-Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн сайдад эмнэлэг барьж өгөх үүрэг хүлээхгүй-

Өөрөө идэхгүй, үнээнд ч өгөхгүй гээд өвсөн дээр тэрийгээд хэвтчихдэг нохойны үлгэртэй тун төстэй явдал Хууль зүйн шинэ, хуучин хоёр сайдын дунд болоод өнгөрчээ. Болоод өнгөрчээ гэхийн учир нь Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарын “Хэн нь хэн бэ” гэдэг сөргөлдөөн, хувь улстөрчдийн амбицаас болж Хууль зүйн яамны хөрөнгө оруулалтаар барьж босгосон хоёрын хоёр байшин Эрүүл мэндийн яаманд шилжчихлээ. Уг барилгыг эмнэлгийн байр болгоход дахиад 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тухай Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба баяртайгаар мэдэгдэв. 

Түүх сөхвөл Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн /ТТАХНЭ/ хуучин барилгыг буулгаж, шинэ эмнэлэг барих ажлыг анх 2009 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үед Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байдаг. Эмнэлгийн барилгад орох хөрөнгө оруулалтын хэмжээ анх 10,6 тэрбум төгрөгөөр батлагдаж /эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаж авахад дахиад 25 сая ам.доллар шаардлагатай хэмээн тооцож Солонгосын хөнгөлттэй зээлд хамрагдахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг/ хоёр жилийн хугацаанд барьж дуусгахаар гүйцэтгэгч талтай гэрээ байгуулжээ.

2010 оны аравдугаар сард барилгын ажил эхэлснээс хойш 2012 оны арваннэгдүгээр сар хүртэл 10,1 тэрбум төгрөгийн санхүүжилт /нийт санхүүжилтын 95 хувь/ хийгдсэн ч барилгын А блок буюу амбулаторийн хэсэг 70 хувьтай, Б блок буюу больницын хэсэг нь 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг шинэ сайд Х.Тэмүүжин хүлээж авсан байна. Гүйцэтгэгч тал болох “Шинэ барилга” компани барилгын ажил талдаа ороод зогссон шалтгааныг ажилчдын цалин хөлс хоёр дахин нэмэгдсэн болон машин механизмын зардал, барилгын материалын үнийн өсөлттэй холбон тайлбарласан байдаг. Тухайн цаг үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Ц.Дашдорж нарын шийдвэрээр барилгын ажлын үнэлгээг нэмсэнээс бусад барилгуудын адил төсөвт өртөг нь нэмэгдэж, дутуу санхүүжилтыг дахин хаанаас гаргах вэ гэдэг асуудалтай тулгарсан аж. Хууль зүйн яамны хувьд зөвхөн эмнэлгийн барилгыг дуусгах болон тоног төхөөрөмж худалдаж авах зардал нь тухайн салбарын үндсэн үйл ажиллагаатай холбоотой хоёр жилийн хөрөнгө оруулалтаас давчихаад байсан тул энэ зардлыг нийтэд нь салбарын хөрөнгө оруулалт болгон өөрчлөх санал гаргасан байна.

Ингээд Засгийн газрын тогтоолоор Хууль зүйн яамны харьяа ТТАХНЭ-ийг Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэн ”Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгон өргөтгөж, эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйлчлэх хүрээ, ажиллах журмыг баталж мөрдүүлэх ажлыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болгожээ. Харин ТТАХНЭ-ийн баригдаж дуусаагүй барилгыг Хууль зүйн яам, ЦЕГ-ын мөрдөн байцаах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээлэл болон иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төв болгон өөрчлөхөөр шийдвэрлэж. Ингэхдээ барилгыг дуусгахад төсвөөс нэмэлт зардал гаргалгүйгээр Хууль зүйн сайдын багцаас шийдвэрлэх үүрэг өгсөн байна.

Энэ шийдвэрийн дагуу хоёр барилгын зориулалтыг өөрчилж, конторын барилгын ажлыг дуусгахад нийтдээ 3,7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо хийж, төсөв нь батлагдсанаас 2013-2014 онд 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Энэ зардлыг санхүүжүүлэхдээ өмнөх сайдын үед УМБГ-т шинэ байр бариулахаар төсөвт суулгасан хөрөнгийг уг барилга руу шилжүүлэх замаар яам өөрийн дотоод нөөцөөс шийдсэн байна. Барилгын А блок буюу ЦЕГ-ын харьяа мөрдөн байцаах асуудал хариуцсан байгууллагын /одоогийн нэрээр УМБГ/ конторын барилгыг 2014 оны дөрөвдүгээр сард дуусгасан ч Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-тай үүсгэсэн маргааны улмаас улсын комисс хүлээж авалгүй байсаар өдийг хүрчээ.

Харин Хууль зүйн яам болон хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээлэл, иргэдэд үйлчлэх төвийн барилгын ажил санхүүжилт дутуугаас хүлээгдэж байгаа. Үнэндээ бол ХЗЯ-ны одоогийн барилгыг Монголбанкинд худалдан борлуулж, эндээс олсон орлогоор барилгын Б блокийг барьж дуусгахаар төлөвлөж байжээ. Ингэснээр төсөвт ямар нэг дарамт үүсгэлгүйгээр Хууль зүйн яам ч, УМБГ ч шинэ байртай болж, дээр нь хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цахим мэдээлэл, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төвийг шинээр байгуулах ёстой байв. Одоогоор Б блокийн барилгын гадна фасадын ажил бүрэн дуусч цахилгаан шатыг суурилуулсан.

Хоёр барилгыг конторын зориулалтаар барьж дуусгахад үндсэндээ 13,8 тэрбум төгрөг /өмнө хийгдсэн 10,1 тэрбум дээр сүүлд нэмж төсөвлөсөн 3,7 тэрбум/ хангалттай байв. 2012 онд барилгыг хүлээж авахад доторх өрөө тасалгаануудыг гаргаагүй байсан ч конторын зориулалтаар өөрчлөхдөө өрөөнүүдийг томсгож цөөлснөөр хөрөнгийн хэмнэлт гарсан аж. Одоо эмнэлгийн зориулалтаар дахин өөрчлөхийн тулд шинээр 4,4 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоог уг барилга дээр ажилласан инженерийн баг хийсэн байна. Харин Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба энэ тоог эмнэлгийн тоног төхөөрөмж авах зардалтайгаа хольж хутган 20 тэрбум хүртэл нь дээш шидэж өглөө. Өчигдөр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадамж төсөвт байхгүй учраас концессийн гэрээгээр бариулж, төр эргүүлэн худалдаж авахаар шийдвэрлэсэн” тухай мэдээлэв.

Уг нь энэ хоёр барилгын асуудал зүгээр нэг барилга байшингийн тухай төдий асуудал биш. Цаана нь хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал ч бас давхар хөндөгдөж байгаа юм. Засгийн газрын тогтоолд “Мөрдөн шалгах асуудал хариуцсан байгууллага“ хэмээн зааж өгсөн нь ч санамсаргүй зүйл биш. Эрх зүйн шинэчлэл энэ эрчээрээ үргэлжилсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг, хэв журам сахиулдаг, ахуйн төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг нэг хэсэг, улс дамнасан зохион байгуулалттай хүнд гэмт хэрэгтэй тэмцдэг өөр нэг хэсэг /хуулийн төсөлд “Мөрдөх алба” нэрээр явж байгаа/ болгон тусгаарлаж, түүнд нь тохирсон боловсон хүчин, техник технологи, хөрөнгө хүчээр зузаатгах асуудал яригдаж байлаа. Чухам үүнд л зориулж эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилсөн хэрэг.

Олон хүний мартчихаад байгаа нэг зүйлийн сануулахад, Хууль зүйн сайдын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Харин Эрүүл мэндийн сайдад эмнэлэг барьж өгөх үүрэг хүлээхгүй. Тийм учраас хэдий төсвийн хөрөнгө ч гэсэн салбар салбараар нь багцалж, төсөв захиран зарцуулагчийг тус тусад нь томилдог.

Гэвч “Шинэчлэлийн” Засгийн газрын боловсруулсан энэ бодлого “Шийдлийн” Засгийн газрын үед эргэж уналаа. Унагасан хүн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу. Д.Дорлигжавын хувьд яах вэ, сонгогчдын өмнө амлалт өгч гарч ирээгүй, хариуцлага үүрэлцээгүй, замын дундаас тохиолдлоор орж ирсэн юм чинь “Намын амлалт надад хамаагүй” гээд хуулийн салбарт эхлүүлсэн шинэчлэлийн бодлогыг хааш нь яаж ч булгиулсан дурын хэрэг байж болно. Харин “Шинэчлэлийн” Засгийн газарт багтан ЗГХЭГ-ын сайдаар ажиллаж байсны хувьд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд өмнөх Засгийн газрынхаа болж бүтэж байсан бодлого нэг бүрийг үргэлжлүүлж эцсийг үзэх үүрэг хүлээсэн хүн. Хэрвээ тэр бодлого нь алдаатай байсан гэмээж өөрөө ч бас хариуцлагыг хамтдаа хүлээгээд явах ёстой хүний нэг. Гэтэл яаж яваад Хууль зүйн салбарын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн ажлыг /тэр тусмаа салбарын шинэчлэлийг дагуулан шийдсэн бодлого/ Эрүүл мэндийн салбар луу зувчуулах болчихдог нь хачирхалтай.

Ингээд нэг намын хоёр хүний “хэн нь хэн бэ”-гээ үзэх гэсэн сөргөлдөөн яван явсаар хоёр намын хоёр өөр сайдын дунд хаясан “яс” болж үлдлээ. Г.Шийлэгдамба сайдын хэлсэн “250 ортой нэгдсэн эмнэлэг байгуулж, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, мэс заслын, эх барих гээд бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг нэг дор төвлөрүүлчихээд, дээр нь төрийн тусгай албан хаагчдад тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэдэг үг Засгийн газрын ордны хаяа дэрлэж, улаан зам дээр баригдсан хоёр барилгыг нүдээр үзээгүй, холоос зөвхөн хошуу нэмэрлэж суугаа хүмүүст сайхан сонсогдож болно. Сэрчихгүй бол сайхан зүүд. Харин гадна зогсоол, замын хөдөлгөөн, хот төлөвлөлтөө тооцоогүй энэ эмнэлэг ашиглалтад ороод хүүхэд, эмэгтэйчүүд, төрөх эхчүүд, төрийн албан хаагчид гээд бүгд нэг хаалгаар орж гараад, хүний урсгал нэмэгдээд ирэхийн цагт эмнэлгээр популизм хийсэн популист Ерөнхий сайд маань Н.Алтанхуягийн Засгийн газрын хариуцлагаас хуваалцаагүй шигээ өөрийнхөө хариуцлагаас ч бас л зугтах болов уу.

2015.03.18