Хүүш Оюука нэвтрүүлэг үзлээ. Юун олон шинэ нэршил вэ? гэх нэлээдгүй найзууд утас цохив.

Зарим нь бүр нөгөө Амраагийн шторк чиний нэвтрүүлгийн реклам байсан юм уу? гэчихсэн л тууж байна.

Уг нь бол 3 жилийн хугацаанд нойроо чилээж, улс орны сэргэн мандал, уруудан доройтлын нууцыг эрэлхийлж, тэр нууц нь өнгөрсөн, одоо, ирээдүйг нэвт сүлбэсэн нүдэнд үл үзэгдэх хөгжлийн торлог гэдгийг тайлбарлахыг оролдож жил гаран хугацаанд бэлдсэн нэвтрүүлэг юм.

-    Дэлхий Биднийг хэрхэн харж, Бид өөрсдийгөө хэрхэн тодорхойлдог вэ?  

-    Монголчууд Бид Хэн байсан, Хэн байгаа, Хэн болох вэ?


Энгийн ч ээдрээтэй эдгээр асуултанд Та Бид хамтдаа хариулах цаг болжээ. Өөрийгөө таниагүй үндэстэн өрөөлтэй хэрхэн өрсөлдөх билээ.

Агуулгаас илүү хэлбэрийг шүтэж, шийдэл биш бухимдал ярьж, судалгаагаар биш сургаар явсаар бусад улс орон мэргэжлийн сэлэлтээр урагшилж байхад, бид өөр хоорондоо хэрэлдсээр нөгөө алдарт тамын тогоондоо нохой самардан хоцрох нь...

Улс төрчдөө тохуурхан шоолж, улмаар уурсан хашгирсан Германы жишээ, Африкийн орнуудын сургамж, Маяагийн хот улсуудын эмгэнэлт түүхийн шинж тэмдгүүд манайд сүүлийн үед ажиглагдах болов.

Өнгөрсөн 25 жилийг дүгнэж, идэр залуу Ардчиллын өвчнийг цаг алдалгүй зөв оношилгүй бол дараагийн 25 жил хэрхэн бодлого ярьж мэтгэлцэх билээ.

Энэ л агуулгаар олон ургальч үзэлтэй ардчилсан Монгол улсын жирийн иргэний хувьд энэхүү нэвтрүүлгийг бэлдсэн хэрэг.  

Ингээд нэвтрүүлгийн агуулгыг өөрийн нэгэн өөдрөг төсөөллөөр хүргье!

2040 он НҮБ-ын Хурлын танхим

Хуралд даргалагч :
 
Бид өнөөдөр 2016-аас 2040 оныг хүртэл, сүүлийн 25 жилийн дотор гуравдагч орноос Азийн хөгжлийн хөтлөгч гүрнүүдийн нэг болсон Азийн Хүлэг Улс хэмээх Монгол улсын хөгжлийн загварыг ярилцаж байна. Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сая та бүхэн харлаа. Үндсэн илтэгчээс нэмэлт асуулт байна уу?

 Зочин :
 
Би Аргентин улсаас ирсэн. Хорин тавхан жилийн өмнө Монгол улс эдийн засгийн гүн хямрал, өрийн сүлжээнд нэрвэгдэж байсан. Үүнийг даван туулсан гол хүчин зүйл юу вэ?
 
Үндсэн илтгэгч:
 
Мэдээж жам ёсны бизнесийн эрүүл орчныг бүрдүүлсэн. Уул уурхайн баялгийн төлөөх уралдаанд хошуурч, улс төрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашигласнаас болж, өөрсдийн сууж буй мөчрөө хөрөөдөж, жам ёсны бизнесийн бүтцээ эвдсэнээ үндэсний томоохон үйлдвэрлэгчид хожим ойлгосон юм. Тэр үед Монголын Билл Гейтс, Стив Жобс нар бүгд өөрсдөө парламентийн гишүүн байлаа.
 
Тэд бие биенээ боомилохоо больж, улс төрийн шууд оролцоогоо багасгаж, авилгалын эсрэг төр засагтайгаа хамтран ажиллаж эхлэснээр хувь хүний биш хуулийг засаглал бүрэлдсэн.
 
Ингэснээр Ази төдийгүй Дэлхийд тэргүүлэх сэргээгдэх эрчим хүч, органик хүнсний бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн, эмийн ургамлын үйлдвэрлэл, боловсрол, технологи, түүхэн аялал жуулчлал, агаарын тээврийн томоохон тэргүүлэх салбаруудыг уул уурхай түшиглэн Засгийн газартайгаа хамтран гаргаж ирсэн.

2016 онд эдийн засгийн 80 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай байсан бол өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг тэргүүлэх салбарууд, жижиг дунд үйлдвэрлэл авч явдаг учир манай эдийн засаг тогтвортой байдаг.
 
Зочин :
 
-  Би Мексикийг төлөөлж байна. Хөгжлийн загвараа хэрхэн гаргаж ирсэн нь сонирхолтой. БНХАУ, ОХУ-тай хил залгаа улсын хувьд хөгжлийн загвар, онцлог төлөвшин бүрдэх амаргүй нь ойлгомжтой.
 
 
Үндсэн илтгэгч:
 
-   Бид хэнийг ч хуулбарлаагүй юм. “Монгол хөгжлийн загвар”-ыг Эзэнт гүрний түүх, Нүүдэлчин соёл иргэншлийн сэтгэлгээнээсээ гаргаж, дэлхийн дэвшилтэд ололттой амжилттай хослуулж чадсан. Манай хөгжлийн торлог оюун санаа, хурд, давтагдашгүй ялгарал байсан юм. Энэ ялгаралдаа тулгуурлан тэргүүлэх салбараа тодорхойлсон хэрэг. Уламжлалаа гүнзгий хадгалсан бас мэргэжлийн гэгддэг энэхүү хосолмол загварыг гуравдагч орнууд өнөөдөр судалдаг. Гэхдээ улс орнуудын загвар хоорондоо тохирох албагүй.
 
Зочин :
 
-    Би Өмнөд Африкаас ирсэн. Дэлхийд олон хөгжлийн загвар байдаг. Бас гадны улс орнуудын шууд болон шууд бус нөлөө их бий. Монгол хөгжлийн загвар биеллээ олсон суурь нөхцөл нь юу байсан бэ?
 
Үндсэн илтгэгч :
 
-   Энэ бол хөрвөх чадвар бүхий Монгол хүн. Хүн ам цөөхөн сул талаа бид давуу тал болгон чадсан юм. Хүн хөгжихгүйгээр улс хөгжихгүй. Тиймээс цөөн хүн амаа эрүүл чийрэг, дэлхийд өрсөлдөх боловсролтой, эх оронч, өмчтэй, эргэлтийн хөрөнгөтэй болгох цогц бодлогыг хэрэгжүүлснээр хүн амынхаа 75 орчим хувийг чинээлэг дундаж давхарга уруу оруулж чадсан юм.  
 
Дэлхийн инновацийн хүрээлэнгүүд, олон улсын банк санхүүгийн байгууллага, технологийн паркууд, томоохон их дээд сургуулиудад менежерээс дээш төвшинд Монгол хүмүүс ажилладгийг гол нууц ердөө л энэ. Өнөөдөр Монгол улс өрсөлдөх чадвараар бүс нутагтаа тэргүүлдэг.

Зочин:
 
-   Би Филиппин улсыг төлөөлж байна. Мэдээж энэхүү амжилтанд “Сайн засаглал” нөлөөлсөн гэж бодож байна. Авилгалын индекс туйлын өндөр Азийн орнуудын нэг байсан. Энэ байдлаасаа гарсан нууц нь юу бол?
 
Үндсэн илтгэгч :

-   Мэдээж Академик цаазын индэр. Их дээд сургуулиуд, мэргэжлийн Бодлогын судалгааны хүрээлэнгүүд, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж улс төрчдөд тавигдах ёс зүйн шалгуурыг Азид хамгийн өндөр болгон төлөвшүүлж чадсан юм. Сингапур, Хонконг, Монгол өнөөдөр Азид авилгал хамгийн багатай улс гэдгийг та бүхэн мэднэ.  Улс төрчид манайд мэргэжлийн үнэлгээ, мэтгэлцээнээр тодордог. Нэг үгээр хэлбэл улс төрчдийг мөнгө биш мэдлэг нь авардаг тогтолцоо бүрдсэн. Ёс зүй өндөр иргэний нийгмийн шалгуурт нийцэхийн тулд улс төрчид удаан хугацаанд өөрсдийгөө шат дараалан бэлддэг.
 
За та бүхэнд баярлалаа.
 
Л.ОЮУН-ЭРДЭНЭ