Сүүлчийн Ерөнхийлөгч
Монгол улс тав дахь Ерөнхийлөгчөө Наадмын өмнөхөн сонгов. Дахин санал хураалтаар, нийт сонгогчдын гуравны нэгээс бага санал авсан АН-ын нэр дэвшигч Халтмаагийн Баттулга яллаа. Шинэ ерөнхийлөгч бол самбо бөхийн дэлхийн аварга, зураач, тэрбумтан, УИХ-д гурван удаа сонгогдсон, төрийн сайдаар хоёр удаа ажилласан хүн.
Монгол улс тав дахь Ерөнхийлөгчөө Наадмын өмнөхөн сонгов. Дахин санал хураалтаар, нийт сонгогчдын гуравны нэгээс бага санал авсан АН-ын нэр дэвшигч Халтмаагийн Баттулга яллаа. Шинэ ерөнхийлөгч бол самбо бөхийн дэлхийн аварга, зураач, тэрбумтан, УИХ-д гурван удаа сонгогдсон, төрийн сайдаар хоёр удаа ажилласан хүн.
Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө тэрээр хууль ёсыг дээдлэхээ, төрийн албыг наймаалдаг гэмт үйлдэлтэй тэмцэхээ, иргэд ядуурч цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяхаа амлав.
Хууль ёсыг уландаа гишгэсэн нь
Монголчууд бидний байгуулж буй ардчилсан, зах зээлийн нийгмийн үндэс суурь нь хууль ёс (бас хуулийн засаглал гэдэг, rule of law) юм. Хууль ёс гэдэг нь хувь хүний өмчлөх эрхийг баталгаажуулах буюу юуны өмнө бүтээсэн үнэ цэнийнхээ үр шимийг авахаас эхэлдэг. Хууль нь хувь хүнийг, түүний хөрөнгийг хамгаалахаас гадна гэрээгээ биелүүлэх, нийгмийг тогтвортой байлгах, ард иргэдийн итгэлийг хамгаалах, улс төрийн болон нийгмийн шахалтанд зохистой хариулахыг чиглүүлэх үүрэгтэй.
Гэтэл хууль ёсыг сахиж, бэхжүүлэх үүрэгтэй, төрийн эрх мэдлийг бүх нийтийн сонгуулиар шилжүүлэн авдаг монголын улс төрийн намууд тэрхүү хууль ёсоо уландаа гишгэж, ард түмнээр тохуурхах болсныг энэ сонгууль тод харууллаа.
Төр засгийг ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАН ба АН (МАНАН) урьдын адил мөнгө болон амлалтаар сонгогчдоо хуурч, саналыг нь булаацалдан, МУ-ын сонгуулийн тухай хуулийг ээлж дарааллан зөрчсөн юм.
Төрийн эрхийг барьж буй МАН өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох, тэтгэвэртээ эрт гарах зэрэг хуулиуд батлаж амлалтын “дайныг” өдөөв. Хариуд нь АН бараг толгой дарааллан өрөндөө баригдсан монголчуудын арилжааны банкнаас авсан зээлийн өрийг төрөөс төлүүлэхээ зарлахад иргэд бүгд итгээгүй ч томоохон хүлээлт үүсгэв. Тэгмэгц МАН-ын засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа болгон өгөх шийдвэр гаргав. Залгаад ОУВС-тай тохирсон гэрээгээ зөрчин, төсөвт тодотгол хийхгүйгээр, сонгуулийн өмнөх өдөр бүх хүүхдэд зориулж 161.5 тэрбум төгрөг бас тараав.
Олон арван тэрбум төгрөг бэлнээр тарааж, иргэдийн саналыг худалдан авч буй бие биенийхээ баримтыг хоёр нам уралдан дэлгэж нийтэд зарлаж байлаа. Эрх баригч нам энэхүү хууль бус үйлдэлдээ цагдаагийн ажилтнуудыг дайчилсаныг АН онцолсон нь содон байв.
Сонгуулийн явцад МАНАН харилцан бие биенийхээ авлигыг илчилсэн дүрс бичлэг, баримт сэлт олныг дэлгэж, шүүхэд өгч байсан ч хууль ёсны “манаач” байх ёстой шүүх засаглал ямар ч чимээгүй “унтсаар” л байна.
Парламентын засаглалаа тодруулах нь
Энэ сонгууль МАНАН-г хүйтэн усаар цохив. МАН дотроо байлдаж, удирдлагаа солихыг оролдож эхлэв. Харин АН дотроо “эвсэж”, Ерөнхийлөгчийн томилдог албан тушаал бүрийн төлөө чимээгүйхэн тэмцэлдэнэ. Юуны өмнө АТГ, Тагнуулын Ерөнхий газар зэрэг хууль хяналтын олон байгууллагын удирдлага өөрчлөгдөж, тэдний нөлөөлж томилуулсан олон арван хүн төрийн компаниудаас удалгүй халагдаж таарна. Шүүгчид болон гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн ажилтан, ажилчдын дотор томоохон сэлгээ явагдана. Үүнийг Монголын Ардчилсан Холбооны олон зуун хүн өдөр тоолон, холбооны тэргүүнээсээ хүлээж эхэлжээ. Нөлөөлж болох төрийн бүх албыг шинэ Ерөнхийлөгч шинэ шүүрээр шинэчлэн шүүрдэнэ.
Гэхдээ энэ “шүүрдэлт” нь МАН-ын дараачийн том нүүдлийн хажууд юу ч биш. УИХ-ын суудлын 85 хувийг эзэлсэн энэ намд хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр Үндсэн хуульд (ҮХ) өөрчлөлт оруулж чадах түүхэн боломж бүрдээд байна. ҮХ-ийн өөрчлөлтийн тухай нийт ард түмний санал асуулгыг 2017 ондоо багтаж зохион байгуулах шийдвэр энэ хавар гарчихсан байгаа. Угаас бэлгэдлийн чанартай, тэгээд ч АН-д алдчихсан Ерөнхийлөгчийн суудлыг энэ өөрчлөлтөөр алга болгож, хууль тогтоох хоёр дахь танхимаар солих санал гараад хэдэн жил болж буйг МАН тооцоолж байгаа нь дамжиггүй.
Сонгуульд оролцоогүй 700 мянга, дахин санал хураалтаар “цагаан хуудас” өгсөн 100 мянга шахуу хүн нийлсэн хүн амын томоохон хэсэг ҮХ-ийн энэ чиглэлийн өөрчлөлтийг хүлээж, дэмжих магадлал өндөр ажээ. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудалд ҮХ-ийн өөрчлөлтийг оруулчихсан байна.
МАНАН-д дотоод ардчиллаа хөгжүүлж, юуны өмнө намынхаа санхүүжилтийг ил тод болгож, мафийн удирдлага, хэлбэрээсээ салахгүйгээр монголын нийгмийн хөгжлийн шаардлагаас илт хоцорч байгаагаа ойлгох, шинэчлэгдэх сүүлчийн боломж олджээ.
Сонгуулийн сургамж
Энэ сонгуулийн явц, үр дүн, нөлөөг том зургаар нь харвал монголын улс төрийн ардчилалд тодорхой хэдэн сургамж тохиолоо. Юуны өмнө иргэд саналаа өгөхдөө аль ч нэр дэвшигчийг дэмжихгүйгээ илэрхийлж, нэрийг нь тэмдэглэхгүй “цагаан сонголт” хийж болдгийг ойлгов.Тийм хүний тоо 99 мянга буюу нийт саналын 8.23 хувь байлаа.
Мөн ардчилсан сонгуулиа зөв зүйтэй явуулахын тулд ямар зүйл саад болж байгаа, яагаад түүнийг зогсоож, арилгах ёстойг тод харлаа. Үүнд хамгийн түрүүнд улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчээ дотроосоо өрсөлдүүлэн, шударгаар сонгохгүй бол жинхэнэ манлайлагч нь тодордоггүй ажээ. Эхний санал хураалтаар аль ч намын нэр дэвшигч хангалттай санал аваагүй учир дахин санал хураав. Зардалд нь дахиад 7.2 тэрбум төгрөг буюу 50 хүүхдийн ортой 15 цэцэрлэг барих хөрөнгө үрсэн нь ядуу оронд томдсон гарз байв.
Мөн улс төрийн намын дарга нь, эсвэл нэр дэвшигч нь хувийн телевизтэй байх нь (С1 телевиз, ТВ9) сонгуулийн сурталчилгаанд ямар үр нөлөөтэй болох, хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад хараат бусаар ажиллах ёстойг иргэд тод мэдэрлээ. МҮОНРТ нэр дэвшигчдийг тулгамдсан асуудлаар мэтгэлцүүлэхийн оронд тохиролцсон асуултуудыг ээлжлэн тавьж, хариултыг сонсуулсан нь мэтгэлцээн биш, ярилцлага болчихов.
Хууль зөрчин олон арван тэрбум төгрөг сонгогчдод өрсөлдөн тараасан улс төрийн хоёр нам сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн тайлангаа аль хэр үнэн зөв гаргах, түүнийг нь магадлан шалгаж, шүүхээс ямар арга хэмжээ авахыг нийт иргэд ч, намуудын жирийн гишүүд ч хүлээж байна.
Эцэст нь Монгол улс Ерөнхийлөгчийнхөө эрх, үүргийг маш тодорхой зааглаж, парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлагатай болжээ. МАН, АН-ын жирийн гишүүд идэвхтэй шаардан намаа шинэчлэж, улс төрийн манлайлах хүчин болгон сэргээж чадахгүй бол улс төрийн тавцан дээр үүсчихээд байгаа тод манлайллын том орон зайг гуравдагч, шинэ хүчин түрэн эзлэх цаг ирэв.
Ямар ч гэсэн онц их эрх мэдэлтэй сүүлчийн Ерөнхийлөгч ажлаа эхэллээ.
Зочин
Зочин
зочин
Иргэн
Ч.Гомбожав
Зочин
Зочин
Зочин
Зочин
Гана
Зочин
З0чин
Зочин
Зочин
БАТ инженер
Зочин
Zodov
Бодит үнэн
зочин
зочин
Зочин
Зочин
Гана
Зочин
Зочин
Зочин