ИХЭЭХЭН ХҮЛЭЭЛТ ҮЛДЭЭСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН
Энэ чуулганд гадаадын 500 төлөөлөгч оролцсоны гуравны нэг нь РиоТинто групптэй холбоотой ажээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, 150 жилийн түүхтэй, зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум доллар, 55 мянган ажиллагсадтай, дэлхийн хоёр дахь том уул уурхайн компанийн ТУЗ-ын бүх гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг ирэв. Мөн тус группын хувьцаа эзэмшигчид, 35 улсад төслүүдийг нь санхүүжүүлдэг банк санхүүгийн тэргүүлэх 45 байгууллагын болон, олон улсын хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл оролцов.
Гадаадын хөрөнгө, бас жуулчдыг татах зорилготой Монголын эдийн засгийн энэ удаагийн чуулганыг (МЭЗЧ-2023) “Welcome to Mongolia” уриан дор Улаанбаатар хотноо наадам угтан Төрийн ордон болон Чингис хааны музейд зохион байгуулав. Гадаад, дотоодын 2200 зочид төлөөлөгчид оролцсон хоёр өдрийн энэхүү арга хэмжээг тоймлон юу болсон, ямар хүлээлт дагуулж буйг хүргэе.
Эдийн засгийн өсөлтийг санхүүжүүлдэг гурван зам байдаг. Энэ бол өөрсдийн хөрөнгө, өр зээл, эсвэл гадаадын хөрөнгө билээ.Тэгвэл МУ-ын ЗГ орлогоосоо давсан зарлагатай учир өөрсдийн гэх хөрөнгө, хуримтлал бага, өр зээл авах гэхээр хуулийн дээд хязгаартаа тулчихсан учир гадаадын хөрөнгө татах л үлджээ. Бас гадаадаас жуулчдыг олноор авах (2023 онд 1 сая жуулчин) зорилго бид тавиад байна. Гадаадын хөрөнгийг татахын тулд дотооддоо хийх ажил их байна.
Гадаадын хөрөнгө оруулалт төр засгийн зүгээс:
МУ ардчилсан төр, зах зээлийн эдийн засаг рүү шилжиж эхэлсэн 1990 оноос хойшхи 33 жилд нийт 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас орж иржээ. Үүний 5 тэрбум нь эхний 20 жилд, 35 тэрбум нь 2010 оноос хойш оржээ. ГХО-ын дөрөвний гурав нь уул уурхай, олборлолтын, 11 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт ногдож байна.
Төр засаг хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч буйгаа тус чуулганы үеэр танилцуулав. Эдийн засаг, хөгжлийн яам хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн төсөл бэлджээ. Төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрөөс бодит дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Бас зарим салбарын хуулиар хориглоод буй хөрөнгө оруулалтыг хязгаарласан зүйл, заалтыг хүчингүй болгох, хөрөнгө оруулагч гомдлоо олон улсын арбитраар шийдүүлэх боломжтой болох ажээ.
Түүнчлэн, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг хуулийн этгээдийг бүртгүүлэх хугацаа болон тэмдэгтийн хураамжийн төлбөрийн ялгааг арилгаж, газар ашиглуулах хугацааг тодорхой болгох, виз, оршин зуух зөвшөөрлийг авах шат дамжлагыг арилгах юм.
Татварын болон татварын бус урамшууллууд, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулахад нөхцөлүүдийг тогтвортой байлгах зохицуулалт хэвээр хадгалагдана. Байгаль орчин, газар, татварын алба, аймаг, ерөнхий газрын гээд давхардсан олон хяналт шалгалтыг цөөрүүлж, жилд хоёр удаа л хамтран шалгах гэнээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус чуулган дээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд тогтвортой байдлыг бий болгох эрх зүйн реформыг хэрэгжүүлсэн гэж хэлэв.
Гэвч МУ-д олон сайн хууль журам батлагдаж байгаа ч тэдгээр хууль журмыг сахиулах ажил шүүхийн түвшинд очоод гацчихдаг тухай чуулганы үеэр яригдсангүй. Мөн гадаадын хөрөнгө оруулахын тулд хууль журмаас гадна үндэсний мөнгөний ханш тогтвортой байх ёстой.
Гадаадын хөрөнгө оруулагчын зүгээс:
Энэ чуулганд гадаадын 500 төлөөлөгч оролцсоны гуравны нэг нь РиоТинто групптэй холбоотой ажээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, 150 жилийн түүхтэй, зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум доллар, 55 мянган ажиллагсадтай, дэлхийн хоёр дахь том уул уурхайн компанийн ТУЗ-ын бүх гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг ирэв. Мөн тус группын хувьцаа эзэмшигчид, 35 улсад төслүүдийг нь санхүүжүүлдэг банк санхүүгийн тэргүүлэх 45 байгууллагын болон, олон улсын хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл оролцов.
Группын ТУЗ-ын дарга Доминик Бартон ОТ бол 2030 онд дэлхийд дөрөвт жагсах хэмжээний зэс үйлдвэрлэнэ. Эдүгээ 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. 1500 метрийн гүнд Манхаттэн шиг овортой хүдрийн биетийг блокчлох технологоор олборлож эхэлсэн. Нийт 20 мянган хүн ажиллаж буйгаас 90 хувь нь Монголчууд, жилд 5.1 тэрбум долларын дотоодын худалдан авалт хийдэг гэлээ. Монгол улсад ажиллах замын зураг тодорхой, төрөлжсөн, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байгаа учир бид идэвхтэй, хариуцлагатай компанийн хувиар хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар байх албагүй гэж хэлэв. Юуны өмнө сэргээгдэх эрчим хүч болон говийн бүсийг усжуулах төсөл дээр засгийн газартай хамтран ажиллах болжээ.
Мөн Монгол улсын ураны салбарт хөрөнгө оруулах гэрээ байгуулах гэж байгаа Францын Орано компаний төлөөлөгч Оливиер Тоумер шар нунтаг үйлдвэрлэхэд хүхрийн хүчил орох тухай ярив. Тэгвэл зэс боловсруулах үйлдвэр ажилуулахад хүхрийн хүчил ихээр гардаг учир шинэ холбоо үүсэх ажээ.
Ямар ч л гэсэн олон том төслүүд Монголд хэрэгжих төлөвтэй.
Эдийн засгаа төрөлжүүлэх тухайд:
Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд уул уурхайгаас бусад, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг түүхий эдийн нөөцтэй салбартаа хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа төрөлжүүлэх тухай чуулган дээр яригдлаа. Тухайлбал, нар, салхины сэргээгдэх эрчим хүч ашиглах, ган, зэсийн үйлдвэрлэл, газрын тосны боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн чөлөөт бүсүүд бий болгох, арьс шир, махны үйлдвэр барих тухай яригдлаа.
Хөшигийн хөндий зэрэг чөлөөт бүсүүдэд худалдаа, үзвэр, ложистик гэх мэт үйлчилгээ явуулах ч боломжтой. Чөлөөт бүсийн хуулиар гааль, хөдөлмөр эрхлэлт, татварын тусгай дэглэмтэй байх юм.
Засгийн газраас сүүлийн хоёр жилд хил, боомтын хүчин чадлыг нэлээд нэмэгдүүлсэн. Удахгүй Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбож экспортын хүчин чадал илүү хямд өртгөөр, илүү их бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрдэнэ. Бүх аймгийг хатуу хучилттай автозамаар холбосон гэхчлэн бизнесийн суурь дэд бүтцээ бүрдүүлээд байгаа юм.
МУ Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор бүс нутагт 11 мянган төрлийн, хөнгөлөлтийн ерөнхий систем GSP+ статустай болсноор Европын Холбооны орнуудад 7200 төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломжтой болсон нь гадаад худалдааны таатай нөхцөл бүрдүүлж, экспортын зах зээлийг тэлэх юм. Мөн Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар 5700 төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэйгээр экспортолох ажээ.
Тус чуулган дээр тогтвортой хөгжлийн бодлого, эдийн засаг ба тогтвортой хөгжил, шинэ ирээдүй-шинэ боломж, хотын хөгжлийн тухай 400 орчим хүн дэлгэрэнгүй хэлэлцэж тодорхой санаа, зөвлөмж гаргасан юм.
Энэхүү эдийн засгийн чуулган хамгийн өргөн хүрээнд, түүхэндээ хамгийн олон оролцогчтой, Монгол улсын маш том сурталчилгаа боллоо.