Тавантолгойг муугаар эхлүүлвэл монголчууд дампуурна
Чи,би,бид баяжихыг , Монголоо баян, тарган, чадалтай, тэнхээтэй улс орон болгохыг хүсдэггүй гэж үү? Үнэхээр хүсдэг бол яагаад ийм болох, болгох боломж хажууд ирээд байхад шүүрээд авч чадахгүй цааш түлхээд байна вэ?
Чи,би,бид баяжихыг , Монголоо баян, тарган, чадалтай, тэнхээтэй улс орон болгохыг хүсдэггүй гэж үү? Үнэхээр хүсдэг бол яагаад ийм болох, болгох боломж хажууд ирээд байхад шүүрээд авч чадахгүй цааш түлхээд байна вэ? Магадгүй ийм боломж дахиж хэзээ ч ирэхгүй. Одоо алдвал чи,би, бид өмч хувьчлалаас түй ч үгүй хоцорч, алдарт 20-р тогтоолоор халаасны хэдээ хувхайруулсан шигээ хорвоог зүхээд хоосон хоцрох болно. Дашрамд дуулгахад “баяжих”гэдэг хүн сэжиглэхээр үг биш. Энэ бол ерөнхий утгаараа илүү сайхан амьдрал гэсэн үг.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 оны долоодугаар сарын 07 өдөр УИХ-аас Тавантолгойн нүүрснийг ашиглахтай холбоотой алдарт 39-р тогтоолоо гаргасныг монголчууд харин ч мартдаггүй юм. Энэхүү тогтоолыг хэрэгжээсэй, аль болох хурдан хэмээн таван жил тэсч яадан хүлээсэн биш билүү бид.
Хүлээн тэчяадахын учир энэ тогтоолын дагуу Монголын иргэн бүр Тавантолгойн нүүрсний ордод хувь эзэмших эрхтэй болсон. Тодруулбал, Монгол Улсын нийт иргэнд уг баялаг нүүрсний ордын хувьцаанаас эхний ээлжинд 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, ямар ч үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ хэмээн заасан явдал.
Мөнхүү тогтоолын 02-т зааснаар уг ордын нүүрсийг ашиглах үйл ажиллагааг эрхлэх онцгой зөвшөөрлийг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэхээр болсон.
Энэхүү 39-р тогтоол монгол хүн бүрт, айл өрх бүрт ямар их баяр хөөр, басхүү итгэлийг өгсөн билээ. Дэлхийд нөөцөөрөө ч, нүүрснийхээ чанараар ч нэг, хоёрт эрэмблэгдэх ийм том орд, баялагаасаа үнэ төлбөргүйгээр хувьцаа эзэмшиж, ашгийг нь хүртээд байж байна гэдэг бусад улс үндэстний атааг хөдөлгөх хувь заяа.
Мэдээж энэ бүхэн Тавантолгой ордоо бид бүрэн утгаар нь ашиглаж эхлэх үеэс, бүр тодруулбал Оюутолгой шигээ хэн нэгэн гаднынхны эрх ашигт давамгайлуулж алдахааргүйгээр өөрсдөө, үндэснийхээ компаниудын давуу байдлыг хангасан тийм нөхцлийг бүрдүүлж байж сая бодитоор биелэх боломжтой. Ингэж эс чадваас энэ бүхэн зүгээр л лөөлөө болоод хоцорно. Ийн өгүүлэхийн учир яг одоо парламент дотор энэ л асуудлын талаар “алалцаан” болж байна. Нэг хэсэг нь Монголын ард түмэнд биш, цөөн хэдхэн хүний мэдэлд Тавантолгойн ордыг өгнө, нөгөө хэсэг нь ёстой гонжийнжоо, тогтоолынхоо дагуу нийт монголчууд, ард түмнийхээ эрх ашгийг тусгаж , тэдний хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчүүлэхгүй байж , гаднын бус дотоодын үндэсний компаниудад давуу байдлыг олгох замаар ордоо эзэмшинэ хэмээн тулж эхэллээ.
Энэ бүх маргаан эртнээс эхэлсэн хэдий ч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордын үндсэн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой гэрээг Хятадын нүүрсний мангас “Шинхуа” компанитай нууцаар хийн гарын үсгээ зурах шахаж байхад нь УИХ-ын дарга З.Энхболд мэдэж зогсоосноор нийтэд ил болсон билээ. Энэ гэрээгээр бол нөгөө Монголын ард түмэнд ногдох учиртай хувь, хувьцаа бүгд “будаа” болон хоцорч, зөвхөн МCS –ийн охин компани болох “Энержи ресурс”-т Тавантолгойн 51 хувь, үлдэх 49 хувийг нь Хятадын “Шинхуа” эзэмшихээр болсон байсан.
Үнэндээ Монголын ард түмний хувь заяаг гаргуунд гаргаж, уландаа гишгэсэн энэ гэрээг УИХ-ын дарга З.Энхболд зангараг заан зогсоогоогүй бол яана. Бид хэчнээн ядарч байсан ч ингэж улс орон, ард түмнээ худалдаж , зарж идэж болно гэж үү.
Яагаад монголчууд бид өөрсдийнхөө, үр хүүхэд, хойч үеийнхнийхээ эрх ашигт аймшигтай халдаж байгаа ийм гэрээг зөвшөөрөх ёстой гэж. Үүнээс ч илүүтэйгээр Шийдлийн Засгийн газар эх орноо шуудхан худалдаж байна биш үү.
Өнөөдөр Монгол Улс маань үндэсний компаниудынхаа үйл ажиллагааг сэргээн дэмжиж, тэднээр дамжуулан олон,олон ажлын байр гаргаж, иргэдээ орлоготой, төсвөө мөнгөтэй болгон, тэднийг илүү үнэ цэнэтэй болгох цаг болсон. Ингэх бололцоо боломж нь Тавантолгой. Бидэнд хангалттай туршлага бий гэж боддог. Тэр тусмаа нүүрсний салбарт бид бусдын гарыг харахааргүй болсон улс. Хаана ч үгүйлэгдээд байгаа мэрэгжлийн, чадварлаг боловсон хүчний дутагдлын талаар ч толгой өвтгөөд байхгүй болсон манай улсын ганц салбар гэвэл нүүрс. Гагцхүү техник, технологийн дутагдалтай тал байдаг хэдий ч, энэ бол шийдэж болохооргүй хэцүү бэрхшээл биш. Эдүгээ Хятадын “Шинхуа” группийн зүгээс чухам энэ асуудал дээр өөрсдийгөө биднээс илүү гэж үзэж байгаа нь ч үнэн. Тиймээс ч дээрх гэрээг М.Энхсайханы хувилбараар батлуулахыг үхэн хатан зүтгэхдээ тэд “Бид Тавантолгойд хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн тодотгож байгаа юм билээ. “Энержи-ресурс” ч бас хоолой нийлэн ийн мэдэгдэж байгаа.
Яс юман дээрээ Тавантолгойд монголчууд өөрсдөө чадахгүй, дийлэхгүй байхаар тийм хөрөнгө оруулалт байхгүй шүү дээ. Монголын үндэсний компаниуд нийлээд, төр, засаг нь дэмжээд явахад л боллоо. Австралитай хамтраад менежментийн удирдлагын гэрээ хийсэн ч болохоор. Хэрэв ээ, ийм замаар монголчууд өөрсдөө Тавантолгойгоо мэдээд явбал өнөө жижиг, дунд үйлдвэрүүд маань үй олноороо сэргэн өндийгөөд ирнэ. Дор хаяж 60-70 жилийн энэ аварга төслийн үр ашиг тэр чигээрээ монголчуудад, монгол айл өрх, үйлдвэрлэл бүхэнд хүрч өгөөжөө өгнө. Тэр хөрс хуулалтыг нь Хятадын биш Монголын 10 компани хийгээд өндийгөөд ирэг л дээ. Яагаад болохгүй гэж.
Гэтэл М.Энхсайханы гэрээний дагуу “Энержи-ресурс”, “Шинхуа” гэсэн оролцогчтой хувилбар хэрэгжвэл 20-30 хүний л амьдрал сайжрахаас биш монголчуудад энэ бүхэн огтхон ч нялзахгүй болно. MCS бол яах аргагүй Монголын шилдэг компани. Гэвч ард түмний эрх ашгийг ийн уландаа гишгэн улайрах нь цаанаа өөр зорилготой харагдаад байна. Гадаадын бирж дээр хувьцаагаа гаргасан Монголын цөөхөн, тодруулвал хоёрхон компанийн нэг нь “Энержи-ресурс”. Байж болох хамгийн муугаар хардахад л “Энержи-ресурс” өөрт ногдох 51 хувиа гаднынханд зарвал яах вэ? Ингэх нь хууль, эрх зүйн талаасаа бүрэн нээлттэй Монголын цорын ганц хувийн компани шүү дээ. МCS Хятадаас хоёр тэрбум ам.долларын зээлтэй гэдгийг монголчууд маш сайн мэднэ. Зээл өр биш хэдий ч хугацаандаа барагдуулж эс чадваас шууд л өр болон нэхэгдэнэ. Мууг ёрлосон юм биш ээ. Магадгүй ийм байдал үүслээ гэхэд МСS Тавантолгойн эзэмшлийн 51 хувиасаа зарахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.
М.Энхсайхан хэмээх автортой энэ гэрээ баталгаажвал монголчууд Тавантолгойн үйл ажиллагаанд ямар ч хяналт тавьж чадахааргүй хоцрох юм. Ийм л нөхцөл байдал үүсээд байгааг маш хурдан засаж залруулах нь төрийн түшээдийн төдийгүй нийт монголчуудын хойшлуулшгүй үүрэг билээ.
УИХ энэ гэрээг яаралтай авч хэлцэн хувийн нэг компанийн бус 2.1 сая хувьцаа эзэмшигчдийн, Монголын эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг эрхбиш гаргах ёстой. Сайнаар эхэлсэн аливаа зүйл сайн үрийг цааш дэлгэрүүлдэг. Харин муугаар эхлүүлвэл бүрэн дампуурдаг.