Нэгэн анд маань гэрт ирж элдэв сонин хуваалцдаг зангаараа хүрч ирээд тамхи тамшаалах зуураа;

-За чи саяхан Эрдэнэт орж орчуулагч анд Б.Баттогтохын орчуулсан “Орос төсөл” номыг  авч буй зураг нүүр номоос чинь харлаа. Хэр ном юм?  Би олж уншаагүй сураг л дуулснаас цаашгүй. Оросод гурван сая хувь борлогдсон гэлүү?.. хэмээн яриа үүсгэв.  

Тэрбээр түүх сонирхон судалдаг, нийгмийн байдлыг дүгнэх гэж оролддог, мэдээж бүх нийтээрээ хамгийн их ярьж буй улс төрийн тухай нэлээд нухацтай ярьж судалдаг  нэгэн л дээ. Тэрээр байн байна надтай уулзаж уншиж буй, бичиж буй зүйлсийн тухай яриа өрнүүлдэг бөгөөд “Намдаг гуай өөрөө уншаагүй номоо бусдаар яриулдаг байсан юм гэнэ лээ. Сайн уншигч номын голыг яг олоод хэлчихдэг юм шүү дээ. Ном гэдэг угтаа хүний яриа шүү дээ...” гэсээр Орос төслийн тухай сонирхож бид хоёр доорх яриа өрнүүлсэн билээ.

-Орос төсөл маш сайн ном байнаа. Нэлээд зузаан дөрвөн боть маш нухацтай Марксын “Капитал” шиг нухаж, задалж, бодож уншмаар л ном аж. Гуравдугаар дэвтрийг гүйлгэж харлаа бусдыг ер нь уншчихлаа шүү.

-Гурвыг яагаад уншаагүй гэж?

-Яахав тэр боть шашны тухай юм билээ. Энэ номыг зохиогчид дунд Үнэн алдартны шашинтай хүн байгаа нь илт байна. Тэгээд ч шашин гэдэг  иррониональ буюу учир шалтгаан хайхгүй шууд хүлээж авдаг итгэл учир шашныг төрийн үзэл санаанд оруулах ёстой гэх үүднээс ортодокс шашин хийгээд бусад шашны талаар маш нухацтай өгүүлсэн боть билээ. Орос улс шашны үзэл суртал, цэрэг арми дээрээ л тогтож байгаа их гүрэн.Ард түмэн хэрэглээ шүтэж самуурсан ч гэлээ дээрх хоёр хүч дээр тогтож байна гэж үзэж.Тэгээд бас ерөнхийлөгчийн засаглалтай учир арай сөнөчихгүй тогтоод байгаа гэж. Тэр ерөнхийлөгч нар нь хуучны царь уламжлалтай гэж бичсэн байна билээ. Тэхээр их гүрэнд шашин ямар чухал учир бүтэн боть зориулж л дээ. Дараа л сайн харна даа. Манайх ч буддист шашинтай болохоор өөр л дөө.

Description: Проект Россия» читать онлайн книгу автора Неустановленный автор на MyBook.ru

-Манай шашин ч бүр өнгөрсөн шүү дээ. Масс нийтээрээ  мухар сүсэгтэй. Тэгээд гандан ороод л  хийморийн сан гэж Төвдөөр шүлэг уншуулаад л хийморьтой болчихно гэдэг мөн мунхаг хэрэг биз дээ...

-Харин ирроцианаль гээд байгаа л энэ шүү дээ. Зовлон дайрахаар л нэг далдын юманд итгээд эхэлдэг. Масс нийтээрээ мухар сүсэгтэй шүү дээ. Үсээ засуулахдаа ч өдөр харна. Яахав энэ номоор хайж буй нэг гол зүйл бол бид үзэл санаагүй болчихсон юм байна л даа. Үзэл санаан дээр л олон түмэн нэгддэг аж. Мөнгө хэрэглээн дээр нэгдвэл тун удахгүй фракц болоод салж хоорондоо олзоо булаалдана. Нэгдсэн том үзэл санаа байж л тэд хүчтэй итгэл үнэмшилтэй болдог ч одоо тэр нь алга болж. Гол эрэл нь нийтийг дагуулах нэгтгэх үзэл санаа гэж юу байхав л юм байна. Манайд бол үндэсний үзэл дээр л суурилсан үндэсний ардчилал баймаар юм шиг. Ноёдынардчилал ч байсан феодалын ардчилал ч байсан. Социализмийн үед ч бас ч гэж ардчилсан хэв маяг бас байсан шүү дээ. 

-Үзэл санаа үгүй болсон ч ёстой үнэн шүү. Ардчилсан нам, Монгол ардын нам, за тэгээд бусад олон намуудад ямар үзэл санаа байгаа билээ дээ. Бүгд л эрх мэдэл түүний хамгийн ойр байдаг тал болох мөнгө гэсэн “үзэл санаа” дээр л нэгдсэн шүү дээ. Тэгээд ийм хэврэг. Бид нэг үндэстэн учир үндэсний ардчилал гэж чи сая бараг оноод хэлчих шиг.  

- Одоо тогтчихоод байгаа энэ системийг задлан шинжилсэн ном билээ. Системийн задаргаа учир шалгаан, үүсэл, өрнөл зэргийг л маш тодорхой ярьж байна. Манайтай яг адилхан. Гэхдээ элит хүрээнийхэнд зориулсан ном юм байна. Жоохон юм боддог хүн уншвал одоогийн энэ хэрэглээ шүтсэн системийг анатомиор нь харуулсан байна билээ. Үзэл санаа гэх юм үгүй болж. Тэр байтугай Оросын “ворны в законе” буюу дархлагдсан хулгайчууд ч нэгдүгээр Петрийн эсрэг үзэл санаан дээр нэгдсэн партизан маягтай анх гарч ирсэн байх юм. Сүүлдээ мэдээж мөнгөнд дийлдээд захиалгаар хүн алдаг, хар тамхи, янхан зардаг болчихсон ч гэлээ анх үүсэхдээ үзэл санаан дээр нэгдэж байж л дээ. Гэтэл тэр хүчтэй үзэл санааг социализмын задралын үеэс л бидний далд ухамсрыг програмчилах замаар өөрчилсөн тухай баримттай бичжээ. Хүний далд ухамсарт суулгасан мэдээллийг хүн хэзээ ч илрүүлж үл чадна. Гэвч гол асуудлаа шийдэх мөчид хүн үргэлж тэрхүү мэдээлэлдээ дөрлүүлдэг байна.

-Тийм дээ . ЗХУ-ыг дотроос нь задлах төсөл эхлээд маш сайн нарийн сонголттойгоор америк киног асар их хөрөнгө хүч гарган тарааж байсан гэдэг. Бид бол мэднэ шүү дээ. Хамраа чимхчихсэн юм шиг гуншаа хоолойгоор орчуулгаа уншаад тараадаг байсан хуурцагуудыг мөн ч олныг үзлээ шүү дээ.

-Яг тэр тухай бас бичсэн байнаа.  Тэр кинонууд нь  хүнд ойлгоход хэцүү биш атлаа цаад утгаараа хэрэглээний нийгмийг л магтсан зүйлс байсан байна. Арнольд Шварцнегер... мэтийн баатрууд, Жэймс Бонд гэх завхай сүпер баатар секс, аллага, зугаа цэнгэл, хүчирхийллийг л үзүүлсэн хялбар кинонуудыг маш их хэмжээгээр зохион байгуулалттай оруулж байсан бөгөөд тэр нь бүх нийтийн далд ухамсарт чимээгүй өөрчлөлтийг хүчтэй буй болгожээ. Тэгээд ч социализм нуран унаж байсан учир шинэ юм хүсэж байж. Нурах гэж байгаа зүйлийг зүгээр л түлх гэсэн Ф.Ниццшегийн үгээр л хийж дээ. 

-Тийм дээ.  Брежнев хагас зуун жил засагласан, социализм бүр унтаа үедээ ёстой жоохон түлхэхэд л нурах үедээ орчихсон байлаа шүү дээ. Барууны ертөнц таг хаалттай. Гэтэл тэр хаалттай ертөнцийн тухай маш гоё бараг л үлгэрийн гэхээр кино гэнэт сад тавихаар бүгд л хүсэж таараа л даа. Хувьсгал гэж хачин шүү. Зүгээр л киногоор суурь бэлдчихдэг. Үнэхээр тэр үед тэр кинонуудыг үзэхээр зүүдэнд ч баймааргүй үлгэрийн ертөнц санагдаж байсан юм чинь.

-Масс медиа гэдэг чинь энэ шүү дээ. Яг энэ сууриар л бидний далд ухамсрыг хэрэглээ шүтсэн үзэл санаагаар програмчилсан юм байна. За тэгээд ардчилал, хүний эрх, зах зээл гэсэн үгээр халхавчлаад төрөө шатаах чүдэнз хаа байгааг заагаад өгч дээ. Ингээд массад та нар л өөрсдөө засаглах ёстой. Үүнийг ардчилал гэнэ. Гэхдээ  ард түмний өөрсдийн чинь ардчилсан сонголтоор төр гэгч түр зуур л та бүхнийг засаглах ёстой. Танд таалагдахгүй бол солиод бай гэх ухамсрыг аль хэдийн тогтоосон учир 4 жил болоод л солигдох засаг бүгдэд таалагдсан байна. Нобелийн шагналыг сонголтоор хийдэггүй. Нийтийн сонголтоор гарч ирж буй хүмүүс бүгд шахуу хулгайч, зальтай, поп гарууд л байдаг байна. Тэгээд тэд дөрөвхөн жил түр засаглах учир зөвхөн өөрийгөө л бодох нь ямар ч маргаангүй шүү дээ.

-Энэ туршилтын хамгийн сайн туулайнууд нь бид биз дээ? Дөрвөн жилд дөрвөн засаг солиод л. Гучин жилд арван долоон засаг ч сольчих луу. Тэгээд өнөөдөр харахаар тэд л баяжсан. Тэгээд хуулиа өөрсдөдөө зориулж хийсэн болохоор хэдэн арван тэрбумаар идчихээд таван жил буюу нэг үхэр туучихсан энгийн ардтай ижил ял авч байна шүү дээ. Тэгээд одоо энэ нүүр номыг хардаа жинхэнээсээ тамын тогооны ном. Дээшээ гарснаа л доошоо хийх, төрд гарснаа л үзэн ядах ном болж дээ.Тэр хэддээ л атаархана тэгээд дайрч шүүмжилнэ. Тэд ч үнэхээр цөөхүүлээ баян тансаг амьдарна. Тэгээд л хүн бүр улс төрд л орж эрх мэдэл, мөнгө хоёрыг зэрэг атгана гэж үнэнээсээ хүснэ. 

-Телевизорын мэдээ ч адилхан шүү дээ. Төрөө л шатаах тухай ярина. Цөөн хэдхэн улс төричийн л тухай яриад байгаа биз дээ. Далан зургаахан хүнтэй юм шиг. Улс төр гэдэг нийт ард түмний хараалын ганц бай нь байгаа биз. Ийм системийг тэд хийж өгсөн юм байна. Гэхдээ бас энэ номонд АНУ-ын системийг өөр гэдгийг олон баримтаар нотолжээ. Тэнд нэгд ерөнхийлөгчийн засаглалтай тэгээд тэд ихэнхдээ найман жил ерөнхийлдөг. Шүүх, гүйцэтгэх засаглал, прокурор, сенат нь тус тусдаа бие биенээ хянадаг. Тэгээд бас ил сонгогдож буй жүжигчдийн цаана үл тасрах төрийн үзэлтэй далд эзэдтэй, тэд уламжлалт чанараа барьдаг гэх мэт. Боловсролын систем ч өөр. Тусгай мэргэжлийг чухалчлан заадаг. Тэгээд америк иргэд өөрсдийгөө том баталгаатай нэг номерын улсын эзэд гэсэн патриот, эх оронч сэтгэлгээтэй.Гэтэл Оросод гэхэд л бүх их дээд сургуульд шинжлэх ухаан коммунизмын онол ордог байж. Тэр нь амьдралд ямар ч хэрэггүйн дээр Маркс ингэж үзсэн юм бол Хегель юу гэсэн байхав гэх сэдлийг үүсгэх бөгөөд бүгдээрээ улс төр сонирхох суурийг тавьжээ. АНУ д бол тэр бүгдийг олж мэдэж болох ч нийтийн боловсролд заадаггүй байх жишээтэй. Манайхан шиг юуг ч сайн мэдэхгүй мэтгэжлийн биш хэрнээ бүхнийг халтар, хултар гадарладаг боловсролын тогтолцоотой биш юм байна.Үүнийг яагаад засдаггүй вэ гэвэл өнөөх цөөнх улс төрчид тэднийг дагасан улс баян учир хувийн сургуульд гадаад улсад сурдаг учир огт тоодоггүй аж. Тэд өнөөдрөө л бодно яагаад гэвэл дөрвөн жилийн л настай юм чинь. Маргааш яах нь тэдэнд ёстой падгүй. 

-Тэгээд наад номонд чинь яаж энэ бүхнээс гарах аргыг бичиж үү?

-Эхний хоёр боть энэ ардчилал гэх өөрсдөө төр улсаа шатаах тоглоомыг маш сайн задалж ойлгуулаад, гуравт бол шашны талаар нухацтай яриад, дөрөвт ер нь арга зам хайж байна. Гэхдээ яг тууштай гарц хэлээгүй ч улс бүрд өөр өөр ам буй тухай өгүүлж. Ардчилалд бас өөрт нь сул зай өөрчлөх боломж байдаг аж. Азийн орнууд голдуу нэг хүний гарт зангидаж байгаа биз. Манайх бол угаасаа л хаант засагтай явсаар ирсэн. Тэгээд тусгаар тогтнолоо алдаагүй. Түүхч Д.Өлзийбаатар надтай хийсэн нэг ярилцлагадаа Чойбалсан ч “хаан” л байсан Цэдэнбал ч “хаан” л байсан гэж нэг хэлсэн дээ. Гэхдээ Цэдэнбал дөрөв биш дөчин дөрвөн жил төр барьж байж улс шигулс болгоо биз дээ. Тэхээр бид Монгол үндэсний ардчилсан төслийг л олох хэрэгтэй юм байна. Төсөл гэдэг хэрэгжих зүйлийг хэлдэг дээ. Орос төсөл ч хэрэгжих л байх. Гэвч яг эцсийн бүтээл бас биш шиг. Эхлээд одоо тогтсон системээ элит хүрээнд ойлгоод тэгээд гарц хайж буй л оролдлого аж.  

-Үзэл санаа үгүй болсон гэдэг маш үнэн л дээ. Шууд гаднын юмыг л үзэл санаа болгон авч байгаа шүү дээ. Одоо бүр үлгэрлэн дуурайх ч хүнгүй болж эхэллээ. Монгол тулгатны 100 эрхэмээр дуусч байх шиг. Ардчилалыг хийсэн гэсэн хүмүүс бүгд шахуу гэмт хэрэгтнүүд болчихлоо. Хөдөлмөрийн баатар гэх мэт хуучин цагийн үлгэр дуурайл ч алга болж. Хэнийг бид одоо дагах тухай хайгаад ч олоход бэрх. Нүүр ном, зурагт бүгд л тамын тогоо. Бүхнийг шившиглэж дайрч доромжлохын донд нийтээр автаж дээ.

-Энэ бүгдийг их эртнээс аажуухан массын далд ухамсарт хийсэн юм байнаа. Хүн амын бүх давхарга болгонд мэдээлэл өөр, өөр замаар очно. Жаахан хүүхдүүдэд хүүхэлдэйн киногоор өгнө. Хүүхэлдэйн кино танай хүүг зугаацуулаад зогсохгүй далд ухамсарт нь авир занг нь тодорхойлох программ суулгана. Хэрвээ охидод гялгар сэтгүүлүүд үзэл бодол агуулсан мэдээлэл өгдөг гэж хэлбэл их л гайхах байх даа.Тэд зүгээр л сэтгүүл эргүүлж, арьсаа яаж арчлах, үсээ хэрхэн засуулах тухай зөвлөгөө уншдаг гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэвч үнэн хэрэгтээ ухамсраа загварчлуулж байгаа юм. Олон ангит цуврал кино, мэдээ, театр, шоу, “дүн шинжилгээ” хийдэг нэвтрүүлэг, эстрад урлаг гээд бүгд л ялгаагүй ухамсар загварчлах ажил хийдэг. Энэ бүхэн хүний авир зан, аяс баримжааг хөглөдөг зэмсэг юм. Хамгийн гайхалтай нь олон ангит кино болон орчин үеийн моод бүтээгчид ямар ухаалаг бүтээгдэхүүн хийдгээ мэдмэгц мэл гайхан, цэл хөхөрдөгт оршино. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Яагаад гэвэл тэд “өөрөө ч мэдэлгүй” үүнийг хийчихсэн байдаг юм байна. Одоо хардаа Солонгос олон ангит киног өдөр шөнөгүй үзээд л тэдэнтэй аажуухан адилхан болоод л байгаа биз дээ. Энэ бол дэлхий нийтийг хамарсан тахал шиг бүхнийг өөрчилж буй аж.

   Хүн уран бүтээл туурвих явцдаа дандаа далд ухамсартаа хөтлөгддөг нь л илбэ юм. Анхны сэтгэгдэл л алсын сэтгэлгээний чигийг гаргадаг. Гэвч эл үйлдлийг хүн өөрийнхөө бодол сэтгэлгээний үр дүн мэт үздэг.  Хэрэвзээ та  зөнгөөрөө хэрэглээг шүтэх үзлийг хуваалцдаг бол таны уран бүтээл хэрэглээг шүтэх үзлийн зааварчилга заавал агуулах л болно. Гэвч уран бүтээлч үүнийгээ гадарлах ч үгүй бөгөөд  “чөлөөт сэтгэлгээ”-нийхээ үр жимс мэт л ойлгоно.Тэгээд л одоо манайхны хийгээд байгаа кинонууд бүгд гаднын хуулбар л байгаа шүү дээ. Тэхээр соёлын яам гэдэг бүр чухлаас чухал болж байгаа биз. Гэтэл чи мэднэ дээ мань мэт нь кино бичичихээд хийх мөнгөгүй хүний царай хараад л мөнгө олдвол нэг архины үйлдвэрийн мөнгө олдох учир дотор нь архины сурталчилгаа заавал оруулдаг биз дээ. Энийг хэн анзаарч байна. Төр уг нь анхаарах ёстой байтал бид ямар байгаа билээ дээ. Ийм юмыг тэр ухаалаг төртэй улс чинь зориудаар хийдэг юм байнаа. Хэдхэн хүнийг л санхүүгээр дэмжих асуудал боловч тэр нь өнөөх дөрвөн жилтэнгүүдэд хүртээлгүй учир дэмждэггүй юм байна. Тэрний оронд нэг уул уурхайн төсөл дэмжвэл өөрт нь юм унана биз дээ. Ийм л холын бодолгүй, амиа хичээх, алсуураа улсаа алаххэврэг төр, төр ч гэждээ ээлжилж идэхидүүрийг тэд хийж өгч дээ. Үл ухамсарлахуй бол ухамсарлахуйгаас хүчтэй ажээ. Ийм замаар их эртнээс энэ чөтгөрийн аргыг хэрэглэсэн болж байх шив. Харамсалтай одоо цааш яах тухай тэд ч аргаа сайтар олоогүй байх шиг. Улс бүр өөр. Гэхдээ л энэ дөрвөн жилийн циклтэй төрийн бүтцийг эхлээд өөрчлөх хэрэгтэй юм байна. Чи өөрөөрөө боддоо. Чи дөрвөн жил л засаглах болбол юу эхлээд хийхэв?

-Мэдээж эхлээд шархаа л нөхөх байх даа. Хамаг байдгаа тавьж тууж байж сонгуульд ялсан болохоор.

-Яг тийм. Ингээд бодохоор энэ ерөнхийлөгч дээрхнэ эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэж нэг үг УИХ дээр хэлсэн дээ. Тэрийг л эхлээд хийхгүй бол хэн ч гараад ямар ч ялгаа гарахгүй юм байна.

-Тэгсээн тэхэд би ч их найдаж байлаа...Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна... Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно...Реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигарх цөөнх байх болно...гэж хэлж байсаншдээ.

-Тийм ээ. Яахав үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон л доо. Гэхдээ хагас дутуу орсон. Өнөөх дөрвөн жил мөн ч хэвээрээ. Олон жил болгочихвол энэ масс нь барьж иднэ л дээ. Тийм болгосон юм чинь. Яахав нэг хүний гарлуу явсан нь явсан гэвч ийм төрөө л муулах шатаах араншинтай масстай байхад энэ бүгдийг нэг цохилтоор хийх маш хэцүү. Тэгээд Өмнөд Солонгос мэтэд цэргийн эргэлээр нэг шийдсэн байдаг. Гэхдээ Пак Чен Хиг алаад зогсоогүй түүний охиныг ч гэсэн Хойд Солонгостой нэгдэх гэлээ гэж, Өмнөд Солонгост дэлхийн галыг дуудах зэвсэг АНУ байрлуулахыг эсэргүүцсэн гэж тэмцсэний төлөө олон жилээр хэрэгт хийчихлээ шүү дээ. Өнөөх л далд ухамсартаа дөрлөгдсөн масс оюутнууд тэдний зохион байгуулалт задгай мөнгөнд жагсаж тэмцээд шоронд хийж шонд хатааж дууссан биз дээ. Энэ олон хийрхүү, эх оронч гэсэн улсад ч итгэх хэрэггүй гэж бас олонтоо дурдсан байна билээ. Ийм хүмүүсээр л өнгөт хувьсгал гэгчийг хийдэг аж. Одоо ч энэ үйл явц гадна талд үргэлжлээд л байгаа. Энэ олон өнгөт хувьсгалын платформ твитер, фэйсбүүк шүү дээ. Энэ хэрэгсэл маш сайн ажилладаг болохыг чи бид өдөр бүр цаг бүр харж байгаа шүү дээ. Нэг гэрэлтэй юм ярихгүй байгаа биз? Алаад өг, шулаад өг л гээд байх нь тэр. Энэ бүгд энэ системийн гол хэрэгсэл шүү дээ.  Өнөө цагт илтэд ажиглагдаж байгаа зүйл бол энэ 30 жил явсан ардчилсан гэх тогтолцоо бол нийтээр нь ядууруулж зөвхөн улс төрд ойртсон хэсэг бүлгийг л баяжуулах ийм тогтолцоо тогтсон нь илт боллоо.Энийг бүгд харж уурлаж байгаа бөгөөд тэр уураар нь бас хувьсгал хийлгээд л... 

-Маш холоос шидсэн чулууг бид үмхчихсэн болж таарч байнаа даа? 

-Харин Орос Төслийн 4 р ботид одоо яг яах тухай тийм ч тодорхой бичээгүй бөгөөд Оросын хувьд теократ буюу шашинжсан ардчилсан хувилбар зохимоор гэсгээд орхиж. Бид мэтийн хувьд бол энэ мэт номыг эхлээд сайтар уншиж бүгдээрээ л нэг л бишээ гээд байгааг нь нийт олонд товч ч болов хүргэх л хэрэгтэй шиг. Ядаж элит хэсэг эхлээд одоо энэ тогтолцоогоо эхлээд ойлгох хэрэгтэй. Нэг ойлгочихвол дараагийн зам харагдах юм даа. Манайд бол үндэсний үзэл дээр суурилсан ардчилал л хэрэгтэй бөгөөд тэр нь авторитар байх ёстой л юм шиг … гэснээр бид хоёрын энэ удаагийн яриа өндөрлөж билээ. 

Мэдээж дөрвөн боть олон зуун хуудас номыг нэг ярианд хураангуйлах арга үгүй ч дуугүй уншаад өнгөрснөөс дутуу ч гэсэн дуулгасан дээр учир дээрх яриаг товчлон сийрүүлэхэд ийм ажгуу. 

Мэргэн түмэн өөрсдөө Орос төслийг авч уншаад улам нарийн тунгаан бодож Монгол үндэсний төслөө бүтээх болтугай! 

Description: No description available.



Туулын хар түнээ 2020 оны 9 сарын 17