Эдийн засагт эргэж буй төгрөг нэг бүрийг бүртгэе
УИХ-д өргөн баригдаад байсан Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг Засгийн газар эргүүлэн татжээ.
УИХ-д өргөн баригдаад байсан Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг Засгийн газар эргүүлэн татжээ. Харин эдгээрийн оронд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барилаа. Уг хуулийн төслүүдийг анх өнгөрөгч долдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газрын зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-той давхцуулан УИХ-д өргөн барьсан ч эхний хэлэлцүүлгийн дараа санаачлагчдад нь буцаагаад байсан юм.
Харин УИХ-д хоёр дахь удаагаа өргөн баригдаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн өмнөх төслөөсөө ялгаатай нь төрийн зарим албан тушаалтнуудыг /Ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-д үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг байгууллага, агентлагийн дарга нар, шүүгч, прокурор, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга гэх мэт 1200 гаруй албан тушаалтан/ уг хуульд заасан эдийн засгийн “өршөөлд” хамруулахгүйгээр хязгаарлалтыг хийсэн байна. Тодруулбал, өмнөх төсөлд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид өмнө нь мэдүүлээгүй байсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр заагаад байсан юм. Харин энэ удаа УИХ-д өргөн барьсан төслийн хоёр дахь хувилбар буюу дээр нэрлэсэн төрийн тодорхой албан тушаалтнуудыг хуулийн хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар заажээ.
Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн төрийн жинхэнэ албан хаагчдын тоо хамгийн сүүлийн тоогоор буюу энэ оны эхний байдлаар 51 мянгад хүрсэн байна. Үүнээс 270 нь “төрийн өндөр албан ташаалтан” гэх ангилалд багтаж хөрөнгө, орлогыг нь нийтэд ил мэдээллэдэг. Харин бусдынх нь хувьд гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан болон өөрөө хүссэнээс бусад тохиолдолд тэдний хөрөнгө, орлогыг нийтэд мэдээлэх эрхийг АТГ эдэлдэггүй.
Монгол Улс татварын нэг шатлалд шилжсэнтэй холбоотойгоор өмнө нь 2007 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ одоо төслийн хэмжээнд яригдаж буй энэ хуультай адил төстэй зохицуулалт бүхий Татварын өршөөлийн тухай хуулийг батлан гаргаж байсан ч уг хуулиар ердөө албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон тэдгээртэй холбоотой хариуцлагаас чөлөөлж байжээ. Тодруулбал,
-2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь,
-2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь;
-Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь;
-2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг;
-2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь;
-Шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг;
-Эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь чөлөөлөхөөр хуульд заажээ.
Татварын өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 20792 аж ахуй нэгжийн 19 тэрбум 400 сая гаруй төгрөгийн татварын өрийг цайруулж, төсөвт орох ёстой байсан орлого төдий хэмжээгээр буурсан ч гэлээ үр дүнд нь дөрвөн их наяд орчим төгрөгийн хөрөнгө ил болсныг тухайн үеийн Сангийн сайд мэдээлж байсан. Энэ хөрөнгө бүртгэгдсэнээр Монгол Улсын татварын бааз суурь төдий хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.
Харин энэ удаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар илүү өргөн хүрээнд өршөөл зарлаж, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс гадна үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй , эсвэл хэмжээг нь бууруулсан, нуусан далдалсан хөрөнгө, орлого болон бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаагаа хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль ноогдуулахгүй, хуулийн хариуцлагаас ч бүрэн чөлөөлөхөөр тусгасан байна. Энэ бүх хөрөнгийг ил гаргаж, бүртгэлд хамруулж чадаж гэмээн өмнө нь татварын өршөөлөөр ил гаргасан дөрвөн их наяд дэргэд нь ердөө “мөсөн уулын орой”. /Гэхдээ өршөөлд хамрагдах “хувь хүн, хуулийн этгээд” гэдэгт дээр нэрлэсэн төрийн өндөр албан тушаалтнууд болон 500 гаруй шүүгч, 450 прокурорыг оруулахгүй. Өртэй нь өрөө төлөөд, ялтай нь ялаа үүрээд явна аа гэж байна. Үүн дээр л манай улстөрчид, УИХ-ын гишүүдийн жинхэнэ эр зориг, “эх оронч” байдал шалгагдах байх даа/
Харин үүний тулд хувь хүн, хуулийн этгээд нь хууль батлагдсанаас хойш зургаан сарын дотор харьяалах татварын алба, гаалийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, АТГ-т сайн дурын үндсэн дээр нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, бараа, ажил үйлчилгээ, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар, үнэн зөвөөр, шинээр мэдүүлсэн байх ёстой. Шинээр болон сайн дурын үндсэн дээр гэсний учир нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгуулийг уг хуулийн зохицуулахгүй, өршөөлд хамруулахгүй.
Эдийн засгийн ил тод байдлыг бий болгохын тулд төрийн зүгээс бизнес эрхлэгчид, иргэддээ хуулийн бас нэг баталгаа гаргаж өгч байгаа нь “Уг хуулийн дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдийг чөлөөлөгдөхөөр заагдсан үндэслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглох” тухай заалт. Зөвхөн манайд ч гэлтгүй дэлхийн бусад улс орнууд энэ мэт өршөөлийн арга хэмжээг түгээмэл хэрэглэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ч гэсэн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө СТӨ-нд иргэд, бизнесийнхэнтэй уулзах үеэрээ амласан нэг амлалт бий. Бүгд нэг гараанаас эхэлье, өмнөх хорин жилд алдсан оносон зүйл байвал нэг удаа хэлтрүүлье, үүнээс цааш л бүгдээрээ нэг хуультай явья гэж. Тэгж гэмээ нь энэ төсөв бүрдүүлж байгаа хэдэн аж ахуй нэгж, татвар төлөгчид, бизнесийнхэн нь айдас хүйдэсгүй, амар тайван, цээж тэнэгэр ажлаа хийдэг болно. Тэгэхгүй бол монголчууд нийтээрээ өнгөтэй өөдтэй яваагаа өлөн нүдээр хардаг, үзэн яддаг болж, бүгдийнх нь толгойд “хулгайч”, “авлигач” гэдэг уут углаж аваад нөгөө ардчилсан чөлөөт нийгмийнхээ бас нэг үнэт зүйлийг үгүйсгэх дээрээ тулаад байна шүү дээ.
Зочин
Зочин
Зочин
Зочин
цгм
:Дорж
2021790238-д
Зочин
Зочин
самуун
самуун
()-d
уншигч
Зочин