Монгол улс 400 гаруй шүүгчтэй. Шүүхийнхээ ачааллаа тооцож үзээд, мөн нийслэл болон орон нутагт ажиллаж байгаа шүүхүүдээ бүтэн орон тоогоор ажиллуулья гэвэл 700 гаруй шүүгч шаардлагатай ч одоо байгаа нь 473. Харин шүүх хуралдаанд иргэдийг төлөөлдөг шүүхийн иргэний төлөөлөгч нь 4500 гаруй.

Ер нь бол манайхаас бусад орны шүүхүүдэд шүүх хуралдаанд оролцож буй иргэний төлөөлөгч нь шүүгчээсээ ямагт олон байдаг аж. АНУ-ын тангарагтны шүүхэд гэхэд 12 тангарагтан шийдвэр гаргадаг. ХБНГУ-д хоёр иргэний төлөөлөгч, нэг шүүгч, Японд зургаан иргэний төлөөлөгч, гурван шүүгч хамтын шийдвэр гаргадаг бол БНСУ-д шүүх хуралдаанд оролцох иргэний төлөөлөгчийн тоо 5-9 байна. Учир нь иргэний төлөөлөгч яллагдагчийн “гэм буруутай эсэх” дээр өөрийн мэдрэмжээр дүгнэлт гаргадаг учраас нэг хүн шийдвэр гаргах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж иргэний төлөөлөгчийг шүүгчээс ямагт олон байлгадаг. Харин манайд гурван шүүгч нэг иргэний төлөөлөгчтэй шүүх хуралдааныг явуулдаг. Мөн шүүхийн шийдвэрт иргэний төлөөлөгч нөлөөлдөггүй, иргэний төлөөлөгчийн дүгнэлт шүүх бүрэлдэхүүнд огтоос хамаагүй байдаг. Үүнийг ШЕЗ-ийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж “Хүн төрөлхтний сайн сайхан туршлагуудыг бид үргэлж хагас дутуу хуулбарлаж ирсний тод жишээ, формализмын нэг хэлбэр” гэж тодорхойлов. Уг нь хуульд “гурав хүртэл иргэний төлөөлөгч” гэж заасан ч манайх шүүх хуралдаанд нэг л иргэний төлөөлөгчтэй ордог. Үүнийгээ бас л төсөв мөнгө, ачаа дараа гэх байх л даа. Гэтэл иргэний төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсны төлөө цагийн 1428 төгрөгийн хөлс төлдөг. Өнгөрөгч 2016 онд 4500 удаа шүүх хуралдаан болж, шүүхийн иргэний төлөөлөгчид 33 сая төгрөг олгожээ.
 
Өчигдөр төрийн ордонд болсон Шүүхийн иргэний төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг “Шударга ёсыг тогтооход гар бие оролцож буй хүмүүс” хэмээн тодорхойлов. Доктор О.Мөнхсайхан “Шүүгч хүн ямар нэг байдлаар карьер хийх, дээд шатны шүүхэд дэвшиж ажиллаж сонирхолтой байдаг учраас мэргэжлийн хувьд хараат болсон байдаг. Харин иргэний төлөөлөгчид төрөөс ямар нэг хамааралгүй учраас тэдний шийдвэр төр буюу шүүхээс хараат бус байдаг” гэсэн юм. Мэргэжлийн хуульчид хуульд хэт баригдсан, хуулиас гадуур дүгнэлт хийх чадваргүй, гэмт хэргийн талаар тогтсон үнэлэмжтэй болчихсон байдаг бол иргэд харин хуулийн үг үсгээс илүүтэй амьдралын хар цагаан, шударга ба шударга бусын тал дээр өөрийн гэсэн мэдрэмжтэй байдаг. Тиймээс бусад орнууд тангарагтны шүүхтэй, эсвэл шүүхийн иргэний төлөөлөгчийг шүүх хуралдаанд таслах эрхтэйгээр оролцуулдаг.

Манайд ч бас 2013 онд УИХ-аар баталсан Шүүхийн иргэний төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэний төлөөлөгчийг шүүгчтэй адил таслах эрхтэй оролцуулахаар хуульчилсан ч Үндсэн хуулийн Цэц хуулийн уг заалтыг хянаж үзээд “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Шүүгч хараат бус байна” гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна хэмээн үзэж хүчингүй болгосон. Гэсэн хэрнээ “Шүүхэд иргэний төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна”, “Монгол улсын иргэн шударга шүүхээр үйлчлүүлэх”, “Төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн бусад заалт, ардчиллын зарчмуудыг огтоос хайхарч үзээгүй. “Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ” гэдэг нь шүүхээс гадуур хэн нэгнийг яллаж болохгүй л гэсэн үг. Түүнээс биш шүүхийн иргэний төлөөлөгч шүүгчтэй нэг адил таслах эрхтэй оролцох нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байгаа хэрэг биш л дээ. Угаасаа аль ч орны шүүх шүүх хуралдаанд иргэний төлөөлөгчийг заавал оролцуулдаг, ингэхдээ заавал ч үгүй таслах эрхтэйгээр оролцуулдаг. Харин иргэний төлөөлөгч таслах эрхгүй байгаа нь ганц манайд л байдаг “гажиг” юм байна.  

Японд жишээ нь шүүх хуралдаанд иргэний төлөөлөгчдийг оролцуулах болсны дараа шүүгч, прокурорууд шүүх дээр мэтгэлцэх, шүүхийн шийдвэрийг бичихдээ иргэдэд илүү ойлгомжтой байхуйцаар бичихэд суралцаж эхэлсэн байна. Ингэсний үр дүнд шүүхийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй, иргэдэд ойлгомжтой, нээлттэй болж, шүүхэд итгэх иргэдийн итгэл ч илт сэргэсэн гэж үнэлжээ. Социализмын үед манайд ч шүүх хуралдаанд ардын төлөөлөгчийг оролцуулдаг, тэр нь шүүгчидтэй хамт зөвлөлдөх тасалгаанд орж шүүхийн шийдвэрт саналаа тусгадаг байж. Тэр үеийн ардын төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс хараат бусаар бие даасан шийдвэр гаргаж чаддаг байсан эсэхийг мэдэхгүй л дээ. Харин 2013 онд баталсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэний төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгчтэй нэг адил “таслах эрхтэйгээр оролцох” эрхийг нь хуульчилж өгсөн. Гэвч Цэцийн шийдвэрээр таслах эрхийг хассаны дараа иргэний төлөөлөгч гэм буруугийн тал дээр зөвхөн дүгнэлтээ хэлэх эрхтэй үлдсэн ч тэр нь шүүнчийн шийдвэрт нөлөөлдөггүй, шүүхийн шийдвэрт бичигддэггүй, ердөө нэг шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг албажуулах үүрэгтэй болж хувирсан байна.

Төрийн ордонд болсон улсын зөвлөгөөний үеэр маш олон иргэний төлөөлөгч “Шүүх шинэчлэгдэж, шударга ажиллаж байгааг бид харж байна. Шүүх биднийг маш сайхан хүлээж авч, хэрэгтэй мэдлэгийг олгож, сайхан харьцаж үйлчиллээ” гэж ярив. Гэвч шүүхэд иргэдийг төлөөлнө гэдэг нь ямар нэг “тойрон аялал” биш шүү дээ. Тэр тусмаа шүүх байгууллагыг сурталчлах, тэдний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилго агуулаагүй. Харин шүүхээр таслагдаж, амьдрал хувь заяа нь шийдэгдэж буй тэр хүмүүсийн төлөө хэнээс ч хараат бус бие даан шийдвэр гаргах үүрэг хариуцлага, шударга ёсны тухай иргэдийн үнэлэмж юм. Тиймээс нөгөө хэсэг нь “Яллагдагчийн гэм буруугийн талаар бидний өгсөн дүгнэлт шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, шүүхийн шийдвэрт бичигдэхгүй байгаа юм бэ?” гэж асууж байна. Бас зарим нь “Хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас, хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй учраас гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хэцүү байлаа” гэж ярьж байна. Зарим нь “Шүүхийн мэтгэлцээний явцад хэргийн үнэн мөн нь ил гараад ирдэг учраас иргэний төлөөлөгч заавал хавтаст хэрэгтэй танилцах, эсвэл хуулийн өндөр мэдлэгтэй байх шаардлагагүй” гэж ярьж байна. 

Гэх мэтчилэн ярилцаж, хэлэлцсэний үр дүнд Шүүхийн иргэний төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнөөс гурван зүйл бүхий зөвлөмжийг УИХ, Засийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагад тус тусад нь хаяглан гаргажээ. Тухайлбал,
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, эрх хэмжээ, үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд шүүх хуралдаанд оролцож буй иргэний төлөөлөгчийн тоо 3-аас дээш байх, тэдний гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрт заавал харгалзан үзэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулахыг УИХ-д;
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгох, сонгогдсон иргэдийг шүүх хуралдаанд оролцуулах нөхцөл, бололцоо, аюулгүй байдлыг хангах талаар төсвийн санхүүжилт, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газарт;
-Шүүн таслах ажиллагаан дахь шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоог бүрэн дэмжиж, тэдгээрийн санал, дүгнэлтийг үнэлж шийдвэр гаргахдаа харгалзан үздэг соёлыг  хэвшүүлэхийг  шүүх эрх мэдлийн байгууллад тус тус зөвлөсөн байна.

Нэгд хуулиа сайжруулах, хоёрт хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн санхүүжилтийг бий болгох, гуравдугаарт шүүх байгууллага өөрсдөө иргэний төлөөлөгчид хуульд заасан эрхийг нь эдлүүлж хамтарч ажиллах шаардлагатай гэсэн үг.

Төсвийн санхүүжилтийн тал дээр Шүүхийн иргэний төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа ШЕЗ-өөс шүүхээс иргэний төлөөлөгчид олгож байгаа хөлсийг нэг цагийн 10 мянга, 5000 болгохоор Сангийн яаманд хоёр ч удаа санал оруулсан боловч аль аль нь дэмжигдэлгүй өмнө олгож байсан 1428 төгрөг дээр тогтсон байна. Энэ нь алслагдсан, хөдөө орон нутгийн иргэдийн хувьд шүүх рүү ирж очих замын зардалд ч хүрэлцэхгүй мөнгө. Тиймээс шүүхийн иргэний ирж очих зардлыг орон нутаг нь хариуцдаг байвал яасан юм бэ гэдэг саналыг иргэний төлөөлөгчдийн зүгээс гаргаж байсан. Хэрвээ магадгүй, шүүхээс /шүүхийн төсвөөс/ зардлыг нь олгохоор  бол иргэний төлөөлөгч шүүхийн талд шийдвэрээ гаргах магадлалтай. Харин орон нутгаас зардлыг нь хариуцдаг бол иргэний төлөөлөгч шүүхээс хараат бус, бие даасан байдлаар шийдвэрээ гаргахад нь хэрэгтэй гэж.

Шүүхийн иргэний төлөөлөгчийг сонгохдоо статистикийн байгууллагаас санамсаргүй түүврээр гаргаж өгсөн жагсаалтыг үндэслэн сонгодог ч тэднийг хаягаар нь олж авчирах нь шүүхэд нэлээд хүндрэл учруулдаг байна. Зарим нь бүртгэлтэй хаяган дээрээ байдаггүй гэх мэт. Үүн дээр орон нутгийн засаг захиргаатай хамтарч ажиллах хүсэлтэй ч тэдэнд энэ үүргийг хуулиар хүлээлгээгүй учраас бас л хөдөлж өгдөггүй. Тиймээс үүн дээр Засгийн газрын холбогдох агентлаг, орон нутгийн захиргааг үүрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг. Мэдээж ингэхийн тулд тодорхой зохицуулалт хэрэгтэй, цаг хугацаа орох байх л даа. Үүнээс өмнө шүүхийн байгууллага өөрсдөө шүүхийн иргэний төлөөлөгчийн асуудал дээр илүү нээлттэй хандаж хамтарч ажиллах, ядахдаа л тоог нь хуульд заасан дээд хэмжээнд хүргэх, шүүх хуралдааны үеэр тэдний гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгах зэргээр хуулийн үзэл санаа, хэрэгжилт дээр санаачлагатай ажиллах хэрэгтэй болж байна. Ингэхгүйгээр шүүхийн иргэний төлөөлөгч гэдэг нь шүүхдээ ч хэрэггүй, шударга ёсонд ч хувь нэмэргүй мөртлөө иргэнд үүрүүлсэн нэг төрлийн "ял" болоод дуусах нь.