Хууль тогтоогчдод талархая!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж салбартаа хийгдэж буй шинэтгэлийг “буугүй хувьсгал” хэмээн лут нэрийдсэн байна лээ, угийн ёжтой хүн болохоороо. Харин боловсролын салбарт одоо хийгдэж буй шинэчлэлийг “чимээгүй хувьсгал” гэж нэрлэмээр бодогдов.
-Хуулийн төслийг санаачилсан, батлуулсан Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны нөхдөд баяр хүргэхийн зэрэгцээ “хэрэггүй газар хуруу нэмж, хошуу дүрээгүй” хууль тогтоогч нартаа гол нь талархая!-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж салбартаа хийгдэж буй шинэтгэлийг “буугүй хувьсгал” хэмээн лут нэрийдсэн байна лээ, угийн ёжтой хүн болохоороо. Харин боловсролын салбарт одоо хийгдэж буй шинэчлэлийг “чимээгүй хувьсгал” гэж нэрлэмээр бодогдов. Уг нь ч чимээ багатай хувьсгал гэж юу байхав л дээ. Зүгээр, АН-ын Засгийн газруудын авч яваа шинэчлэлт өөрчлөлтөөс хамгийн бага эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь боловсролын салбарын шинэчлэл гэдэг утгаар тэгсэн хэрэг. Хэзээ хойно Мүүн гуайгаар хэсэг оролдоод намжсаныг эс тооцвол.
Монгол Улс 1995 онд анх “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” гэх баримт бичгийг баталжээ. Үүнийгээ яг хорин жилийн дараа буюу өнгөрөгч 2015 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын 12-р тогтоолоор шинэчлэн баталсан байна. Ингэхдээ 2024 он хүртэл Монгол Улс боловсролоо хэрхэн хөгжүүлэх, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ нарийн тодорхойлжээ. Дээд боловсролын салбарт 20-иос доошгүй хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд баталгаажуулна, дөрвөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд аваачина, 2021 он гэхэд ерөнхий боловсролынхоо хөтөлбөрийг олон улсын боловсролын чанарын үнэлгээнд оруулна гэх мэтээр. Нэгэнт зорилтоо тодорхойлчихсон учраас түүндээ хүрэх арга зам буюу боловсролын хуулиудаа шинэчлэх зайлшгүй. Тиймээс 2012 оны сонгуулиас хойш өнгөрсөн дөрвөн жилийн дотор боловсролын байгууллагууд үүн дээр ажиллажээ. Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтахын тулд санхүүжилтийн олон эх үүсвэртэй болох, хүний нөөцөө бэлдсэн байх гэх мэтчилэн бодлоготойгоо зэрэгцүүлээд хуулийн төслөө хийгээд явсан хэрэг. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-д өргөн баригдсан Боловсролын багц хууль хаврын чуулганы эхний өдрүүдэд /өнгөрөгч пүрэв гаригт/ багтаад батлагдсан нь хууль санаачлагчдын хувьд маш том амжилт. Гэхдээ Сангийн яаман дээр хоёр жил саатсан гэдгийг тооцох ёстой. Үндсэн гол өөрчлөлтүүд нь санхүү, хөрөнгө оруулалт ихээр шаардаж байсан учраас санхүүжилтынхээ асуудал дээр зөвшилцөхөд багагүй хугацаа авсан байна.
Боловсрол гоёл биш
Арван жилээ онцсайн дүнтэй төгссөн ч амьдрах чадваргүй хүн болж, их сургуулиа улаан дипломтой төгслөө ч баар рестораны зөөгчөөс хэтрэхгүй, боловсролын систем болохгүй байгаа тухай хүн бүр л ярьж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч энд нэг боолтыг нь сольчихоор тэнд эрэг шураг нь таарахгүй боловсролын салбар сүүлийн 20 гаруй жил хий эргэсэн. Хамгийн сүүлд Ё.Отгонбаяр сайд энэ салбарыг тэргүүлж байхдаа Кембрижийн боловсролыг Монголд нутагшуулна гэж дөрвөн жил манаргасан. Дөрвөн жил ажиллахдаа Кембрижийн сургалттай гурван сургууль байгуулж /Шинэ эрин, Монгол тэмүүлэл, Шинэ эхлэл/ 31 латоратори сургууль дээр таван хичээлээр /математик, физик, хими, биологи, англи хэл/ нэг ангид нэг хичээлийг 45 хоног туршаад зогссон байна. Химийн хичээлийг долоо хоногт хоёр цагаар тооцвол 45 хоногийн хугацаанд 12 удаа орсон гэсэн үг. Үүгээр манайхны Кембрижийн боловсрол дууссан.
Харин өнгөрөгч онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах үеэр “Цөм хөтөлбөр” гэдэг үг олонтаа сонсогдсоныг уншигчид санаж байгаа байх. Товчхондоо, өмнө нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт ордог 22 судлагдахуун буюу хичээлүүд нь тус тусдаа зорилттой, ийм хичээлээр ийм мэдлэг олгоно гэсэн зорилт тавьдаг байсан бол өнөөдөр “Энэ бүх хичээлийг судалснаар хүүхэд ямар чадвар эзэмших вэ” гэдэг үр дүнд нь суурилж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан юм байна. Үүнийг нь “Сургалтын цөм хөтөлбөр” гэж нэрлэсэн аж. Дан ганц шинжлэх ухааны мэдлэг олгох биш, үүнийгээ амьдралд яаж хэрэглэх вэ гэдэг чадварыг суулгахын тулд боловсролын системдээ өөрчлөлт оруулж байгаа гэсэн үг. Үр дүнд нь хүүхэд асуудлыг шийдвэрлэх чадвартай, шинжлэн судлах арга барилтай, шийдвэр гаргах чадвартай болж хөгжих ёстой. Эцсийн дүндээ монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх явдал.
Шийдвэр гаргахын тулд хүнд зөвхөн математикийн мэдлэг хангалтгүй, нийгмийн ухааны ч, биологийн ч мэдлэг шаардлагатай. Хүн энэ мэдлэгүүдийг тус тусад нь хэрэглэдэггүйтэй адил хүүхдийн мэдлэг чадвар ч бас цогц байдлаар хөгжих ёстой. Химийн томьёо үзэхийн тулд физикийн ямар үзэгдэл, биологийн ямар хичээлтэй уялдах, үүгээр ямар асуудлыг шийдвэрлэх гэх мэтээр хүүхэддээ эзэмшүүлэх чадвар дээр цөм хөтөлбөр төвлөрөх юм байна. Тиймээс хичээлүүдийн уялдаа холбоо ч бас ингэж явна.
Монгол хүүхдүүд математикийн томьёог маш сайн боддог мөртлөө ямар нэг кейстэй бодлого ороод ирэхээр бодож чадахаа больчихдог. Шинжлэх ухааны мэдлэгээ амьдрал дээр ашиглаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл манай боловсролын систем хүүхдэдээ шинжлэх ухааны мэдлэг олгох гэж л яараад байснаас биш хүүхдийнхээ хөгжлийг олж хардаггүй байж. Үүнээс болоод түрүүнд хэлсэн арван жил онцсайн сурсан ч амьдах чадваргүй хүн болж, их сургуулиа улаан дипломтой төгссөн ч ажлын байргүй үлдэх нь олонтаа байв. Харин одоо бүх сургалт “энэ мэдлэгийг юунд ашиглаж болох вэ” гэдэг туршилт дээр тулгуурлаж явна. Математикийн хичээлийн даалгавар шалгахаасаа илүү “Үер болж байна. Үерийн аюулыг хамгийн богино хугацаанд хохирол багатайгаар хэрхэн даван туулах вэ? Ямар үйлдэл хийж, хэнтэй хамгийн түрүүнд холбоо барих вэ?” гэх мэт тодорхой кеис өгөөд хүүхдийн хөгжлийг шалгана гэсэн үг. Зүйрлэвэл, бидний багад “Ямаа, чоно, байцаа гурвыг яаж голын нөгөө эрэгт гаргах вэ?” гээд хариултыг хайдаг байсантай л ижил. Магадгүй, бидний үеийнхний хамгийн анх учирсан “кейс” тэр байсан биз.
Хүн болох багаасаа
Нэгэнт боловсролын системд тавигдаж байгаа шаардлага, зорилт өөрчлөгдсөн учраас үүнийгээ дагаад хүрэх арга зам буюу хуулийн зорилт ч бас өөрчлөгдөж таарна. Жишээлэхэд, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насыг “сургуульд бэлтгэх үе шат” гэж үздэг байсан бол одооноос “насан туршийн боловсролын суурь үе” гэж хуулийн зорилтоо тодорхойлсон байна. Учир нь зургаан нас хүртэл хүний хөгжил төлөвшлийн 80 хувь нь аль хэдийн тогтчихсон байдаг аж. Тиймээс дэлхийн улс орнууд нийтээрээ боловсролыг Тэгэхээр цэцэрлэгийн сургалтыг зүгээр нэг хүүхэд харахтай эндүүрч, хүүхдийн хөгжил төлөвшлийн асуудлыг хойш тавьж болохгүй нь. Бага ангийн хүүхдэд үсэг таниулаад дөрвөн аргын тоо бодоход сургачихад хангалттай гэж үздэг байсан бол өнөөдөр “1-5 дугаар ангид эх хэлний боловсролтой, суралцах арга барилтай монгол хүүхдийг төлөвшүүлнэ” гэж хуулийн зорилтоо тодорхойлсон байна. Дунд анги буюу суурь боловсролын шатанд /6-9 дүгээр анги/ шийдвэр гаргах чадвартай, амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, бие даан бүтэлчээр суралцах чадвартай хүүхдийг бэлтгэх”, ахлах ангид “мэдээлэл боловсруулж шийдвэр гаргах чадвартай, ирээдүйн мэргэжлийн суурь үе” гэж хуулийн зорилтоо өөрчилсөн байна. Ахлах ангиа төгсөхдөө хүүхэд “Ирээдүйд би хэн болох вэ” гэдгээ маш тодорхой харсан, шийдвэрээ гаргасан байна гэсэн үг. Харин их сургууль төгсч, дээд боловсрол эзэмшээд гарсан хүн “Яаж ажил олох вэ” гэж толгой өвтгөх биш, харин өөрөө ажлын байраа бий болгож, асар хурдан өөрчлөгдөж байгаа нийгэмд хөрвөх чадвартай байх ёстой гэдэг шаардлага тавигдах нь. Эх мэтчилэн боловсролын түвшин бүрээр нь хуулийнхаа зорилтыг тодорхойлсон байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хууль тогтоогчдын анхаарлыг хамгийн ихээр татсан сэдэв бол 6 настай элсэлт, малчны хүүхэд, сургуулийн дотуур байр, сургалтын хувьсах зардлын асуудал байсан. Үүгээрээ төсвийн хэлэцүүлэгтэй андуурагдахаар сонсогдсон ч байж магадгүй. Гэвч энэ ч бас л бодитой асуудал. Элсэлтийн насыг 6 насаар тогтоосон хуулийн заалт хэвээрээ үлдсэн ч эцэг эх нь хүсэлт гаргасан тохиолдолд сургуулийн зөвлөл асуудлыг хэлэлцээд нэг жилээр ухраах буюу 7 настай элсүүлж болохоор хуульд нэмэлт оруулсан. УИХ-ын гишүүдийн санаачилгаар. “Зургаан настай хүүхдэд асаргаа шаардлагатай учраас хүүхдээ сургуульд сургахын тулд залуу гэр бүлүүд салж байна, заавал нэг нь хүүхдээ дагаад төв газар барааддаг, сургуулийн дотуур байр хүрэлцээгүй байна” гэх мэтчилэн олон шалтгаан хэлсэн боловч тэдгээрээс “ар гэрийн байдлаас шалтгаалж” гэдэг нэг шалтгаан элсэлтийг ухраахад хүргэсэн. Мэдээж эцэг эх нь хүсэлт гаргаж, түүнийг нь сургуулийн зөвлөл хэлэлцээд хүлээж авсан тохиолдолд. Түүнээс бусад тохиолдолд тухайн орон нутагт байгаа төрийн захиргаа болон боловсролын байгууллагын удирдлагууд /Засаг дарга болон сургуулийн захирал/ “хүүхэд нэг бүрт ерөнхий боловсрол хүүхэд нэг бүрт эзэмшүүлэх“ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Энэ ч бас тэдний ажлын нэг үзүүлэлт. Эцэг эхэд хүүхдийнхээ элсэлтийг хойшлуулах үндэслэл бүхий шалтгаан байлаа гэхэд цаана нь хүүхдийн “суралцах эрх” гэдэг зүйл орхигдож байгаа гэдгийг мартаж болохгүй. Учир нь хүүхдэд бага насандаа алдсан боломж насан туршид нь алдагдсан боломж болж үлддэг.
Өнгөрсөн оны элсэлтээс харахад малчдын 10.052 хүүхэд нэгдүгээр ангид элссэн суралцсанаас 5 настай 345, 6 настай 8644, 7 настай 941, 8 настай 91 хүүхэд элссэн байна. Харин хүүхдийн мургуулийн элсэлтээс болж гэр бүл салсан тохиолдол гараагүй гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд гишүүдийн асуултад хариулах үеэрээ мэдээлэв. Мөн 6 настнуудад зориулж сумдын сургуулийн дотуур байранд асрагч багшийн орон тоог шинээр гаргаж эхлээд байгаа юм байна.
Суманд сургууль хэрэгтэй юу?
Улсын хэмжээнд байгаа 368 сумын сургуулиас 105 нь 200-аас бага хүүхэдтэй байна. Тухайн сургуулийн төсвийг батлахдаа хувьсах зардлаар /нэг сурагчид жилд 400 мянган төгрөг/ тооцож өгдөг учраас хүүхдийн тоо буурах тусам сургуулиуд оршин тогтноход хүндрэлтэй болдог. Багшлах боловсон хүчин хүрэлцэхгүй, нэг багш 2-3 хичээл зэрэг ороод ирэхээр сургалтын чанарт ч муугаар нөлөөлөх нь тодорхой. Тиймээс малчид хүүхдээ суманд сургахаар гээд аймаг руу шилжүүлэх, эсвэл нийслэл рүү нэг өрөө байр авч өгөөд явуулах нь олонтаа. Сумандаа сурахдаа амралты өдрүүдээр, ихдээ хоёр сар хичээллээд гэртээ очдог байсан хүүхэд аймаг, нийслэл рүү явахаараа эцэг эхийн хараа хяналтаас бүрмөсөн гардаг. Үүнээс л “өрх толгойлсон” хүүхдийн асуудал гарч, сайн муу элдэв асуудалтай тулгардаг. Тиймээс хэрвээ Монгол улс мал аж ахуй дээрээ суурилсан эдийн засагтай, мал ахуйн орон юм бол сумууд нь байх зайлшгүй, сумдаа авч үлдье гэвэл сумын сургуулийг өөд нь татахаас өөр аргагүй болж байна.
Сая УИХ-аар баталсан боловсролын багц хуульд 200, 300-аас бага хүүхэдтэй сумдын сургуулиудад сургалтын хувьсах зардлыг 2-3 дахин нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байсан ч Сангийн яамнаас дэмжлэг авалгүй унаж, оронд нь өсөн нэмэгдэх итгэлцүүр гэдэг зүйлийг оруулж ирсэн аж. Хүүхдийн тооноос хамааран хувьсах зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг л дээ. Тиймээс сумдын сургуулиудыг чадавхижуулахад “өсөн нэмэгдэх итгэлцүүр”-ээс гадна орон нутгийн оролцоо ч шаардлагатай болж байна. Хэдэн хүн амтай суманд бага сургааль, хэдээс дээш хүн амтай бол дунд сургууль, ахлах сургуультай байх вэ гэдэг нь орон нутгийн оролцоотой төрийн бодлогоор шийдэх асуудал. Энэ бололцоог нь хангахын тулд сая Боловсролын хуульдаа “Бага, дунд, ахлах сургуулийг бие даалгаж болно” гээд гарцыг нь хийгээд өгчихлөө. Боловсролын яам дангаараа үүнийг шийдэх боломжгүй нь тодорхой.
Багш хаана байна?
Бодлого, зорилт өөрчлөгдсөн учраас түүнд тэнцэж ажиллах боловсон хүчин шаардлагатай болно. Багш нар үүнд бэлэн үү? Магадгүй энэ асуултад ээж, аав нар илүү шударгаар хариулах байх.
Улсын хэмжээнд бага ангийн 6800 багш байдаг юм байна. Мэргэжлийн багш, удирдлагатайгаа нийлээд 13100. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Боловсрол, шинжлэх яам Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран багш нэг бүрийг 4-5 удаа шаталсан сургалтад хамруулжээ. Суурь боловсрол буюу дунд, ахлах ангийн 19800 багшийг иус бүрд нь 3-4 удаа мөн сургалтад хамруулсан байна. Сургалтын агуулга нь дээр хэлсэн “Цөм хөтөлбөр” буюу шинжлэх ухааны мэдлэгийг амьдралын боловсрол болгож хөгжүүлэх явдал. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ” гэж амласан боловсролын шинэчлэл явсаар багш нэг бүрийн хөгжил рүү орчихсон хэрэг. “Сайн хичээл” арга хэмжээг бүх шатны сургуулиудаар явуулж дуусаад одоо нийслэлд улсын зөвлөгөөн хийх гэж байна. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах ангийн 360 хичээлийг 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан багш нар гурван өдөр нийслэлд заана. Бие биенээсээ суралцана, суралцсанаа харьж очоод сургууль дээрээ хэрэгжүүлнэ, бусдадаа зааж сургана. Нэг багшийн ард арван багш бий.
Сургалтын цөм хөтөлбөр батлагдсанаас хойш багш нар хоорондоо уралдах биш, бие биенээсээ суралцаж, нэг нэгэндээ зааж сургадаг, хамтарч ажилладаг болсон гэнэ. Математик, хими, физикийн багш нар хоорондоо, Монгол хэл, Уран зохиол, Монгол бичгийн багш нар дундаа сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг хамтарч бэлтгэдэг, бие биенийхээ хичээлд суудаг, заах арга барилаасаа суралцаж зөвлөлддөг болсон байна. Учир нь тэдний хүүхдэд өгөх гээд байгаа мэдлэг, суулгах гээд байгаа чадвар нь нэг шүү дээ. Багшийн ажлын үнэлгээ ч бас ижил. Хүүхэд нэг бүрийн мэдлэг чадварын ахисан амжилт, төлөвшил хөгжил, хүүхдийнхээ давуу талыг судалсан байдал, эцэг эх болон хүүхдийн сэтгэл ханамж, эрүүл мэнд гэсэн таван үзүүлэлтээр багшийн ажлыг үнэлдэг болж. Үүнийг бий болгохын тулд бие биенэсээ суралцах, хамтарч ажиллахаас өөр замгүй. ҮСО-нд болсон багш нарын анхны зөвлөгөөн дээр “Би математикийн багш хүн, яахаараа энэ хүүхдийг эрүүл мэндийг хариуцах ёстой юм? Ямар завандаа хүүхэд нэг бүрийн давуу талыг судлах юм” гээд зарим нь яамны дарга нар луу малгайгаа шидэж байсан цаг саяхан. Гэтэл одоо Дорнод аймгийн Хан-Уул цоцолбор сургуулийн багш нар сургуулийнхаа хүүхдүүдийг хорхойтой шүдийг тоолоод аймгийнхаа нэгдсэн эмнэлэгтэй ярилцаж, шүдний эмчийг нь өдөрт хоёр цагаар сургууль дээрээ ажиллуулдаг болсон байна. Сурагчдынхаа дунд хувиар гаргаад өдөр өдрөөр нь зоочихсон.
Нийслэлийн захын хорооллын “Ирээдүй”, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль сурагчдынхаа үдийн цайны өмнө жамц давсны уусмалаар амыг нь зайлуулж хэвшсэнээр амьсгалын замын өвчлөл 70 хувь буурч, шар өвчин 100 хувь арилсан гэнэ. Өмнө нь багш цалингаа авахын тулд тэвэр дүүрэн цаас боловсруулаад, түүгээрээ ажлаа үнэлүүлдэг байсан бол одоо хүүхэдтэйгээ ажиллаж, түүгээрээ ажлаа үнэлүүлдэг болсон. Үүний төлөө Боловсролын яам жилийн дотор 13 журам баталсан байдаг юм. Зөвлөх багшийн зэрэг дэвээр цалинжихын тулд өөрийн сургуулиас гадна 3-5 сургуульд зөвлөгөө өгч, туршлага солилцсон байх гэх мэтчилэн.
Гурван жилийн өмнө, Засгийн газрын 2013 оны 181 дүгээр тогтоолоор багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгчдээс ЭЕШ-д 650-750 оноо авсан оюутнуудад сургалтын төлбөрийн 70 хувь, 751-ээс дээш оноо авсан оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгожээ. Эхний жилд 800 оюутан, нийтдээ 3000 гаруй оюутан энэ тэтгэлэгт хамрагдаад байна. Тэднээс амжилттай суралцсан хүүхдүүдийг сонгон сумын сургуульд багшлах дадлага хийхэд нь зориулж амьжиргааны тэтгэлэг 500 мянган төгрөг олгожээ. Эхний жилд 100 оюутан, гурван жилийн хугацаанд 1000 гаруй оюутан энэ тэтгэлгийг авсан байна. Хотод болсон болоогүй ажил хийснээс суманд багшлах нь дээр гэсэн бодолтой оюутнууд ч нэмэгдсэн байна. Хамгийн гол нь хүүхэдтэй ажиллах, багшлах хүсэл сонирхол чухал.
Дээд боловсролыг улс төрөөс хараат бус болгох нь
Эрхэм уншигч анзаарсан бол сүүлийн хоёр жил манай “оюунтангууд” сургалтын төлбөрөөс болж жагссангүй, автобусны хөнгөлөлтийн хэрүүл ч хийсэнгүй. Өмнөх Боловсролын сайд нар дотор лав Л.Гантөмөр шиг “Би энэ төлбөрийг чинь шийддэггүй юм. Сургуулийнхаа удирдах зөвлөлөөс асуу” гэж хэлсэн сайд нэг ч байхгүй. Ёс юм шиг намрын намарт сургуулиуд нь төлбөрөө нэмдэг, оюутнууд нь жагсч, салбарын сайд нь мундагдаж байгаад 5-10 хувиар буулгадаг тийм л жишиг тогтоод байсан. Тэгээд амь зуухын эрхэнд сургуулиуд нь 30 оюутан суух ёстой ангид 90 оюутан элсүүлдэг, тэгж байж багш, ажилчдынхаа цалинг тавьдаг. Гучин оюутанд зарцуулах цагийг 90 оюутанд хуваачихаар ямар юмных нь сургалтын чанар манатай.
Харин Л.Гантөмөр сайдын үед анх удаа сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөлд нь үлдээсэн. Удирдах зөвлөлд эрхийг нь өгчихөөр багш, оюутнуудтайгаа зөвлөлдөөд МУБИС, МУИС хоёр лав энэ жил төлбөрөө хангалттай нэмж чадсан гэнэ лээ. Тэглээ гээд ямар нэг жагсаал цуглаан болоогүй л байна. Ингээд харахаар намартаа нэг босдог төлбөрийн хэрүүл оюутнуудын эрх ашиг гэхээсээ аль нэг улс төрийн нам, хүчинд “хандарсан” улс төрийн акци ч юм шиг.
Өнөөдрийг хүртэл төрийн өмчийн их сургуулиудад төсвөөс зөвхөн цахилгаан, дулааны мөнгө л өгч байгаа. Санхүүжилтынхээ үлдсэн 90-95 хувийг оюутны төлбөрөөс олдог. Нэгэнт оюутны төлбөрөөс санхүүжиж байгаа учраас хөгжлийн бодлого төлөвлөлт хийх, судалгаа шинжилгээ хөгжүүлэх бололцоогүй, эрх нь ч хязгаарлагдмал юм байна. Тиймээс сая баталсан Боловсролын багц хуулиар их, дээд сургуулиудыг санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгохоор хуульд өөрчлөлт орууллаа. Дэргэдээ сан байгуулж, судалгаа шинжилгээ, шинэ технологио зах зээлд худалдан борлуулах зорилгоор гарааны компани байгуулж болно. Мэдээж тэр үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байж, тэндээс олсон орлого нь сандаа төвлөрдөг, сангийнхаа мөнгийг буцаагаад судалгаа, сургалтаа сайжруулахад зарцуулдаг байх ёстой.
Дээд боловсролын салбарт дэвшил авчирахуйц бас нэг чухал өөрчлөлт нь сайд томилдог байсан сургуулийн захирлыг удирдах зөвлөл томилж, чөлөөлөхөөр болсон явдал. Төрийн өмчийн сургуулийн захирлуудыг сайд томилдог, сайдтайгаа хамт ирж, буцдаг байхад тийм хүмүүс урт хугацааны бодлого төлөвлөж, хариуцлага хүлээж ажиллахгүй нь тодорхой. Харин ч эсрэгээрээ УИХ-ын гишүүд сургуулийн удирдах зөвлөлд ороод, тойргийнхоо хүүхдүүдийг “май, энэ хүүхдийг ав” гэж захирал, багш нарыг дарамтлаад явж байгаа нь сонсогддог. Тиймээс хуучин хуулиар удирдах зөвлөлийн 60 хувь төрийн өмчийн төлөөлөл, үлдсэн 40 хувь сургуулиасаа сонгогддог байсныг шинэ хуулиар 30 хувь нь төрийн өмчийн төлөөлөл, 40 хувь нь хараат бус гишүүд, 20 хувь нь багш оюутны төлөөлөл, үлдсэн 10 хувь нь уг сургуулийг төгсөгчдийн төлөөлөл байхаар өөрчилсөн байна. Хараат бус гишүүд гэдэг нь улс төрийн албан тушаал хашдаггүй, эдийн болоод оюуны хувьд тухайн сургуульд том хэмжээний хөрөнгө оруулж дэмжлэг үзүүлэх чадвартай, эсвэл оруулж байсан хүмүүс байх юм.
Ингэхдээ төрийн төлөөлөл 30 хувийг бүрдүүлж байгаа гишүүд дөрвөн жилээр, багш, оюутны төлөөлөл хоёр жил, төгсөгчдийн төлөөлөл гурван жилээр сонгогдоно. Ийм байдлаар ротаци хийгээд явахаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн тогтмол сэлгэгдэх боловч бодлого тогтвортой байх нөхцөл бүрдэх нь. Удирдах зөвлөл өмнөх жишгээр төсвөө баталж, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлохын зэрэгцээ хамгийн чухал нь сургуулийн захирлыг томилдог болсноор билэгдлийн чанартай байсан сургуулийн удирдах зөвлөлд бодит эрх мэдэл очиж, дээд боловсролын байгууллагууд улс төрөөс хараат бусаар ажиллах боломж бүрдэх юм.
Гэх мэтчилэн 39 хэсэг, 21 заалтад өөрчлөлт оруулж, 21 хэсэг, 19 заалт шинээр нэмсэн нийт 60 хэсэг, 40 заалт бүхий Боловсролын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ өнгөрөгч долоо хоногт баталлаа. Хуулийн төслийг санаачилсан, батлуулсан Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны нөхдөд баяр хүргэхийн зэрэгцээ “хэрэггүй газар хуруу нэмж, хошуу дүрээгүй” хууль тогтоогч нартаа гол нь талархая!
Үргэлжлэл бий
Гангиа
Гангиа
Гангиа
долгормаа
Зочин
Зочин
зочин
зочин
зочин
Зочин
Хүн багш
Хүн багш
Хүн багш
Гэрэл
Гэрэл
zochi
Зочин
багш
Зочин
Яахав дээ
Яахав дээ
Зочин
Худлаа даа
Худлаа даа
Худлаа даа
Гана