Сонгууль болоод өн­гөр­лөө. Нийт иргэдийн орол­цооны хувьд гурван хүн тут­мын нэг нь ирсэнгүй. Ирж саналаа өгөөгүй хүнийг яадаг ч үгүй.  Үндсэн хуулинд заагд­сан сонгох, сонгогдох эрхээ эдлээч ээ гэж хангалттай уриалсан. Төр засгаас ард түмэнд эдлүүлж чадах хам­гийн амархан эрх нь энэ сон­гууль л байх. Уг нь үүнээс бусад эдлэх ёстой эрхээ бид эдэлж чаддаггүй. Наад зах нь иргэдийн эрүүл аюулгүй ор­чинд амьдрах эрхээ нэхмээр санагддаг. Сонгуульдаа идэвх­гүй оролцох нь төрдөө хүндэтгэлгүй хандаж байгаа хэлбэр эсвэл надгүйгээр бол­чих биз гээд найдсан хоёрын алинаар нь ч тайлбарлаж болно. Иргэдийн сонгох эрх чөлөө хаалттай нийгмийн үед ч нээлттэй байсан учир манай оронд энэ талаар ёс бус үйл­дэл тохиолдож байгаагүй. Харин хэн сонгогдоод байна гэдэг дээр сэтгэл ханамж янз бүр гарах нь ойлгомжтой. Угаасаа бүгдэд таашаагдах хүн байтугай бурхан ч байх­гүй.

Орчин үеийн ардчилсан сонгуулийн дүн коммунист биш улс орнуудад нэг өнгө давамгайлахаа улам боль­соор байна. Цаашид ялалт  зуун метрийн гүйлтийн та­мирчин барианд орж буй мэт нягтшиж  "секунд, дойл"-оор хэмжигдэх нь. Үүнтэй зэрэг­цээд сонгуульд оролцогчдын тоо өсөхгүй буурдаг болжээ. Ер нь аливаа улс оронд дайн, хувьсгал, төрийн эргэлт бо­лоогүй л бол бүх нийтээрээ улс төрд санаа зовох асуудал юу байхав. Өмнөх сонгуулиуд будлиангүй шударга явагдсан бол өнөөдрийнх шиг ийм ирцтэй, улс төрийн хүчний харьцаа онцын хэлбэлзэлгүй, сүүлд нь элдвээр хэлүүлээд байхааргүй улстөрчдийн цуг­луулга бүхий бүтэц бүрэл­дэхүүн уламжлагдах байжээ. Энэ удаагийн сонгуулиар цөөхөн сонгогч ирсэн биш дахин санал өгдөг луйвар багассан гэж байна. Цаашид луйвардах, хахуульдах бо­ломжуудыг улам хаагаад өгөх юм бол улс төрийн хүчнүүд хэнийг нэр дэвшүүлэхээ до­тоодын тохиролцоогоор шийдэх эрсдэлтэй болох нь. Намууд мөнгөний гачаалд орохын эрхэнд баячуудыг улс төрд уруу татах хэрэв дур­гүйлхвэл тэдэнд таагүй хууль журам гаргахаар нээнтэглэж  эцэст нь мөнгөний сонгууль явагдах нөхцөлийг бүрдүү­лээд байв. Улстөрчдийн  "тү­рүүвч"-нүүд сонгуульд хэрэг болох салбар нэгж бүрт луй­варчин хөлслөн мөнгөөр зодож өөр хаалгаар орж ирцгээнэ. Сонгуулийн сезон эхэлмэгц  FM, сайт, телевиз, сонин, сэтгүүлүүд хуушуурын гуанз гэгчээр энд тэндгүй бий болж, тэдэнд магтуулах, үл муулуулахгүйн зардал гэхэд л талийж өгсөн. Дундаж амьд­ралтай  хүний жилийн орлого нь гудамжны ганц самбарт долоо хоног зургаа тавихад хүрэхээргүй юм билээ. Бараг саналаа өгөхөөр ирсэн хү­мүүст тараагаад өгчихсөн бол юм болохоор их мөнгийг гу­дамжны реклам, телевизийн нэвтрүүлгэнд цацсан нь хай­ран мөнгө. Мөнгөтэй улсад энэ нь хамаа алга гэхэд  хам­гийн том самбар дээр зургаа тавьж чадсан  нь УИХ-ын гишүүн болоод байвал арай ч шог юм даа. Нийгэм эрүүл­жих тусам нэр дэвшигчийн чансаа дээрдэх биз ээ.

Одоо гадуур "Энэ муусайн намуудын аль нь ч хэрэггүй, хэн ч гарсан хэрэг алга" гэсэн хий үзэгдэл тэнэж явдаг. Өн­гөцхөн харахад нээрэн ч тийм юм шиг. Сонгуулийн дараа засаг байгуулах тоо хүр­сэн­гүй гээд ингээд эвсээд байх юм бол нам гэж талцсаны хэрэг юу байгаа юм гэцгээж байна. Тэгэхээр одоо цааш­даа намууд нэгнийгээ далаар нь цэвэр тавьж чадахгүйгээс хойш аль түрүүлж хамар цу­хуйсан нь засаглалаа авдаг хуулийн өөрчлөлт хийхийг амьдрал шаардлаа. Нийг­мийг "Хэн нь ч гарсан хэрэг алга" биш "Хэн нь ч гарсан яахав" гэсэн үзлээр даруй солихгүй бол нам тоохоо байх нь. Монголд олон намын тогтолцоо бэхжихэд дургүй гадаад орчин бий. Намууд хэлбэр төдий байдаг, гол бодлогыг нэг удирдагч зан­гиддаг тогтолцоотой болчих­вол Монголыг хялбархаан эрхшээлдээ оруулчихмаар. Олон үзэл бодолтнуудтай харьцахаар аль нэг нь дэлхий даяар цацаж бөөн дуулиан үүсгэнэ. Хэрэв бүхнийг нэг хүн удирддаг байгаад түүнийг нууцаар дарамтлахад ард түмэн нь огт мэдэхгүй өнгөр­нө. Ийм бодлогын угаас "Аль ч нам хэрэг алга" гэсэн гон­гиноо яваад байдаг юм шиг санагддаг.

Бид сайн намчирхаж ав­гай нөхөр хоёр хүртэл тал­цаж л байг. Буу бариад байл­даж байгаа биш, ямар хамаа байна. Муу юм ер болохгүй. Эртний хаад түүний үр са­дууд хоорондоо эе эвдэрч мөн ч олон том гүрэн улсуудыг бутраасан түүх бий. Эцсийн бүлэгт өнөөдөр Монгол Улс байж л байна шүү дээ. Ха­рамсах юм алга. Чингэсийн байгуулсан Их Монгол Улсыг өнө удаан бариад байсан бол харин Манж шиг нэгмө­сөн мөхөх ч байсан юм билүү.

Сонгуульд их олон хүн оролцох тусам аль нэг нам дангаар даналзах, шал ба­лай амьтан сонгогдох бо­ломж нээгддэг сонин үзэгдэл ма­найд байгаад байх юм. Улс төр сонирхдоггүй хүмүүсийг жижигхэн юмаар хуурч сана­лыг нь аваад байна уу?  Сон­гогчдын боловсролыг сайж­руулна гээд хичээл зааж да­раа нь шалгалт авалтай биш.

Дээр бичсэн энэ бүгдээс үндэслээд сонгууль явагддаг процердурт нэг жижигхээн өөрчлөлт хийчихмээр байна. Сонгууль товлохоос тодор­хой хугацааны өмнө бүх сонгочдын нэрс хаяг бэлэн болдог. Бүх сонгогчдод нэг бүрчлэн үнэмлэх хүртэл би­еэр очиж тарааж өгдөг. Тэгвэл энэ ажиллагааг хийх дали­мандаа "Та яг ирж саналаа өгөх үү?" гэж ам тангарагийг нь авдаг болмоор байна. Нийт иргэдийн тал нь янз бүрийн шалтгаанаар сана­лаа өгдөггүй юмаа. Санал өгөх өгөхгүй нь таны эрхийн асуудал, гол нь сонгууль бо­лох тэр өдөр баараггүй ирэх үү. Ирнэ гэчихээд хүндэтгэн үзэх онцын шалтгаан гараа­гүй атал ирэхгүй бол  хариуц­лага хүлээлгэнэ. Энэ тухайгаа сонгууль болохоос нэлээн хэд хоногийн өмнө утсаар юм уу биеэр төдний дотор мэдэгд. Хариу өгөхгүй бол ирэхгүй юм байна гэж үзээд нэрсээс хас­на. Ингээд сонгууль зарлаг­дана. Сонгуульд саналаа өгөх нийгмийн ба иргэний идэвхтэй хүмүүсийн тоо нэрс ч гарчихсан байна.

Улс төрийн намууд өөрс­дийгөө хэдэн зуун мянгаараа гишүүнчлэлтэй гэдэг юм би­лээ. Бодвол тэд нь сонгууль­даа оролцдог байлгүй. Эрх биш намдаа саналаа өгнө биз. Сонгууль болох өдөр ирц яадаг бол гэж түгших явдал­гүй. Нэр дэвшигчид хүний ба өөрийн намын гишүүдээ ял­гаад цаана нь "савалдаг" нам бус сонгогчидтойгоо уулзах цомхон ажиллагаа хийгдэнэ. Нам бус сонгогчид сонгуу­лийн өмнө хангалттай мэдээ­лэл авч амжих ба тэр нь сонгогчдын боловсрол болох юм. Хэрэв хахууль авчихгүй бол шүү. Одоо ч тэгээд өгч авалцах нь хуулиар хориг­логдсон тул улам л хэцүү байна биз дээ. Ингэх юм бол нэр дэвшигч юу ч хийхгүй сууж байгаад азаар сонгог­дох, эсвэл асар их зарлага гаргаж бөөн хэл ам бүхий ажиллагаа явуулах аль аль нь хаагдана.

Сүүлийн үед сонгуульд оролцож саналаа өгөх явдал тоглоом тохуу болж, хэн дур­тай нь улс орны байдлыг амныхаа зоргоор бурдаг бол­чихоод байгаа юм. Тэр бай­тугай их олон хүн саяын сон­гуулиар хэн нэгэн мөнгө та­рааж магадгүй гээд  саналаа өгөлгүй орой болтол хүлээсэн байгаа юм. Тэгээд дараа нь сонгох эрх мэрх гээд олон юм донгосохдоо цэцэн цэлмэг гэж юүхэв. Гуйсан, гуйлгасан сонгууль л "но"-той болоод байгаа учраас сонгогчдод ийм нэгэн хариуцлага ног­дуул­маар санагддаг. Сүүлд нь ийм ард түмнээс ийм л шаар сонгогдоно доо гэж тавлуулахгүй байх өөр ямар арга байна вэ? 1.8 сая сон­гогчдоос долоо найман зуун мянган маш идэвхтэй сон­гогч сонгуульд оролцоод бай­хад улс орны нийтлэг эрх ашиг ерөнхийдөө босчих байх гэж бодогдох юм.