Захиалагч нь чухам хэн гэдгийг мэдэхгүй ч Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан “SGS” /Саусгоби Сэндс/ буюу “Өмнийн говийн элс” нэртэй гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг АТГ-аас анх шалгаж эхэлсэн үндэслэл нь авлигын хэрэг байдаг. Тус компанийн данснаас “Моннис” группийн дансанд их хэмжээний мөнгө шилжсэн шалтгааныг тухайн үед авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбох гэж үзээд нотолж чадаагүй гэдэг. “Моннис” груп нь тухайн үед Н.Энхбаярын гол санхүүжүүлэгч гэгдэж байсан ч “SGS” компаниас шилжсэн уг мөнгө нь бизнесийн хөрөнгө оруулалтад зарцуулагдсан нь тогтоогдсон тул “Моннис” ч уг хэргээс мултарч чаджээ. Ингэхдээ мэдээж тухайн үед хэрэгт хяналт тавьж байсан прокурор болоод хуулийнхны гарыг хоосон буцаагаагүй нь лавтай. Харин “хүний газар гүний нутагт” үлдсэн “SGS”-ийнхны хувьд манай хуульийнхны хорхойтой араанд зуугдаж үлдсэн бололтой.

 “SGS” компани нь 2006 онд Монголд бүртгэгдсэн, Канадад төвтэй Саусгоби Ресурс Лимитед компанийн Монгол дахь салбар. Бизнесийн үйл ажиллагааны чиглэл нь нүүрсний хайгуул, олборлолт, экспорт. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Овоот Толгойн нүүрсний ордод "Овоот толгой"-MV-012726, "Өвөлжөө уул-1"-MV-016869 тоот лицензүүдийг эзэмшдэг. Ажиллагчдын тоо 700 орчим, нийт ажиллагсдын 90 хувь нь монгол ажилчид гэж компанийн танилцуулгад бичигджээ. Компанийн төв байр Улаанбаатарт, харин Өмнөговь аймгийн Даланзадгад, Гурвантэс сум, БНХАУ-ын Бээжин хотод салбартай.  Компани 2008 оны дөрөвдүгээр сараас олборлолт явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний дөрвөн жилд буюу 2007-2011 онд 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 100 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн байна.

Чухам энэ үеэс эхлэн тус компанийг хардаж сэрдэх, хатгаж жөтгөх хуулийнхны явуулга эхэлсэн шиг байдаг. Сэжүүрийг нь өөрсдөө тавиад өгсөн байхыг ч үгүйсгэх газаргүй. Гэвч хамгийн чухал нь баримт нотолгоо...

АТГ-ынхны эхлүүлсэн “авлигын хэрэг” нотлогдолгүй хаагдсаны дараа тус компанийг “мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр ЦЕГ-ын харьяа УМБГ-аас үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Нийтдээ 6,1 их наяд төгрөг буюу Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө угаасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тус компанийн өнгөрсөн долоон жилд Монголд оруулсан хөрөнгө оруулалтаас /Нийт хөрөнгө оруулалт 1,4 их наяд, үүнээс 1,2 тэрбумыг дотоодын зах зээл дээрээс худалдан авалт хийхэд буюу Монголын компаниудад зарцуулсан/ 4,5 дахин их тусч байгаа юм. Гэвч “мөнгө угаасан” хэрэг ч бас нотлогдоогүй тул шинээр татвараас нуугдсан хэрэг үүсгэж, нийтдээ 31 сар шалгасны эцэст 35 тэрбум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан хэргээр тус компанид удирдах албан тушаал хашиж байсан гадаадын гурван иргэнд таван жил арван сарын хугацаагаар хорих ял оноосон байна. Тэдний нэг нэг нь 2011 оны сүүлийн зургаан сар, нөгөө нь дөрвөн сар уг компанид ажилласан байдаг. Харин “SGS”-ийг хуулийнхан шалгаж эхэлсэн нь 2011 оны дөрөвдүгээр сар, татвараа нуугдсан гэх хэрэг нь 2007-2011 оны явдал.

Хуулийнхны анх гаргаж тавьсан татвараас нуусан гэх хөрөнгийн хэмжээ 234 тэрбум. Үүн дээр тус компанийн мөн хугацаанд татварт төлсөн 100 тэрбум төгрөгийг нэмээд тооцвол компанийн нийт орлогын /ашгийн биш шүү/ 75 хувьтай тэнцэж байгаа юм.

Үүнээс хойш Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар дөрвөн ч удаа уг хэрэг дээр шинжилгээ хийж байж 35 тэрбум төгрөг дээр буулгасан аж. Харин хэрэг шалгагдаж байх явцад буюу 2011-2014 онд “SGS” компани дахин 300 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 100 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 2007-2011 онд хийсэн борлуулалтыг оролцуулаад нийтдээ 700 тэрбумын борлуулалт хийж 200 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэсэн үг.

БАРИМТ, ТАЙЛБАР

Компанийн татвараас зувчуулсан гэх 35 тэрбум төгрөгийн зөрчлийг задалж үзвэл 25 тэрбум нь зөвхөн ам.долларын ханшийн зөрүүгээс үүссэн байх аж. 2007 онд анх үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш толгой компаниасаа авсан ам.долларын зээлийг эргүүлэн төлөх үед үүссэн ханшийн зөрүүг АТГ-ынхан “хуурамчаар өглөг үүсгэсэн” хэмээн ялласан байна. Энэ дашрамд хэлэхэд, ердөө хоёрхон жилийн өмнө Монголын Засгийн газар дэлхийн зах зээл дээрээс босгосон Чингис бондын эргэн төлөлт ханшийн уналтаас бол одоогоор 300 тэрбум төгрөгийн алдагдал хүлээчихээд байгааг сануулахад илүүдэхгүй л болов уу. Энэ янзаараа бол мөн ч олон хүн дээлээ нөмрөх нь дээ.

Үлдсэн 10 тэрбумын зөрчлийг дурьдвал ашиглах боломжгүйгээс данснаас хасч акталсан үндсэн хөрөнгө 32,9 тэрбум. Үүнд 17 тэрбум төгрөгийн үнэ бүхий шатсан эксковатор, ашиглалтын хугацаа дууссан эксковаторын дугуй, сэлбэг хэрэгслүүд орж байгаа аж. Мөн орон нутгийн иргэд, байгууллагад хандив тусламжаар өгсөн 1,5 тэрбум төгрөг. Үүнд 100 хүүхдийн цэцэрлэгийн байр, хилийн боомтын ажиллагсдын амьдрах байр, орон нутагт худаг гаргахад зарцуулсан хөрөнгө орж байгаа юм байна. Эдгээрийг нийлүүлээд 3,4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын нөхөн төлбөр тавьжээ. Мөн борлуулалтын орлогоос 683 сая төгрөгийг тайланд дутуу тусгасан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /АМНАТ/ худалдан авагчаас авахаар тооцон авлагад бүртгэсэн боловч тайланд тусгаагүй 19, 9 тэрбум төгрөг, тайлан балансад бүртгэлгүй хөрөнгөд элэгдэл тооцож зардал бууруулан татвар ногдох орлого бууруулсан 7,3 тэрбум төгрөг, НӨАТ-ын тайланд тусгаагүй бусад борлуулалтын орлого 311 сая төгрөг хэмээн тооцож, эдгээрт зургаан тэрбум гаруй төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна.

Компанийн зүгээс АТГ-аас гаргаж тавьсан энэ бүх өр төлбөр дээр хариу няцаалт хийж баримт нотолгоо гаргаж өгсөн боловч шинжээчид үүнийг үл хэрэгсэн дүгнэлт гаргасан, эсхүл шинжээчдийн хүлээн зөвшөөрч анхан шатанд няцаагдсан баримтуудыг шүүх нотлох баримт болгон ашигласан зэрэгт гомдолтой, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин компанийн өмнөөс ял сонссон гадаадын гурван иргэний хувьд аль ч тохиолдолд өөрсдийн амь нас нь үнэ цэнэтэй учраас Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн тохиолдлыг буруутгаж үзэх аргагүй. Уг нь шүүх гэдэг хоёр талын нотлох баримтыг хоёуланг нь үнэлж цэгнэж байж сая шийдвэрээ гаргах учиртай.

ЯЛЛАСАН НЬ...

Татварын ерөнхий хуулийн 29.1 дэх хэсэгт татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг “Татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх эрхтэй” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ бүрэн эрхийг татварын улсын байцаагчаас өр хэн ч эдлэхгүй гэсэн үг. Харин одоо яригдаж буй хэрэг дээр татварын улсын байцаагч ямар нэг зөрчил илрүүлж акт төлбөр тавиагүй байхад цагдаагийн байгууллага хөндлөнгөөс орж ажилласан байдаг. Тэр ч байтугай “Хэрвээ үнэхээр манай компанийг татварын зөрчилтэй гэж үзэж байгаа бол татварын шалгалт оруулья” гэдэг хүсэлт гаргахад татварынхан ”Хуулийн байгууллага шалгаж байгаа хэрэг дээр бид орохгүй” хэмээн хойш суужээ. Манай төрийн байгууллагууд ч мөн дөө. Нийлж байгаад дээрэм хийсэн, нөгөө хэсэг нь өөгшүүлсэн л хэрэг шүү дээ.

Мөн хуулийн 74 дүгээр зүйлд татварын хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлохдоо “татвар ногдох орлого болон эд хөрөнгийг татварын тайланд тусгахгүй орхигдуулах, тоо хэмжээ, үнийг нь багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх тохиолдолд хэрэв татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэсэн байна. Хуулийн 75 дугаар зүйл “татвар төлөгчид ногдуулах захиргааны хариуцлага” хэсэгт дээрх зөрчлийг үүсгэсэн татвар төлөгч хувь хүн, албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож татварын улсын байцаагч торгуулийн арга хэмжээ авахаар заасан байна. /УИХ-аар 2008 онд баталсан Татварын ерөнхий хуулин шинэчилсэн найруулга/

Харамсалтай нь “SGS” буюу “Өмнийн говийн элс” компанийн хувьд Татварын ерөнхий хуулийг барилгүй шууд хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд явчихсан учраас хүлээх хариуцлага ч мөн адил өөрчлөгдөж “татвар төлөхөөс зайлсхийх” гэдэг Эрүүгийн хуулийн зүйл ангиар ялласан байх жишээтэй. Энэ тохиолдолд ЭХ-ийн 166.1-д “Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна. Хүндрүүлэх нөхцөл буюу энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол /ЭХ-ийн 166.2/ эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Харин “SGS”-ийн гурван ажилтанд оноосон ялын хэмжээ таван жил арван сар. Аль ч талаас нь харсан ахадсан л байгаа биз дээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА ХӨӨЖ ГАРГАСААР БАЙХ УУ?

Хорих ялаар шийтгүүлсэн гадаадын гурван иргэнд Ерөнхийлөгч уучлал үзүүлж хугацаанаас нь өмнө суллав. Энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаар “Өөрийнхөө нэр хүндийг бус, Монголынхоо ирээдүйг бодсондоо ийм шийдвэр гаргалаа. Хүнд шийдвэр байлаа” хэмээн жиргэсэн байна. Үүнийг “Ерөнхийлөгч нөлөөнд автлаа. Шүүхийг уландаа гишгэлээ” гэж ярьж бичиж, тэгж ухамсарлаж нөхдүүдч цөөнгүй. “Хүнд шийдвэр” гэдгийн хувьд “Сайн ч, муу ч шүүхийн шийдвэрийг дагах ёстой” гэдгээс илүү “Монголын хуулийн байгууллагууд дампуу байна. Шүүх хэн нэгний нөлөөнд байна” гэдгийг хүлээн зөвшөөрөх нь “хүнд” байсан болов уу. Гэхдээ л “Монголд шударга шүүх гэж байдаггүй. Монголд битгий хөрөнгө оруулаарай” гэж бусдад чичлүүлж байснаас /угаасаа ч чичлүүлдгээ чичлүүлээд дуусч байгаа л даа/ өөрсдөө дотроо үүнийгээ яриад, өөрчлөх хэрэгтэй шүү дээ.

Шүүх хурал болохоос ердөө хоёрхон цагийн өмнө прокурор яллах дүгнэлтээ танилцуулахдаа торгох ял шийтгэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл шүүх хурал дээр гэнэт хорих ял шийтгэхээр танилцуулсан гэдэг нь нийтэд ил болсон зүйл. Ерөнхийлөгч ч өөрийн амаар “Прокурор хэний нөгөөгөөр шийдвэрээ өөрчлөх болсон бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой” гэдгийг хэлж байгаа. Гэхдээ энэ нөлөө бүр эхнээсээ ч явсан байхыг үгүйсгэх аргагүй. Татварын байгууллагын шалгаж тогтоогоогүй, акт төлбөр тавиагүй хэрэг дээр цагдаа яагаад шууд орсон бэ, яагаад эрүүгийн шат руу оруулж ял тулгасан бэ гэдэг өөрөө асуудал. Зүй нь бол татварынхан зөрчилөө илрүүлж, акт торгуулиа тавиад, түүнийг нь хэрэгжүүлээгүй нөхцөлд хуулийн байгууллага орж ажилладаг, ял зэмээ тулгадаг шат дамжлагатай шүү дээ. Тэгээд ч хуулийн этгээдийн хариуцлагыг хувь хүнд ногдуулах нь буруу. Компани татвараа төлөөгүй бол торгууль төлдөг, хөрөнгөө хураалгадаг байх ёстой. Түүний өмнөөс хувь хүнд ял тулгаж хорьж шийтгэх нь шударга ёсонд ч нийцэхгүй, эдийн засгийн хувьд ч үр ашиггүй зүйл. Энэ чиглэлд өөрчлөлт хийж, давхардсан хууль тогтоомжоо цэгцлэх хэрэгтэй гэж ярьсаар л байгаа шүү дээ.

Дашрамд дурьдахад “SGS” компанийн толгой компани болох Саусгоби Ресурс Лимитедийн хувьд нүүрсний хайгуул, олборлолтын чиглэлээр ажилладаг, Хятадын зах зээлд хамгийн ойр байрлах нүүрсний ордуудыг эзэмшдэг, Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, эрчим хүчний болон металлургийн нүүрсний ордуудаас Азийн зах зээлд төрөл бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд төвлөрөн ажиллаж байгаа дэлхийд нэр хүндтэй компани. Тус компаниас 100 хувийн хөрөнгө оруулалттай “SGS”-ийн Монголд явуулсан үйл ажиллагаа, хийгдсэн хөрөнгө оруулалт, төлсөн татварын тухай дээр нэгэнт өгүүлсэн. Тус компанийн төлсөн татварыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н тавьсан өртэй харьцуулаад нэг үзээрэй!

Шинэчлэлээс ухарч, “Шийдлийн” нэрээр шүншиглэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон нийтийн дунд асуулга явуулаад “Бүсээ чангалж, халамжаа танаж болохгүй. Харин оронд нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл” гэдэг үүрэг даалгавар авсан. Харин манай хууль, шүүхийнхний энэ мэт ажиллагаа хөрөнгө оруулагчдыг даллах биш, харин ч хөлийнхөө улыг гялалзуулаад, хамаг байдгаа үүрээд зугтахад л түлхэж байна. Ерөнхийлдөгчийн уучлалаар эрх чөлөөтэй болсон гадаадын гурван иргэн ч гэсэн “Баярлалаа” гээд гараараа даллахгүй нь лав. Гэртээ харьсан хойноо Монголын шүүх, хуулийн байгууллагуудын талаар юу ярьж, тэр нь дэлхийн хэвлэлээр хэрхэн тарахыг бодохоос толгойтой үс арзайна. Ямар анхных нь ч биш дээ...

Баабар: “Шүүхийн бусармаг шийдвэрийг нийтээр дэмжиж байгаа юм шиг амандаа ус балгаатай булан болгондоо цөмцийн сууж болохгүй. Бид эрх чөлөөтэй, олон ургалч орон гэдгээ харуулахын тулд ядахнаа ганц хоёр нь үүнийг шүүмжлэх хэрэгтэй. Тэгж байж эх орныхоо нэрийг хагас хугас ч гэсэн аврахаа байг гэхэд бага сэвтүүлнэ”...