1950 оны дунд үеэс Поп урлагийн зураг болон хөгжмийн төрөл баруунд үүсч эхэлжээ. Мэрлин Монрог зотон даавуун дээр хайш яаш буулгаж, алдарт Rock & Roll хэмнэл улам энгийн болоход олон нийт дуртай байснаар дэлхийд поп одод төрсөн гэдэг.

Харин өнөөдөр манайд урлагийн биш улс төрийн поп одод илүү алдартай болжээ. Гишүүн Г.Уянга энэ цаг үеийн Мэрлин Монро юм байх. Түүний хормой дор МАН нуугдаж, дотуур хувцсанд нь АН оршдог гэлцэх.  Попын хаан нь С. Ганбаатар бөгөөд Эльвис Преслигийн хэмжээний рейтингтэй байгаад төрийн өндөрлөгүүд атаархсандаа диплом комби хийсэн нь нэр хүндийг нь улам өсгөсөн гэх.

Ерөнхий сайд Ч. Сайханбилэг Г.Уянгад “Аавыг минь тайван байлга” гэчихсэн чинь олон нийт өрөвдөх биш харин өөрийн биш өрөөлийн аавуудыг бод хэмээн зэмлэв. Мэдлэг өндөр С.Баярцогт Оюутолгойн мэтгэлцээнд урьдаас сайтар бэлдэж С.Ганбаатарыг олон хувьсагчаараа цөм авсан чинь ард түмэн дургүйцэж хөөрхий мэтгэлцээний ялагчийг эгээтэй л Ангараг уруу нүүлгэчихсэнгүй.



Энэ мэтээр поп оддын эргэн тойронд Монголын улс төрийн интертайнмент шоу тасралтгүй үргэлжилсээр.

Харамсалтай нь энэ бүхэн мөсөн уулын орой шиг нүдэнд харагдаж буй багахан хэсэг нь юм. Харин ёроолд нь ямар агуулга нуугдаж байна. Нөгөө “Өглөө кино”-нд жанжин Д.Сүхбаатар бухимддаг шиг өнөөдрийн тэгтлээ үзэн ядаад байгаа популизмийн жинхэнэ эзэн нь хэн бэ?

Улс төр судлаачид популизм хэмээх нэршил 1890 ээд оны эхэнд үүссэн гэж үздэг. АНУ-ын хэсэг тариаланчид ургацын үнэ нь унаж, амьдрал нь  ядуурахад улс төрчид баян хэвээр байсанд эгдүүцэн, нэгдсэн хөдөлгөөн байгуулж улмаар 1892 онд Популист буюу Ард түмний намыг үүсгэн байгуулж байж.

Энэ нэршил явсаар ард түмэнд таалагдахын тулд биелэх боломж тааруу амлалт өгөх замаар олон нийтийн сэтгэлгээнд нөлөө үзүүлдэг улс төрийн технологи болон хөгжжээ. Манайд энэ аргачлалыг Л.Гүндалай хүүхдийн мөнгөөр улс төрд амжилттай нэвтрүүлж, тухайн үед парламентад хоёрхон суудалтай ёстой чацга царайлчихсан байж байсан ардчилсан намыг аварч, улс төрийн хаан Н.Энхбаярын 72 суудлын бараг талыг нь булааж байв. За ингээд л “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”, “Шударга  байцгаая!” гээд алдарт поп одод ар араасаа төрсөндөө.

Дэлхийд популизмийн талаар олон жил нарийвчлан судалсан хүн бол Лондонгийн Эдийн Засгийн Их Сургуулийн (LSE) ахлах профессор Франциско Панизза бөгөөд түүний 2005 онд бичсэн  “Популизм ба Ардчиллын толь”  номыг дэлхийн олон судлаачид чиг баримжаагаа болгодог.

Популизм бол өнөөдрийн нийгмийн бухимдлын толь байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч Поп цэцэг нийгмийн бухимдлын хөрсөнд, шударга ёсны хүсэмжлэл гэсэн бордоогоор бордуулж ургадаг. Тиймээс ч олонхи судлаачид популизмийн үндсэн хөрсийг орлогын тэгш бус байдал гэж үздэг.

Италийн судлаач Коррадо Жинийн бодож олсон аргачлалаар бид энэхүү хөрсийн хэр үржил шимтэйг хэмждэг. Энэ үзүүлэлтийн нэг тоо асар их зөрүүг илтгэдэг бөгөөд тоо их байх тусам л чүдэнз зурах төдийд дэлбэрэх магадлалтай нийгмийн бухимдал өсдөг байна. Поп одод хамгийн ихтэй Латин Америкийн орнуудын Жини коэфициентийн тоо өндөр байдаг нь ажиглагддаг. Колумб улс гэхэд л 53.5 байх жишээтэй. Популизмаас илүү полиси буюу урт хугацааны бодлогод анхаардаг Скандиновийн орнуудад энэ тоо бага байдаг. Бидний ярих дуртай Норвеги улсын үзүүлэлт 26.8 байдаг.

Тэгш бус байдлаас улбаалсан популизмийн хөрс бүрдэх гинжин хэлхээ гэж бий. Үүнийг зарим нь чөтгөрийн тойрог ч гэж нэрийддэг. Ийм тойрогт нэг ороод эргэчүүл, эргүүлгээсээ тийм ч амархан гарчихдгүйг олон улс орнуудын туршлагаас харж болно. 

·    Тэгш бус байдал ихсэхэд нийгмийн бухимдал өсдөг
·    Нийгмийн бухимдал өсөхөд шударга ёсны хүсэмжлэл нэмэгддэг
·    Шударга ёсны хүсэмжлэл ихсэхэд популизмийн хөрс бүрддэг
·    Популизм газар авбал, улс төрийн тогтворгүй байдал үүсдэг
·    Улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн болон засаглалын, улмаар нийгмийн  хямрал болон гүнзгийрэх нөхцлийг бий болгодог

Энэ чөтгөрийн тойргийн эргүүлгийн тоглоом уруу бид өдөр өдрөөр татагдан орсоор явааг эрхэм түшээд маань ажигладаг болов уу?  Монголд тэгш бус байдал улам бүр газар авч байна. Өнөөдөр нийт иргэдийн 70 орчим хувь нь хадгаламжгүй, хадгаламжтай иргэдийн 5 хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байна. 2012-2013 оны Дэлхийн баялгийн тайланд (World Ultra Wealth Report) 30 сая ам долларын баячуудын хөрөнгийн өсөлтийн хувь дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байгаа тухай дурьдагдсан байхад гурван хүн тутмын нэг нь нэн ядуу төвшинд амьдарч байна. Сар шинэ дөхсөн үед билгийг бодож, бичихээс хальширмаар бусад тоон үзүүлэлтүүдийг орхив.

Тэгш бус байдал өндөр ч шударга ёс тогтсон газар бас ч гэж нийгмийн бухимдал харьцангуй бага байдаг. Шударга ёс гэдэг үндсэндээ л хараат бус шүүх шүү дээ. Энгийн иргэн, эрхтэн дархтаны өмнө шүүх, хууль хяналтын байгууллага ив ижил үйлчилнэ гэсэн үг. Ийм нийгэмд хүн шударгаар хөдөлмөрлөж амжилтанд хүрэх боломж нээлттэй байдаг. Гаражаас Билл Гейтс төрсөн шиг.

Харамсалтай нь манайд шүүх засаглал зүгээр л улс төрчдийн шатрын өрөг дээрх хүү болж байгаа нь өдрөөс өдөрт тодорхой болсоор. Одоо бүр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа ч улс төрөөс шууд хамааралтай болж эхлэв. Хууль биш хувь хүний засаглаж тогтож эхлэж буйн бахархалт жишээ. Энэ тухай бид дараагийн нийтлэлээр дэлгэрэнгүй ярилцна.

Тэгш бус байдал, шударга бус байдал хоёр хосолвол за тэгээд Нобелийн шагналт эдийн засагч Паул Кригманы олонтаа хөнддөг 99:1 –ийн зарчим буюу 1 хувь нь 99 хувийн баялгийг, төрийн эрх мэдэлтэй нь хамт эзэмшдэг аймшигт нөхцөл уруу гулсан орж,  эдийн засаг, нийгмийн засч болохгүй хямрал, давхаргын ялгааг бий болгодог.  Ийм нөхцөл байдлаас улбаалж, дэлхийн олон улс орнуудад “Бид 99%”  гэсэн популист хөдөлгөөнүүд ихсэж, зарим газар нь бүр хувьсгал гарч байсныг түүх нотолдог.

Германд ард түмэн нь эхлээд улс төрчдөө тохуурхан шоолж инээсэн гэдэг. Энэ уур амьсгал манайд ч аль хэдийн бүрэлдэн бий болжээ. Үүнийг итгэл алдралын шат хэмээн нэрлэдэг. Харин дараагийн шатанд тохуурхал нь үзэн ядалтаар солигддог. Яг энэ үед Гитлер төрсөн байдаг. Мань хүн мудагтаа биш л дээ. Нийгмийн бухимдал л хувьсгалын тохироог бүрдүүлсэн хэрэг.

Манайд ч төрийн гурван өндөрлөгийн нэр хүнд эхний аравт багтахаа больж, голлох намуудын рейтинг жижиг намуудаасаа ялгагдахаа больж буй нь нийгэмд ямар их хэмжээний бухимдал хуримтлагдсаны шууд тусгал. Энэ юуг өгүүлнэ вэ?

Уг нь ийм үед улс төрчид тансаг хэрэглээгээ багасгаж иргэдтэйгээ аль болох ижил түвшинд очихыг эрмэлзэх, ашиг сонирхлын зөрчил дагуулсан худалдан авалтуудыг хязгаарлаж, дундаж давхаргаа хамгаалсан нэгдсэн бодлогын горимд шилжих ёстой болдог ч бид эсрэгээрээ АСЕМ-ын хэрэглээ ярьсаар. Олон улсын хурал зохион байгуулах нь зөв л дөө. Гол нь цаг үе, гаргаж буй төсөв нь өнөөдрийн нөхцөл байдалтай нийлж байна уу? гэдэг л асуудлын гол.

Энэ мэт нөхцөл байдлыг томоор харж, шийдэл гаргах нь улс төрчдийн тэр дундаа гүйцэтгэх засаглалын тэргүүний улс төрийн манлайллаас шууд хамаарах нь аксиом!

Эдийн засгийн өсөлт 1% гаран болж лугшилт нь судсанд тэмтрэгдэхгүй шахам болж, сэхээн амьдруулах тасагт шилжив.  Малчид нь малын зээл, залуус нь байрны зээл, ажилчид нь цалингийн зээл, аж ахуйн нэгжүүд нь өндөр хүүтэй бизнесийн зээлийн өмнө сөхөрч, иргэд граммаар наранцэцгийн тосоо худалдан авч байгаа энэ үед олон нийт таныг өмөөрөхгүй шүү дээ. Гагцхүү таниас аврал хайж, шийдэл хүлээж байгаа. Асуудлын гол нь поп одуудад биш, харин өнөөдрийн нөхцөл байдал гэдгийг олж хараач!    

Сүүлийн хэдэн хоногт поп гэдэг үгийг хамгийн поп болгож, төрийн өндөр сэнтийгээс тонгойж гишүүн бүртэй ам уралдан хэрэлдэж буй Ерөнхий сайд Та өөрөө ч өнгөрсөн 25 жилийн хамгийн алдартай поп оддын нэг гэдгээ битгий  мартаарай.

Та хэд маань бие биенийгээ попоор цололсоор явтал жинхэнэ урлагийн поп одод маань ажилгүй боллоо.

Одоо больё! Сувгаа сольё!

Л.ОЮУН-ЭРДЭНЭ