Өглөө эртлэн өмнө зүгт гарсан явуулын улс бага үдийн хэрд нүцгэн тал дээр хөрс хуулж байгаа эксковаторуудтай таарав. Гурвансайхан сум хүртэл дахиад 100-гаад километр үлдсэн, харин бидний ирсэн зүгт ямар нэг сум суурин дайралдаагүй. Орон нутгийнхны хэлснээр энэ газраас бор шороо ачиж Гурван сайхан сумын төв рүү зөөж байгаа гэнэ. Сумын төвд зургаан га газар зүлэгжүүлэхээр хөрсийг нь эндээс ачиж байгаа аж. Хорин тоннын даацтай машинаар 169 удаагийн тээвэрлэлт хийж байж Гурвансайхан сум шинэ цэцэрлэгт хүрээлэн, зургаан га ногоон талбайтай болно. Өдөр өнжилгүй шороон угалз босч байдаг говийн ангамал хөрс, сумын төвийн сул шороон дээр энэ хэмжээний ногоон байгууламж бий болно гэдэг элсэн цөлд бэдэрч яваад гэнэт нэгэн баян бүрд дээр орчихсоноос ялгаа юун.

Их үдийн үед Гурвансайхан сумын төв ороход суурингийнхан бараг тэр чигээрээ шинэхэн тавьсан цардмал замын хоёр талаар эгнэж зогсоод, өнгө өнгийн бөмбөлөг, хадаг барьж, инээд алдан далласааар угтлаа. Эхэндээ жаахан гайхашрав. Хүүхэд байхад нийтээрээ тэмдэглэдэг байсан Майн баярын жагсаал санаанд орж, инээд хүрэх ч шиг.

Суурингийн төвийг дайруулан хоёр км гаруй урт цардмал замыг тавьж, зам дагуух тэмдэг тэмдэглэгээг хийж дуусаад одоо явган хүний гарц, гэрэлтүүлгийн ажлыг эхэлсэн байв. Түрүүн хэлсэн зургаан га талбайн нэгээхэн хэсгийг зүлэгжүүлэх ажил эхэлж, тойруулан нялх улиас суулгасан байлаа. Сумын төвийг уртааш нь огтолсон цардмал замаас хойшхи айлуудын хуучин банзан хашааг буулгаж, блокоор өндөрлөсөн хайсан хашаануудыг барьж эхэлжээ. Энэ хэсэгт инженерийн шугам сүлжээ буюу цэвэр бохир, дулааны шугамыг тавьж эхэлсэн байна. Гудамж уруудуулан тавьсан төв шугамыг НҮБ-ийн тусламжийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд харин айл өрхүүд өөрийн хашаа руугаа татуулах бол тэр өртгийн тодорхой хувийг өөрсдөө гаргах ёстой.

Өөрөөр хэлбэл, нийслэл хотод ч хүрэлцээгүй хэвээр байгаа гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг говийн жижиг суманд шийдээд эхэлчихжээ. Жишээ болгож баригдаад удаагүй шинэхэн байшингаа ус дулааны шугам оруулж, угаалгын өрөөндөө босоо шүршүүр байрлуулсан эхний айлд орууллаа. Таван ам бүлтэй энэ айлын эзэн уурхайд жолооч, харин эхнэр нь сумын Тамгын газрын дарга юм байна. Хэрэгт дурлаж угаалтуурын крантыг нээж, суултуурыг усыг ч бас татаж үзэв. Ус хэдийн ирчихэж. Хаа очиж энэ сумынхан гүний усны ундаргатай, сумын төвийн урдхан байрлах хоёр том худгаас усаа хангалттай татаад авчихдаг юм байна. Одоохондоо нэг хоёр айлыг холбоод байгаа ч ирэх өвөл гэхэд олон айл паартай байшинд налайж, паалантай суултуур дээр тарвалзах нь л дээ. Тиймээс хөдөөгийнхөн тэр зэрэгтэй баярлаж хөөрөх нь аргагүй. Өмнөх 70-80 жилд энэ талаар мөрөөдөө ч үгүй явсан биз.

Төв замын уулзвар дээр том самбар байрлуулж, сумын төвд шинээр хийгдэх дэд бүтэц, шаардлагатай барилга байгууламжийн план зургийг тавьсан байна. Сумын сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, сургуулийн дотуур байр, Засаг даргын тамгын газар, соёлын төв, цэцэрлэгийг цэвэр бохир усны шугамд холбон дулаанаар хангах аж. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг холбох боломжийг бүрдүүлж, хяналтын худгийг төлөвлөжээ. Дулаан хангамжийн шугам гэхэд 1623 м, дулаан хангамжийн худаг 11 ширхэг, ариутгах татуургын шугам 2355 м, ариутгах татуургын худаг 73 ширхэг, 100 тоннын багтаамжтай цэвэрлэх байгууламж нэгийг барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Нэг ёсондоо өнгөрсөн 70-80 жил нүүдэлчин хэв маягар амьдарч ирсэн энэ сумынхан одооноос орчин үеийн соёлт хүний жишгээр амьдрах боломж бололцоо бүрдэж эхэлжээ. Хөдөөгийн буйдхан суурингийнхан ирсэн гийчдийг тэгтлээ хөл алдан угтсан шалтгаан энэ.   

Энэ бүхнийг үзэж танилцсаны дараа албан ёсны үйл ажиллагаа эхлэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан нөхөрсөг уулзалтад Азийн хөгжлийн банк, Японы ЖАЙКА, Дэлхийн зөн байгууллага зэрэг олон улсын хандивлагч байгууллагууд, гадаад улсаас Монголд суугаа Элчин сайд нар уригдаж оролцов. Уулзалтыг тус сумын уугуул, Барилга, хот байгууллалтын яамны төрийн нарийн бичгийн дарга удирдан явуулж, сайд Ц.Баярсайхан сумын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан.

УИХ 2013 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг шинээр баталсан. Харин одоо Барилга хот байгуулалтын яамнаас аймгуудын ерөнхий төлөвлөлтийг хийж эхлээд байгаа бөгөөд 2016 он гэхэд бүх аймгийн төлөвлөлтийг хийж дуусгах гэнэ. Дөрвөн аймгийн 16 сум, Дундговь аймгийн найман суманд сумын төвийн шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд нэг суманд дунджаар таван тэрбум, нийт 80 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Үүнээс эхний 250 мянган ам.долларыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлж, сумын хөгжлийн сантай хамтран нэг суманд дунджаар 600-800 орчим сая төгрөгийн ажил хийгдээд байгаа аж. Энэ ажлын эхний үр дүнг Дундговь аймгийн Гурвансайхан сум дээр жишээлэн донор байгууллагууддаа танилцуулсан нь энэ.Зөвхөн энэ сумын бүтээн байгуулалтын ажилд дахиад 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Барилга, хот байгууллалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн уг уулзалтын үеэр "Сумын хөгжил хоёр үе шаттай. Эхнийх нь дэд бүтэц, хоёр дахь нь ажил орлого. Гурвансайхан сумын бүтээн байгуулалтын гол онцлог нь сумын иргэд өөрсдөө энэ ажилд гар бие оролцож хийсэн явдал. Хөдөөгийнхөн хөгжил хөөж хот газар бараадах хэрэггүй болсондоо баярлаж байна. Гэвч цаашдаа яах вэ, шинээр бий болж байгаа амьдралын шаардлага, түүний өртгийг яаж төлөх вэ, орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр хамгийн их анхаарлаа хандуулж, энэ тал дээр чиглүүлж өгөөч гэж байна. Энэ бол сумынхөгжлийн хоёр дахь үе шат” хэмээн ярив. Энэ амьдралд үнэ төлбөргүй юм гэж байдаггүй. Хэдий их тав тух, хөгжил хөдөлгөөн бий болно, тэр хэрээр амьдралын өртөг өсдөг. Хэдийгээр дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь үнэ төлбөргүй хийгээд өгсөн ч ашиглалтын зардлаа иргэд өөрсдөө төлж таарна. Үүний төлөө иргэд өөрсдөө ажилтай, орлоготой байх хэрэгтэй.

Эхний ээлжинд энэ нутгийнхны олж харсан зүйл бол аялал жуулчлалын шинэ маршрут гаргах явдал. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал зэрэг сумдтай хил залгадаг энэ суманд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Их газрын чулуу”, “ Ярхийн уул” зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олноороо бий. Сумын төвөөс 30-аад км давхиад хүрэх “Их газрын чулуу”-нд хэдэн жилийн өмнө хээрийн задгай театр байгуулж, “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулснаар гадаад, дотоодын олон зочин гийчин ирдэг газрын нэг болсон байна. Олон улсын донор байгууллагуудыг нэг дор цуглуулсан энэ удаагийн уулзалтын үеэр ч бас нутгийн иргэд задгай театрт ардын урлагийн тоглолт зохион байгуулж, морио уралдуулж, бөхөө барилдуулан бэсрэг наадам хийсэн шиг ирсэн гийчдийнхээ нүдийг хужирлаж, сонорыг мялаахаа мартсангүй. Сумын төвөөс 30 км-ын зайд шинэ уурхай нээгдэхэд анхандаа эсэргүүцэн шүүмжилж байсан нутгийн иргэдээс олон хүн одоо тэнд ажиллаж, орлогоо нэмэгдүүлэх, амьдралаа өөд татахыг илүүд үзэх болсон байна.

Статистик: Аймгийн төвөөс зүүн урагш 70 км, Улаанбаатар хотоос 300 км-т говь, хээрийн бүсэд орших Гурвансайхан сум 554,9 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 2500 гаруй хүнтэй. 163 мянган толгой малтай энэ сумаас 35 мянгат малчин төрсөн, нийт өрхийн 60 гаруй хувь нь мал аж ахуй эрхэлдэг. Энэ онд тус суманд 388 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Гэсэн ч энэ нутгийнхан гэрийн модон хийц, модон эдлэл, морин хуур урлалаараа алдартай. Харин сүүлийн үед замын хашлага цементэн хавтан, барилгын блок шахдаг жижиг үйлдвэрүүд сумын төв дээр бий болж, тэдний нэлээд хэсэг нь одоо өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн байна. Харин хөдөөгүүр бол вакуум цонх, төмөр хийцтэй нүүдлийн амбаар “моод” болж байгаа гэнэ. Нэг айлын зургаан ам бүл өлхөн багтчих энэ “гэр тэрэг”-ийг отрын малчид 4-6  сая төгрөгөөр дуртай авдаг аж. Үүнийг ч бас л нутгийн иргэд өөрсдөө хийдэг. Гүний худаг түшиглэн хүнсний ногоо тариалдаг иргэд ч цөөнгүй. Хаа очиж яавал ажилтай, орлоготой болох вэ гэдэг дээр хэн хүнгүй л сэтгэлээ чилээж, хараа бэлчээж байгааг энэ бүхнээс бэлээхэн харж болно. Харин тэдэнд санхүүгийн багахан дэмжлэг хэрэгтэй.

Харамсалтай нь жилийн жилд, эмнэлэг, сургуулийн онгорхой цойрхойг цойлдохоор төсвөөс өгдөг татаасыг эс тооцвол хөдөө орон нутаг, сум суурингийнд хөрөнгө оруулах сонирхол барагтай л бол байдаггүй. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс орон нутгийн хөгжлийгдэмжих чиглэлээр 2006 оноос эхэлж ажиллажээ. Энэ чиглэлээр сургалт, судалгаа хийсний үр дүнд 2008 оноос хойш өнөөг хүртэл 2,3 сая ам.долларын гурван ч төслийг орон нутагт хэрэгжүүлсэн байна. Эхэндээ цэвэр усны хангамж, бага оврын ариун цэврийн байгууламж барих зэрэг жижиг төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч энэ нь явсаар салбарын яамтай хамтраад сумын шинэчлэлийн төсөл болоод явж байгаа нь энэ. Харин одо шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын хувьд өмнө хийгдсэн бүх хөрөнгө оруулалтыг хэд нугалсан том тоо яригдаж байгаа. Зөвхөн төсөлд хамрагдаж байгаа 16 суманд гэхэд 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Азийн хөгжлийн банкны төлөөлөгч энэ тухай ”Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг аль нэг байгууллага дангаараа хийх боломжгүй. Тэр ч утгаараа доноруудыг оролцуулсан ийм том хэмжээний зөвлөлдөх уулзалтыг, тэр тусма Дундговь аймгийн Гурвансайхан суманд зохион байгуулж байгаад талархаж байна” гэсэн юм. Дэлхийн зөн, Жайка, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн ч ялгаагүй, үйл ажиллагаагаа үр дүнтэй, тогтвортойбайлгахын тулд Засгийн газраас гадна орон нутгийнхантай санал солилцож, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно гэдгээ амлацгаасан. Сайн санааны үзүүрт тос гэдэг дээ...