Ядуу баяны ялгаа
Монгол улс хорин жилийн турш хосгүй хурдан хөгжиж ирлээ гэх. Өндөр чацтай байшингууд, өргөн нарийн замууд, гоё ганган машинууд, гоц хаягтай хоол, буурчийн газрууд гээд, эсвэл гацан жагссан машинууд зэрэг нь “танайх чинь хөгжиж буй биш хөгжсөн орон” юм байна гэж Мьянмарын төрийн нэгэн зочин саяхан дуу алдаж билээ.
Монгол улс хорин жилийн турш хосгүй хурдан хөгжиж ирлээ гэх. Өндөр чацтай байшингууд, өргөн нарийн замууд, гоё ганган машинууд, гоц хаягтай хоол, буурчийн газрууд гээд, эсвэл гацан жагссан машинууд зэрэг нь “танайх чинь хөгжиж буй биш хөгжсөн орон” юм байна гэж Мьянмарын төрийн нэгэн зочин саяхан дуу алдаж билээ.
Гэвч эдийн засгийн эрс хөгжлийн хурд хүн амын дийлэнхи хэсгийг тойрон гарч, цөөн иргэд хэт өндөр орлоготой, цөм олонхи нь хоногийн хоолоо олохоор холхин зүтгэвч, барааны үнийн өсөлт, мөнгөний ханшны уналтанд балбуулах болсон ядуу баяны ялгааг янзтай тод болгосоор байна. Монголд эдүгээ хүн амын өндөр орлоготой өчүүхэн хэсэг нь нийт баялгийн дийлэнхийг эзэмших боллоо.
Уул уурхайгаас бүрэн хамааралтай эдийн засаг нь хямрах нь олширч, орлого нь бага олонхийн дунд ажилгүйдэл нэмэгдэж, гадагшаа явж ажиллахыг улам олон хүн хүсэх боллоо. Нийгмийн ядуу, баяныг ялган тодорхойлогч нэгэн чухал хүчин зүйл бол тухайн айл өрхийн цахилгаан, зам, цэвэр бохир усны системийн буюу дэд бүтцийн холболт юм. Энэтхэг, Филиппин зэрэг хүн амын тал нь ядуу орнуудад баячуудын хорооллын тохилог, тансаг байдал, ядуусын хорооллын шавар шалбаагтай гудамжууд, тарчиг, цоорхой оромжууд, нүхэн жорлонгоос өдөр шөнө шиг ялгааг нь өөрийн эрхгүй харж болно. Монголд ч гэсэн хүн амын тал нь нэг хотод бөөгнөрч, олон арван мянган орон сууц баригдаж ашиглалтанд орж байгаа ч гэр хорооллын оршин суугчдын тоо буурахгүй байна. Монголчууд цэвэр ус болон сайжруулсан жорлонгийн хүртээмжээр Хойд Солонгосоос ч хоцорч явна.
Ардчилсан нийгэмд хүн бүрт хөдөлмөрлөх боломжтой болж, хөдөлмөрлөснийхөө хэрээр амьдрах нөхцөлөө дээшлүүлж чадахгүй удвал иргэд төр засагт итгэх нь суларч, эцэж цөхрөөд, орлогын ялгаа ихсэх тусам дургүйцэж, илэрхийлэх боломж гарахыг эрэлхийлж эхэлдэг. Нөгөө талаас төр засгийн эрх мэдэл цөөхөн гэр бүрд төвлөрч, эдийн засагт нь монополь тогтож эхэлдэг. Ард иргэдийн оролцоо сул байсан Филиппин улсыг 17 айл гэр засаглаж иржээ. Улс оронд тогтворгүй байдал бий болж цэрэг цагдаагаа хүчтэй болгоход нийтийн хөрөнгөө түлхүү зарцуулдаг. Улмаар баячууд нь гэр орноо тойруулж хашаа хэрэм босгож, өөрийгөө болон үр хүүхдээ хулгайлуулахгүйн тулд хөлсний армитай болдог. Монгол улсаа бид заавал тийм түвшинд хүргэх ёстой юу?
ШИЙДЭЛ НЬ ДЭД БҮТЭЦ
Хөгжилтэй, хөгжингүй орнуудын ялгаа нь зөвхөн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ биш юм. Энэ бол юуны өмнө зам, цахилгаан эрчим хүч, цэвэр болон бохир усны сүлжээ зэрэг дэд бүтэц айл бүхэнд хүрсэн эсэхээр харагддаг. Дэд бүтэц нь хүрсэн орнуудад л боловсрол, эмнэлгийн чанарын тухай, хүрээгүй орнуудад хүртээмжийн тухай л яригддаг. Монгол улс иргэддээ дэд бүтцээ хүргэхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай байна.
Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалт бол үнэхээр цагаа олсон, шаардлагатай ажил байв. Нийслэл хотын зам, уулзварыг өргөтгөхгүйгээр хотын авто замын хөдөлгөөн үндсэндээ зогсох байлаа. Цаашид бид хотын хүн амын хагасыг ус, дулаанаар хангах, айл бүрийг худалдан авах чадварт нь тохируулсан орон сууцтай болгох шаардлагатай байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх, хотын төвийн ойролцоох айлуудын хашааны газрыг барилгажуулах төсөл үндсэндээ гацаад байна.
Энэ гацааны гол шалтгаан бол санхүүжилт юм. Орон сууцны олон төслийг сүүлийн гурван жилд нийлүүлэлт талыг нь Хөгжлийн банкны болон Чингис бондын орлогоор санхүүжүүлж, эрэлт талыг нь цаасан мөнгө хэвлэн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох замаар санхүүжүүлж ирсэн нь тогтвортой, тасралтгүй байх боломжгүй юм. Учир нь Засгийн газрын гадаадад гаргасан бондын зардал нь дэд бүтцэд зарцуулахад дэндүү өндөр ажээ.
Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн өсөлт 4 жилийн өмнөх 17 хувьтай харьцуулахад тав дахин буурч яваа ч дэд бүтцээ барьж, байгуулах ажлыг зогсоож болохгүй ажээ. Харин яаж санхүүжүүлэх нь төр засгийн өдрийн бодол, шөнийн зүүд болоод байна.
ДЭД БҮТЦИЙГ БОНДООР САНХҮҮЖҮҮЛДЭГГҮЙ
Улс орны болон орон нутгийн дэд бүтцийг байгуулах нь тухайн байршлын эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлдэг хамгийн гол нөхцөл юм. Дэд бүтэц эхэндээ томоохон хөрөнгө оруулалт шаарддаг ч ашиглалтанд орсноосоо хойш эдийн засгийн хэмжээг томруулж чаддаг.
Хөгжиж буй ихэнхи орны санхүүгийн зах зээл нь арилжааны банкинд суурилсан, даатгал ба тэтгэврийн сан нь хөгжөөгүй, урт хугацааны хөрөнгө оруулагчид цөөхөн, хүн амын ихэнхи нь банкинд дансгүй, банк бус санхүүгийн байгууллагуудын хүү маш өндөр, ямар нэг хамтын сан байхгүй, вентура (аз туршилтын) хөрөнгө оруулагчид цөөн учир дэд бүтцийг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй.
Ер нь бол дэд бүтцийг дөрвөн аргаар санхүүжүүлж болно. Эхнийх нь татварын орлогоор төр засаг өөрөө хөрөнгө оруулах, хоёр дахь нь иргэдийн урт хугацааны хадгаламжийг ашиглан төр засгийн банкаар дамжуулах, гурав дахь нь хувийн тэтгэврийн болон даатгалын санг ашиглан хөрөнгө оруулагчдаар санхүүжүүлэх, дөрөв дэх нь гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг татах зэрэг болно.
Эхний аргаар Монгол улсад хөрөнгө оруулалт хийж ирсэн ч хүн амын тоо, эдийн засгийн хэмжээ нь бага, том газар нутагтай тул хангалттай хүрэлцдэггүй. Тэгээд ч төр засгийн урсгал зардал харьцангуй өндөр учир жилд 800 гаруй тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 400 сая долларын хөрөнгө оруулалт хийдэг нь хэрэгцээнээс илт бага.
Хоёр дахь аргын хувьд Төрийн банк өөрөө дампуурсан банкуудыг өвлөн авсан арилжааны банк бөгөөд манайд шуудангийн хадгаламж хөгжөөгүй юм.
Зарим оронд цөөн хүнтэй, банкны салбаргүй, суурин газарт шуудан нь иргэдийн мөнгийг бага хүүтэй авч хадгалж ирсэн түүхтэй. Манай улсад бол сум бүрт зөвхөн ХААН банк салбартай боловч өөрөө бас арилжааны банк учир урт хугацаатай, бага хүүтэй зээлийг дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд оруулж чаддаггүй ажээ. Тийм ч учраас Хөгжлийн банк байгуулж, Засгийн газрын баталгаатай бонд гаргуулан дэд бүтцэд хөрөнгө оруулахыг уг нь зорьсон юм.
Гурав дахь аргын хувьд Монгол улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн сан нь төрийнх бөгөөд урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг, төсвийн урсгал зардлыг хаасаар ирсэн тул дэд бүтцэд хөрөнгө оруулах чадваргүй. Харин даатгалын болон тэтгэврийн хувийн сан байгуулж чадвал урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж үүсэх юм.
Дөрөв дэх аргын хувьд гадаадын хувийн хөрөнгө оруулалт биш, олон улсын хөгжлийн банкуудын хөрөнгө оруулалтыг татах ганцхан зам Монгол улсад байгаа юм. Монгол улс дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банк, Европын хөгжлийн банкуудаас зээл авч хэрэгжүүлэх нь илүү оновчтой бөгөөд энэ зээлийг дагаад дан мөнгөнөөс гадна маш нарийн тооцоо судалгаа, зураг төсөл, гүйцэтгэлийн хяналт орж ирдэг.
Эдгээр хөгжлийн банкууд нь бүгд гурван А зэрэглэлтэй учир стандартаа барихын тулд өөрийн эрсдлээ бас маш зөв тооцдог бөгөөд нэмж зээл олгохдоо тухайн орны зээлээ төлж чадах эсэхийг нарийвчлан судалж, юугаа яаж өөрчлөхийг зөвлөж анхааруулдаг ажээ. Энэ бүлэгт ирэх сард нээлтээ хийх Азийн Дэд Бүтцийн Банк нэмэгдэж байгаа нь Монгол улсад шинэ боломж нээж байна. Хорь, гучин жилийн хугацаатай, ганц хувь хүрэхгүй хүүтэй, 7 жилийн дараа буцаж төлж эхэлдэг зээлийг авах нь эдүгээ бараг арван хувьтай болоод буй бондын хөрөнгөтэй харьцуулах аргагүй ашигтай.
Дэд бүтэц бол тухайн орны хөгжлийн толь, ядуу баяны ялгааг арилгах үндсэн арга ажээ.
Lkhagva
Baabariin niitleliig saitar unshih
Зочин
Зочин
Наран
Наран
Наран
Наран
Зочин
ЗОЧИН
Зочин
уучлаарай
hn
muruuduh hereggui
дэд бүтэц
Баян Монгол орон ба ядуу монгол хүн
арда
Зочин
Зочин
дарга
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин