Улаанбаатар маань хэдийнээ саятан хот болжээ. Хотын хүн амын тоог захиргааны аргаар тогтоодог байсан үе өнгөрсөн.  Иргэд оршин суух газраа өөрсдөө сонгох эрхтэй болсноос хойш хот руу нүүх нүүдэл эрс нэмэгдсэн. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ, хотын зах зээл тэлж, тэр хэрээрээ хөрөнгийн урсгал, ДНБ өсөж л байгаа. Нэг хүнд ноогдох ДНБ улсын дундажтай харьцуулахад Улаанбаатарт хавьгүй өндөр гарах нь ойлгомжтой. Ерөнхийдөө Монголын хоёр гуравхан том хот нь нийт улс орноо тэжээж байгаа билээ. Хөдөө ядуурч, зохиомлоор буй болгосон засаг захиргааны үй олон нэгж амьдарч чадахгүй болон сөхрөх хэмжээгээр Улаанбаатар улам тэлэн томрох нь нийгмийн гарцаагүй үзэгдэл.

Гэвч нөгөө талаас хотын агаар, ус, түлш түлээ гээд дийлдэхээ больсон зүйлс ч их боллоо. Дээр үед намын хуралд ирсэн нэг вьетнам сурвалжлагчийн асуултанд хариу олж ядаад Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” гээд туучихсан юм гэнэлээ. Энэ нэр өдгөө ёжилсон, егөөдсөн шоглоом болон үлджээ. Хоолой гашуун оргиод, нүднээс нулисм гоожоод “цагаан дагинныхаа” хажууд ч суултгүй болжээ. Туулаа дагаж гонжийсон хот маань Налайхаас Шувуу фабрик хүртэл 80 шахам км үргэлжлэнэ. Харин Богд, Чингэлтэй ууланд шахуулсан хотын маань өргөн ердөө 20 км.

Хотын талбайг өргөсгөх нэг арга бол Богд уулыг нүхэлж Төв аймагтай холбох. Сүхбаатарын талбайгаас Ясны сүрьеэгийн эмнэлэг хүртэл ердөө зургаан км. Цааш нь 3 км нүхлэхэд Мандшир орно. Тэгээд цаашаа 7 км яваад Зуунмод. Нийтдээ 16 км. Гэтэл Хандгайт хүрэхэд 26 км. Ойрхон байгаа биз?

Уул нүхэлсэн зам ердийн замаас 2-2,5 дахин илүү үнэтэй байдаг аж. Км замыг 300 саяд барьдаг гэж үзэхэд З тэрбум төгрөгөөр л Богд уулыг нүхэлчих нь байна шүү дээ. Өнгөрсөн зун сүр дуулиантай зохиодог ардчилалын хурлын өртөг. Аймгийн дарга нарын унаж байгаа үнэтэй жипүүдийн нийлбэр дээр дахиад тиймийг нэмэхэд л болчиж байна. Хойд солонгосчууд гэхэд л уул нүхлэхдээ мастер, хулгана л гэсэн үг. Тэд ямар бага өртөг хөлсөөр үүнийг хийгээд өгнө гэж бодно?

Төв аймаг урагшаа задгай. Ирээдүйд тэнд шинэ онгоцны буудал барих төлөвлөгөө ч бий. Агаар нь цэвэр, утаа тогтох хонхорхой биш. Хот руу ордог ойр сүлжээ нь байвал нүүдэллэн ирэгсэд Ногоон нуурын намган дээр оворолдоод байхгүйсэн. Нэгдүгээр хорооллын өмнүүр асар их зай эзэлсэн төмөр замын дэд бүтэц, ачаа эргэлтийн мангар мангар агуулахуудыг ч алсдаа тийш нь зөөж болохсонж. Төв аймгийн газар, дэд бүтэц, орон сууц барилгуудын үнэ ч гялс өснө.

Мэдээж ганц Богд уулыг нүхэлчихээр л Улаанбаатарын бүх проблем шийдэгдчихгүй л дээ. Гэхдээ л энэ бол өнөөгийн бэрхшээлээс гарах аргын нэг мөн байх аа. Үүний зэрэгцээ ус, агаарын хувьд илүү багтаамж сайтай Дархан, Эрдэнэт рүү нүүдлийг бас чиглүүлж өгөх хэрэгтэй мэт. Улаанбаатар - Эрдэнэтийг шууд холбосон хар зам татах юм бол Дархан-Улаанбаатар-Эрдэнэт гэсэн гурвалжин маань цогцолбороороо том сүлжээ болно. Энэ гурвалжин дотрох газар жинхэнэ утгаараа зах зээлийн эргэлтэнд орно. Хар аяндаа зах зээлийн зохицуулалтаар энэ гурвалжин дотор зөвхөн эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжинө. Хэрэгцээт сүүнийхээ 80 хувийг Улаан-Үдээс зөөдөг, хамаг хүнсний ногоогоо Эрээнээс авчирдаг байдал арилна. Амьдралын өртөг өндөртэй Улаанбаатарт гэхээсээ Эрдэнэтэд суурьших сонирхол хүмүүст буй болно. Эрдэнэт өөрөө Дарханаас дутуугүй зах зээлийн төвлөрөл болж өгнө.   

Сумын гуанзны үүд хүртэл зам татах биш, өөрсдийг нь энэ гурвалжин дотроо аваад ирвэл өртөг хямд, амьдралын чанар хавьгүй дээр, хөгжилд тустай, даяаршилд нэмэртэй. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Зах зээл томроно, тэгэж байж араас нь хөгжил дагана. “Бүгдээрээ хотод нүүгээд ирвэл эх орон маань эзгүйрчихэнэ, хэн тэгээд хөдөө суух болж байна?” гэсэн ёзооргүй асуултаар чичлэх хотын сэхээтэн мундахгүй. Тэгэж л санаа зовоод байгаа юм бол өөрсдөө очиж эзэгнээч дээ. Хүмүүс сайхан амьдралыг хүсэх, түүн рүүгээ тэмүүлэх, тэрний төлөө хөдөлмөрлөх, үр дүнг нь өөрснөө амсах эрхтэй.

 

2003-11-11