Боломж дагуулсан айлчлал-2
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Хятад улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал сая нэг санаа амарч байх шиг санагдсан. Өөрөөр хэлбэл Монголын тал ядаж гадаад бодлогынхоо салбарт цэгцэрч, асуудлыг илүү бодитой, ажил хэрэгч тавьж, итгэл үнэмшилтэй болж байгаа нь тэднийг манайхны учир ойлгомжгүй, бүрхэг, төвөгтэй байдлаас салгаж байх шиг байна билээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Хятад улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал сая нэг санаа амарч байх шиг санагдсан. Өөрөөр хэлбэл Монголын тал ядаж гадаад бодлогынхоо салбарт цэгцэрч, асуудлыг илүү бодитой, ажил хэрэгч тавьж, итгэл үнэмшилтэй болж байгаа нь тэднийг манайхны учир ойлгомжгүй, бүрхэг, төвөгтэй байдлаас салгаж байх шиг байна билээ. Манайхны замбараагүй, орооцолдсон, тухайн асуудлыг яг хэн хариуцаж байгаа нь ойлгомжгүй байдал бусад улсад ч төвөгтэй байдаг байсан бололтой.
Тухайлбал, эдийн засгийн яам гэж нэг гарч ирээд л, сайд нь гэж нэг нөхөр бараг хамаг асуудлыг би мэдэж шийддэг гээд олон олон юм ярьж буцаад удаагүй байхад тэр нөхөр өөрөө, яамтайгаа алга болчихдог нь гадаадынхны гайхшийг барахаас яах билээ. Хамгийн гол нь хэлж ярьж байсан бүхэн нь тэр хүнтэйгээ алга болж, дараагийн хэн нэгэн нь дахиад цоо шинэ зүйл яриад хүрээд ирдэг болохоор бүх асуудал шинээр эхлэхэд хүрнэ. Эс бол бүр зогсож, цуцлагддаг.
Л.Пүрэвсүрэн сайд болсноор Монгол Улсын Гадаад харилцааны яамыг ерэн оноос хойш мэрэгжлийн дипломатч хүн тэргүүлж байгаа тохиолдол хоёр дахь нь болж байгаа байх. Түүнээс өмнө Л.Эрдэнэчулуун 2000 онд томилогдож байсан.
Салбарын сайдын алба бол мэрэгжил хамаарахгүй, улстөрийн албан тушаал хэмээн тайлбарладаг болсон хэдий ч улс орны гадаад харилцаа, дипломат бодлогыг хэн дуртай багш, инженер, эдийн засагч, эвлэлийн ажилтанд даатгадаг байж боломгүй санагддаг. Хөндлөнгийн хэн дуртай нь гадаад харилцаанд томилогддогоос болж үнэндээ хамгийн мэргэжлийн байх ёстой энэ салбар яг одоо нурж, салбарсан балгас лугаа болсныг хэн хүнгүй мэднэ. Энэ бүхнийг оршил болгон нуршихын учир Монгол Улс төрийн нэгдсэн бодлоготой, тэр бодлого нь улс төрийн ямарч хүчин зүйлээс үл хамааран залгамжлагдан үргэлжилдэг байх ёстойг чухалчлах гэсэнд билээ.
Бид ийм биш байгаа болохоор үргэлж нэг алхам урагшлаад хоёр алхам ухардаг болчихоод байна. Өнөөдөр дэлхийн аль ч улс орны хувьд, тэр тусмаа Азийн улс орнууд манай хоёр хөрш оронтой ядаж эдийн засгаар ойртон зузаарахыг эрхэмлэдэг. Гэтэл бид газар зүйн давуу талаасаа гадна, гадаад харилцаанд гарч байгаа шинэ хандлага, амжилтаа одоо л бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн идэвхтэй санаачлагаар эхлүүлсэн гурван улсын удирдагчдын уулзалт уламжлал болон хэвшиж байгаа нь магадгүй манай улсын гадаад бодлогын салбарт хэзээ ч гарч байгаагүй амжилт, жинхэнэ шинэ хандлага юм. Үүнийг хэн ч харлуулж, үгүйсгэж үл чадах.
Орос, Хятад улсын удирдагчийг улс орондоо урьж авчраад хамт суугаад асуудлаа ярилцах гэдэг ихэнх улсын хувьд зүгээр л мөрөөдөл нь. Тэгвэл бид ингэж чадсанаар барахгүй, энэ уулзалтыг уламжлал болгочихсон шүү дээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Хятад улсад хийсэн айлчлалын нэг зорилго нь ч ирэх намар ОХУ-ын Уфа хотноо болох гурван улсын дээд хэмжээний ээлжилт уулзалтыг үр дүнтэй болгоход чиглэгдсэн юм. Дахин хэлэхэд өнөөг хүртэл бид ийм давуу талаа “чулуу” болгохдоо бусдад харуусал төрөм хойрго байж ирснийг эл айлчлалын явцад л мань мэт ухаарч байх жишээний.
Аз болоход энэ бүхнийг өөр өнцгөөс буюу жинхэнэ мэргэжлийн дипломатчийн нүдээр харж чаддаг хүн салбартаа ирсэн нь сайн хэрэг.
Үр дүн нь ч шууд илэрч байна. Айлчлал маш шахуу, ажил хэрэгч болоод өнгөрлөө.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг Хятадын тал Төвдийн тэгш өндөрлөг, тал нутаг дахь Хөхнуур мужид зочлуулсан юм. Энд дээд монголчууд хэмээгдэх бидний үндэс угсаа нэгтнүүд байдаг болохоор манайхан маш сайн мэддэг. Олон ч мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг Монголд гарч байсан болохоор олныг нурших илүүц бөлгөө.
Газар нутгийнхаа хэмжээгээр Хятад улсдаа дөрөвт ордог Хөхнуур буюу Синхай муж бол сэргээгдэх эрчим хүчний болон Хятадын усны эх нутаг гэдгээрээ алдартай. Байгаль, газар зүйн орчин Монголыг санагдуулам үнэн гайхамшигтай. Өндөр шовх уулс, бүх Хятадын нутгийг хөндлөн гаталж урсах алдарт Шар мөрөн,Янзцу мөрөн, тэнгэр газрын савслагатай уусан цэлийх үзэсгэлэнт Хөхнуур, хязгааргүй тал нутагт цайрах хонин сүрэг, сарлаг, адуу мал, айлуудын өвөлжөө гээд энэ бүхэн диваажин мэт ээ. Орчин үеийн шил толь болсон барилга, давхар зам, хурдны болон төмөр зам сүлжилдсэн цэвэр цэмцгэр хотууд Синхай мужийн бахархал юм. Тиймдээ ч мужийн төв хот Сининийг Хятад улсын Зуны нийслэл хэмээн нэрийддэг болсон юм билээ.Энд төвд, монгол, хятад, ху, салар буюу туркмен ястнууд тун ч найрсан амьдарч байна. Давс, хөнгөн цагаан, төмрийн хүдрээр баялаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, махны чиглэлээр хөгжсөн үйлдвэрүүдээс гадна Хятадын хүнд машин механизмын багаж, тоног төхөөрөмжийн гол үйлдвэрүүд Сининд байдаг ажээ.Энд аялал жуулчлал их хөгжсөн агаад жилд зөвхөн Хөхнуурыг зорьж хоёр сая жуулчин ирдэг гэнэ. Гэтэл бид улсынхаа хэмжээнд 200 мянга гаруй жуулчинг жилд хүлээн авдаг гэж байгаа. Харьцуулшгүй байгаа биз. Гагцхүү сэтгэл, санаачилга, хөдөлмөр бидэнд алга юм билээ.
Синхай мужийн нэг брэнд бол яах аргагүй сарлаг. Энэ амьтны хөөвөр бол ноолуураас ч илүү үнэт баялаг атал энэ нутгийнхан огт ашигладагүй нь сонин. Ямар сайндаа Л.Пүрэвсүрэн сайд мужийн удирдлагуудад нь хандаж хөөврийг яаж ашиглаж боловсруулдагийг манай монголчуудаар заалгуул гэснээс үүдэн Синхай мужийг сайд өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймагтай шууд хамтын ажиллагаатай болгохоор хоёр тал тохиролцсон юм. Манай сайд дарга нар үүн шиг явсан газартаа улс орон, ард иргэдийн харилцаанд ашигтай шийдэл гаргадаг бол нэн сайнсан гэх бодол зурсхийснийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Синхай мужид Богд Зонховын мэндэлсэн буян заяаг дэлгэрүүлэн цогцлоогч домогт Гүмбэн хийд байдгийг монголчууд мэдэх байх. Энэ талаар дараа жич өгүүлэх болно оо. Ямар ч байсан буддын бурхан шашны ариун голомтын нэг болсон, байгаль цаг уурын гайхалтай нөхцөлтэй, үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан зөв хослон хөгжсөн Синхай муж манай улсын Говь-Алтай аймагтай шефийн холбоотой болохоор болсон нь айлчлалын бас нэгэн сайн үр дүн байлаа.