“Хөгжлийн банк” өнгөрсөн сарын эхээр олон улсын 10 гаруй банкнаас 300 сая ам.долларын хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаа мэдэгдээд байсан билээ. Харин өчигдөр буюу 2014 оны 12 сарын 15-ны өдөр Хөгжлийн банкны удирдлагууд олон улсын Кредит Свисс болон Сумитомо Мицуи банкны тэргүүтэй төлөөлөгчид хамтран синдикат зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Дээрх синдикат зээлийг босгоход Швейцар Улсын Кредит Свисс банк ерөнхий зохион байгуулагчаар оролцсон бөгөөд олон улсын зах зээл дэх захиалга өндөр байвал хэмжээг нь нэмэгдүүлж болох “Greenshoe" хувилбараар гаргасан байна.

Мөн “Хөгжлийн банк”-ны хувьд синдикат зээл авч байгаа анхны тохиолдол болж байгаа төдийгүй Монгол Улсын банкны салбар дах хамгийн өндөр үнийн дүн бүхий олон улсын синдикат зээл гэдгээрээ ихээхэн онцлогтой байлаа.
 
Монгол Улсын Хөгжлийн банк нь уг зээлийн эх үүсвэрээр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбаруудад санхүүжилтыг олгох юм байна.  

Монгол Улсын Хөгжлийн банкны орлогч захирал М.Бат-Өлзий:
 
Бид бүхэн өнгөрсөн хавраас ярилцаж эхэлсэн 300 сая ам.долларын гэрээг өнөөдөр албан ёсоор хааж байна. Нийтдээ 4-5 олон улсын банк оролцсон таван жилийн хугацаатай зээл юм. Энэ зээл нь маш олон салбарт санхүүжилт хэлбэрээр очих бөгөөд үүний нэг чиглэл нь мэдээж уул уурхайн салбар болж байна.

Швейцарийн Кредит Свисс банкны захирал Али Аббас Алам:
 
“Кредит Свисс банк нь хөгжиж буй орнуудад багагүй хөрөнгө оруулдаг. Манай банкны зүгээс Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг эерэгээр харж байгаа юм. Мэдээж хэрэг олон улсын зах зээл дээрх уул уурхайн салбарын уналтаас үүдээд өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн үзүүлэлт нааштай биш байсан ч бид бүхэн үүнийг хямралын төгсгөл гэж үзэж байна. Иймээс бид бүхэн Монгол Улсад маш их итгэл хүлээлгэж байгаа” гэсэн юм.


Кредит Свисс банктай байгуулсан хамтарсан зээлийн хөтөлбөр

КС банкнаас Хөгжлийн банкинд ирүүлсэн анхны саналд КС нь Засгийн газар (Сангийн яам)-ын баталгаатайгаар 200 сая ам.долларын дүнтэй зээлийн хөтөлбөрийг Хөгжлийн банкинд санал болгож байсан байна. Тухайн зээлийн хөтөлбөрт КС нь үндсэн зохицуулагч агентаар оролцох ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн дүнг 300 сая ам.доллар хүртэл өсгөх боломжтой, хэрэв зээлдэгчийн хүссэн дүнтэй тэнцэх хэмжээний хүсэлт хөрөнгө оруулагчдаас ирэхгүй бол зөрүү дүнг КС-ийн Сингапур дахь салбар нь нөхөж олгох боломжтой саналыг Хөгжлийн банкинд ирүүлээд  байсан юм.

Зээлийн ерөнхий нөхцөл

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 117 тогтоолоор Сангийн сайдад олгосон зөвшөөрлийн  дагуу 2014 оны 8 дугаар сарын 29 өдөр Сангийн сайд Засгийн газрын баталгааны гэрээнд гарын үсэг зурснаар нийт зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргасан. Тус зээлийн Транч-А нь 5 жилийн хугацаатай ба 2017 хүртэл үндсэн дүнгийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөж үүний  дараагаар хагас жил тутам шат дараалалтайгаар зээлийн үндсэн төлбөрийг төлнө.

Зээлийн хүүгийн хувьд “Чингис”, “Самурай” бондтой адил хамгийн бага, уян хатан, урт хугацаатай зээл юм.

Хэдийгээр 2014 оны 7 дугаар сард буюу зээлийн гэрээг байгуулах, хэлэлцээр хийх явцтай давхцаж Монгол Улсын голлох эдийн засгийн үзүүлэлтүүд буурч олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд болох Мүүдийс, Стандарт Энд Пүүрсээс манай орны зээлжих зэрэглэлийг бууруулсан, мөн 2014 оны хоёрдугаар хагасаас өрнөж буй улс төрийн тогтворгүй байдал Засгийн газрын бүтцийн өөрчлөлт зэрэг нь гадны хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлж байсан ч Агент байгууллага болох Кредит Свисс банктай бид тууштай хамтран зүтгэснээр уг зээлийн гэрээ эцэслэн зурагдлаа.