Афганистаныг хээл хахууль,  хар тамхины эх орон гэдэг. Сүүлийн хэдэн арван жил дайны галд нэрвэгдсэн тус улсын хувь тавилан үнэхээр эмгэнэлтэй. Афганистанд хууль дүрэм, дэг журам тогтоохоор  АНУ болон олон улсын байгууллагууд нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн хамтран ажилласан. Гэвч байдал дээрдсэнгүй.

Өчигдөр  НҮБ-ын шинжээчид тус улсад байдал ямар байгааг харуулсан нэгэн судалгааны дүнг нийтэллээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд афганчууд нийт  2 тэрбум 500 сая ам.долларын хахууль өгчээ. Үүнийг задлаж үзвэл  тус улсын хүн амын хагас нь доод тал нь нэг удаа хахууль өгсөн гэсэн үг.  Санал асуулгад хамрагдсан Афганистаны иргэдийн гуравны хоёр нь үүнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Харин  54 хувь нь  хээл хахууль өгч, авах явдал байх ёстой түүгээр ч зогсохгүй энэ нь  орлогын нэг эх үүсвэр хэмээн үздэг гэнэ. Өөрөөр хэлбэл хээл хахууль гэдэг хэвийн үзэгдэл болсоныг энэ судалгаа харууллаа.  Судалгааг хийсэн НҮБ-ын шинжээч Антонио Мария Коста  “Тус улсын иргэд нь  хээл хахууль өгөхгүйгээр төрийн үйлчилгээнд хамрагдах аргагүй хэмээн ярьдаг” гэжээ.  Гэтэл цагдаа, шүүх, улстөрч, тус улсад үйл ажиллагаа болж буй  олон улсын  болон төрийн бус байгууллагын ажилтнууд хамгийн их хахууль авдаг нь гэнэ. Үүнээс үзэхэд  Афганистанд хээл хахууль цэцэглээд зогсохгүй, тэнд ажиллаж буй гадаадынхан өөрийн эрхгүй автдаг юм байна.

 Хээх хахууль нь мансууруулах бодис хууль бусаар наймаалах явдлыг дэвэргэдэг хамгийн гол хүчин зүйл нь болдог гэж судлаачид үздэг . Өнөөдөр  улс орнуудад хууль бусаар зарагдаж буй хар тамхины дийлэнх хэсгийг  Афганистанаас оруулж ирдэг. Бүр нарийн ярих юм бол үүнийг   террористууд овжноор ашиглаж түүнээс олсон ашгаараа алан хядах ажиллагааг санхүүжүүлдэг.

Америкийн эрх баригчид Афганистаны байдлыг хэвийн болгохоор  Хамид Карзайг  Ерөнхийлөгчөөр томилож түүнд  найдлага тавьсан. Карзай нэлээд хэдэн жил  төрийн тэргүүнээр ажиллаа. Харамсалтай нь Афганистаны байдал өөрчлөгдсөнгүй.  2009 онд болсон  Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан. Наймдугаар сард болсон эхний санал хураалтаар  хууль зөрчсөн явдлууд нэлээд гарсан. Олон улсын шинжээчид үүнийг  илрүүлж,  нэр дэвшигч  Хамид Карзай хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр  төрийн тэргүүнээр улиран сонгогдохдоо хээл хахууль, мансууруулах бодис хууль бусаар наймаалах явдлыг таслан зогсоохоо дахин амласан.  Өмнө нь ч ийм амлалт өгч байсан. Ерөнхийлөгч үүнийг зогсоох хүсэл эрмэлзэл дүүрэн боловч эрх мэдэлгүй чадахгүй. Төр нь өөрөө хахуульд автсан бол үүнийг таслан зогсооно гэдэг юу л бол.

Хамид Карзайг ямар ч эрх мэдэлгүй Ерөнхийлөгч хэмээн  ажиглагчид шүүмжилдэг. Түүний мэдэлд байдаг цорын ганц газар бол нийслэл Кабул гэдэг . Тиймээс  Афганистаны байдал өөрчлөгдсөнгүй өнөөдрийг хүрсэн гэдэг.


                                                                                                               Ю.Дэлгэрмаа