Энэ 7 хоногт
Үзэгний чинь үзүүрт бусдын амьдрал бий, ижийгээн бодож бичиж байгаарай
Хүнийг үхүүлж ч, амьдруулж ч чадах үг, үзэг хэмээх бүхнээс хүчтэй зэвсэгтэй дөрөв дэх засаглалынхан бидэнд зориулсан энэ үг саяхны нэг явдлаас болж олон хоног ой ухаанаас салахгүй эргэлдэж, зүрхэнд тусч, эцэст нь цаасан дээр буухад хүрэв. Үнэндээ бол эртнээс толгойд эргэлдэж, шаналгаж явсан бодлоо эцэст нь ийн ил гаргахаас аргагүйд хүргэсэн явдал болсон юм.
Хүнийг үхүүлж ч, амьдруулж ч чадах үг, үзэг хэмээх бүхнээс хүчтэй зэвсэгтэй дөрөв дэх засаглалынхан бидэнд зориулсан энэ үг саяхны нэг явдлаас болж олон хоног ой ухаанаас салахгүй эргэлдэж, зүрхэнд тусч, эцэст нь цаасан дээр буухад хүрэв. Үнэндээ бол эртнээс толгойд эргэлдэж, шаналгаж явсан бодлоо эцэст нь ийн ил гаргахаас аргагүйд хүргэсэн явдал болсон юм.
Хэд хоногийн өмнө дотнын нэгэн найз маань уулзахаар ирэхдээ золгүй байдлаар амиа алдсан гуравхан настай бяцхан хүүгийн талаар сэтгэл шимшрүүлэм явдал болсон талаар ярилаа. Найзын маань хамт ажилладаг эмэгтэйн ахынх нь хүүхэд байж л дээ. Хэрэг явдал гардаг өдөр эмэгтэйн ах орой халамцуухан гэртээ харьсан юм байж. Тухайн үед харанхуй болсон байсан учир эхнэр нь дэлгүүр орохоор гарахдаа том охиноо хань татаж дагуулаад, гурван настай бага хүүгээ аавтай нь түрхэн зуур үлдээгээд гарсан хойгуур хүү нь хөргөгчнөөс унжсан байсан уяанаас татсанаас болж, хөргөгч дээр тавьсан байсан хэрэглэдэггүй сандал дээрээс нь унаж, харамсалтайгаар амиа алдсан юм байна. Хэдийгээр тэр эцэг, эх болгоомж сэрэмж алдсан ч тийм зүйл болно гэж хэн санах билээ.
Биднийг ийн ярьж бараг дуусаагүй байтал орон даяар цацагддаг, манай томоохон телевизүүдийн нэгээр “Гуравхан настай хүүгээ аав нь сандлаар зодож хөнөөжээ” гэж мэдээлэх нь тэр. Энэ хэмжээний нэр хүндтэй телевиз, тэгээд мэргэжлийн сэтгүүлч хүн ингэж мэдээлж болно гэж үү, хэн ч, юу ч нотлоогүй байхад алгын чинээ хүүхдээ алдсан тэр эцэгт “алуурчин” гэдэг нэр зүүлгэж болдог юм уу гэх дотор давчдуулсан бодол, “Танайхан арай ч ингэж болохгүй ш дээ” гэсэн найзын минь зэмлэлтэй зэрэгцэв.
Саяхан л хүүд тохиолдсон золгүй явдлын талаар ойрын эх сурвалжаас сонсч суусан хүн энэ мэдээг цочирдон хүлээж авах нь мэдээж. Тэр тусмаа орон даяар шууд цацаж байгаа мэдээний хөтөлбөр атлаа цахим ертөнц, сайтуудад гарсан мэдээллийг эх сурвалжаа болгон мэдээлсэн нь гайхширал төрүүлсэн юм. Тухайн үед бодит эх сурвалжаас нь тодруулалгүйгээр орон даяар дамжуулсан мэдээг сонсч суусан хэчнээн эхийн элэг эмтэрч, хүүгийн эцгийг үзэн ядаж чичилсэн бол. Найз нөхөд, хамаатан садан нь ч ахыгаа, дүүгээ магадгүй хүүгээ телевизийн мэдээгээр алуурчин гэж цоллохыг сонсоод хоёр чихэндээ ч итгээгүй байх.
Тухайн үед аав нь болох иргэн “Б” согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор буруутай байх магадлалтай хэмээн цагдаа нар сэжигтнээр татаж, саатуулан мөрдөн шалгаж байгаа юм билээ. Тэгээд л тэдгээр мэдээллийн хэрэгслүүд “архичин, алуурчин”-гаар нь цоллосон хэрэг. Одоо тэр хүний буруугүйг нь хуулийн дагуу тогтоосон ч “алуурчин” гэх тодотгол хэсэгтээ хадаастай явна. Адаглаад аав гэх нэрийг зүүх эрхгүй болсондоо насан туршдаа харамсч явахыг ч үгүйсгэхгүй.
Хамгийн гол нь, энэхүү хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар гурван настай хүүгийн эцгийн тухай мэдээлэл хөвөрсөөр л байна. Бүр Б нь эхнэр хүүхдээ байнга зоддог байсан. Тиймдээ ч архи уусан үедээ төрсөн үрээ модон сандлаар хайр найргүй зодож амь насыг нь хөнөөсөн гэх сэтгүүлчийн “шинэ бүтээл”-үүд мэдээллийн сайтуудаар өдөр тутам гарч байна. Сошиал ертөнцөөр ч хоолны зөвлөгөө өгдөг, хувцас, гар утасны худалдаа явуулдаг цахим хуудаст хүртэл энэ мэдээллийг байршуулж, амиа алдсан хүүгийн эцгийг хорссон, жигшсэн олон зуун сэтгэгдлээр баалуулав.
“Танайхны болчимгүй үйлдлээс ийм л зүйл болж байгаа юм даа. Ах нь хүүхдээ алдсан, дээр нь ийм мэдээллээс болж сэтгэцэд нь өөрчлөлт орох гээд байгаа гэсэн” гэж найз минь бухимдангуй хэлнэ лээ.
Уг нь хүүхдээ хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа Б-тэй нэг байранд амьдардаг оршин суугчдын хэлснээр архи дарс хэрэглэдэггүй, эхнэр хүүхдээ зоддоггүй, боломжийн тогтсон амьдралтай айл юм билээ. Харин хэрэг гарсан өдрөөс сэжигтнээр татагдаж өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр хоригдож байгаа Б сэтгэл санааны гүн дарамтад орсныг ойрын эх сурвалж нь өгч байна.
Бяцхан үрээ золгүй, дэндүү харамсмаар тохиолдлоор алдчихсан, дээр нь өөрөө зодож алсан хэмээн орон даяар чичлүүлж, торны цаана сууж буй хүний сэтгэл санаа ямар өөдтэй байх билээ.
Хууль үнэн зөвийг тогтоож энэ хүний буруугүйг нотолсон ч юугаар ч нөхөж болохгүй сэтгэл санааны хохирлыг нь хэн барагдуулах вэ. Хэн ч барагдуулахгүй. Тийм хууль, эрхзүйн орчин ч байхгүй. Ингээд л бид амнаас гарсан болгоомжгүй үгсээрээ, үзэгнийхээ үзүүрээр нэг хүний, магадгүй нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлчихлээ. Хэн ч тэднийг дахин дурсахгүй. Сенсаац биш болсон учраас. Өнөөдөр бидний хандлага ийм л болчихоод байна. Ялангуяа мэдээллийн сайтуудаар гарч байгаа сэтгүүлчийн үзэл бодол, таамаглалаа шингээсэн “өнгөт” мэдээнүүд өдөр тутам гарч байгаа нь илүү нөлөөлж байгаа гэх. Эндээс нэг л зүйл харагдаж байна. Үнэний дуу хоолой болж, нийгмээ эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх, эсвэл сенсаац дэгдээх хоёрын аль нь бидний зорилго болчихсон юм бэ. Уг нь болгоомжгүй буруу ашиглавал үг, үзэг гэдэг ямар аймшигтай зэвсэг болохыг үргэлж сануулах гашуун түүх бидэнд бий.
Одоогоос олон жилийн өмнө 2000 оны эхээр өдөр тутмын сонины нэгэн сэтгүүлч нийгэмд сенсаац дэгдээх зорилгоор гэр бүлтэй эмэгтэйг “ДОХ” өвчин туссан хэмээн мэдээ бичиж хэвлэлд нийтлүүлж байв. “ДОХ” гэхээр бүрийн шар үс нь босдог байсан үед шинэ тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээ хэсэгтээ шуугиан тарьсан. Гэвч сэтгүүлчийн сенсаац дэгдээх зорилгоор бичсэн мэдээ эцэстээ эмгэнэлт явдлаар төгссөн юм. Тодруулбал, эхнэрээ өөр хүнтэй дотно харилцаанд орсон, “ДОХ”-той болсон гэх мэдээллийг хэвлэлээс олж үзсэн нөхөр нь зодож амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсныг олон нийт санаж байгаа байх. Дараа нь амиа алдсан бүсгүй “ДОХ”-гүй байж таарсан. Хэдийгээр мэдээлэл бичсэн сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шүүхээс ял оноосон ч нийгэмд худал мэдээлэл тарааж сенсаац дэгдээх нь ямар хор уршигтай байдгийн сургамж болон үлдсэн билээ. Магадгүй үзэгний чинь үзүүрт бусдын амьдрал бий, ижийгээ бодож бичиж байгаарай гэдэг үгийн цаад санаа нь энэ болов уу. Нэг ёсондоо сэтгүүлчид бидний үзэгний үзүүрээс гарч байгаа үг бүр амнаас гарч буй хий бүр нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг мартаж болохгүй бас том сургамж авах хэрэгтэйг нөхрийнхөө гарт амиа алдсан эмэгтэйн жишээ харуулж байгаа юм.
Уг нь шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтнээр тооцдоггүй. Гэтэл олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг хорьсон тухай мэдээлэл гарах төдийд орой нь телевизийн мэдээгээр гардаг, хэвлэл, сайтуудаар шуугидаг уламжлал бий болж байна. Хууль хяналтын байгууллагаас ч аливаа хэргийг хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж байгаад задалж дэлгэснийхээ дараа хорьж цагддаг болж байх шиг. Нэг ёсондоо тухайн сэжигтнийг нийгэмд үзэн ядах сэтгэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төрүүлдэг буруу жишгийг хууль хяналтын байгууллагынхан ч өөрсдөө тогтоож байна.
Хэрэг хийсэн хийгээгүй бид бүгдээрээ аавтай, ээжтэй, ахтай, дүүтэй, хүүхэдтэй, хань ижилтэй бусдын адил хүн шүү дээ. Ялгаатай нь, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг ил гаргаж урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх хоточ банхарын үүргийг гүйцэтгэдэг мэргэжлийн сэтгүүлчид. Гагцхүү том жижиг гэлтгүй бүхий л сонин, телевиз олон нийтийн сүлжээг эх сурвалжаа болгож сенсаацлаж суугаа нь мэргэжлийн сэтгүүлчдийг муухай харагдуулж байна. Тэртээ тэргүй олон нийтийн сүлжээнүүд нийгмийг хангалттай харлуулж байгаа энэ цаг үед мэргэжлийн сэтгүүлчид бид гэрэл гэгээтэй болгохын төлөө үнэн мөнийг таниулж, сөрөх цагт нь сөрж зогсох ёстой.
Энд зориуд хэлэхэд үүгээрээ үзэг нэгт нөхдөө гоочилж өөрийгөө дөвийлгөх гэсэнгүй. Харин бидний дунд нэгэнт бугшаад, газар авчихаад байгаа энэ алдаагаа хамтдаа засъя гэсэн юм. Учир нь, бид алдах эрхгүй хүмүүс.
Зочин
Tumur
zochin
teneg unshigch
Unen unen unen unen unen unen unen unen
Unshigch
Unshigch
эмүжин
эмүжин
эмүжин
Гана
хэн ч биш кк