Шинжлэх ухаан, техникийн ололт амжилтын охиор шинэчлэгдэж ирсэн, харилцаа холбооны гайхамшигт хэрэгсэл болох гар утас бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлмөрийн бүтээмжийг улам өсгөх болов.

Гар утсаараа интернэттэй холбогдсон цагаас эхлээд хүмүүний ажиллах, нийгэмших, мэдээлэл бүтээх ба хуваалцах болон дэлхий даяар хүмүүс, эд бараа, мэдлэгийн урсгалыг зохион байгуулахад хувьсгалт өөрчлөлт гарч байна. Гэхдээ хүн төрөлхтөн энэхүү хувьсгалт өөрчлөлт, шилжилтийн цар хэмжээг бүхэлд нь харж чадахгүй, бүрэн ойлгохгүй байгаа учраас дутуу үнэлсээр сууна.

Эдүгээ хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн тавны нэгийг интернэт бүрдүүлж байна. Олон зуун сая хэрэглэгч фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн харилцааны төрөл бүрийн хэрэгслийг ашиглан, өөрийн мэдээллээ тогтмол шинэчилж, компаниуд маркетингаа хийх өгөөжтэй суваг болгоод буй.

Гар утас хувь хүний амин чухал хэрэгцээ нэгэнт болжээ. Бостоны группийн явуулсан судалгаагаар гар утсаа авч үлдэхийн тулд оросуудын 80 хувь нь согтууруулах ундаанаас, япончуудын 86 хувь нь шоколаднаас, индонезуудын 76 хувь нь түгшүүрт орохоос, америкчуудын (АНУ) 84 хувь нь хиймэл дагуулын замын хөтчөөсөө, хятадуудын 85 хувь нь кофе уухаас, францчуудын 86 хувь нь түргэн хоолны газар орохоосоо, япончуудын 60 хувь нь биеийн тамирын дасгал хийхээсээ, солонгосчуудын 43 хувь машинаасаа, япончуудын 56 хувь нь секс хийхээсээ татгалзах гэнэ.

Ухаалаг гар утасны нэвтрэлт (penetration) буюу хүн амын хэдэн хувь нь үүнийг идэвхтэй хэрэглэж буйгаар тухайн улсын эдийн засгийн өсөлтийн боломж, зах зээлийн чадавхийг дэлхий даяар тооцох боллоо.

“Хэрэглэгчийн барометр 2015” гэдэг судалгаагаар хамгийн их хэрэглэдэг арван орныг Арабын нэгдсэн Эмират улс 91 хувиар тэргүүлж, Сингапур 88 хувиар удаалан, Саудын Араб 88, Швед болон Өмнөд Солонгос 83, Испани 80, Норвеги болон Хонг Конг 79, Тайвань 78, Австрали 77 хувиар тус тус дараалжээ.
ҮҮРЭН ЭДИЙН ЗАСАГ

Үүрэн холбооны салбар нь бусдадаа олгож буй боломжоороо ч улс орон бүрийн эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг болсон учир дэлхий даяар “үүрэн эдийн засаг” гэх нэр томьёог ч ашиглаж эхлэв.

Энэ салбар нь шууд (салбарын өөрийнх нь хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал, нийт борлуулалт) буюу шууд бусаар (бусад салбар үүрэн технологийг ашиглан хийсэн бараа, үйлчилгээ, аппликэшн, агуулга, сурталчилгаа гэх мэт эргэлт) 2013 онд дэлхийн нийт эдийн засгийн 3.4 хувь болсон нь 2.4 их наяд доллартай тэнцэж байна.

Үүрэн салбарын холболт, хэрэглэгч болон дата урсгалын тоо огцом нэмэгдсээр буй нь улс орон бүрийн нийгэм, эдийн засгийн дэвшилд чухал нөлөө үзүүлж байна. Олон салбар бараа, үйлчилгээний танилцуулга, сурталчилгаа, борлуулалтаа цахим хэлбэрт шилжүүлж, зардлаа хэмнэн, хэрэглэгчид шинэлэг мэдрэмж өгч чадсанаар ашиг орлого нь эрс нэмэгдэх боллоо.

Дэлхийн банкны судалгаагаар багаас дунд орлоготой, хөгжиж буй орнуудад ухаалаг гар утасны хэрэглээ 10 хувиар нэмэгдэхэд эдийн засаг нь 1.4 хувиар өсөж байгааг тогтоожээ.

МОНГОЛЫН ХЭРЭГЛЭЭ БА ХЯЗГААР

Харилцаа холбооны зохицуулах хорооны (ХХЗХ) 2014 оны тайлангаар Монгол Улсад гар утсаа идэвхтэй буюу сүүлийн зургаан сарын турш ашиглаж буй хэрэглэгчдийн тоо 3.0 саяд хүрсэн нь тухайн оны хүн амын тоог (2.999 сая) давсанаас гадна өмнөх оноосоо 48 хувиар өсчээ.

Харин нийт гар утас эзэмшигчийн 1.6 сая нь ухаалаг гар утас хэрэглэж, түүгээрээ интернэттэй холбогдож буй аж. Энэ нь Монгол Улсын ухаалаг гар утасны хэрэглээ нь 55 хувь буюу АНУ-тай (57) бараг зэрэгцэн очсоныг харуулж байна. Манай улсын гар утас идэвхтэй хэрэглэгчийн 40 хувь нь “Мобиком”, 32 хувь нь “Юнител”, 16 хувь нь “Скайтел”, 12 хувь нь “Жи-мобайл” зэрэг оператор компаниудаар үйлчлүүлж буй аж.

Монголын нийт хэрэглэгчийн 88 хувь нь урьдчилан төлж, 12 хувь нь дараа төлбөрт тооцоогоор гар утасны үйлчилгээ авч байгаа нь манай улс хөгжиж буй, бага орлоготой орон төдийгүй харилцаа холбооны үнэ тариф хүн амын худалдах чадвартай харьцуулахад илт өндөр болохыг харуулж байна.

Үнэ харьцангуй өндөр байгаа нь Монгол Улсад үүрэн эдийн засгийг хөгжүүлэхэд хязгаарлагдмал буюу хэрэглэгч дүрс, датаг интернэтээс татахад учир дутагдалтай байна гэсэн үг. Манайх шиг том газар нутагтай, хүн ам цөөн оронд мэдээлэл холбооны сүлжээний тархалт өндөр зардалтай ч, онцгой чухал үүрэгтэй.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын бүх нутаг дэвсгэр даяар байршуулсан харилцаа холбооны дамжуулах сүлжээний шилэн кабелийн нийт урт нь 34 мянган км бөгөөд түүний тал нь төрийн өмчийн МХС, 7.3 км нь “Мобиком”, 6.9 нь “Скайтел”, 1.4 нь “Рейлком”, 1.2 нь “Жемнэт” зэрэг компанид харьяалагдаж байна. Оператор компаниуд орон даяар үйлчилгээгээ хүргэхийн тулд өөрийн сүлжээ байхгүй газар бусдаасаа суваг түрээслэн авахад өндөр төлбөртэй тул Монголын сумуудын интернэтийн хураамжийн үнэ огцом ялгаатай нь үүрэн эдийн засаг бүрэлдэн тогтоход хязгаарлалт болж байгаа юм.

Монголын төр засгийн зохицуулалт нь үүрэн холбооны салбарт технологийн дэвшлийг түргэн шуурхай нэвтрүүлэх, үнийн чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлэхийг дэмжсэн байхыг хөгжлийн хурд шаардаж байна. Дэлхийн улс орнууд холболтын шинэ үеийн 5G буюу 5 дугаар үеийг нэвтрүүлэх тухай ярьж байхад Монгол Улсад 4G-r нэвтрүүлэх зөвшөөрлийг нь олгох эсэхээ ХХЗХ нь шийдэж өгөхгүй, дэвшил хөгжлийг хазаарлан барьсаар хэдэн жил дүмбийлээ.

Үүрэн холбооны шинэ үеийн технологи нэвтрүүлснээр хэрэглэгчид олон талын ашигтай. Шинэ үйлчилгээг хүргэхийн тулд бүх оператор шинэ түвшинд хамтран ажиллах шаардлагатай болж буй юм.

Монгол Улсад үүрэн эдийн засгийг бий болгох, хэрэглэгчид өргөн хүрээнд цахим үйлчилгээ авахын тулд хэрэглэгчийн цахим үнэмлэхийг ухаалаг утасны дугаартай нь холбосон, операторууд нь SIM-ээр нь шууд баталгаажуулж чаддаг болох хэрэгтэй байна. Улмаар бүх төрлийн бараа, үйлчилгээг гар утсаараа худалдан авах цахим түрийвчийг нэвтрүүлэх, мөн бүх төрлийн цахим хэрэгслийг хооронд нь ухаалгаар холбосноор (intelligent network) хэрэглэгчийн амьдралын хэвшлийг баяжуулж, компаниудын бүтээмжид эергээр нөлөөлөх шаардлагатай байна. Ер нь гар утсыг (үүрэн хэрэгслийг) биет болон цахим ертөнцийг холбогч гол талбар (Interface) болгох үе иржээ.

Монгол Улсын цахим ирээдүй ч бас гэгээтэй байх учиртай.