Ц.Гомбосүрэн: Харь үг хэрэглэх нь эх хэлээ тээрэмдэхтэй адил
Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Та одоо орчуулгын ямар бүтээл нухаж байна вэ?
-Хуучин хоёр юмаа янзалж хэвлэлд өглөө. Хуучин гэдэг нь “Алтан тугал”, “Арван хоёр сандал” гэж зохиолыг би арваад жилийн өмнө орчуулсан юм. Гэтэл тэр маань Зөвлөлтийн цензурдсэн эх байж. Хэдэн жилийн өмнө бүрэн эхээрээ гарсан, тэрийг нь гүйцээж орчуулна даа гэж бодож явсаар сая дуусгалаа. Тавны нэг орчим нь л хусагдсан байж. Нэгнийхийг нь гурван бүлгийг сох авсан, нөгөөхөөс нь бас нэлээд цензурдсэн байгаа юм.
-Тэр чинь хосоороо явдаг роман биз дээ?
-Монголоор хоймсон роман гэж байгаа юм. Зөвлөлтийн үеийн социалист нийгэмд хувь хүний овсгоо самбаа хэрхэн боомлигдон боогдож байсныг алиа хошин, адтай ёгтоор нүднээ үзэгдэж, чихнээ сонсдохоор урлан дүрсэлсэн байдаг юм. Одоо юу аялуулж байна гэж асуусан. Нэг юм нухаж л байна. Нухаад юм болсон хойно нь л хэлье.
-Цензур гэснээс та өөрөө орчуулгаа ямар шалгуураар сонгодог вэ?
-Нэг их онилсон юм байдаггүй ээ. Гол нуруу нь Оросын голдуу уран зохиол.
-Орчуулга хийх нь олон түмэнд хүргэхээс гадна хүн унших, уншихгүй нь хамаагүй тухайн зохиолыг монгол хэл дээрээ буулгая, үлдээе гэсэн санаа бас байна биз.
-Улс орон бүр өөрийн хэл дээрээ номын сантай. Монгол хэл маань ч тиймэрхүү өвтэй байх ёстой юм. Хэрвээ тэнд нь орчуулгын зохиол байнаа гэвэл тэр санд нь дэлхийд данстай тийм, тийм сонгогдог зохиол байдаг юм, энэ монголчууд чинь бас юм орчуулдаг ард түмэн шүү гэж хөндлөнгийн судлаачид хэлдэг, тоодог байхад бидний энэ өчүүхэн зүтгэл бага боловч нэмэр болог л гэж үзэг цаас нийлүүлдэг юм ш дээ. Дан өөрийн орны зохиол, үлгэр домгоос гадна, дэлхийн сонгодог зохиолуудыг эх хэл дээрээ унших нь тухайн ард түмний хувьд нэг талаар оюуны тусгал гэх юм уу даа.
-Ямар хэл дээр орчуулагдах нь тухайн зохиолын чансааг нэг талаас илтгэдэг үү. Тийм хэмжээнд манай монгол хэл үнэлэгдэх үү?
-За, ер нь үнэлгээ бол үндсэндээ дотоод талдаа. Учир нь бид цөөхүүлээ юм. Цөөхүүл, тэдэн дундаа уншдаг нь хэд билээ гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь тэр хэл дээр орчуулагдлаа гэдэг нь уг зохиолын чансааг илтгэх юмуу, эрэмбийг тодорхойлох шалгуур болохгүй л дээ.