Жингүйдсэн боловсрол
Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн цаана бидний хэлмэгдэл оршдог. Зүүгээр хатгахад цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй. Олноо гэсэн сэтгэлтэй, ХХI зууны шилдэг боловсролоос хүртсэн хэдийг маань хорлон сүйтгэгч гээд шоронд хорив. Энэ бүгд улстөрийн жингүйдсэн боловсролын хаялга шүү.
Хөгшид бидний залууд дайсагнаж асан хоёр их хөрш эв эеэ олж, үй зайгүй саймшраад байхад монголчууд л ЗХУКН-ын онолоор одоо хэр салхилаад эдийн засгаа л алж буй. Валют олох баялаг-нүүрс. Нүүрсээ төмөр замаар зөөвөл хятад танк их буу ороод ирнэ гэж тэнэгтсэн нэгнээ шилдгийн шилдэг гэж өргөмжлөөд Ерөнхийлөгчөөр зална. 70-аад оны суртал ухуулга өдгөө манайд дийлж буй нь энэ. Сайн тэнэглэвэл монголчууд сонгох юм байна гэж би тэнэгтээд эрлийз хоч хүртэв. Тэнэглэх болгон амжилт биш аж. Тэнэгийг тэнэгүүд сонгодог уу, ухаантнууд сонгодог уу? Уучлаарай “жингүйдсэн боловсрол” бичих гээд хадуурчихав.
Бидний улстөрийн боловсролыг өнгөрөгч зуунд өглөөний сонин уншилга, нам эвлэл үйлдвэрчний дугуйлан, дөрөвдөх өдрийн лекц, намын дээдийн курсээр нисгэжээ. Эргээд буух шатгүй сансарт жингүйдсэн коммунист боловсрол газардаж чадахаа болив. Эдийн засгийн мэдлэггүй бол эсэн мэнд буушгүй халилд маниус дан ганц улс төрийн боловсролоор дүүлжээ. Социализм коммунизмээс газардахад шүхэр хэрэг болдог аж. Тэр шүхэр нь чөлөөт зах зээлийн менежмент юмсанж. Эдийн засгийн мэдлэгээр нойл, үрж чаддаг, олж чаддаггүй бид хичнээн галзуутай улстөржөөд ч өндийсөнгүй. Монгол хэлд орсноос хөлд орсонгүй.
Улстөрийн боловсролоор зөвхөн дарга нар жингүйдсэн гэж бодож байна уу?Үгүй. Хуучнаа магтаж, ардчилал чөлөөт зах зээлийг зүхэж буй хар массыг хар. Тэд сонгогчдын дийлэнх учраас МАН ялдаг. Хэдий өрөвдөлтэй ч цагаан мангаруудыг мэхлэхэд хялбар агаад эрсдэлгүйг МАН анзаарчээ. Сэтгэц нь улстөрөөр гэмтсэн хөөрхийс-залилагчаа аварч багш минь гэж бурханчлан мөргөсөөр мажийдгийг соц. нийгмийн бидний намтар хэлээд өгнө. Ялалт нүүрлэсэнд бяр амтагдсан пости коммунистууд татвар төлөгчдийн мөнгийг амины өмч мэт захиран зарцуулж, хувийн бизнесээр чинээлэг амьдрах оролдлогыг басамжлан боймолсноор компани байгуулах мөрөөдөлтэй романтик монгол залуус мөнгөөр бульдагчдын цүнх барих зам хөөв. Залгамж халаагаа хөрсөн дээр буудаггүй улстөрөөр ингэж хорлолоо.
Зөвлөлт импер нурж Орос гүнзгий хямралд унуутаа Баруун гэж тэмүүлээд соц. лагерийн сүйрэлд живсэн Монголоо орхисон. Коммунизмд давагдашгүй гамшиг учирсан тул бид орос ахдаа гомдоогүй. Ер нь оросууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байхад монгол хүн тал нутаг шигээ нэг л зангаараа “тусгаар тогтнолыг минь авч өгсөн орос ах нар минь” гээд налайж суудаг. Цаг агаар тэнгэрээс болж муудахаас газраас гайтдаггүй. Балтийн гурав зуларч, Гүрж Молдав Белорусь зангаа хувиргаад, Украйнаа тавиад тууж буй цагтаа азийн цээжний суугуул цөөвтөр дорой хэдэн сармагчныг тоож буй бол эргээд нүүрээ харуул л даа. Ах нарыгаа бид хэзээ ч цаашаа гэхгүй. Цаашаа гэх тэнхээ ч бидэнд байхгүй. Монголд “танилтай хүн талын чинээ” гэх үг бий. Бид дэлхийн улс гүрнүүдтэй танилцаж нөхөрлөмөөр байна. Хоёр их гүрний завсар дэлхийн мухарт хавчигдсан агаад хэт цөөн хувь заяа минь-олонтой хөл нийлүүлэх хэрэгцээ өөд түлхэж буй. Тиймээс бид гурав дахь хөрш гэж ярьдаг. Бид хөгжмөөр байна. Бид хөгжвөл хөрш та нарт тээргүй Монгол болно. Энүүхэндээ сэм асуухад та нараас минь хөрш ах дүүс чинь яагаад ямагт зугтана вэ?
Монгол нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрээрээ олсон ялимгүй ашгаа эрчим хүч, шатахуунд хамж өгснөөр хөлжих нөөц үлддэггүй. Эрчим хүч, шатахууны хэрэгцээ (хязгааргүй хоосон харанхуй орон зайд) асар их. Өндөр үнэтэй шатахуун эрчим хүчний импортод соруулсаар сажилбал ямагт алдагдалд унаж өр тавьсаар сэхэхгүй нь тодров. Ядуу Монголыг өдий хүртэл өндийлгөөгүй гол дарамт энэ. Ядуугийн зовлон их. Том төслүүдээ хөдөлгөх хөрөнгө хүч тарамдаад аль нь ч бүтэхгүй нөхцөлд ямар ч тэнэг хамгийн хямдыг урьдчилан эргэлтэд оруулж гарын бэл залгахыг хичээдэг. Гарын бэлтэй болсноор цааш хоёр дахь, гурав дахь төслөө санхүүжүүлдэг.
Эдийн засгийн өгөөжийг улстөрөөс доош эрэмбэлэгч-жингүйдсэн даргамсаг хөндий толгойн чихэнд “орос ахын өөдөөс сөрж болохгүй” гэж архаг боловсрол нь номлоно. “Ахын заавраас зөрөх аюултай” гэж түүх бас сануулна. Гашуунсухайтын замыг Зүүнбаянгийнхаар саатуулаагүй бол өнөөдөр бид нүүрсээ төмөр замаар хэл амгүй экспортолж байгаа. Очергүй дайрсан Зүүнбаянгийн 415 км төмөр зам ашиглалтад орж буй. Харин тэр замд шахмал түлш хийх коксоос өөр ачаа байна уу? Гашуунсухайтаа зогсоохгүй бол Богдханы замд чинь шугам нээхгүй гэвэл яана. Бид нүүрсээ төмөр замаар хэзээ ч тээхгүй юм биш үү? (Төмөр замаар хямд агаад ихээр тээвэрлэх учир). Манай эрх баригчдын сансарт ниссэн улстөрийн зангараг энд чухам үзүүлээд өгүүштэй. Гэтэл бүр эсрэгээрээ. Жингүйдсэн боловсрол (заасан багшдаа үйлчлээд) эх орон ард түмэндээ нэмэр бус нэрмээс болдог аж.
Эрчим хүч, уурхайн экспортын төмөр зам ийнхүү 10-20 жил хөдлөөгүйг “улстөрийн өндөр боловсрол” зөвтгөж мань мэтийг буруутгадаг. Сан хөмрөгийг маань хувхайлдаг шатахуун цахилгааныхаа хугасыг ч атугай өөрсдөө үйлдвэрлэж, ачаагаа хөнгөлөх гэснээс бус 70 жил нөмөр нөөлгөнд нь явсан хөршөө адайрласан хуншгүй зан бид огт гаргаагүй. Монгол өндийж хөл дээрээ босвол хөршдөө лайгүй, дэмтэй баймаар. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Дэмнэдэггүй хөрш ажээ.
Хажууд нь хятадын аюул гэгч сурталд гүнзгий хордсон тархины эмгэгийг маань сэдрээж, талцуулан хямруулах-мөнгөгүй улсад бүр ч хорлонтой. Хятад хөрөнгө оруулалттай төсөл яриут ханцуй шамлан босон харайдаг жингүйдсэн малчид зөндөөн. Тэднийг хөөргөдвөл орон нутагт хятад хөрөнгө оруулалтай төсөл будаа. Гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг эх оронч дарга нарын хожуулууд коммунист инерцээрээ хөөнө. 1990 онд сонгосон ардчилал чөлөөт зах зээлийг тэд 30 жил чөдөрлөөд муу нэрийг АН-д тохож дөнгөв.
ОХУ цаг хожиж амжуулсан хос царигтай төмөр зам, далайн боомтоороо нүүрс хүдрээ чадлаараа гаргалаа ч Хятад Солонгос Япон Тайвань цадахгүй, тэд Австраль Индонез магадгүй Африкаас нүүрс хүдэр импортолно. Тийм атал ядуу бидний ганц экспортыг хумих хорон санаа илүүц мэт. Манай нүүрс төмөр замаар Бугатын гангийн үйлдвэрт ахиу очлоо ч аварга гүрнүүдэд нөлөөлөх бүү хэл мэдрэгдэхгүй-өчүүхэн. Орос Монголтой нүүрсээр өрсөлдөж буй юм биш. Хөршөө хөгжүүлдэггүй зуршлаараа буурай Монголд тамир суулгахгүй дарж байх үүднээс эн түрүү зоос олох төслийг маань гацааж буй комбинаци. Дав даруй ашиг өгөх төсөл гацааснаа орос магнатууд булахаар-манай эрх баригчдыг чихдэж, жингүйдсэн массыг “ийш тийш тавих төмөр замаар” хуурч өөрсдөө хугацаа хожлоо.
Адилхан хожъё гэдэг хөрш ч уг нь бий л дээ. Манай ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд хулгайч биш. Монголчуудаас өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний улсад тушаадаг татвараас хүртдэг. Баячуудын хөрөнгийг хурааж шоронд хийе гэх хийрхлийг уухайлан түрэгч жингүйдсэн нийгэм хаашаа тэмүүлнэм бэ. Жингүйдвэл хоосонд жолоогүй хөвдөг хөөсөнд хувирдаг.
Бидэнд коксоос өөр эрэлттэй юу байна? Махаа экспортолъё гэхэд мал өвчтэй. Арьс ширээ дэлхийн стандартаар боловсруулж дөнгөхгүйгээс голоод хэн ч авдаггүй. Тийм байж хятад солонгос япон зах зээлийн хэт хамаарлаас зай барья гээд нөгөө өндөр боловсролоороо ШХАБ-д элсэж, зөвлөлтийн бүрэлдэхүүнд явсан улсын зах зээлд түүхий эд бус, бэлэн бүтээгдэхүүнээ (эсгий улавч) арилжихаар худалдааны эргэлтгүй шахам Киргиз, Белорусьт элчин сайдын яамаа нээхэд жингүйдсэн хөөс алга нижигнүүлэв. Барууныхан тэртээ 1990 оноос оёмол бүтээгдэхүүнийг маань татваргүй нэвтрүүлэх хайр зарлаад бид яаж унтраалаа.
Феодлын Монголыг элгэндээ тэврээд капитализмыг алгасуулан коммунизмд дэвшүүлнэ гэж 70 жил панаалдаж хамаг мал, баялгийг маань хамсан дружбагийн жинхэнэ санаа илэрч эдүгээ ядуу хөршийнхөө өндийх ДЦС, УЦС болон ураны төслүүдийн өмнүүр хөлөө хөндлөн жийчихэв. Эдгээр амин чухал төслүүдийг орос олигархиудтай хавсайдаж зогсоосон монгол улстөрчид үйлдсэн лайгаа өөрсдийн тавиул шүүх прокурорын өнгөнд эдэлсэнгүй. Олсон жаахнаа шавхаж шатахуун, эрчим хүчинд гүвдэг зовлонг минь Орос түүхэндээ жаахан ч атугай харгалзан үзэж байгаагүйг чадан ядан дурслаа.
Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн цаана бидний хэлмэгдэл оршдог. Зүүгээр хатгахад цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй. Олноо гэсэн сэтгэлтэй, ХХI зууны шилдэг боловсролоос хүртсэн хэдийг маань хорлон сүйтгэгч гээд шоронд хорив. Энэ бүгд улстөрийн жингүйдсэн боловсролын хаялга шүү. Монголд коммунист онолыг хэн орхино би түүнтэй хамт. Монголд ардчилал, чөлөөт зах зээлийг аль нам хөгжил болгоно би тэдэнтэй цуг. Жингүйдсэн улстөрийн боловсролоосоо бууж, суусан газраасаа шороо атгацгаа хүүхэд минь.
2021-09-02
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Иргэн
Зочин
Оноч
ЗОЧИН
Зочин
Зураач
В.В.Путинээс
Мко
зочин
ЗОЧИН
Оноч
Зочин
Зочин
Оноч
Зочин
Оноч
Чимэд
Дорнод
Доржготов
Зочин
Zochin
Зочин
Зочин
энхээ
Хоёр төрийн нүүр үзэгч буурай
Зочин
zochin
Зочин
Ах ҮНЭН хэлжээ
Кяхкях..
Иргэн
Zochin
BID
МОНГОЛ ХҮН
Жижиг бизнесмен
зочин
зочин
Ганбат
Onoch
Onoch
Onoch
Onoch
Onoch
Onoch
зочин
ах
Оссо
Зочин
Уншигч
алтан
зочин
Зочин
Монгол