Миний дүү 18 нас хүрлээ, бүрэн дунд боловсролтой боллоо.

Нэг үгээр хэлбэл хүүхэд нас чинь өнгөрч насанд хүрсэн хүн буюу иргэн болох процесс чинь эхэлж байна. Хэрэвзээ чи зөвхөн биологийн бүтээгдэхүүн байсан бол одоо эрийн цээнд хүрсэн ”эр амьтан” нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл танай нохой Бэнжи, та хоёр биологийн үүднээс үзвэл ид үедээр яваа үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Гэвч хүн гэдэг бол биологийн бүтээгдэхүүн эргэлзээгүй мөн боловч нөгөө талаас Бурханы бүтээл юм. Харамсалтай нь олон хүн үүнийгээ анзаардаггүй, хэрэв анзаарвал цагийн хувьд хожимдсон байдаг. Тиймээс ч ”Монгол хүн 60 хүрч ухаан ордог, 61-тэйдээ үхдэг” гэдэг зүйрлэл ганц монгол хүнд зориулсан ч үг биш байх. Бурхан гэдэг маань юун “товарищ” билээ гэхээр надад тодорхойлж хэлэх чадал алга. Ямар ч л байсан хүн, адгуус хоёрыг хооронд нь зааглаж өгсөн нь л үнэн юмдаг.

Чухам Бурханы бүтээл гэдэг талаас нь авч үзэх ахул бурханлаг тал нь давамгайлсан ”хүн” болох процесс чиний хувьд эхний шатан дээрээ л байна. Хүн болж төрснийхөө ид хавыг гаргаж, иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг олширдогоосоо гадна мэддэг чаддаг, мэдэрдэг ойлгодог, уйлдаг инээдэг, асдаг шатдаг, нисдэг дайрдаг, эдэлдэг эзэлдэг, уярдаг хайлдаг, ухаардаг хатууждаг золбоолог амьдралыг туулахгүй юм бол орос дуунд өгүүлдэг шиг ”Зачем ты мeня родила, мама” гээд зогсож байвал Бурханы таалал талаар өнгөрнө, ганц л олддог амьдрал чинь юутай гунигтай, юутай харамсалтай.

Хүн нь байгалийн бүтээгдэхүүнийхээ хувьд хоол, дулаан оромж, үржих боломж гэсэн зайлшгүй гурван нөхцөлийг шаарддаг. Чухам энэ гурван нөхцөл бүрэлдсэний дараа л гоо сайхан, боловсрол мэдлэг, зургаа дахь мэдрэхүй гэх мэтийн хүмүүнлэг хэрэгцээ үүснэ. Өлөн хүн үндсэн хууль гэхээсээ үмх талханд илүү ач холбогдол өгдөг юм. Primum vivere, deinde philsophari буюу байгалийнхаа гурван хэрэгцээг хангаж байж хүмүүнлэгийнхээ хэрэгцээ рүү ор (Үгчилбэл ”Эхлээд амьдар, дараа нь философид!” гэсэн үг).

Хоёр мянга гаран жилийн өмнө гарсан ба энэ үгийг тонгоруулж ойлгохыг ”шизофрени” хэмээнэ гэж XX зуунд шинжлэх ухааны аргаар нотложээ. Өөрөөр хэлбэл миний энэ ”сургаалыг” хэт үгчлэн тусгаж, яс мөрдөн бусад зүйлээ хаях аваас шизофреник болчихоно шүү гэж анхааруулж байна! Боловсролгүй, мэдлэггүй, мэргэжилгүй боловч хүн шиг цогтой амьдарч насыг дэмий өнгөрөөгөөгүй жишээ үй түм. Бичиг үсэггүй, талын нүүдэлчин Чингис дэлхийг донсолгож, бүтэн зууныг эзэрхийлж, цагийг эзэлж байлаа.

Гэвч чи бид бол бүхнийг мэдээлэл, технологи шийдвэрлэдэг болсон ХХ, ХХI зууны заагийн хүмүүс. Хүний адгууслаг тал болох булчин шөрмөсний давамгайлал үеэ өнгөрөөж, хүний бурханлаг тал болох оюун ухаан дээрэлхэх болсон шинэ үеийн төлөөлөгчид!. Иймээс чи өндөр боловсролтой нарийн мэргэжилтэй байх албагүй ч хүн шиг амьдрахад чинь боловсрол их туслана. Гэхдээ зөвхөн боловсролд дулдуйдаж амьдар гэж байгаа үг биш шүү! Сүрхий өндөр боловсролтой мөртөө арчаагүйдээ амьдрах аргаа олж чадаагүй, өлөн нойтон өрөвдмөөр амьтан өдөр хоногийг төөрүүлж байгаа жишээ мундахгүй. Би л лав торхон дотор амьдардаг Диогэнийг оюун ухаан нь хэт түрүүлээд өөрийгөө золиослосон суут гүн ухаантан гэж харахаасаа манайхаар бол траншейний тэнэмэл гэж ойлгодог. ”Чи тийм л ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?” гэдэг үг махчилсан биш утгаараа надад таалагддаг. ”Зачем ты мeня родила, мама” гэж хэзээ ч бодохгүй байхын тулд өнөөгийн шинжлэх ухаан, техник, технологи давамгайлсан үед боловсрол их тус болно (гэхдээ дангаараа амьдралын баталгаа биш шүү!) гэж бодсондоо үүнийг чамд зориулан бичиж байна. Энэ ”заавар” бол ерөөсөө ч төгс төгөлдөр сурах бичиг биш. Гагцхүү ухаарах хүнд хагас үг хангалттай гэдэг утгаар л санаа өгөхийн тулд ”цэцэрхэж” буй маань энэ.

Араб үлгэрт ”Сэзам, онгойгоорой” гэхээр ид шидэт хаалга өөрөө онгойдог тухай өгүүлдэг. Хэрэв чи ид шидийн тийм хаалгатай учирвал хаалганы нугас нь хаа байгааг эхлэж харахад л чамд боловсрол туслах гээд байгаа хэрэг шүү дээ! Нугас нь хажуудаа байгаа бол ч яахав, онгойдогоороо онгойгоод чи ороод явчихана, гэтэл дороо нугастай бол онгойхдоо чамайг дараад алчихна, дээрээ нугастай бол өлгөж аваад шидчихнэ шүү дээ!

18 настай, чам шиг байхдаа би Польшид дээд боловсрол, дээд мэргэжил эзэмшихээр явсан. Дунд сургуульд онц сурдаг байсан тул хими, физик, математик гэх мэтийн байгалийн салбарын суурь мэдлэг маань муугүй гэж бодож байсан, үнэхээр ч үеийн польш нөхдийн дунд энэ салбарт нэг их дутаад байхааргүй байлаа. Харин тэдэнтэй үерхэж нөхөрлөн, элдэв долоон яриа дэлгэх, алив зүйл дээр маргах болохоор миний боловсролын хэмжээ тун ч өчүүхэн болохыг ойлгосон.

Бурхан гэж байх ёсгүй гэсэн нэг тиймэрхүү гүжирмэг ойлголттой л болохоос ядахнаa үүнээ батлах анхны мэдлэг надад байсангүй. Үнэндээ эртний Египетийн фараон нар пирамид барьж байсан, Ромд Спартакын бослого болсон, Жордано Бруног инквизаторууд шатаасан, хятадууд дарь зохиосон гэх төдий л энэ ертөнцийн тухай хоорондоо холбоогүй тасархай зураг шиг ганц хоёр фактаар түүхийн тухай ойлголт маань бүрдэж байв. Чингис хааны тухай, түүний байлдан дагуулалтын тухай миний мэдлэг польш залуучуудын энэ тухай олж сонссонтой харьцууламгүй өчүүхэн байв. Леонардо да Винчи, Микеланжело, Рембрандт, Рафаэль нарын зарим зургийг хараад таних төдий болохоос аугаа нь хаанаа байгааг сонирхож ч байсангүй. Ямар сайндаа ”Орчин үеийн авангард урлагийн мүзэй” үзчихээд орчин үеийн урлаг гэдэг чинь тун ч хялбархан юм байна, байгалийг яг дуурайж зурах нь хэцүү байтал тамхины галаар дуртай газраа цаасны өөдөс цоо түлээд л авангард болж бүтээлээ үзэсгэлэнд тавьж болдог, хэн ч чадмаар зүйл юм гэсэн дүгнэлтэнд хүрэх вэ дээ!

Хүн амын өсөлтийг зогсоох гэсэн муу санаатан Мальтусын тухай сонссон байсан ч дам шинжтэй энэ суртал нэвтрүүлгийн цаад учрыг ольё ч гэж санаагүй. Хөгжмийн бүх мэдрэмжийн маань оргил тэр үед хаа нэгтээгээс хөөцөлдөж байж олж сонсон заримыг нь тогтоосон Битлз, Том Жоонс нарын дуу байв. Чайковский, Бетховэн, Шопен, Штраусс гэх мэтийн хөгжмийн зохиолчдын нэрийг л сонссон, заримынх нь намтрыг уншсан боловч симфони гэх мэтийн сонгодог хөгжим бол үеэ өнгөрөөж хоцорсон зүйл гэсэн бодолтой байв. Би багадаа уран зохиол их уншдаг хүүхэд байсан тул тэр үед монголоор орчуулагдсан сонгодог бүтээлүүдтэй бараг бүгдтэй нь танилцаж амжжээ. Гэхдээ тэр маань ердөө Мопассан, Золя, Вэрн, Хюго, Дюма, Санд, Толстой, Чехов, Гоголь гэх мэт голдуу орос, францын ХIX зууны зохиолчдын бүтээлээр хязгаарлагдаж байсныг өөрөө ч анзаарсангүй. Би амьдралдаа нэг ч бүжгэн жүжиг, нэг ч дуурь үзээгүй, харин киног бол Зөвлөлтийн голдуу тагнуултай, байлдаантайг нь, Польшид очоод Америкийн голдуу зодоонтой, секстэй, вэстэрн, адал явдлынхыг нь түүж үзэж байлаа.

Эдийн засгийн ойлголт маань ёстой хөгийн. Тэрүүхэндээ бас диссидент царай гаргаад Америкийн эдийн засаг нь дээр, социалист нь муу гэх маягийн тайлбар хэлэх дуртай ч үүндээ гоё машин, жинс, бохь, Саран дээр газардсан гэх мэтийн зарим факт хэлэх болохоос учир шалтгааных нь талаар бол нойль! Нийгмийн амьдрал, төрийн байгуулал, нийгмийн системүүд, институци, хууль эрх, эрх зүйн тухай үндсэн болоод анхдагч ойлголт надад байгаагүй. Хүн яах гэж амьдардаг, амьдралын зорилго юу, би өөрөө хэний төлөө, юуны тулд хоол хороож яваа, үхэл, үхлийн дараах боломжит амьдрал, бүхий л орчлон, орчлонгийн хязгаар, бурхан, шашин, сүсэг бишрэл, хүн хоорондын болоод хүний нийгэм байгальтай харилцах харилцааны тухай ядахнаа бодож ч явсангүй. Гадаад хэл сураад хамгийн түрүүн уншиж гарсан юм маань баахан детектив.

Би гуч гарсан хойноо гэрлэж, үр хүүхэдтэй болон амьдралаа төвхнүүлж эхэлсэн. Хэрэв би яагаа ч үгүй гэрлэсэн бол өдийд гайгүй сайн мэргэжилтэн байж болох боловч огт боловсролгүй амьтан насыг барах байлаа. Учир нь нэгэнт хар багадаа олж аваагүй боловсролыг гэр орон толгойлоод амьдрал хөөцөлдөж байхдаа давхар эзэмшиж болдоггүй ба гуч гарсан хойноо насны хувьд ч энэ нь нэгэнт оройтдог бололтой. Хүнд хамгийн чухал юм бол эрүүл мэнд. Дараа нь гэр бүл болов уу. Боловсролтой сүрхий хүн болох гэж эрүүл мэнд болоод гэр бүлдээ хор учруулж болохгүй. Үүнийг үргэлж санаж яваарай!

”Дөч хүрсэн тэнэгийг жинхэнэ тэнэг гэж нэрлэнэ” хэмээн англичууд ярьдаг нь учиртай үг биз. Ямар ч дээд мэргэжлийг ихэнхийг нь системтэй сургалтаас л олж авна, харин боловсролыг бол бараг ихэнхийг нь өөрийн чармайлтаар олж авдаг бололтой. Өнөөдөр би учиргүй лут боловсролтой болчихсон юм алга, гэхдээ нэгэнт алдагдсан боломжоо нөхөх гэж гуч гартлаа хирэндээ л их чармайсан. Хэрэв нийгмийн байгууламж болон техникийн дэвшил өнөөгийнх шиг бололцоо олгосон бол би илүүтэй боловсрох ч байсан байж магадгүй. Ганц өөрийнхөө төлөө биш гэр орон, үр хүүхдийнхээ өмнө амьдралын хариуцлага хүлээсэн үед урьд олсон боловсролоо гүнзгийрүүлэх, бясалгах, дадлагажих л үлдэнэ үү гэхээс боловсрол шинээр олох нас ч, эрч хүч ч үгүй болно.Иймд манайхан эрдэм боловсролын эрт нь дээр ... хэмээн сургадаг.

Баабар