(Шүүмж)

 

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЗАЙЛШГҮЙ ЗҮЙЛ БАЙЛАА

Доктор Чоёгийн Даваадаш “Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ” гэсэн судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Өдгөө Монгол орон нийгмийн нэг тогтолцооноос шал өөр тогтолцоо руу шилжилт хийж эхэлсний 25 жилийн ой тохиож байна. Төлөвлөгөөт эдийн засагтай, нийгэм улстөрийн захиргаадалтын системтэй автротар тогтолцооноос зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан систем рүү шилжилт хийсэн анхны орон Польш өнгөрсөн жил энэ түүхэн үйл явдлынхаа 25 жилийн ойг тэмдэглэсэнтэй харьцуулахад ийм шилжилт хийсэн 40 орчим улс орон дотроо Монгол нь анхдагчийн нэг юм. Бүх ард түмний чөлөөт сонгуулиар төрийн дээд эрх барих инстүүцээ нийтээр оролцон сонгож төлөөлөгчдийг нь тодруулсан процессийг л төр, нийгэм, улсын үйл явдал гэж үзэх учир Польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл ч, Монголын “Ардчилсан холбоо” ч  хэдийгээр үйл явдлыг эхлүүлэгч манлайлагч боловч улс орны болон нийт нийгмийн гэхээсээ тухайн байгууллагын тэмдэглэлт үйлс билээ.

Энэхүү нийгэм улс төр, эдийн засагт гарсан өөрчлөлт, өнгөрсөн 25 жилд болж өнгөрсөн шилжилтийн онцлог, бэрхшээл, ээдрээ, амжилтыг доктор Даваадаш задлан шинжилт мөнөөх өгүүлэлдээ өөрийн дүгнэлтийг өгсөн байна. Шулуухан хэлэхэд Монголын нийгмийн шилжилтийн талаархи өдий зэргийн чансаатай, тал бүрээс нь харсан, нийгмийн шинжлэх ухааны задлан шинжлэх аргачлал хэрэглэсэн дорвитой бүтээл өдий олон жил болоход гарсан тохиолдол бараг үгүй болов уу.

Даваадаш нь 1990 оны үйл явдлыг “Нийгмийн тогтолцоог ухамсар зорилготойгоор бүхэл бүтнээр нь эргэлт буцалтгүйгээр хувиргахыг нийгмийн их өөрчлөлт гэдэг” тул хувьсгал байсан хэмээн тодорхойлжээ. Энэ үйл явдал нь гаднаас бараг зуун хувийн хамааралтай Монгол орны хувьд 1984 оноос эхэлсэн ЗХУ-дахь өөрчлөн байгуулалтын уур амьсгал, Зүүн Европт 1989 оноос өрнөсөн коммуннист тогтолцооны эсрэг хувьсгал шууд нөлөөлснийг зохиогч ойлгомжтой тайлбарлажээ. Социализм, коммунизм байгуулах зорилт үзэл санаан хувьд ч, эдийн засгийн хувьд ч чадвахи нөөцөө бүрэн барсан байсан үе гэдгийг тодорхой гаргаж өгчээ. Хувийн өмчийн бааз суурь дээр тулгуурласан нийгмийн тогтолцооноос улсын өмч дээр тулгуурласан тогтолцоонд шилжих шилжилт 1921 оноос эхэлж, 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялснаар гол утгаараа дуусгавар болов. Энэ шилжилт 40 жил үргэлжилсэн. Энэ хугацаанд үзэл суртлын хувьд теократ суртал нь марксизм ленинизмээр (сталинизмаар?), улс төрийн хувьд хаант төр нэг намын ноёрхсон гадны хараат хүнд суртлын аппарат бүхий “социалист төрөөр”, эдийн засгийн хувьд хувийн өмчит суурь улсын өмчит тогтолцоогоор солигджээ. Хэрвээ социализм байгуулах нь л Монгол орны хувьд цорын ганц зорилт байсан юм бол энэ нь далаад он гэхэд бүрэн хэрэгжижээ. Нэг талаас оюун санаа, ёс суртахуун, сэтгэлгээний хувьд хувийн өмчийг үзэн ядах, хувийн аз жаргалыг огоорч хамт олны аз жаргалыг дээдэлдэг нийгэм байгуулах гэж бүхнийг хийснээс гадна аж үйлдвэр, газар тариалан, эрүүл мэнд, соёл боловсрол, хүн амзүйн хувьд чамгүй дэвшил хийн дундад зууны феодлын харилцаат хоцрогдсон нийгэм иргэншлийн замд эргэлт буцалтгүй орсон юм.

Монголын хувьд социалист нийгэм өөрийн хийж чадах болгоноо бараад хүйтэн дайн, хөрш орнуудын геополитик бодлогын хаялагаар өр зээлэн дээр дулдуйдсан зохиомол тогтолцоотой болсон үед 1990 оны ардчилсан хувьсгал ялж нийгмийн өөр тогтолцоо руу шилжсэн. Энэ процесс зайлшгүй байсныг доктор Даваадаш үндэслэлтэй гаргаж өгсөн байна. Угаасаа ардчилалгүй, хүний үндсэн эрх хөсөр хаягдсан, эдийн засгийн хөгжлийн “дотоод шаталтын хөдөлгүүр” огтоос үгүй, хүнд сурталт төрийн тогтолцоо ноёрхсон уг нийгэм хүн төрлөхтний хөгжлийн нийтлэг голдирлоос хазайн зожигрож, дэлхийн хөгжлөөс алслагдах болсон энэ үед бодит шаардлагын үүднээс Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих эхлэл тавигдсан хэмээн зохиогч онцлон тэмдэглэжээ. Хуучин дэглэмд нь зориуд барьж вакумжуулж байсан гадны хүчин өөрөө тамираа барин суларсан нь Монголд ардчилал бодитоор ялах үндсэн хөшүүрэг болсон юм. 

 ХОЁР ШАТТАЙ ШИЛЖИЛТ

Шилжилтийн эхэн үеийг Даваадаш Үндсэн хууль батлан мөрдөхөөс өмнө ба хойно хэмээх хоёр шатанд хувааж үзсэн байна. 1990 оны 7-р сарын 29-нд Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж ард иргэдээс үүдэл бүхий төртэй байх бололцоо буй болон 9-р сарын 3-нд Улсын бага хурал байгуулагдан улс орон даяар мөрдөх хууль тогтоох үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. УБХ жил хагас ажиллахдаа Аж ахуйн нэгжийн хууль, Өмч хувьчлалын, Боловсролын, Албан татварын, Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, Хөдөлмөрийн, Гаалийн, Банкны, Сонгуулийн, Иргэний болон цэргийн үүргийн зэрэг нийгмийн шинэ тогтолцооны үндсийг тавих зайлшгүй шаардлагатай олон хууль батлан гаргасан юм. Даваадаш энэ бүхнийг парламентат ёст шилжих хууль эрхийн тулгын чулууг богино хугацаанд тавьсан, түүхийн шан татсан зүйл хэмээн магтаад, гэвч тогтолцооны сонгодог утгыг бүрхэгдүүлсэн, хагас дутуу шинжтэй, Монгол орны онцлогийг харгалзалгүйгээр гадны хуулийг яаравчлан хуулсан хэмээн шүүмжилжээ. Энд нэг талаас санал нийлж буй боловч нөгөө талаас маргах өнцөг байна. Дэлхий нийтээр социализм нуран унаж байсан тэр үед 70 хувийн зээлээр амьдарч байсан Монгол улс тэжээгчээ алдан сүйрч байхад бушуухан шинэ тогтолцоондоо орохоос өөр арга байгаагүй. Үнэндээ яарах зайлшгүй шаардлагыг амьдрал тулгаж байв. Ерөнхий сайдын орлогч Бямбасүрэн Америкт айлчлахдаа “Бид социализмын мүзэй болж үлдэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн нь тэдний Монголд хандах бодлогод эргэлт болж ОУВС, Дэлхийн банкинд гишүүнээр элсүүлж хандивлагчдыг цуглуулах гол шижим болсон юм. Монголын эдийн засаг 70 хувийн гадны тэтгэлэгтэй байгаад гэнэт тасрахад түүний ядахнаа тодорхой хувийг ч гэсэн өөр газраас яаралтай нөхөх шаардлагатай байхад бид өөр яах байсан юм бэ? Яарахаас өөр арга байгаагүй.  Мөнгөний ханшийг хоёр дахин унагасан 20-р тогтоолыг өдгөө олон хүн муучлан дайрдаг. Ленинградад хэвлэгддэг монгол төгрөгийн тоо хэмжээ, тархац, бодит ханш нь монголчуудын дээд эрх мэдэлд ч мэдэгддэггүй байлаа. Гадаадын 100 мянга орчим цэрэг, мэргэжилтэнд хичнээн хэмжээний үндэсний валют хадгалагдаж байгааг хэн ч мэдэхгүй. Ханш унагалт нь тэдэнд том цохилт болсон болохоос хадгаламжийн тухай ойлголт ч байхгүй монголчуудын тун цөөхөн хувийг эс тооцвол ямар ч нөлөө үзүүлээгүй. Харин үндэсний валютаа мэдэлдээ авахад аварга том амжилт болсон юм.

Дашдаваа энэ бүхнийг нийгмийн цоо шинэ харилцааны эрх зүйн туршлага мэдлэг практик, тэр талын мэргэшсэн хуульч улс төрчид байхгүй байсантай холбон тайлбарласан нь тун оновчтой дүгнэлт болжээ. Нэгэнт бодит байдал ийм байсан болохоор өнгөрсөн хойно нь буруу замаар явсан, үндэснийхээ онцлогийг харгалзаагүй, гадаадын юм хамаагүй хуулсан гэх мэтийн шүүмжлэл нь өнөөгийн өндрөлөгөөс хэт “ухаалаг” мэргэн санаа гэлтэй. Дөнгөж тэнцэж ядан хөлд орж буй хүүхдийг багадаа горшоокноосоо байнга унадаг байсан тухай нь насан хүрсэн хойно нь шүүмжлэлийн бай болгох нь аль зэрэг “ухаалаг” вэ? Шилжилтийн эхний үед зүүн германчууд барууны удирдлагатай, латвичууд канадын иргэн ерөнхийлөгчтэй, тэрбайтугай киргизүүд хүртэл америк Сангийн сайдтай болчихоод байхад бид баруунд эрт гарчихсан монгол гаралтай хуульч эдийн засагч байтугай олигтой ганц лам ч үгүй байлаа шүү дээ. Орос, англи хэлээр гардаг “Монголия” сэтгүүл хавтсан дээрээ Чингис хааны хөргийг анх удаа хэвлэн гаргахдаа танихгүй учир Өгөөдэйн зургийг тавьж байсан үе шүү дээ. Бид дэлхийг байтугай өөрийн уламжлалаа ч мэдэхгүй сарнаас ирсэн хүмүүс байсан юм шүү. Манжийн болон Оросын вассал байх үеийн алдаа  болгон гаднаас болсон, харин 90 оноос хойшхи нь бидний мэдэхгүй чадахгүй, үзэж хараагүй, сонсож ойлгоогүйн хөлд орох үеийн эндэл, гэхдээ л бусдад тохох аргагүй бидний л алдаа, биднийх учраас өршөөж болохуйц бахархал билээ.

Өмч хувьчлал, улаан ногоон тасалбарын талаар зохиогч нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Өнөөдөр хэнээс ч асуусан адилхан л дүгнэлт хэлэх биз, Гэхдээ тэр үед өөр хэнд ямар санал байсан юм бэ? Хувьчлал гэдэг үг байхгүй, анхны төсөл дээр нь “приватчлал” гэдэг нэрээр явж байсан юм. Ер нь дэлхийн түүхэнд бүх өмчийг хурааж авчихаад эргүүлээд хувьчилсан тохиолдол нэг ч байгаагүй. Хүн төрлөхтөн Октябрийн эргэлтээс өмнө бүх өмчийг улс нь хурааж авч байсан ганц ч тохиолдол мэдэхгүй учир эргүүлж хувьчлах асуудал хаана ч байгаагүй. Америкийн хятад судлаач араб үндэстэн Россабигийн дүгнэлт хэмээхээс Дашдаваа ишлэн олон улсын байууллага, ялангуяа Дэлхийн банк, ОУВС-нг Монголд үл тохирох бодлого явуулсныг шүүмжилжээ. Дундад зууны Хятад болон өнөөгийн “ухаажсан” өндөрлөг зэрэг нь тухайн үеийн бодит амьдралаас ихээхэн зөрөөтэй. 1945 байгуулагдсан ОУВС нь ядарсан орны эдийн засгийн бэрхшээлийг оношлон тусалж дэмжиж явсан болохоос хувийн өмчийг жигшдэг сэтгэхүйтэй сюрралист ертөнцөд өмчийг эргүүлж яаж тараах тухай ямар ч ойлголт практикгүй байсан. Тэд Бангладешийн ядуурлыг ойлгож байснаас биш чихэндээ алтан ээмэгтэй, булган шүбтэй, жилд 100 кг мах иддэг, мөртөө хувийн бүртгэлээр огт хөрөнгөгүй, доллараар тооцохоор дэлхийн хамгийн ядуу орны иргэдийг огт ойлгохгүй учир зөндөө л мангар төсөл хэрэгжүүлсэн нь үнэн л дээ. Гэхдээ л үндэсний үйлдвэрлэлийнхээ 70 хувийг социализм байгуулах гэж халтуурдаж суусны харамжинд аван амь зогоож байсан энэ ард түмнийг тэжээгчээ алдан гуриатаж байхад нь 40 хувь хүртлэх хэмжээгээр 10 жил дааж явсан нь факт шүү. Газар тариалан унасан, олон аж ахуй дампуурсан, ажилгүйдэл үүссэн, хот руу их нүүдэл буй болсон зэрэг олон сөрөг үзэгдэл нь захиргаадалтын аргаар барьж байсан хуучин тогтолцоо задарсантай илүү холбоотой. Эдийн засгийн төлөвлөгөөт аж ахуй нурсны дараа хэн ч худалдан авахгүй ерийн бажийнк, дун гоймон, чулуу шиг хатуу пирааник, пулемотоор ч цоолошгүй савхи нэхийгээ үйлдвэрлээд л төлөвлөгөө биелүүлээд сууж байх байсан юм уу? Чөлөөт зах зээлд борлогчихмоор ганц бүтээгдэхүүн бид үйлдвэрлэж байсан гэж үү? Яаран эцсийн дүгнэлт хийхэд хэт эрт байна. Айзик Азимов хүн төрлөхтний түүхийн аварга ном бичээд 1945 оноор дуусгавар болгосноо “үүнээс цаашихыг нь дүгнэх байтугай факт бичихэд хэтэрхий эрт байна” гэж тайлбарлажээ. Францын хувьсгалын тухай ямар бодолтойг нь асуухад Жоу Эньлай “Дөнгөж 200 жил өнгөрсөн учир дүгнэлт өгөхөд арай л эрт байна” гэж хариулсан гэдэг.

ШИЛЖИЛТТЭЙ ШИЛЖИЛТГҮЙ ЕРӨӨС МОНГОЛ ХҮНИЙ ОНЦЛОГ

Ерөөс монголчууд бид өөрснийгээ аль зэрэг мэдэх вэ? Гадны хэнтэй харьцуулж ямар ялгааг олж харсан бэ? Бид бусдаас юугаараа давуу, юугаараа дутуу вэ? Бид юуг чаддаг, юуг чаддаггүй вэ? Үнэнийг хэлэхэд энэ талын судлагаа, дорвитой дүгнэлт эргэцүүлэл одоо болтол нүдэнд өртөхөөр нэг ч үгүй. Мэдээж гаслал шаналал хөөрөл бахдал хийрхэлийг эс тооцвол шүү дээ.

Эдийн засгийн хөгжил (оршил) нь билчээрийн хүрэлцээ, байгалийн аяг зангаас хамаардаг нүүдлийн мал аж ахуйгаас шалтгаант, энэ нь хэдэн мянган жил тогтвортой үргэлжилсэн нийгмийн гишүүдийн сэтгэхүй үүндээ тааран зохицсон байж таараа. Ахуй нь ухамсраа тодорхойлдог гэж Маркс худлаа хэлээгүй юм шүү. Аяндаа буй болсон хэрэгцээгээ үргэлж дайн байлдаан, дээрэм тонуулаар хангаж байсан нийгэм эд баялагийг дайны олз гэдэг утгаар үнэлдэг болжээ. Иймээс хөдөлмөр, түүний үр шимийн тухай суурин иргэдээс тэс өөр ойлготтой. Манжийн эзэрхийллийн 200 жил, Оросын эзэгнэлийн 100 жилд дайны олзоо үнэндээ тэтгэлгээр авч явсаар ирсэн. Судалгаагаар монгол малчин жилд нь хуваагаад үзэхэд эрэгтэй нь өдөрт хоёр цаг, эмэгтэй нь дөрвөн цаг “ажил хийдэг” аж. Хоёр цагийн ажил, нэмэх нь дайны олзонд амьдардаг улс маш прагматик. Иймээс ч манийн, христийн, буддын, марксикмын шашин нь тухайн цаг үед амьдрах, тэсэн гарах арга байсан болохоос утга учир байгаагүй. Монголчууд социализм байгуулаагүй, халтуурдаж байсан. Чадлынхаа хэрээр ажиллаж хэрэгцээнийхээ хэрээр авах онолын сүүлчийн хэсэг нь л сонирхол төрүүлж байлаа. Чадлынхаа хэрээрэ ажиллах нь мөнөөх л хоёр цаг.  

ХХ зуунд иргэншил нэвтэрсний буянд өдгөө хүн амын ердөө 15 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж, үлдсэн дийлэнх нь хотжин, иргэшин, нүүдлийн бус аж ахуй эрхлэх болжээ. Гэвч сэтгэхүй нь үндсэндээ дайны олз нэмэх нь хоёр цагийн хөдөлмөрт тулгуурласан амьдрах-аргацаах-бэлэнчлэх сэтгэлгээ. Дээрээс нь бүхэл бүтэн 300 жил хүнээр тэжээлгэж ертөнцөөс тасархай вакум орчинд амьдарсан дасал. Америкчуудын прагматизм, оросуудын эх оронч үзэл, хятадууын тэсвэр тэвчээр, япончуудын шургуу зан, германчуудын хөдөлмөрч чанар  гэх мэтийн үндэсний онцлогийг нь бариад аван хөгжих бололцоо монголчуудад үгүй. Ямар ч нөхцөлд амьдрах чадвар, юмны төлөө гэхээсээ эсрэг гэвэл нэгдэх чадвар, ахуйгаасаа болоод амиа бодсон нийгэмшээгүй чанар зэргийг онцолж болох ч тэр нь өнөөгийн тэс өмнөө болсон ертөнцөд шүүрэн авах онцлог чадамж биш болжээ. Ийм л нийгмийн сэтгэлгээт үндэстэн ерэн оны ардчилалтай золгосон юм. Энэ л манай үндэсний онцлог.

 ШҮЛЖИЛТ ДУУСАХ ЯАГАА Ч ҮГҮЙ БАЙНА

Манай нийгмийн шилжилт дуусаагүй байна гэсэн дүгнэлтийг Даваадаш хийжээ. Төрийн гол үүрэг нь мэнэжмэнт хийж хуулийн хязгаарлалт хийх ёстой атал төр өөрөө стратегтийн гол салбаруудыг атган үнэ чөлөөлөхгүй, өмч хувьчлахгүй, чөлөөт эдийн засгийн үндсэн механизмыг ажиллуулахгүй саад тотгор болсоор хүнд суртлыг гааруулж, авилга хээл хахуулыг хөгжүүлэх үндсэн суурь болж байна гэсэн байна. Өмчийг бүрэн хувьчилж дуусаж байж л төр өөрийн жинхэнэ үүрэг функцыг үнэн зөвөөр хэрэгжүүүлэх бололцоотой болно гэсэн түүний дүгнэлтийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Өнөөгийн авилга, хээл хахууль, шамшигдуулал, хулгай, хүнд суртал, төрийн чадамжийн доройтол, нийгмийн тэгш бус хуваарилалт, шудрага бус үзэгдлийн гол үндэс нь  чөлөөт өрсөлдөөнтэй, хариуцах эзэнтэй байх учиртай эдийн засгийн тогтолцоонд төр хэтэрхий оролцон зохицуулагч гэхээсээ цагдаагийн үүрэг гүйцэтгэдэгээс үүдэлтэй. Эзэнгүй өмч л муу муухайн үндэс. Эзэнгүй өмч дээр л манай нийгмийн бузар булай цуглаж байгаа.

Ямар ч шинэ нөхцөлд амьдрах чадвартай монгол хүн бололцоог нь гаргаад өгвөл өөрөө өөрийгөө даагаад явчих дотоод эрчим, тэвчээр, тэмцэл, нөөцтэй нь шилжилтийн үед тод харагдах боллоо хэмээн Даваадаш дүгнэлт хийгээд, гэвч нийгмийн социаль бүтцэд хойш татсан гурван бүлэглэл байгааг нэрлэжээ. Нэгдүгээрт өөрийн амьдарч асан хуучин нийгэм болон урьдын орон зайгаа санагалзсан, социализмын үл гүйцэлдэх үзэлд автсан, тэгснээрээ тэр үеийн улстөрийн хүчний бааз суурь болсон хуучинсаг бүлэг. Хоёрдугаарт хүн бүрийн өмнө нээж өгсөн боломжийг нийгэмд болон бусдад хортойгоор ашиглан буруу аргаар амьдрагсад. Гуравдугаарт бэлэнчлэх сэтгэлгээнд бүрэн автаж амьдралаа төр нийгэмд даатгасан унхиагүй залхуу бүлэг. Эднийг Даваадаш манай нийгмийн өнөөгийн паразит бүлэг гэж үнэлсэн нь юутай оновчтой вэ! Эхний хэсэг цагийн явцад жам ёсоороо алга болно, хоёр дахь хэсэг аяндаа хуулийн дарангуйлал тогтохоор арчигдана, харин гуравдахь хэсэг нь удаан хугацаанд амь бөхтэй орших болно гэсэн түүний дүгнэлтэд цаг зуурын үзэгдэл ба ерөөс монгол хүний мөн чанарыг битүүдээ илэрхийлсэн тодорхойлолт болжээ.

Үүнийг засах арга нь төрийн мэргэн бодлого, ухаалаг арга заль гэжээ. Тэр үнэн байх. Гэхдээ төр гэдэг бол аппарат, аппарат хүнээс тогтоно. Угтаа мэргэн бодлого хүнээс гарах болохоос төр хэмээх нэршлээс үүдэхгүй. Тийм хүмүүс буй болтол нэлээд хугацааг хүлээх шаардлагатай байх. Шилжилт гэдэг маань өндөр байшин барьж, иргэд нь сонгуульд оролцож, дуртай цагтай гадаадад зугаалах болсноор хэмжигдэхгүй. Энэ бол үзүүлэлт мөн л дөө. Гэхдээ шинэ нийгэмд шинэ нийгмийн иргэн л хэрэгтэй. Тэндээс л өнөөх хайгаад байгаа “мэргэн ухаан” гарна. Өнөөдөртөө бид шинэ нийгэмдээ өөрснөө гологдож байна. Үүнийг зөвтгөж болно, бид дөнгөж өчигдөр л морио унаж модоо тохсоор дундад зуунаас ХХ зуунд давхиж орж ирсэн шүү дээ. Нэг харсан дараагийн зуун эхэлчихээд олон жил өнгөрчиж. Иймээс шилжилт гэдэг маань юун түрүүн үе солигдсоноор хэмжигдэнэ. 1789 онд францын хувьсгал ялсан. 1871 онд Франц орон жинхэнэ ардчилсан чөлөөт орон болж шинэ нийгэм нь эргэлт буцалтгүй болсон. Энэ хооронд 80 жил өнгөрчээ. Шилжинэ гэдэг тийм ч амар ажил биш шүү.

Жич: Доктор Ч.Даваадашийн судалгаа бүтээл Монголын нийгмийн шилжилтэд шинжлэх ухаанчаар хандсан анхны (миний олж уншсанаар шүү) дорвитой ажиглалт дүгнэлт болсон гэж үзэж буй тул талархаж буйгаа дахин илэрхийлж байна.

2015.7.27