УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр эцсийн хэлэлцүүлэгт орох ёстой байсан Эрүүгийн хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү болон бусад гишүүдийн санаачилгаар. Өмнөх өдөр нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг орхиж гарсан дээрх гишүүд хурлын даргад “Биднийг байхгүй хойгуур картыг маань ашиглаад хуралдаанд суугаагүй гишүүдийн өмнөөс санал өгсөн нь хуралдааны дэг зөрчсөн явдал” хэмээн гомдол гаргасан аж. З.Энхболд дарга нөхдийн гомдлыг болгоож, Эрүүгийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг “наадмын маргааш” хийхээр хойшлуулсан нь тэр. Тэр нь яг хэзээг ч бас бүү мэд. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцүүлгийг хойшлуулсан нь хуралдааны дэг зөрчсөнд ч биш, хувь улстөрчдийн амбиц байсан юм болов уу.

Үүний өмнө, өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн чуулганы дундуур Хууль зүйн байнгын хорооны таван гишүүн хуралдааны танхимаас гэнэт үсэрч гараад “Эрүүгийн хуулийн одоо хэлэлцэгдэж байгаа төсөл нь ард иргэдээ баян ядуугаар нь ялгаварлан гадуурхсан, баялаг бүтээгчдийг боомилсон зүйл болсон тул уг хуулийн төслийг эсэргүүцэж Хууль зүйн байнгын хорооноос гарлаа” хэмээн хэвлэл мэдээллээр зарласан. Гарна гэдэг нь ч ашгүй үнэн болж, УИХ-ын даргад өргөдлөө өгсөн гэнэ. Их хурлын дарга “Хэрвээ гишүүд энэ өргөдлөө намын бүлгүүдийнхээ албан бланк дээр буулгаад авчирвал Байнгын хорооноос нь хасч өгнө” гэсэн. Хэн хэн нь хэлсэндээ хүрээрэй дээ! Хууль зүйн байнгын хороо хуралдаа суудаггүй таван гишүүнээр дутаа гэж үү, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Л.Цог, Ц.Оюунбаатар...

Харин ч Д.Ганбат гишүүний хэлсэн шиг гарсан шиг гараад, зайлсан шиг зайлаад өгвөл ард нь үлдэж байгаа хүмүүсийн ажлаа явуулахад тустай юм. “Байнгын хороо хуралдахаар “яршиг төвөг” гэж хаячихаад нэгдсэн хуралдаан болохоор камерийн өмнө дуртайгаа бурж суудаг жавьжнаас нь хөөс цахарсан хэдэн “галзуу”-гаар Монголын төрийн дутаагүй. Араас нь “Би Би” гээд дугаарлаж байгаа өчнөөн олон аавын хүүхдүүд байна. “Галзуугаа таньдаг болсон хойно илаарших нь цаг хугацааны асуудал” гэж Б.Цэнддоо гуайн бичсэн ч ортой. Гэхдээ энэ бол жич асуудал.

Харин өнөөдөртөө Эрүүгийн хуулийн шинэ төсөл иргэдээ ялгаварласан, эдийн засгаа нураах гэсэн бодлого яваад байгаа нь үнэн үү, үлгэр үү гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэвэл энэ хуулийн агуулга улс төрд удаан байх эсэх нь эргэлзээтэй хэдэн нөхдийн хувь заяанаас илүү чухал учраас. Тэгээд ч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлгийн зарим гишүүдийн зүгээс “баялаг бүтээгчдээ хуулийн 40 гаруй зүйл заалтаар яллах гэж байна, ингээд байвал эдийн засаг яаж сэргэх юм” гэдэг шүүмжлэлийг нэг бус удаа босгож ирсэн.

Ялын олон төрлийг ялгаварлал гэж эндүүрэхүй

Эрүүгийн шинэ хуулийн төсөлд хорихоос бусад ялын төрлийг нэмэгдүүлж, торгох, гэрийн хорионд байлгах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах ялыг түлхүү хэрэглэх, баривчлах ялыг хасч, хорих ялын доод хэмжээг нэг 7 хоногоос гурван сар хүртэл байхаар уян хатан зохицуулж өгсөн байдаг. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг бүлэн барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх заалттай. Энэ нь гэмт хэрэгтнийг “өршөөсөн” гэхээсээ илүү гэмт хэргийн хохирогчийг хамгаалсан бодлого юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирол барагдуулсан, барагдуулаагүйгээсээ үл хамаараад хуульд заасан ялыг эдэлж байгаа. Үүнээс болоод “Нэгэнт ял авах нь тодорхой юм чинь хохирол төлөх ямар шаардлагатай юм” гэсэн нэг талын үзэн ядлыг бий болгож, хохирогч нь хохирсон хэвээрээ үлддэг. Тэрбумыг идсэн ч ялгаагүй, саяыг идсэн ч ялгаагүй ялтай байхад илүү их идсэн нь аз, бага идсэн нь хохь болоод өнгөрдөг. Харин Эрүүгийн шинэ хуулийн төсөлд эрүүгийн хариуцлагын зорилгыг /төслийн Тавдугаар зүйл/ “Гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаар ялын бодлогод ч гэсэн өөрчлөлт орсон байна.

Нөгөө талаас эдийн засгийн үр өгөөжийн асуудал. Зүгээр үлгэрлэхэд, нэг талх хулгайлсан хүнийг яллаж байна гээд нэг жил үнэгүй талх өгөх үү, эсвэл хулгайлсан талхных нь үнийг хийсэн ажлаар нь төлүүлэх үү? Үүний хариултыг зөв гаргачих юм бол одоо шорон дүүргээд байгаа 8000 гаруй хоригдлын наанадаж тал хувь нь наранд гарна даа. Тэдэн дотор анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, анхаарал болгоомжгүйгээс гэмт хэрэгт холбогдсон өчнөөн мянган залуус бий. Тэднийг хорихоосоо илүү нийгэмшүүлэх, нийгэмдээ гэм хор учруулахгүйгээр амьдарч сурахад нь туслах явдал чухал тухай бараг л арван жил ярьж, бичлээ. Ажил хийх чадвартайгаар нь ажил хийлгээд, ажил хийх чадваргүйг нь гэрийн хорионд байлгаад... гэх мэтчилэн тухайн хүнд нь тохирсон, гэм буруугаа ухаарах, учирсан хохирлоо арилгах боломжийг тооцсон ялын уян хатан бодлогын тухай л яриад байгаа юм. Түүнээс биш хөдөөний хүн, хотын хүн хоёрт, эсвэл мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаварлаж ял оногдуулах тухай биш. Хачирхалтай нь үүнийг өөрсдийгөө “хуульч гишүүн“ гэж өргөмжилсөн 5-6 нөхөр л олж хардаггүй. Хүн харъя гэснээ хардаг, харахгүй гэснээ бол хэзээ ч харддаггүй гэдэг үнэн аж. Ялангуяа Ц.Нямдорж гуай бол угаасаа 2002 оны “шоронжсон” хуулийг өөрөө хийсэн, одоо ярьж байгаа Эрүүгийн шинэ хуулийг концепцийнх нь хувьд бүрэн эсэргүүцэж байгаа учраас З.Баянсэлэнгэ гишүүний хэлснээр “Хуулийн төслөө ч эргүүлж хараагүй” нь үнэн биз.

Хувь хүн ч, хуулийн этгээд ч хариуцлагаа хүлээнэ

Хуулийн этгээд буюу аж ахуй нэгж, байгууллагыг 40 гаруй зүйл заалтаар яллахаар хуулийн төсөлд тусгасныг ажлын хэсэг дээр яриад, гишүүдийн санаа оноог аваад 20 гаруй зүйл заалтаар яллахаар болсон тухай өмнөх хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байсан. Сайн байна. Угаасаа өмнөх хуульд хуулийн этгээдийн хариуцлага гэдэг зүйл байгаагүй учраас аж ахуй нэгж, компаниудын татвараа нуусан, мөнгө угаасан, хууль бусаар ашиг орлого олсон, эсвэл төрийн өмчит компаниудын төсвийн хөрөнгө үрэгдүүлсэн, завшсан бүхий л хэргийн хариуцлагыг  нэг нягтлан бодох нь, эсвэл захирал нь үүрээд хэдэн жилийн ял аваад өнгөрдөг, ард нь учирсан хохирол нь ч төлөгдөхгүй, олсон ашиг нь ч компанидаа үлддэг байсан.

Үүнийг өөрчлөхийн тулд төслийн Наймдугаар зүйлд “хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах”-аар заасан байна. Ялын төрөл нь торгох, тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах, татан буулгах. Мөн хуулийн этгээдэд ял оногдуулсан нь хувь хүнийг /хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан/ хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг ч зааж өгсөн.

Торгуулийн хэмжээг жишээ нь хэт өндөр байна гэж үзээд 2-3 тэрбум байсан торгуулийн дээд хэмжээг хэлэлцүүлгийн үеэр 800 сая руу буулгасан. Тэр нь харин ихдэх, багадах тухай, эсвэл хийсэн хэрэгт нь тохирсон эсэх талаар тогтож ярина уу гэхээс биш хий хоосон таамгаар “баялаг бүтээгчдээ багалзуурдлаа” гэж бахираад бол дэмий.

“Нэгж” гэж юу вэ?

Өмнөх Эрүүгийн хуульд торгуулийн хэмжээг цалингийн доод хэмжээнд тулгуурлан нугалж тогтоодог байсныг шинэ хуулийн төслөөр “тооцооны нэгж” гэх зүйлээр орлуулаад байгаа. Учир нь, цалингийн доод хэмжээг УИХ биш, Засийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын нэгдсэн холбоо гээд гурван талын хэлэлцээрээр тогтоодог тул УИХ үүнд нь хяналт тавих боломжгүй, хэзээ ч хөдлөх боломжтой юм. Тиймээс хуулийн төсөлд “тооцооны нэгж” гэх шинэ нэр томьёо оруулж ирээд эхний удаад 2000 төгрөг байхаар тогтсон байв. Хэрвээ төгрөгийн ханш чангарч эдийн засагт эерэг өөрчлөлт гарвал хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулахын оронд зөвхөн тооцооны нэгжид өөрчлөлт оруулж 1000, 1500 төгрөг болгох юм уу, эсрэгээрээ төгрөг суларсан тохиодолд 2500 төгрөг байхаар гэх мэтчилэн өөрчлөх боломжтой.

Гэхдээ үүнийг банкуудад хэрэглэгддэг, тухайн өдрийн гадаад валютуудын ханштай уялдан өөрчлөгдөж байдаг “тооцооны нэгж”-ээс ялгахын тулд “тооцооны” гэдэг үгийг хасч, зөвхөн “нэгж”-ээр илэрхийлэхээр хуулийн төсөлд засвар оруулаад явж байгаа. Үүнийг “Монголд урьд хожид байгаагүй “тооцооны нэгж” гэдэг үл бүтэх зүйл оруулж ирлээ” хэмээн туйлшрах ч гэсэн инээдэм. Тэгж яривал литр, метр ч гэсэн монгол хэмжүүр биш. Гэхдээ л бид хэрэглээд сурчихсан. Эсвэл үүнийг ч гэсэн монголчилно гээд сөөм, тохой, алд, дэлэм рүүгээ эргээд орох юм уу?

Б.СЭМҮҮН