Чуулганы гацаа, МАН-ын бага хурал гээд улс төрд өрнөж буй үйл явдлууд ид анхаарал татаж байна. Гэсэн ч гацаа арилж шинэ Засгийн газрыг бүрдүүлэх асуудал руу яаравчлан орох нь тэртээ тэргүй тодорхой зүйл юм. Хэдийгээр чуулганы гацааг тойрсон төрөл бүрийн улс төр явагдаж байгаа ч хөшигний ард шинэ танхимд орж ажиллах сайдуудын сураг бараг л тодроод байна. Хэдийгээр энэ их хурал сонгодог олонхгүй ч 31 суудал авч тэргүүлэх байр суурийг эзэлсэн АН-ын гарт бүх санаачлага байх нь тодорхой. Абсолютны олонхтой биш ч харьцангуй олонхтой парламентад хөл тавьж, улс төрийн өрөг дээр тоглох давуу эрхийг намдаа авчирч чадсан Норовын Алтанхуяг  Ерөнхий сайд “болжээ”. Дээр үед хөдөө хотын замд давхиж явах замдаа нэг лидер нь нөгөөдөө ерөнхий сайдын суудлыг  алдаж байсан гашуун түүх энэ намд бий. Тийм болохоор юун түрүүн Ерөнхий сайдын асуудлаа шийдсэн нь зөв юм. Н.Алтанхуяг фракцуудынхаа зөрчилд идэгдэж тал тал тийшээгээ харчихсан намыг авч нэгэн тугийн дор төвхнүүлж чадсан. Өнгөрсөн парламентад цөөнхийн суудал авсан ч амжилттай хэлэлцээрт орж намдаа асар их ашиг авчирсан. Цөөнх атлаа олонхи шиг эрх мэдэл эдэлсэн гээд хэлчихэд буруудахгүй. Үнэндээ бол залагдаж ирсэн зайрангууд шиг л байсан шүү дээ, манай нөхдүүд.

Н.Алтанхуягийн гол гавъяа нь парламентад цөөнх байсан намыг саяын сонгуулиар бараг л олонхи болгосон явдал. Ийм менежерийг Ерөнхий сайд болгохгүй өөр хэнийг болгох юм. Хатуужилтай, тэсвэрлэг, хэлэлцээрийн их мастер Н.Алтанхуяг харин ямар ямар эрхмүүдээр танхимаа бүрдүүлэх вэ. Мэдээж МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл, ИЗН, бие даагчид гэсэн гурван субьекттэй ажиллана. Эдгээр эрээвэр хураавруудаас хэн нь Засгийн газарт хөл тавих нь тийм ч сонин биш. Харин нам дотроосоо хэн хэн нь орж ирэх бол гэдэг л илүү анхаарал татна.

Юун түрүүнд яамдуудад томоохон бүтцийн өөрчлөлт хийх нь тодорхой болоод байна.  ЗТБХБЯ, ХХААХҮЯ, ХЗДХЯ, БОАЖЯ, НХХЯ зэрэг олон функцтэй, ажлын давхардал ихтэй яамдуудыг салгаж орон тоо бүтцэд нь багтаан цомхон яамд байгуулах  гэж байгаа сурагтай. Мэдээж үүнийг дагаж төрийн албанд багагүй бужигнаан, нүүдэл суудал өрнөнө. Гол нь хэт данхайлгахгүй одоогийн төсвийн төвшинд зохицуулж чадвал болохгүй ч өөрчлөлтүүд биш юм.



Соёл урлаг, биеийн тамир спорт, аялал жуулчлалын яам байгуулах тухай сайхан мэдээ байна. Соёл урлаг, аялал жуулчлалыг хамтатган бие даасан яам байгуулах нь зөв ч юм шиг. Хэрэв энэ үнэн бол урлагийнхны олон жилийн мөрөөдөл биелэгдэх нь. Харин сайдаар нь ямар нэгэн дуучин, жүжигчин аваачаад тавьчихгүй байгаасай. Хэрэв тэгвэл урлагийнхны ертөнц улс төрөөс дутуугүй  эцэс төгсгөлгүй хэрүүлд идэгдэнэ гэсэн үг. 

Нөгөө талаар биеийн тамир спортыг эрүүл мэндээс салгаж боломгүй мэт. Эрүүл мэндийн яамыг Эрүүл мэнд, биеийн тамир спортын яам болговол ямар бол. Иймэрхүү яриа хөөрөө зохих төвшинд яригдаж  байгаа юм байна. АН-ын яамдын бүтцийн талаархи сураг ажгаас тандахад боломжийн хувилбарууд мэт.

Сайдууд ч сонсогдоод л байна. Н.Алтанхуягийн хувьд өмнөх засагт тэргүүн шадар сайд байсан. Үнэндээ хамтарсан засагт өөрийн нам төлөөлсөн Ерөнхий сайд л байсан гэсэн үг. Тийм болохоор юу хийхээ сайн мэдэж байгаа байх. Тийм ч учраас өөрийн багт байсан сайд нараасаа Х.Баттулга, Л.Болд, С.Баярцогт нараа тооцож байгаа гэсэн таамаглал оргүй зүйл биш болов уу. Тэр ч бүү хэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбааг мүднякууд нь хуучин ажилдаа оч гэж санал тавьсан сураг байна. С.Ламбаа ч хүлээн зөвшөөрөх байх. Бодвол эрүүл мэндийн яам МҮДН фракцид хуваарилагдсан юм болов уу даа. Хэрэв энэ үнэн бол мүднякчууд зөв л сонголт хийж гэж бодож байна. Хамтарсан засагт төрийн сайдын албыг хаасан шиг хаасан хүн гэвэл С.Ламбаа сайд мөнөөсөө мөн. Өрсөлдөгч намын Ц.Батбаяр сэтгүүлч миний ярилцлагад орохдоо С.Ламбаа, С.Баярцогт нарыг амаргүй нөхцөлд шаггүй ажилласан гэж нэр цохон хэлж байж билээ. Цаадах нь хэн байх хамаагүй. Сөрөг намын гишүүнээс ингэж үнэлэлт авна гэдэг өөрөө эрүүл бөгөөд гоё үзүүлэлт. С.Ламбаа сайд улс төрд сайхан жишиг тогтоохын төлөө улс төрийн амьдралаа зориулж яваа хүн.  Хамгийн сүүлд гэхэд  саяны сонгуулиар Архангай, СХД-ээс төдийгүй намын жагсаалтаас хүртэл нэрээ татаж залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжсэн. Ухарч чаддаг, урдуураа бусдыг оруулж, зам тавьж өгч чаддаг ийм улстөрч хэд бол. УИХ-д гурван удаа сонгогдсоны хувьд жагсаалтад орох бүрэн эрхтэй гишүүн тэр мөн үү гэвэл мөн. Ийм хүнд АН өмнөх Засгийн газрын үед хийж эхлүүлсэн ажлаа  үргэлжлүүлэхийг даатгаад сайдын албыг өгчихвөл Эрүүл мэндийн салбарынхан алга ташин л хүлээж авах байх. Бас Л.Гансүх сайдад хуучин яамыг нь өгөх байх гэсэн таамаглал яригдаж байсан ч ИЗНН-д өгч байгаа бололтой. Сураг ажиг дуулахад түүнд Батлан хамгаалах яамыг өгөх  сураг байна. Өмнөх сайдын албыг дажгүй хашсан, Цэргийн сургуульд багшаар ажиллаж байсан хүний хувьд БХЯ-ыг толгойлоход буруу ч юу байхав. Хуучин сайдуудаа багтаа ийхүү авахад Н.Алтанхуягт нөмөр нэмэр болно уу гэхээс сөрөг гэх нөлөө байхгүй. Тэд ажлаа сайн мэднэ. АН-ын хувьд одоо сонгогчдын итгэлийг хүлээж ажиллах нь юу юунаас чухал шүү дээ.  

Одоо Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсныхоо дараа багаа хэрхэн бүрдүүлэхийг харах л үлдлээ. Засгаа тогтвортой байлгах богинохон бодлоор элдэв хорчин, шантаажчингуудыг багтаа авах уу, аль эсвэл ажил хийдэг, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл даах тулхтай улстөрчдийг багтаа авч амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэх үү  гэдгээс их зүйл шалтгаална.

Улстөрчдийн хамгийн их тэмүүлдэг Сангийн сайдын албыг М.Энхсайханд өгөх сураг гарч байна. М.Энхсайхан засагт орвол гоё л харагдана. Түүний мэдлэг чадвар энэ төрд хэрэгтэй. Гэтэл АН-ын хонзогногчид сурсан зангаараа ҮЗХ-ны хурал дээрээ М.Энхсайхан гэдэг сэдвээр хатуухан шүүмжилсэн дэгдээсэн гэсэн. Улсын баатар Э.Бат-үүл тэргүүтэй улстөрчид М.Энхсайханыг эрс эсэргүүцсэн ч Сангийн яам тэртээ тэргүй эвсэлд очсон. О.Чулуунбат уу, М.Энхсайхан уу гэдэг дээр л далд яриа болж байгаа байх. АН сонгуульд өрсөлдөөд унасан гишүүдэд албан тушаал өгөхгүй гэсэн хатуу байр суурь дээр тохирч чадсан нь нэг том алхам юм. Намд суудал алдсан нөхдүүдтэй аль ч хүчин хариуцлага ярьдаг жишиг тогтвол том улс төрдөө тусгал нь сайн. Гэхдээ Өвөрхангайн тойргийн маапаан шийдэгдээгүйгээс болж Г.Батхүү, Д.Зоригт нар энэ удаа хохирол амсаж байх шиг байна. Д.Зоригт гэхэд Хөдөлмөрийн яаман дээр яригдаж байсан. Жишээ нь, Да.Ганболдыг аль ч утгаар хээр хаях боломжгүй. Хотод өндөр эрэмбийн алба санал болгосон ч өөрөө яримгүй халширсан сураг чих дэлсэж байна. Миний таамаглаж байгаагаар Да.Ганболд дэд бүтэц тэр дундаа төмөр зам түшсэн аль нэг яаманд дэд сайдаар очих магадлалтай. Бараг эцсийн байдлаар тодорхой болсон сайд гэвэл Лу.Болд, Х.Баттулга нар байна. Л.Болдыг Гадаад хэргийн сайдаар томилох юм гэсэн. Энэ бол жинхэнэ тохирсон томилгоо. Женкогийн хувьд ХХААХҮЯ-ыг хуучнаас нь илүү бүдүүрүүлж авч байгаа гэх. Харин Фортуна Батбаярт Эдийн засгийн яамыг өгөх сураг байна. Эдийн засгийн яам байгуулах талаар өмнөх их хурал дээр ярьж байсныг АН хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ.  Фортунад алба өгөхгүй бол болохгүй байх л даа. Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болох нь тодорхой болсон бол С.Баярцогт хоосон үлдэж байна. Сангийн яам эвсэлд очсоноор түүний хувьд асуудал сонин байдлаар эргэсэн нь энэ. Гэхдээ С.Баярцогтыг Эрдэс баялгийн яаманд тавьж магадгүй. Эрх ашгийн зөрчил зарим хүмүүс дээр яригдах учраас түүнийг сонгох магадлалтай. Мэдээж уул уурхайн бизнестэй хүн энэ яамны сайдаар очих нь ард түмнийг хэтэрхий элэглэсэн хэрэг болох биз. Тэгэхээр сонголт С.Баярцогт руу эргэх боломжтой. Энэ мэтээр Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Ажнайн Батэрдэнэ, Д.Тэрбишдавга, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, С.Оюун зэрэг УИХ-ын гишүүдийг сайдад сойж байгаа мэдээ байна. Гаднаас гэвэл хуучин сайдаар ажиллаж байсан хүмүүсээс өөр хүн орохгүй бололтой. Тэр хоёрыгоо авахгүй бол 100 хувь гишүүдээс сайдууд тодроно гэсэн үг. Гэхдээ арай ч тэгэхгүй биз ээ.

Ийнхүү АН-ын доторх албан тушаалын хуваарилалт цаасан дээр, бүлэлэлүүийн дунд тохиролцоо хэлбэрээр явагдаж байна. Улс төрд зонхилдог энэ зарчмаар явахгүй гээд ч яах юм.

Өнөөдөр АН бялдуучлал, агуу их зусардалтаар хучуулж байна. Өмнөөс нь ичмээр нялуун өмгөөлөл хэвлэлүүдийг хулдаж, өөрсдөө ч толгой эргэн манарч байх шиг. Гэвч хашааны гадаа зүдэрч явахад халшралгүй зүтгэж явсан хэдэн бор гишүүдээ голыг нь харлуулахгүй шиг энд тэнд шингээх зовлон бас л Н.Алтанхуяг дээр ирж байна. Гэхдээ тэр ийм ажилд гаршсан дарга болохоор алтруулаад өгөх байлгүй дээ....