэлхийн хамгийн хүчирхэг гүрний аугаа том нийслэлд очно гэсэн итгэлтэйгээр ирсэн боловч шинэ хаан Гүюгийг хаан ширээнд залах ёслол нийслэлдээ бус эзгүй талд болж найрлаж байхтай таарчээ. 1253 оны дүн өвлөөр Монголд ирсэн Гилёом дэ Рүбрүк Мөнх хаантай уулзахад “эндээс холгүй, арван өдөрчийн газар Хархорум гэж аятайхан хот бий” гэж түүнд хуучилжээ. Энэ бол тухайн үедээ албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн нийслэлийн тухай яриа шүү дээ! Мөнх хаан тэр өвөл хоёр ч удаа нүүж байж Хархорумдаа иржээ. Рүбрүкийн олж мэдсэнээр хаан нийслэлдээ жилд хоёр удаа морилон ирж найр зохиодог аж. Яг үнэндээ Монголын хаан нийслэлийнхээ ойр орчмоор нүүдэллэн явах зуураа явдлаа тааруулан Хархорумаар жилдээ хоёронтаа дайран гардаг байна. Тэдний ажигласнаас дүгнэх юм бол Монголын төрийн бодлогын төв нь Хархорум биш аж. Нэгэнт хаан тэндээ суудаггүй тул төрийн бодлого нь хээр талаар хэсүүчлэн явах ажгуу.
НЭПКО хэвлэлийн газар