“Ямар ч муу зүйл болсон заавал сайн тал руугаа явж байдаг” Баабар бичээд байсан даа. Тэр цаг нь одоо ирж байх шиг. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх буюу МАН-ын сайд нарыг огцруулах асуудал явж байгаа. АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь намын бүлэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулах үед хоёр намын хооронд байгуулсан гэрээг дүгнээд /зүй нь бол Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах үед уг гэрээг дүгнэж, цаашид МАН-тай хамтрах эсэх талаар хэлэлцэх учиртай байсан болов уу/ “Хангалтгүй” хэмээн үзэж МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэрт хүрсэн билээ.

Нэгэнт уг асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлагдсан одоо ирж буруу, зөвийн тухай ярих нь утгагүй. Харин цаашид үйл явдал яаж өрнөхийг харах л үлдэж байна. Харин ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өнгөрөгч баасан гаригт хийсэн мэдэгдэл асуудлыг жаахан ч гэсэн урагшлуулахад нэмэр болох биз. Тэр Засгийн газрын ээлжит бус чуулганыг хуралдуулахаас урьтаж АН-ын ҮЗХ-г хуралдуулахыг АН-ын дарга З.Энхболдооос шаардсан. Өөрөөр хэлбэл хамгийн олон суудал авсан намын дарга /өмнө нь бол “ялсан намын дарга” гэж нэрлэдэг байсан/ нь Ерөнхий сайд байх сонгодог зарчмаараа явья. Ч.Сайханбилэг намын дарга болох уу, З.Энхболдыг Ерөнхий сайдад томилох уу гэдгийг намын удирдах байгууллагаараа шийдүүлье гэв.

Харамсалтай нь баасан гаригийн үдээс хойш гардуулсан уг шаардлагаас хойших хоёр өдрийн дотор АН-ын ҮЗХ-ны хурал зарлагдсангүй, тийм боломж ч байсангүй. Үүнийг ч Ерөнхий сайд өөрөө мэдэж байлаа. Гэхдээ Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаас үл хамаараад АН-ын ҮЗХ уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн байна. З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын хэн нь намын дарга бөгөөд Ерөнхий сайд байх вэ гэдгийг. Тэр нь ч шударга.

Үнэндээ бол өнгөрсөн найм, есөн сарын турш энэ хүн улс төрийн тавцанд “үл үзэгдээч” болж явсан.  Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын оруулж ирсэн нэг ч асуудлыг парламент дэмжиж урагш явуулаагүй. Энэ бол АН-ын, бас УИХ-ын дарга З.Энхболдын “гавъяа”. Ч.Сайханбилэг гэдэг хүн бүрэн эрхийнхээ хугацаанд зөвхөн гадаадад Монгол Улсыг төлөөлөх ажлыг л хийж ирсэн. Тэгэвч гадагшаа гараад ярьсан, зурсан бүх ажил нь Монголын нутаг дээр ирээд унадаг байв. Ийм тоглоомын Ерөнхий сайд байснаас байгаагүй нь ч дээр.

Тэгээд ч энэ есөн сарын турш монголчууд засагтай засаггүй ажлаа хийгээд, амьдраад л ирсэн. Ирэх сонгууль хүртэл ч амьдарч л таарна. Бизнесийнхэн нь хуулийнхандаа зуулгасан ч аж ахуйгаа чирээд, татвараа төлөөд, төсвийнхөн нь цалингаа тавиад, хотынхон замаа засаад дахиад нэг оныг үднэ. Харин АН-ынхан энэ янзаараа сонгууль хүргэвэл хэцүү дээ, хэцүү...

Тиймээс есөн сарын өмнө Н.Алтанхуяг “Эр хүний нөхөрлөлөөр барьцаалж байна” гэж хэлээд Ерөнхий сайдаасаа огцорч байсан шиг Ч.Сайханбилэг ч гэсэн өнөөдөр “Бүхэл бүтэн намын хувь заяагаар дэнчин тавихгүй” гэж хэлээд өргөдлөө өгчих хэрэгтэй юм. Улс орны эрх ашиг энэ тэр гэж том ярьж, худлаа бүлтрэхээ больё. Энэ хоёр хүний хэн нь ч Ерөнхий сайд байлаа гээд ирэх нэг жилийн дотор монголчууд сүйд болтлоо хөгжиж дэвжчихгүй. Бас өлсөөд үхчихгүй нь лав. Хоёуланд нь л адилхан “Монголын төлөө цохилох зүрх” байдаг биз. Харин тэр нам доторх сөргөлдөөн, өрсөлдөж тэмцэлдсэн өшөө хорслоо төрд авчирч халдаагаад, нялзаагаад байхыг л тэвчимгүй байна. Тэр нь мань мэтийнхээ хүн шиг амьдрах замыг хаагаад, хөл чөдөрлөөд байвал бүр ч хорлонтой.

Тиймээс засаг барьж байгаа нам нь эхлээд дотроо асуудлаа шийдчих. ҮЗХ-гоо хуралдуулна уу, хуруудацгаана уу, бүр барилдаад давсан нь тамгаа авдаг ч бай хамаагүй.  Хэн нь намын дарга, Ерөнхий сайд болж Тавантолгой, уул уурхайгаа хуваах юм, хэнгүүд нь хувь хүртэх юм гэдгээ эхлээд шийдчих. /Э-гээр эхэлсэн хүн М.Энхболдоос хусам харамласандаа МАН-ыг засгаас гаргая гээгүй нь лав/ Үүнийхээ дараа харин улс орноо хэрхэн хөгжүүлэх тухай үлгэрээ ярьвал үнэмшилтэй. Тэртэй тэргүй монголчууд өнгөрсөн 25 жилд “Эхлээд намын буюу улс төрийн, бүр нарийн ярьвал бүлэглэлийн эрх ашиг байдаг. Дараа нь улс орны эрх ашиг орно” гэдэг бичигдээгүй хуулийг уншаад, ойлгоод, эвлэрчихсэн. Одоо ч тэр тоглоомын дүрэм чинь хэвээрээ.

Товчхондоо эрх барьж байгаа намынханд хэлэхэд “МА” намын зургаан сайдаас илүү “А” намын хоёр толгой хорлонтой харагдаад байна аа. Хоёр нь олдож байхад гурав дахь нь бүр илүү. “Тэр” хүн хийж болох хамгийн “шилдэг” нүүдлээ өнгөрсөн өвөл хийчихсэн, түүнийх нь үр дагавар одоо ингэж гарч байна. Гэвч ямар ч муу зүйл болсон заавал сайн тал руугаа явж байдаг гэсэн. Өөрөөр бас, туулах ёстой мууг эртхэн туулаад өнгөрвөл эргээд босохдоо хурдан байдаг ч гэдэг.