АЛЯСКИЙН ДАРХИН ХАР

Эр хандгайг манж, эм хандгайг сүндэс, үрийг нь хотол гэнэ. Хоёр настай эрийг нь тозуул, идэр насны хандгайг тохь, нас бие гүйцсэн эрийг нь бууран хандгай, лухгар хөгшин хандгайг дархин хар манж гэж тус тус нэрлэдэг аж. Төрөлх монгол хэлний минь үгсийн сан эс шавхагдах баян. Молхи миний гадарлах англи, хятад, орос хэлэнд лав ийм нарийн оноосон нэр байхгүй болтой.

Дархин хар манж

Анкорижид “Тогоруу хамгаалах олон улсын сан”-гийн хуралд очсон юм. Аляскийн намрын өрмөн шаргал өдрүүд таарсан нь азтай. Хурал өндөрлөсний маргааш нь үүрийн таван жингээр нутгийн өнгөт арьстан залуу Бэнийг дагаж “Чугатын нуга” хэмээх тусгай хамгаалалттайгазар руу хөдөллөө.

Ургах нартай өрсөж Чугат голын арын намагтай торлог явган туулж, өндөр хамрын хяр дээр гарахын тулд намаг, шавар, шавхайтай балархай жимээр нэг ташиж, нэг өгсөж мацав.Тэнд гараад түр тухалж гурвуулаа ойр хавийг горьдлогын нүдээрудаан дурандлаа. Эргэн тойроны ертөнц нарны туяанд намрын өнгө зүсээ гайхуулах нь манай Шишгэдийн голын ай савыг санагдуулав.

Нүдэнд юу ч торсонгүй. Хандгайн ороо хөөцөлдөө эхэлсэн цаг учраас хөл хөдөлгөөн ихтэй баймаар. Тэндээс уруудаж зүүн хойд руу чиглэн адууны бэлчээрийн хэртэй бэдэрч нэгэн нуурын эрэгт очих төлөвлөгөө Бэн гаргав. Дагалаа. Бидний орсон жимээр том, дунд, бага насны хандгай нөгөө нуур тийш цуварсан шинэ мөр олонтаа таарах нь урамтай. Жим дагуух торлог, бут сөөг, ой модноос хүрэн баавгай, хар баавгай, чоно, шилүүс ч гарч ирж мэднэ гэж Бэн сүрдүүлнэ. Мань эрбүсэндээ бага оврын ангийнбуу, баавгай үргээдэг үнэрт хий мэтийг зүүсэн нь сүржин харагдах боловч аюул учирвал аминд орж мэднэ гэж бодогдох. 

Нуурын бараа харагдах ахуйд дурандлаа. Уг нуур нь арынхаа мөнх цастай өндөр хайрханаас эх авдаг аж. Амьд амьтан байвал харагдах газар. Хов хоосон. Бэн хэлэх үгээ олж ядан бухимдаж, мань нь ч урам муутай амьсгаадана, багагүй зүтгэсэн. Үүргэвч хүнд, зургийн хэрэгсэл хүнд, шавартай гутал хүнд, савтай ус хүнд. Эдгээр нь урамтай үед хөнгөн, урамгүй үед бөөн ачаа. Бэн ирсэн жимээрээ буцах замд хандгай тааралдаж болзошгүй гэж амаар цатгах аядав. Дагаж эргэлээ, өөр сонголт байхгүй юм чинь. Бэн, Бэйди хоёр цуварч эрчтэйхэн урагшилна. Би бага зэрэг хоцорч зам дагуух хандгайн мөр, шинэхэн ялгадасын зураг буулгаж, завсарт нь зэрлэг нэрс тасдан өмхөж явтал модны хуурай мөчир хугарах шиг чимээ сонсогдов, баавгай гэх бодол нөмөрлөө. Ийм тохиолдолд огцом хөдлөх, чанга орилох, мод чулуу шидэхийг хориглосон заавартай. Аз болоход дахиж анир чимээ гарсангүй. Би ч өмнөх хоёрыгоо гялс гүйцэж, бараанд нь санаа амар гэлдрэв. 

Тэгтэл Бэйди намуухан исгэрч баруунш заах нь тэр. Бага үд дөхөж байсан цаг. Ойн жижигхэн цоорхойн торлог дотроос нэг лунжгар хүрэн амьтан гарч ирэв, сүрдэм. Манай Галавын говийн бүдүүн улаан атнаас ч өндөр гэмээр тэр бууран хандгай хэдхэн хором үзэгдээд ширэнгэ рүү шургаж одлоо. Дахиж ер цухуйсангүй.

Ороонд халуурсан бууран хандгай

Ганзаганы ганц зураг татаж амжсандаа баярлаж тэнхээ нэмэгдэх шиг болов. Тэнд амсхийн дурандаж суутал биднээс зүүн урд руу бараг хонины бэлчээрийн зайтай торлог дотор тохь,манж,сүндэс гурав идээшилж харагдав. Тийш дөхөх жим байхгүй, намаг шалбааг ихтэй, бас хөөрхөн хол учраас орхих нь өлзийтэй гэж Бэн зарлигдав. Тэгээд бид алхсаар унаа руугаа очлоо. Энд бууснаасаа хойш 25 000 алхам буюу бараг 19 км явган бэдэрчээ. Хангай газрын намрын агаар гайхалтай цэнгэг. Уушиг минь баярлаж, тархи, зүрх минь цэнгэсэн авай.

Тэндээсдавхих замдаа самар, бяслаг, аяны жигнэмэг зэргээр амны зугаа гаргаж,ус ундаа залгилж амжуулаад “Кинкэйд” гэх тусгай хамгаалалттайнутаг руу орлоо. Ширэнгэ, торлог багатай, ой мод нь сийрэгдүү учраас амьтан олж харахад хэцүү биш нутаг юм. Ороо хөөцөлдөөнд халсан манж хандгай цохиж явж мэднэ гэж горьдож буув. 

Энд эхлээд өвгөн жодооны мөчир дээр тухлан зүүрмэглэсэн үхэр зараа гэх нэг марзан амьтантай учрав. Хамар, амаа навчинднуучихсан, амьсгалж байгаа эсэх нь үл мэдэгдэх тэр амьтан сэрэх янзгүй. Түүний царай зүсийг зурагт буулгах гэж хэсэгхэн оролдоод амжилт олсонгүй орхив. Гэтэл Бэн гэнэт зогтусаж чимээ чагнаснаа баруунш эргэж бөөн шар хус руу заав. Тэндээс нэг хүрэн сүндэс цухуйж зогтусах аядсанаа дарвагар зузаан уруул, далдгар урт чихтэй том толгойгоо сэжсээр далдрав. Араас нь эврээ дааж ядсан нэг дархин хар данхалзаж одов. Тэр хоёр орооны халуунд согтсон нь ойлгомжтой. Араас нь сэмхэн гэтэж дагалаа. Сүндэс нь холгүйхэн хүлээж, манж нь очмогц шүргэлцэн нялуурч, бөгс бөөрөө үнэрлэж, үүлэн борооны явдал руу шулуудаж эхлэв. Манжийн нөгөө "хэцүү нэрт" нь ч дуранд минь орж, гарах.

“Үүлэн бороо”-ны удиртгал

Төдөлгүй дов өөд өгсөх аястай зогссон сүндэсийн араас манж мордох гэж зүтгэсэн боловч хий гишгэж мултарч буув. Сүндэс нь эвлэгхэн эргэж, уруудан зогсмогц, нөгөөдөх нь тойрч ард нь гараад цээжин биеэсэв хийтэл өргөж шалавхан мордож авлаа. Хэдхэн хором зуур дөрвөн нүд томрон эргэлдэж, эр нь өвөрмөц зөөлөн авиа гаргаж, эм нь чихээ хулмайлгаж, уруулаа хазаж цахлав. Тэр хоёр чингэж цэнгэлийн дээдийг эдлэв. Дурангийн минь овоо хараанд ингэж буусан авай. Дархин харын үе залгамжлагчийн үр хөврөл лавтайяа амилсан буйзаа. Сүүлийн арван таван жил хөтөч хийхдээ манж, сүндэс хоёр ингэж "хэлхэлдэх"-ийг ер үзээгүй, ховор аз тохиолоо гэж Бэн ихэд баяртайгаар дахин дахин ярьж билээ, буцах замдаа.

Дархин хар, сүндэс хоёрын цэнгэл

Зэрвэс харахад ланжгар том цогцос, лагс хүнд бөгөөд хатуу хөшүүн биетэй юм шиг мөртлөө үүлэн борооны явдлын удиртгал бүжиг, түүний оргил, төгсгөлийн тайлалыг гайхалтай янаг дотно,уран гойд үйлдэн өндөрлөж буйг нь нүдээр үзээгүй бол төсөөлөх ч аргагүй. Энэ үйлс болбоос байгаль эхийн бүтээсэн гайхалтай сонгодог урлаг бөлгөө.Тэд амсхийх зуур хотол нь ирж нийлэв. Өнгөрсөн зуны дунд сарын хуучдаар төрсөн гэж тооцвол дөрвөн сартай хотол байх.

Эх, үр хоёр

Сүндэс ихэвчлэн зуны дунд сард нэг хотол төрүүлнэ, заримдаа донж нь таарвал ихэрлэнэ. Нярай хотол болбоос зосондуу зүстэй, арваад кг жинтэй, тэр нь монгол үнээний хоёр, гурван сартай тугалтай дүйцнэ. Хотол төрснөөсөө хойш өдөрт бараг хоёр килограмм жин нэмдэг учраас тугалаас хавьгүй хурдан өсдөг аж. Тавхан өдрийн настай хотол нь насанд хүрсэн хүнээс илүү хурдалдаг увьдистай. Бууран хандгай цагт 56 км хатирдаг нь атан тэмээнээс бараг 10 км удаан гэсэн үг юм. Энэ насны хандгайн эвэр 30 орчим кг хүнд, харин атан тэмээнд эвэр заяагаагүй болохоор ийм ялгаатай байж мэдэх. Хотол гурван сар хүртлээ эхийнхээ сүү хөхөж торнино,есөн сар хүрэх ахуйдаа бие дааж эхлэх бөгөөд арван нэг сар хүрмэгц эх нь орхиж одно. Тэр нь сүндэс үржилд орж хээлтсэний шинж ажгуу. 

Аляскийн манж хандгайн сэрвээний дундаж өндөр 2.3 метр, амьдын жин 630-700 кг аж. Нас бие гүйцсэн тарган сарлагийн бухаас бараг 200 кг илүү хүнд амьтан санж. Халиун буга лугаа эвэр нь намрын адаг сард гээгдэж, хаврын эхэн сард ургана. Цусан эвэр нь арван хоног тутамд нэг төө дайтай ургасаар намрын шинэдээр ясждаг аж. Багалзуур орчимдоо том унжлагатай бөгөөд түүнийг молцог гэх, тэр нь хөгшрөх тусам улам томорч урт болдог. Манай орны ой хөвчийн хандгайг шивэр молцогт хандгай, харин Халх гол, Нөмрөгийнхийг дорнын молцогт хандгай гэдгийн учир энэ унжлагаас үүдэлтэй байж мэднэ.

Хандгайг англи хэлэнд “moose” гэдэг нь “модны холтос идэгч амьтан” гэх утгатай Канадын уугуул иргэдийн өгсөн нэр аж. Харин хятад хэлээр “туолью” буюу “тэмээн буга” хэмээхдээ тэмээ гэхийн нэг ханз үсэг, буга гэхийн нэг ханз үсэг тус тус авч нийлүүлсэн нь сонин. Оросын “лось” гэдэг нь “лань” буюу согоо гэх үгнээс угшилтай гэх. Харин монгол хэлэнд эртний уламжлалт оноосон нэр байдаг нь бахархууштай. Эр хандгайг манж, эм хандгайг сүндэс, үрийг нь хотол гэнэ. Хоёр настай эрийг нь тозуул, идэр насны хандгайг тохь, нас бие гүйцсэн эрийг нь бууран хандгай, лухгар хөгшин хандгайг дархин хар манж гэж тус тус нэрлэдэг аж. Төрөлх монгол хэлний минь үгсийн сан эс шавхагдах баян. Молхи миний гадарлах англи, хятад, орос хэлэнд лав ийм нарийн оноосон нэр байхгүй болтой. 

Аляскийн хандгай бол “усч”, “сэлүүрч” гэх хочтой. Учир нь усны намаг, ургамал идэхийн тулд гол, нуурын гүн рүү 5-6 метр шумбаж, усан дор 30 хором зогсох чадвартайгаас гадна тасралтгүй 15-16 км сэлдэг гэнэ.Зуны улиралд өдөр бүр 30 орчим кг, өвөл нь өдөрт 15 кгөвс ургамал иддэг аж. Хандгай хараа муутай, харин үнэрч хамар, сонор чих хоёрынхоо хүчинд амь насаа авч явдаг гэж эрдэмтэн мэргэд бичжээ. 

Нялх нярай хотол руу нь гэтсэн араатан, түүнийг цочроосон хүмүүнийг урд хөлөөрөө цавчиж, хойд хөлөөрөө хайрч сөхрүүлдэг араншинтай. “Хандгай дайрвал модонд авирах нь өлзийтэй” гэж Бэн алхам тутамд зөвлөх. Ороо хөөцөлдөөний үед сүндэсээ хардаж, харамлах араншинд автагдсан манж "галзуурч" хүн, амьтан руу үсчдэг гэж бас үглэх.

Энэ ялдамд хандгайтай анх танилцсан түүхээ цухас сөхье. Миний бие 1981 оны 12 дугаар сарын дундуур Нью-Йорк хотын Манхэттений өргөн чөлөөний нэгэн номын дэлгүүрт Америкийн “National Geographic" сэтгүүл анх барьж үзэхдээ сүрлэг том хандгайн зураг харж, түүний тухай уншиж байсан минь эс мартагдах. Тэгэхэд л Аляска гэдэг газарт хандгай нутагладаг гэж мэдэж авсан юм. Хорин зургаатай залуухан байж дээ. Эх орныхоо хандгайн бараа хараагүй байсан хэрэг. Учир нь өчүүхэнминийтөрж өссөн баруун Алтайн ой хөвчид буга, бор гөрөөс, хүрэн баавгай нутагладаг боловч хандгай эс заяажээ. Гэхдээ алмас гээч сонин амьтан манай нутагт оршдог гэх орчин цагийн домог байж билээ.

Тэр сэтгүүл бараг гурван ам.долларын үнэтэй байсан учраас би авч чадаагүй. Миний томилолтын нэг өдрийн хоолны төсөв таван доллар л байв. Тэгэхэд амьдралдаа анх удаа Зул сарын бэлэг авч үзсэн. Нэг америк найз минь “National geographic" cэтгүүл бүтэн жилээр захиалж өгсөн юм. Тэгээд 1982 оноос эхлэн уг сэтгүүлийг сар тутам авч уншдаг байв. Гэхдээ Америкаас жирийн шуудангаар Улаанбаатарт удаан явж ирнэ. Гурван шинэ дугаар аваад байтал тухайн үеийн дотоод яамны төлөөлөгч дуудаж бүтэн хоёр цагийн турш түмэн асуулт тавьж, эцэст нь гурван сэтгүүлийг минь хурааж авч билээ. Захиалсан сэтгүүлээ цуцлахыг үүрэгдсэн. Би ч мэдэн будилж гүрийсэн, сэтгүүл ч тасралтгүй сар тутам ирсээр л байсан. Төлөөлөгч эрхэм дахиж дуудаагүй. Монгол улс, социализмын эсрэг, эсвэл тухайн цаг үеийн улс төр, үзэл сурталд харш зүйл нийтэлдэггүй сэтгүүл байсан болохоор тэгсхийгээд орхисон байх. Сиэтль хотын уугуул Кэлли Сампсон найз минь уг сэтгүүлийг 1990 он хүртэлжил бүр захиалж өгдөг байсан, 1991 оноос хойш өдгөө хүртэл өөрөө захиалж уншиж буй. Ядруухан номын сангийн минь хамгийн чухал хэсгийг эзэлсэн цуглуулга. Ач нар минь үзэх, унших дуртай.

Нью Йоркт сэтгүүлийн хандгай үзсэнээс хойш гурван жилийн дараа 1984 оны намрын сүүлчээр Ар Туулын эхэнд нэг итали анчинд хэлмэрчилж явахдаа шинэхэн цасан дээрх хандгайн мөртэй тааралдаж мөрдсөөр дөхөж очив. Мань анчин эр унаганы зэлийн дайтай зогсож асан аварга бүдүүн хандгайг давуулж буудаад алдсан юм. Хандгай нүсэр том амьтан мөртлөө шигүү мод руу гялс орж, өтгөн торлог руу шурган жилийж одоход нь бишрэн хоцорч билээ. Ар Туулын лусын дагина ховор нандин амьтнаа харь хүмүүнээс харамласан байхаа гэж бодогдсон билээ, тэгэхэд.

Хамгийн сүүлд гэхүл Ковид тахлаас гурван жилийн өмнөх хаврын хуучдаар Ар Туул эхэнд хандгайн эрэлд мориор хэдэн өдөр бэдэрсэн юм. Нутгийн хашир анчин эрийг дагаж голын шугуй, хөндийн торлог, уулынмодонд хоноглож, хээрийн хоол, цайны амтанд шимтэж, түүдэг галын үнэрт “хар гүрэм” багагүйхийсэн боловч аз эс тохиосон. Ар туулын хангай надаас хандгайгаа нууж дөнгөсөн авай. Гэхдээ шумуулд нь шулуулж, хачигнаас хажиглаж зугаатай л явсан удаатай. Эдүгээ хүртэл эх орныхоо хандгайнзураг буулгаж амжаагүй л явна. Харин алсын Аляскагаас ганзгалжирсэн олзоо хуваалцав. Өмнө нь Америкийн Вайомин, Монтанад хандгай, халиун буга, сэрээ эвэрт гөрөөс, хар баавгай, цөөвөр чоно эргүүлжявсан удаатай.Энэ бүхэн бол нөгөө “National Geographic” сэтгүүлийн буян гэж бодогдох. Тэгээд ч монгол орон хийгээд гадаад орнуудын зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын тухай фото нийтлэл, ном туурвиж манай олон нийт хийгээд гадаадын жуулчдад толилуулахыг хичээдэг ухаантай. 

Ар Туул, Хагийн хар нуур руу хандгайн эрэлд дахиж нэг мордоно доо. Хандгай гэдэг нэр нь “хангайн модны хаг идэгч” гэх утгатай ч байсан юм уу, хэн мэдлээ?

2025.10.19

Анкориж-Улаанбаатар