5

Ард түмнээс бүрдсэн, ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө төр засаг дэлхийгээс арчигдах ёсгүй!

Тэрхүү жил дахиад л өөр нэгэн сонгуулийн жил болж таарсан бөгөөд Линколн Вигчүүдийн өмнөөс сонгуульд өрсөлдлөө. Ингэхдээ тэрбээр хөл алдсан мужийн банкийг цааш нь нэг мөр түлхчихье хэмээн зорьж байгаа Жэймс Шийлдс хэмээх ирланд гаралтай ардчилсан намын гишүүнтэй тулахаар шийджээ. Америкт буй ирландчуудын хувьд Шийлдс Британийн дарангуйллаас зугтаж ирснийг нь төлөөлөх бараг үндэсний баатар байлаа. Шийлдс манай муж одоо цаасан мөнгө хэрэглэхээ болиод, гагцхүү алт, мөнгөн зоосоор л арилжаа хийдэг болох нь зүйтэй хэмээн тунхаглаж байв. Линколн харин, ингэх юм бол мужийнх нь эдийн засаг бараг хүй нэгдлийн үедээ эргэж очих болно гэдгийг зөв олж харсан бөгөөд Сангамо Журнал сэтгүүлдээ Рэбэкка хэмээх ганц бие бэлэвсэн эмэгтэйн нэрээр гэнэн хонгор санагдам захидлууд бичин Шийлдсийг элэглэж гарчээ.

Линколнд хайртайдаа, бас улс төрийн ажлыг нь дэмжих үүднээс яваандаа энэ захидлуудыг бичих ажлыг Мэри өөр нэг найзынхаа хамт хариуцан гүйцэтгэх болжээ. Ийнхүү Шийлдсийг хамтран элэглэх явцдаа Линколн, Мэри хоёр улам ч дотно болж байлаа. Эцэст нь Шийлдс уурсан бухимдан, энэ захидлуудыг бичсэн гэгч этгээдийг ирүүл тулаанд дуудаж байна гэхэд Линколн хариуцлагыг ганцаараа үүрэн өөрийгөө илчилжээ. Тэр намрын нэгэн өглөө хоёр өрсөлдөгч өөрсдийн дэмжигчдийг дагуулан гол гатлан, ирүүл тулааныг хуулиар хориглоогүй Миссүри мужийн нутаг руу оров. Очсоныхоо дараа, егөөдөх үүднээс тэр үү Линколн илдээр тулалдъя хэмээн санал тавьсан аж. Гэсэн ч эцэстээ тэр хоёр найз нөхдийн ятгалга энэ тэрний дунд бодлоо өөрчилсөн ба цуст тулаан хийхээ зогсоожээ. Ийм явдал болсонд Линколн ичсэн ч гэсэн, өөрийг нь илчлэлгүй хамгаалан, бүх хариуцлагыг өөртөө үүрэн цуст тулаан хүртэл хийх гэж байснаас тэрүү Мэрид бүр ч таалагдан, биширчээ.

Улс төр амьдралынх нь гол спорт болж хувирсан Линколн сонгуулийн өрсөлдөөнт тэр жил Мэрид нэгэн сонин бэлэг өгсөн нь өнгөрсөн гурван удаагийн мужийн сонгуулийн үр дүнгийн жагсаалт байлаа! Мэри үүнийг өгсөн байдлаар нь нандигнан хадгалан ягаан туузанд ороожээ. Шийлдстэй сонгуульд өрсөлдсөнөөс зургаан долоо хоногийн дараа, хүйтэн бороотой өдөр Мэри Тодд, Абрахам Линколн хоёр хадам ах Нинион Эдвардсынх нь гэрт хуримаа хийв. Мэри тэгэхэд хорин гуравтай, жижигхэн биетэй ч дүрэлзсэн нэгэн байлаа. Гэхдээ олон найз нь энэ гэрлэлт жинхэнээсээ юу гэдэгт эргэлзэж байлаа. Мэригийн авга Жон Тодд Стюарт “Линколн Мэритэй гэрлэсэн нь нөлөөтэй Вигчүүдийн хүрээлэлд орж ирэх гэсэн улс төрийн хожоо харсан нүүдэл” юм биш байгаа гэж эргэлзэж байв. Линколны “бэргэн” эрэгтэй нь “Линколн яг л алуулах гэж байгаа юм шиг царайтай байсан” гэж дурсдаг. Хуульч Билли Хэрндон харин “хүндэтгээгүй мэт байдал харуулахгүйн тулд л Линколн өөрийгөө золиослосон юм” хэмээн тайлбарладаг. Сонирхолтой нь, өөрөөсөө дээгүүр зиндааны эмэгтэйтэй гэрлэсэн ядуу залуусын нэгэн адилаар Линколн хуримандаа өөрийн талынхнаас хэнийг нь ч уриагүй ажээ.

Хуримлаж байх үеэрээ сүйт залуу Конгрессын 7-р тойргийн өрсөлдөөнийг санаанаасаа гаргаж чадахгүй байлаа. Харин сүйт бүсгүй нь нөхрийнхөө авьяас чадварт гүнээ итгэдэг бөгөөд түүгээрээ бахархдаг байлаа. Хэдийгээр шинэхэн хосууд Глоб дэн буудлын хөлсний өрөөнөөс амьдралаа эхэлсэн ч Логантай үргэлжлүүлсэн хуулийн товчоо нь цааш цэцэглэсэн бөгөөд энэ зуур нэлээд хэдэн бизнесийн газар дампуурсан нь ч тэр хоёрын товчоонд ач тусаа өгчээ. Зээлээ төлж чадалгүй хураалгасан байшингуудыг Жошуа Спийд худалдаж авч байсан ба холбогдох бичиг цаасны асуудлыг нь Линколны хуулийн товчоогоор хийлгэж байлаа.

Хуримласан анхны өвлийнхөө дараагаас Линколн дахин тойргийнхоо хуульчидтай замд гарсан бөгөөд зам зуур ирсэн хэргүүдээс авч байв. Энэ зуур, Мэри харин уйтгарлан залхаж байсан бөгөөд нийтийн хоолны газар хоол идэх нь түүний хувьд доошоо орсон зүйл байлаа. Энэ үед гэхдээ тэр жирэмсэн болсон нь тодорхой байсан бөгөөд жирэмсний хордлогынхоо ихэнх хугацааг Линколны хамт хөдөөгийн буурчийн газруудад өнгөрөөн ерөнхийлөгчөөр Харрисоныг дэмжин сонгуультал нөгөөх нь нас барсан эмгэнэлт явдлаас болоод дэд ерөнхийлөгч, эсрэг намын Жон Тайлэр ерөнхийлөгч болсон ба Линколны дургүйцдэг бүхий л хуучинсаг бодлого, банкны эсрэг үзэл, тарифын эсрэг бодлого, Өмнөдийнхнийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх болсон талаар Виг намын хуульчидтай нь хөөрөлдөцгөөж байлаа.

1843 оны намар тойргийн шүүхээс буцаж ирсний дараахан Линколны ууган хүү Робэрт Тодд Линколн төрөв. Ийнхүү Линколны эцэг болох ээлж ирсэн ба хүү нь гаднах төрхөөрөө ээжийнхээ талынхныг дуурайгаад зогсохгүй ааваасаа жаахан хүйтэн хөндий болж өссөн юм. Удалгүй тэднийх Глоб дэн буудлаас гаран, Форт гудамд байшин хөлсөлсөн бөгөөд дараахан Линколн мянга хоёр зуун доллараар Эйч энд Жэксонд мансардтай нэг давхар байшин худалдаж авсандаа ерөнхийлөгч болтлоо амьдарчээ.

Тухайн цаг үетэй нь харьцуулах юм бол Линколн хүүхдүүддээ илүү элгэмсүү эцэг байсан юм, Робэртод хүртэл. Хожим Хэрндон Робэртын талаар “Линколны биш харин хадмынх нь хүү” гэж муулсан юм. Гэсэн ч Линколнд гэр ахуйн шаахар ажлаас зайлсхийн холдох гэвэл тойргийн шүүх явах сонголт байсан бол Мэрид тийм байгаагүй. Мэри ч бас дураараа байсан л даа. Гэхдээ өөр утгаар. Заримдаа тэр тэсэрдэг байлаа. Гэр орны ажил заримдаа түүнийг биеэ барьж чадахгүй болгодог байлаа. Тэрээр өөр орлогогүй, ганцхан гэрийн үйлчлэгчтэй залуухан хуульчийн эхнэр болсон бөгөөд нөхөр нь мэдээж ганц ч боолгүй байсан нь түүнийг цочирдуулахын зэрэгцээ гэрийн ажлаа дийлэхгүйд хүргэжээ. Ядуурч дампуурах вий гэсэн айдас түүнд төрсөн ба түүнийг насан туршид нь дагалдсан. Энэ түүний мөнгөнд хэт хэмнэлттэй байдал юм уу хааяадаа илэрдэг гэнэтийн тансаглалаас (хувцас, тавилганы тухайд) илэрдэг байв. Түүний ааш занг урьдчилан таахын аргагүй. Тоддын удмынхан угаасаа тийм л дээ. Хөршүүд нь заримдаа тэднийхээс хашгичих чимээ, гэр орны хэрүүл, түжигнэлдэхийг сонсдог байлаа. Тийм үед Линколны аргадангуй дуу бас сонсогдоно. Илүү уян наалинхай үедээ Линколн эхнэрээ “Жаахан эхнэр минь, Молли минь” гэж дуудна. Гэхдээ эхнэрээ аргалах гол арга нь түүнээс холдон гадуур гарах юм уу ажил дээрээ очих арга гэдгийг тэр олж мэджээ. Линколны нэгэн найз эхнэрийнх нь талаар “эм-шулам” хэмээж байв. “Адсага шиг ааш зангаараа тэр энэ сайн хүнийг зовоож байна”.

Хол хөндий, хайнга байдал нь Мэригийн цухлыг бардаг бөгөөд Мэри ч түүнд ажилдаа төдийлөн амжилт гаргахгүй байгаа талаар нь хангалттай үглэж байсан нь тодорхой. Нэгэн найздаа тэрээр “Хэрвээ Линколн гуай үхэх юм бол би лав яасан ч боолгүй мужид амьдрахгүй” гэж хэлж байв. Линколн жилийн хагасыг нь тойргийн шүүх даган аян замд өнгөрүүлсэн хэвээр байсан тул Мэри ихэнхдээ ганцаараа үлдэн, үр хүүхэддээ анхаарал тавихын сацуу тэднийхээ төлөө, зарим хүний хэлсэнчлэн үхтлээ санаа зовнин суудаг байжээ.

Өөрийн гэсэн тусдаа байшинтай болсноосоо хойш хэдийгээр боол байхгүй гэж үглэдэг ч гэсэн Мэри гэрийнхээ ажлыг өөрөө хийнэ гэж шулуудсан юм. Энэ зуур харин түүний эгч Элизабэт Эдвардс нь ирланд гаралтай хоёр зарцтай бас тэгээд Кэнтаккид буй эцгээс нь явуулсан хоёр боолтой байлаа. (тэр хоёр нь эрх чөлөөт үү, эрх чөлөөгүй боол байсан уу гэдэг нь өдгөө тодорхойгүй) Заримдаа Мэри өөрт нь сайн, тусалдаг хүмүүсийг хүртэл аашаараа цааш түлхэж байв. Нэг зарц нь “түүнтэй байх үе хамгийн хэцүү байсан” гэсэн юм. Зарц нар нь заримдаа түүний орон гаранд итгэж ядна. Ганц хоёрхон минутын өмнө чарлан, хашгичиж байснаа хэдхэн мөчийн дараа асар өгөөмөр зан гаргана.

Зарц нараас хамгийн удсан нь Катэрин Гордон хэмээх ирланд эмэгтэй байсан атал түүний талаар Мэри дагавар эгч Эмилидээ “Кэнтаккийнхан та нар эдгээр “зэрлэг ирландуудтай” ажиллахаас өөр аргагүй байсан бол та нар дараагийн сонгуулиар Филлморыг гаргах байсан” хэмээн бичиж байв. Миллард Филлмор нь Үл-Мэдэхчүүдийн бүлгийн толгойлогч бөгөөд ирландууд болон үнэн алдартны шашинтнуудад асар дургүй нэгэн ажээ. Линколны тухайд гэвэл, ирланд цагаачдыг доромжилж, гоочлох нь Вигчүүдийн хувьд бараг моод байсан ч гэсэн тойрог дахь гол дэмжигчид нь ирландууд байсан болохоор Линколн энэ тал дээр бусдыгаа дуурайдаггүй байв…


15



Намаасаа нэр дэвшсэн ч Линколны дахин сонгогдож чадах эсэх бас бүрхэг л байлаа. Умард нутгийн нэр нөлөөтэй хүмүүс дайнаас залхсан бөгөөд Өмнөдийнхөнтэй хэлхээ холбоо тогтоохоор яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн ажээ. Дайнаас болон ямар их хохирол, алдагдал учирсан, энэ бүхнийг дуусгах гэж хүсч байгаа талаарх хүмүүсийн хүслийг илтгэн Энэ харгис дайн дуусахаар, Хуарангийн хуучин газраа хоноглоход, Ээжид минь зөөлөн дамжуулаарай, Дайн дуусаасай гэх зэрэг дуунуудыг Хойд нутаг даяар эгч дүүс, эмэгтэйчүүд, эхнэрүүд төгөлдөр хууран дээрээ тоглож байлаа. Линколны улаан дэмжигч Нью Йорк Трибун сонины Хорэйс Грийли хүртэл төвийг сахисан Канадын Ниагара хүрхрээний тэнд Холбооны Улсын төлөөлөгчидтэй энхийн хэлэлцээр хийж байв. Тэрбээр Нэгдсэн Улсын талаар “манай цус алдаж буй, дампуурсан, бараг мөхөж буй улс” хэмээн ярьж байлаа. Нью Йорк Таймс сонины Хэнри Рэймонд Линколноос энхийн хэлэлцээр эхлүүлээч хэмээн гуйж байв. Өмнөдийнхөн болохоор боолоо хадгалсан чигтээ тусгаар тогтнож чадна гэж итгэсэн хэвээр байсан ба үгүй ядаж, боол хадгалах эрхтэйгээ Нэгдсэн Улсад нэгдэж болно биз хэмээн бодсон хэвээр байлаа. Боолоо хадгалсан чигтээ нэгдэж болох юм гэсэн яриа явж байгаа талаар Линколны чихэнд хүрэхэд тэрбээр ийм зүйлийг огтхон ч хүлээж авахгүй гэдгээ эрс шулуун хэлсэн юм. “Порт Хадсонд тулалдаж буй хар арьст эрчүүдийг буцааж боол болгох тухай санал надад зарим хүн хэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрснөөс мөнхөд хараалгуулсан минь дээр”.

Зун наашлах хэрээр Грант Ричмондын өмнөд талд байдаг Петерсбургийг эзлэх замаар Өмнөдийн нийслэлийг бүслэлтэнд оруулах гэж оролдов. Гэсэн ч Лий амжиж хүрч ирэн Аппоматокс гол хавиас Хатчэр хүртэл хорин миль урт бэхлэлт ухан Ричмондыг, эргэн тойрны төмөр замтай нь хамгаалав. Энэхүү урт окопыг зарим түүхчид ХХ зууны окопны байлдааны эх байсан гэж ярьдаг. Грант үүний хариуд эсрэгцүүлэн окоп ухан тавихгүй зууралдан байлдах болно гэдгийг Линколн мэдэж байлаа. Гэсэн ч Петерсбургийг бүсэлсэн нь армид төдий л нааштай үр дүн өгөхгүй байв. Өдөр болгон цэргүүд үхэж, шархтаж байв. Тэр зун Робэрт Харвардын Их сургуулийг төгссөн ба гэртээ ирэн, цэрэгт явъя гэж шийдсэнээ ээждээ дуулгахад ээж нь явахыг нь хориглосон бол аав нь ээжийг нь дэмжив. Эцэстээ Линколн Робэртыг Грантын штаб руу илгээхээр Гранттай тохиролцжээ.

Зургадугаар сарын сүүлээр ерөнхийлөгчид Чэйзийг кабинетаасаа зайлуулах шаанс гарав. Линколн Чэйзийн томилсон Сангийн яамны томилгоог эсэргүүцсэн бөгөөд үүнд шаралхсан Чэйз халагдах өргөдлөө Линколнд өгсөнд Линколн түүнийг нь хүлээгээд авчихав. Дрэд Скотын шийдвэрийг боловсруулсан дээд шүүхийн тэргүүн шүүгч хөгшин Рожэр Танэй нас барсан тул Линколн Чэйзийг эцэстээ дээд шүүхэд томилжээ. Энэ нь ухаалаг шийд болсон юм. Чэйз тэнд Линколны засгийн газрын шинэчлэлийг үндсэн хуулийн талаас дэмжинэ гэдгийг Линколн баттай мэдэж байлаа.

Ялалт ар араасаа ирсэн ч хохирол их гарсан тэр зун Чэйзийг Линколн халсан, бүтээн байгуулалтыг хэрхэн хийх, дайны дараа Өмнөдтэй хэрхэн харилцах зэрэг асуудлаар Конгресс дахь бүгд-найрамдахчууд дотроо хуваагдав. Тэгэх зуур Жүбал Өрлигээр удирдуулсан Холбооны Улсын явуулын хүчин Харпэрс Фэрриг эзэлсэн бөгөөд Вашингтон, Балтимор руу довтлохоор Потомак голыг гаталсан мэдээ ирсэн нь Линколны сонгуульд сөрөг цохилт болж болохоор байлаа. Өрли Вашингтон руу явсан цахилгаан холбооны шугамуудыг тасласан бөгөөд Цэргийн Ордноос ердөө хоёрхон миль зайд хүрч ирэв. Линколн Форт Стивэнс бэхлэлт рүү очин дээвэр дээрх сараалжны цаанаас Нэгдсэн Улсын цэргүүд хэрхэн хотын зах руу довтолгон Өрлигийн цэргүүдийг тариалангийн талбай, усан үзмийн талбай руу шахан байлдаж эхлэхийг харав. Мэргэн буучид Линколны зогсож буй дээврийн тавцан руу буудаж эхэлсэн бөгөөд Линколны хажууханд цэргүүд үхэтхийн унаж байлаа.

Өрлиг хэдийгээр түрэн хойш ухраасан ч чухам энэ мэт асуудлаас болоод Линколн Форт Монро бэхлэлтэнд байгаа Грант руу айлчлахаас аргагүй болов. Өрли мэтийн юмнуудыг яахаараа нийслэл рүү ийм ойрхон иртэл алдчихдаг байна аа? Грант Фил Шэридан гэдэг морьт цэргийн генералдаа даалгавар өгөн Шэнандоагийн хөндий рүү довтолгон Өрлигийн армийг үлдэн хөөх үүрэг өгсөн бөгөөд Шэридан ч үүнийг нэр төртэйгээр ёсчлон биелүүлжээ.

Тэгтэл зориуд тэгж байгаа юм шиг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Линколнд дургүйцэх хувийн шалтгаантай, бас тэгээд боолуудад эрх чөлөө олгохыг эсэргүүцэгч, Жэффэрсон Дэвистэй энхийн гэрээ байгуулахыг дэмжигч МакКлэллан болж болзошгүй нөхцөл байдал үүсэв. Гэсэн ч зун ирэхийн хэрээр санаанд ч ороогүй байсан гэнэтийн ялалтууд ирэв. Шэрман Атлантаг эзэлж, Шэрдан бээр Өрлиг гурван тулалдаан дараалан ялав.

Хэдхэн долоо хоногийн өмнө тэгж санагдахгүй байсан бол одоо харин дайн дуусах гэж байгаа нь илүү тодорхой болж ирлээ. Атланта унасан нь МакКлэлланы хөл доорх нүх болж хувирав. Түүнчлэн урт удаан хугацааны аян дайнаасаа чөлөөгөөр ирсэн хороо хороо цэргүүдэд Линколн гялалзсан илтгэл тавьж байсан нь ч үүнд нөлөөлсөн. Тийнхүү огтхон ч дургүйцэх зүйлгүйгээр Хойд нутгийнхан эцэг Линколныг дахин сонгохоор бэлтгэж эхлэв. Тэгж байтал аравдугаар сарын 19-нд генерал Шэридан Сидар Крийк голын тэнд Өрлиг дахин сайн болгож тавин сонгуульд хувь нэмрээ оруулав.

НЭПКО хэвлэлийн газар