Дөрөв. Цэдэнбал, Дамба нарын зөрчил

Дамба намын тэргүүн болмогц Зөвлөлтөд хэрэгжүүлж буй хамтын удирдлагын зарчмыг Монголд мөн хэрэгжүүлж, намын амьдралыг ардчилах, зарим хэлмэгдлийн хэргийг шалгаж, гэм буруугүй хүмүүсийг цагаатгах ажлыг хийж эхэллээ. Энэ нь Монголын нэгдүгээр хүн болчихсон гэж бодож буй Ю.Цэдэнбалд таалагдсангүй. 

1954 онд хуралдсан Намын XII Их хуралд бэлтгэхдээ Дамба хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний төслийг орон даяар хэлэлцүүлэх ажил зохион байгууллаа. Ингэснээр намын гишүүд, иргэдийн идэвх санаачилга сэргэнэ гэж тэрээр үзэж байсан бөгөөд үнэхээр ч ард иргэд энэ санаачилгыг нааштайгаар хүлээн авчээ. Орон даяар болсон хурлуудаар хүмүүс таван жилийн төлөвлөгөөний талаар чамгүй чухал саналууд олныг хэлжээ. Намын их хурал хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, “социализмыг дэлгэрэнгүй байгуулах эд материалын ба соёлын урьдчилсан нөхцөлийг хангах зорилт дэвшүүлэн тавилаа. Их хуралд Дамба намын дүрмийн өөрчлөлтийн талаар илтгэл тавьсан бөгөөд намын амьдралыг ардчилах чухал өөрчлөлтүүдийг тусгажээ. Ардчилал бол сахилга, хариуцлага гэсэн зарчмыг баримтлан оруулсан энэ өөрчлөлтүүд сүүлдээ аажмаар замхран алга болсон билээ. Их хурлаар Д.Дамбыг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгожээ.

Нэн даруй Дамба Намын Төв Хорооны товчооны хурлаар “Порт-Артурын хэрэг” гэгчийг судлан шалгах комиссыг байгуулсан тогтоол гаргуулан авчээ. 1947 онд ДЯЯ-ны орос сургагч Б.Заботин Гоминданы тагнуул Чойбалсанг алах даалгавартайгаар ирсэн бүлэг хятад хүмүүс байна гэсэн мэдээллийг үндэслэн 1947-1949 онуудад 80 гаруй хүнийг баривчилж, хилс хэрэг хүлээлгэсэн билээ. 1955 оны тавдугаар сард Улс төрийн Товчоо энэ хэргийг шалгасан комиссын дүгнэлтийг хэлэлцэж, хилсээр шийтгэгдсэн хүмүүсийг суллан тавих, хууль ёсыг бүдүүлгээр зөрчсөн ДЯЯ-ны холбогдох ажилтнуудад хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ. Үүнээс улбаалан, ДЯЯ-ны дэргэд түүний ажлыг хянан шалгах тусгай комиссыг татан буулгаж, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд цагаатгалын ажлын комисс болгожээ. Ингэж Сталиныг тахин шүтэж байсан явдлыг шүүмжилсэн ЗХУКН-ын ХХ их хурлаас өмнө Монголд цагаатгалын ажил эхлэв.

Энэ тухай Намын Хянан шалгах комиссын дарга Т.Гэндэнгийн номд Б.Ширэндэвийн комиссын тухай:

Бид чинь маршал Чойбалсантай хамт ажиллаж байсан улс. Тийм болохоор манай комиссынхон Чойбалсангийн алдаа завхралыг шалгаж чадахгүй юм билээ. Зарим нь зориг гаргахад маршалын бүр дэргэд нь ажиллаж хишгийг нь хүртэж явсан хүмүүсээс тийм зориг гарахгүй юм байдаг шүү. Дотоод яамыг шалгана гэдэг нь Чойбалсанг шалгах хэрэг бололтой юм билээ. Ингээд нь манай комисс ажлаа зогсоосон. Би Цэдэнбалд хэлсэн. Цэдэнбал комиссын ажлыг зогсоохыг олзуурхан сайн дэмжсэн. Харин Д.Дамба нэлээн зоригтой шалгалтыг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж үзэж байсан хэмээн 1956 онд онд ажилласан комиссын нэг удирдагч Ц.Дүгэрсүрэн ярьсан. Тэр цааш нь ярихдаа танай комисст Чойбалсантай хамт ажиллаж байсан хүн байхгүй юм. Тэгэхээр та нар шалгаж байгаа асуудалд шударга хандах болоцоотой юм гэж 1961 онд ярьж байсан байх юм.

гэж бичсэн байна.[1]

Цэдэнбал бухимдаж эхлэв. Юуны өмнө “Порт-Артурын хэрэг” гээчид тэр оролцоотой байсан бөгөөд Дамбыг өөрийг нь ухаж, төнхөх гэж санаатайгаар ийм ажил санаачлаад байна гэж тэрбээр хардаж эхэлжээ. 1942 онд Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны нууц тогтоолоор хэрэг хүлээлгэхийн тулд сэжигтнийг зодож, занчихыг зөвшөөрсөн байсан бөгөөд энэ тогтоолд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нар гарын үсэг зурчихсан байлаа. Улс төрийн Товчооны хурлаар энэ тогтоолыг хүчингүй болгосон байна. Энэ бүхэн аажмаар улс төрийн хэлмэгдүүлэлтэд Ю.Цэдэнбал холбоотой байжээ гэсэн сэдэв гаргаж ирэх Дамбын далд явууллага байна хэмээн Цэдэнбал хардаж байлаа. 1955 онд хуралдсан бүгд хуралд Дамбын оруулах гэж байсан илтгэлийг Цэдэнбал хянаж, нэлээдгүй зүйлийг хасжээ.[2]

1956 оны дөрөвдүгээр сард ЗХУКН-ын ХХ их хурал хуралдлаа. Энэ их хуралд Дамба, Цэдэнбал, Төмөр-Очир нар МАХН-ын төлөөлөгчөөр очжээ. Харин энэ их хурлын үеэр угаас жаахан таагүй болчихоод байсан Монголын хоёр удирдагчийн харилцааг гүнээ сэвтүүлэх үйл явдлууд өрнөлөө. 

Сталин, Чойбалсан нарын үед ЗХУ-д ч, БНМАУ-д ч Ерөнхий сайд улсын нэгдүгээр хүн байлаа. Хэдийгээр албан ёсны төрийн тэргүүн нь ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга Калинин, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Бумцэнд нар байсан боловч тэд ёслолын чанартай арга хэмжээнд оролцдог, үнэн чанартаа бодит эрх мэдэлгүй хүмүүс байсан юм. Улсын хоёрдугаар хүн нь намын тэргүүн байсан бөгөөд харин улсын нэгдүгээр хүн болох Сталин ч, Чойбалсан ч Намын Төв Хороог тэргүүлж байсангүй.

Харин Сталиныг нас барсны дараа Зөвлөлтийн удирдлагад хамтын удирдлагын зарчим хэсэгтээ тогтсон билээ. Намыг Хрущёв тэргүүлж, Засгийн газрыг Маленков удирдах болжээ. Монголд ч, гадаадад ч үүнээс үүдэн Сталины залгамжлагч нь Маленков юм байна гэсэн ташаа ойлголт бий болсон байна. Хрущёвт энэ байдал таалагдсангүй. Зөөлөн зантай, буумтгай Маленковыг тэрээр элдвээр шахаж, дарамталсаар 1957 онд Сайд нарын Зөвлөлийн даргаас нь огцруулж, оронд нь Булганиныг томиллоо. Ингэж Хрущёв хэн нь Зөвлөлтөд эзэн бэ гэдгээ хатуу нотоллоо. Тэгээд ч зогссонгүй намын дарга нь нэгдүгээр хүн байна гэдэг зарчмыг тунхаглан хэрэгжүүлж эхлэв.

Цэдэнбалын хувьд энэ нь гайхалтай эргэлт болов. Чойбалсангийн оронд Ерөнхий сайд болсон тэрээр өөрийгөө Монголын нэгдүгээр хүн болсон гэж бодож байтал байдал санаснаас өөрөөр эргэж, намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамба нэгдүгээр хүн болж, Монгол Хрущёв болж таарах нь тэр. 

1956 онд Дамба, Цэдэнбал нар ЗХУКН-ын ХХ их хуралд оролцохоор ЗХУ-д айлчлах үеэр энэ эрэмбийн асуудал үүсчээ. Үнэн сонинд нийтлэгдсэн албан ёсны мэдээнд: “...МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн Д.Дамба, Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны гишүүн Д.Төмөр-Очир нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг ЗХУКН-ын XX их хуралд оролцуулахаар томилов” гэжээ. Манай хэвлэл мэдээлэлд хурлын явц болон төлөөлөгчдийн тэргүүнийг огт дурдсангүй. Энэ нь зарим нэг учир шалтгаантай. Тухайлбал, юуны өмнө, Зөвлөлтийн тал гадаадын төлөөлөгчдийг Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар тэргүүлнэ гэж үзсэнээр тэр үеийн нам, төрийн удирдлага балмагдсан бололтой. Яг тухайн тэр үе хүртэл манайд улс орны нэгдүгээр хүн Ерөнхий сайд байсантай холбогдон нэг талаас Д.Дамба цочирдож, би төлөөлөгчдийн тэргүүн байх ёстой гэж хэлж зүрхлээгүй, нөгөө талаас, Ю.Цэдэнбал ч түүнийг төлөөлөгчдийн тэргүүн болгох санал гаргахыг хүсээгүй бололтой. Их Хурал дээр МАХН-ыг төлөөлж Ю.Цэдэнбал үг хэлсэн. Харин Д.Дамбыг төлөөлөгчдийн тэргүүн гэсэн утгаар Н.С.Хрущёв тусад нь хүлээн авч уулзсан байна.

Энэ тухай Дамбын хүү Сүхболд ярихдаа: 

Онгоц нисэж явахад нэг цахилгаан мэдээ ирсэн гэдэг. “МАХН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг намын нэгдүгээр хүн ахална” гэсэн ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хрущёвын шийдвэр байжээ. Тэгээд аав, Цэдэнбал хоёр онгоцон дотор суудлаа сольж сууж. Онгоцноос Дамба эхэлж бууна. Хрущёвтай Дамба тэврэлдэнэ. Задгай машинд Дамба сууна гээд бүх юм 180 хэм эргэх биз дээ. Энэ явдал залуу Цэдэнбалын цөсийг дэлсүүлсэн. Энэ үед аавын орчуулагчаар Төмөр-Очир гуай явж байсан юм билээ гэсэн байна. 



[1]Т.Гэндэн. Гурван түмэн хүний амь. Улаанбаатар. 1999. хуудас 174.
[2]С.Баатар. Эх орончид ба Цэдэнбал. Улаанбаатар. 2005. хуудас 21.

НЭПКО хэвлэлийн газар