Шилдэг эрүүдэн шүүгчид ба Ланд круйзер, хаш хөөрөгний эзэд
Монголын парламент энэ өдрүүдэд хүний эрхийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Бидний олон жилийн турш зай талбайгаа харамгүй зориулан тэмцэж ирсэн Хүний эрх гэх тэрхүү “сонирхолгүй” сэдэв одоо л нэг юм саарал байшинд суух эрхэм дээдсийн чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэж байх шиг . “Өдрийн сонин” дэндүүлж байна, улс төржүүлж байна гэхээс өөрийг амнаасаа үл унаган гэдийж, албаны нөхдүүд рүү утасдан нэр төрөө цэвэр ариун байлгах даалгавар өгч “Тийм юм болоогүй, ташаа мэдээлэл гарчээ ” гэх захиалгат хариу үйлдвэрлүүлээд нийгэм рүүгээ хээв нэг чулуудаж суусан гишүүд өнөөдөр “Үгүй таминь, энэ улс орон чинь ер нь юу болчихсон юм бэ. Үлгэр үү, зүүд үү” хэмээн холбогдох хүмүүсээсээ гайхширан асууж байхыг харах эмгэнэлтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг. Зарим нь өөрийн эрхгүй гэнэт сэрж “Нээрээ тэр жил намайг тойрогтоо явж байхад нэг тийм аймаар юм болсон байсан шүү. Энэ ардуудын дунд бас айхтар юм байгаад байх шиг байнаа” гэх маягаар ам нээж эхлэдэг байгаа.
Шилдэг хуульчид, шилдэг мөрдөн байцаагчид шил шилээ даран төрсөөр…шинэ жилийн баяр шилдгийн цомонд бялуурч байсан он жилүүдэд Монголын хууль хүчний байгууллагууд шилдэг эрүүдэн шүүгчдээ тодруулдаг байжээ гэхэд нэг их хатуудахааргүй хариуг өнөөдөр Монголын нийгэм эрх баригчдынхаа хамт зүрх түгшин хүлээж авч байна.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гаргасан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл” –ийг уншсан хүн бүр өнөөдөр (хэдийгээр бидний дандаа хуучин мэддэг байсан баримтууд дээр тулгуурлагдсан ч) цээжээ зангируулан шооконд орж байна.
Хууль гэдэг юм өнөөдөр ядарсны толгой дээр лантуу шиг буулгаад цаазын тавцан руу илгээж байдаг, задарсан нь болохоор навтас болтол нь гишгэж гараад зувчуулж болдог хачирхалтай зүйл болон хувирчээ. Шинэ цагийн энэ хартай сэртэй нийгэмд ядарсан хүн хэрэгт сэжиглэгдэх л юм бол хувь заяаныхаа төгсгөлийг улаан гараараа дуудчихсантай ижилхэн болсон байна. Хэрэгт сэрдэгдэх, шалгагдах мэтийн асуудлууд эрх чөлөөтэй нийгэмд хаа сайгүй байдаг зүйл болов ч манайд бол шууд үхлийн харанга болж. Хэдийгээр эрүүгийн хуулинд мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадсан бол гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэл оноохоор заасан ч манайд энэ нь эсрэгээрээ эргэсэн. Мөрдөн байцаагч хүссэнээ сэжигтэн болгож болдог төдийгүй, сэжигтнээ шууд газар дээр нь хэрэгтэн болгон өөрчлөх нь юу ч биш. Иргэн хүнийг хүчээр айлгаж сүрдүүлэн дууддаг, ирэхээр нь шууд гүжирддэг, зодож нүддэг, “Ганц худаг” гэх тамын газар руугаа ачдаг , аваачсан хойноо есөн эрүүнээс ч дор тамлал цээрлэл үзүүлдэг, мөрдөнд хоолоо олж идэхийн тулд хүмүүн биеэ хөөрхийлөлтэйгөөр арилжсан “бууны нохой” гэх нэртэй алуурчдаар гэсгээлгэж, хүний амь насыг байж болшгүйгээр хэлмэгдүүлэн хөнөөсөн жигшүүрт явдлууд баримтаар дурайж байна.
Хэрэгт холбогдон мөрдөгдөж байгаа 1338 хүний дунд санал асуулга явуулж үзэхэд тэдний 39,9 хувь нь дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг гэж хариулжээ. Мөн тэдний 32,0 хувь зодож, хүч хэрэглэж хийгээгүй хэрэг хүлээлгэдэг гэж мэдүүлсэн байна. Энэ бол дэлхийн чих дэлдиймээр үзүүлэлт.
Баримт 1
1999 онд “Food Land” захын манаачийн амь насыг хөнөөж, алт мөнгөн эдлэл дээрэмдсэн дуулиант хэрэг гарсныг хүмүүс санаж байгаа байх. Уг хэрэгт таван хүнийг холбогдуулан шалгаж, олон жилээр хорьж,, эрүүдэн шүүсний улмаас нэг нь нас барж, зарим нь хилсээр хэрэг хүлээсэн. Гэвч Баянзүрх дүүргийн шүүх 2004 онд тэднийг уг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан юм. Энэхүү аймшигт хэрэгт сэжиглэгдэн мөрдөгдсөн “О” хэмээх залуу 1115 хоног, “Б” гэх залуу 1252 хоног, “Х” гэдэг залуу 201 хоног хүртэл хоригдож байсан. Тэд Хүний Эрхийн Үндэсний Комисст(ХЭҮК) өргөдөл гаргахдаа сонсохын аргагүй аймшигт баримтуудыг дэлгэж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадна дотны байгууллагуудын зүрхийг зогсоох шахсан.
Биднийг хилс хэрэгт холбогдуулан баривчилж, “Ганц худаг”-ийн подвалын 7-9 камер дамжуулан хорьж, шинэ камер болгонд яргалал тамлал үзүүлж байлаа. Бакал гутлаар болон 5 см-ын банзаар биеийн бүхий л газраар цохиж, зодуулаад хөдөлж чадахгүй болоход шалан дээр ус асгаж байгаад нүцгэлж, нүцгэн биеэр хэвтүүлж, асгасан усандаа тог хүргэж цахилгаанаар цохиулаж, гялгар уут болон сойзний иш түлж хайлуулан биеэн дээр дусаах зэргээр тамлаж байсан. Нойр, хоолгүй олон хоногоор байлгах бол дээрх тамлалын дэргэд хөнгөн зүйл хэмээн бичжээ.
Тэдний нэг одоо нас барсан бөгөөд хүүгээ амьд сэрүүнд байцаагчтай нь уулзах гээд очихоор “Муу алуурчны эх чи гар, зайл” хэмээн хөөж туун байж болшгүйгээр давхар цээрлүүлж байсан баримт бас бий.
Баримт 2
Мөрдөн байцаалтын шатанд өдий төдий аймшигтай хэргүүд бий. Тэдний нэг бол Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр төлөөлөгч, цагдаа нар нийлээд нэгэн залуу бүсгүйг нүцгэлж, хөхний нь товчийг хуйлсан цаасаар шүргүүлэн даапаалж, хэл үгээр байж болшгүйгээр доромжлон торуурхаж байсан жигшүүрт хэрэг юм. Төв аймагт мөн ийм эх шигээ насны хижээл эмэгтэйгхүч хэрэглэн нүцгэлж доромжилсон жигшүүрт хэрэг гарч байсан.
Баримт 3
2005 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд иргэн “М”-ийг хүн амины хэрэгт сэжиглэн ар гэрт нь мэдэгдэлгүйгээр “Ганц худаг”-т гурав хоног хориод гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөхөд тэрээр эрүүл газаргүй болтлоо зодуулж, ухаан санаа нь муудсан байсан ба гэмтлийн эмнэлэгт очоод удалгүй амь насаа алджээ.
Энэ мэт мөрдөн байцаалтын шатанд амь насаа алдсан хэргүүд хэдэн арваараа байна. Хуулиар иргэн хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл манай мөрдөгчид шууд л өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг эрүү шүүлтээр тулгаж эхэлдэг. Сэжигтэн хүн өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөхгүй байх эрхтэй. Гэвч манайд өмгөөлөгчгүй байцаан шүүлт л явагддаг. Мөрдөн байцаалтын шатанд зөрчигдөж байгаа эдгээр хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлууд шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа шоронгийн амьдралд болдог аймшгийн кинонуудын дэргэд бас юу ч биш. Тэнд бол дэлхийн аль ч шоронд болдоггүй зүйлс болж байдаг.
Баримт 4
Улс төрийн хэргээр ял эдэлсэн генерал Баатарт тохиолдсон явдлуудыг хэвлэлийнхэн бид олонтаа мэдээлж байсан. Түүнийг олон сараар ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байлгах, өмдний нь тэлээг хурааж авах, хоолыг нь өгөхгүй байх, шээлгэж бие засуулахгүй байлгах зэргээр зовоон тарчилгаж байсан тухай өөрөө дэлгэрэнгүй ярьдаг. Тэр бүү хэл нүдний нь шилийг хураан авч сонин хэвлэл уншихыг хорьж байсан баримт бий. Хүний эрхийг дээд зэргээр хөхиүлэн тэтгэдэг ардчилсан нийгэмд ийм хүнийг мэдээлэл авах эрхээр боомилсон анхны тохиолдол бараг энэ болсон байх.
Баримт 5
Мөн ТЕГ-ынхан Дамирангийн Энхбатыг Франц улсаас хулгайлан авчрахдаа ухаан санааг нь самууруулах, унтуулах тариа зэргийг хүчээр хийж авчирсан. Зодож нүдсэн, олон цагаар гавлаж, сандал дээр хөдөлгөхгүй суулгаж, элэг дүүрээ рүү нь балбасан зэрэг энэ хэрэгтэй холбоотой өдий төдий ноцтой баримт эдүгээ яригдаж байна.
Саарал ордон одоо л энэ талын зүйлсийг сонсон сэрдхийж, амнаасаа ганц хоёр үг унагаж эхэлсэнд олон нийт анхаарлаа хандуулан хэрхэн яаж асуудлыг шийдвэрлэхийг нь хүлээх болов. Энэ удаа асуудлыг баахан хоосон ярьж байгаад хуучин зуршлаараа хаяж орхих уу, шийдвэрлэх алхам хийх үү.
Хэрэв одоо л тодорхой алхам хийхгүй юм бол Монгол орон эрүү шүүлттэйгээ, өнөө олон шилдэг мөрдөн байцаагчидтайгаа, мөрдөгддөггүй олон хууль тогтоомжуудтайгаа, ховхордоггүй олон дарга даамлуудтайгаа, хүн алж тоглодог хуягуудтайгаа л хоцроно.
Цагдааг Төр улс төрийн зорилгодоо л ашиглаад орхиж байдгаа болих цаг болжээ. Төрийн энэхүү харалган бодлогоос болж Монгол орон цагдаа хэмээх дийлдэшгүй муухай “хар хүч”-тэй болж байна. Тэднийг ийн зөнд нь хаяснаар иргэдийг айлган сүрдүүлдэг, зүй бусаар тамлан зовоодог, авилга хээл хахуульд орооцолддог, гэмт хэргийг нуун дарагдуулдаг, хилс хэрэг хүлээлгэдэг, хүн алдаг арми болон “хөгжиж” байна. Дээд тушаалын нэр бүхий офицерууд шууд улс төрийн эзэнтэй болсон төдийгүй тэднийхээ эрх ашгийг талцан хамгаалаад л сууж байдаг буруу гарын “амьтад” болцгоожээ. Нийгмийн сайн сайхны манаанд нойр хоолгүй зүтгэнэ хэмээн тангараг өргөж, алтан мөрдэсийг нь зүүсэн зарим хурандаа нарын дотроос компаний эзнээс хурдан морь, ланд круйзер, хаш хөөрөг, байшин сав бэлгэнд аван цэрдийж, дэлхий даахааргүй баян болчихоод энд тэнд пэд пэд хийж, эмс охид эргүүлдэн зугаагаа гаргаад явж байгаа ичгүүр сонжуургүй улс ч байна. Хамгийн увайгүй, хамгийн хүн чанаргүй, хамгийн ичих нүүргүй этгээд л оны шилдэг мөрдөн байцаагч болчихсон, нүдний шилээ цанттал архидаад явж байдаг худлаа нийгэмд цаашид амьдрах итгэл алдрана. Хамгийн хүнлэг эрсийн байх ёстой газар хамгийн эрээ цээргүй нөхөд очиж сууснаас үүдэж Монгол орон эдлэх ёсгүй өдий төдий зовлон зүдүүрийг эдэлж байх шиг санагдана. Тэднийг илчилж, зохих хариуцлагыг нь нөхөн тооцож, илгээх газар руу л “ачих” цаг нэгэнт болжээ.
Хүний эрхийг хөлөөрөө бяц гишгэдэг биш хөхиүлэн дэмждэг нийгмийн төлөө тэмццгээе.
Erdene