Наадмын шившиг
Муугийн ёс биш Монголын ёс юм хойно энэ удаа ч гэсэн “-Наадам сайхан уу, сайхан наадав уу? –Сайхаан, сайхан наадлаа” гэх амны бэлгээ бодолцсон жижүүрийн үгээр бид ээлжит наадмаа үдлээ. За тэгээд сум, орон нутгийн найр наадам бол цаашаа намар болтол үргэлжилнэ л дээ. Энэ ч яахав, өгүүлэх гол зүйл минь биш болохоор орхису.
Муугийн ёс биш Монголын ёс юм хойно энэ удаа ч гэсэн “-Наадам сайхан уу, сайхан наадав уу? –Сайхаан, сайхан наадлаа” гэх амны бэлгээ бодолцсон жижүүрийн үгээр бид ээлжит наадмаа үдлээ. За тэгээд сум, орон нутгийн найр наадам бол цаашаа намар болтол үргэлжилнэ л дээ. Энэ ч яахав, өгүүлэх гол зүйл минь биш болохоор орхису. Монголын ёс заншил, уламжлал,соёл, гүн ухаан, төрт ёсны илэрхийлэл, бэлгэдэл болсон наадам өөрийн гэсэн маш өвөрмөц жаяг дэгтэйгээрээ бусад баяр цэнгэлээс ялгардаг юм. Тийм ч учраас Төрийн их баяр наадам хэмээн нэрийдсэн бөлгөө. Хэн нэгнийг гарал үүсэл, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь үл ялгаварлан замбуутивийн наран дор ёстой л дэнж хотойлгох нь ч юү юм, гэхдээ л сэтгэл тэнийж, алжаал арилтал монгол хүмүүн цэнгэдэг бөгөөд энэ өдрүүдэд муу үг, үйлдэл хийх нь байтугай бодож санахыг хүртэл сэжиглэн цээрлэдэг нэн хүндэтгэлийн бөгөөд хүний ёс жудгийг хамгаас дээдлэн эрхэмлэдэг бүх нийтийн баяр цэнгэл болсон наадам.
Амьд явбал улсын наадам үзнэ гэж бидний ярьдаг нь тэрхүү гүн утга төгс хүндэтгэл, улс үндэстнийхээ сэргэн мандалт, ирээдүйг эш харуулсан баяр-зан үйлээс сэтгэлийн их ариусал, эрч хүч, урам зориг авахаа хэлж байгаа хэрэг гэж би ойлгодог юм. Морь, сур , бөх буюу эрийн гурван наадам нь мартагдсан, мартагдах шахаж буй мартаж үл болох бидний үндэстний бусдаас ялгарах онцгой шинж, мэдээллүүдийг хадгалж байдгаараа баяр найр төдийгүй улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа, дархлаа, илэрхийлэл нь байж ирсэн билээ. Монгол наадамгүйгээр Монгол Улсыг төсөөлшгүй шиг наадам маань монгол утга учир, уламжлалаа алдаад ирвэл ямар юмных нь Төрийн их баяр, тусгаар тогтнолын бэлгэдэл энэ тэр байх юм. Тэгвэл болж өнгөрсөн наадмаас нэг л тийм ёрын гэвэл хатуудахаар ч хэл ам, хэрүүл хэлцэл, атаа жөтөө дүүрэн өнгө, үйлдэл бүхий дүр зураг харагдаж сэтгэл эмзэглүүллээ. Наадамчин олныг бухимдуулсан шившиг бөх, морь тойроод нэг бус удаа гарлаа. Бид наадаж чадахаа больж байгаагийн шинж юм уу даа. Уг нь наадмаас наадам хүртэл тэр бөх тэгж сайхан барилдаад, тэр морь тэгж хурдлаад, тэр мэргэн тийнхүү оноод гэх бахархалт дурсамжаар дүүрэн өндөрлөдөг наадам энэ жил харин хэдэн жилдээ үл мартагдах хэрүүл маргаан, будлиантай боллоо. Энд эхлээд бөхийн барилдааны талаар өгүүлэхийг хүслээ.
Я.Цэвэл абугайн Монгол хэлний тайлбар толиос “ШИВШИГ” гэдэг үгийн утгыг хайв. Ичгүүр сонжууртай үйл, зан авир гарган олонд жигшигдэх, түмний дургүйцлийг төрүүлэх хэмээн тайлбарласан байна. Тэгэхээр энэ наадамд зарим нэг бөхчүүдийн гаргасан зан авир олны дургүйцлийг ихэд төрүүлсэн болохоор цуврал тэмдэглэлээ ийн гарчиглахдаа нэг их хазайгаагүй гэдэгтээ итгэлтэй байгаагаа өгүүлсү.
“...Алтан соёмбын арга билгийн хос явдал буруу эргэх далбаа үзэгдэх
Ам андгайгаа эвдээд, аврага хүн ч тайлсан зодгоо эргүүлэн өмсөх
Андгай тангарагийг бурууд барих, шударга ёсноос няцах үлгэр дэндэж,
Эе эвийн наадмаар эвшээлээс сэрээх тэмцлийн дуу дуулах
Эртнээс уламжлалт Монгол хэл соёлын дунд харийн хэл цуурайтах... энэ юуны дохио билээ хэмээн наадмаас төрсөн сэтгэгдлээ авьяаслаг найрагч бүсгүй Б.Батрэгзэдмаа буулгасан нь хэлэх гэсэн санааг минь үнэхээр ончтой илэрхийлчихжээ . Баяр наадмын өмнөхөн дархан аварга цолоо нэхэн авсан А.Сүхбат энэ наадамд зодоглох болсон нь том дуулиан байлаа. Найман жилийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлж байгаагаа нулимс дуслуулан байж мэдэгдсэн мэдэгдэл нь мөн ч олон хүнийг шооконд оруулсан даа. Дараа нь эл шалтгаанаас бус Монгол бөхийн дэвжээнд гадуурхагдсан, хавчигдсан, хэлмэгдсэн гэх түмэн тайлбарыг тэрбээр урсгасан нь олны тэр их хүндлэлийг өөрчлөгдөхөд хүргэсэн юм. Тэр ч бүү хэл зүлэг ногоон дэвжээнээ лоозон барьж хүртэл “жүжиглээд” эхэлсэн. Энэ цаг мөчөөс магадгүй монгол хүн бүрийн мэдэх бөхийн ёс жудаг хувь хүний моралийн дэргэд юу ч биш болохын эхлэл тавигдсан байхаа гэж би боддог юм. А.Сүхбат аварга залуу бөхчүүдэд улсын цолтнуудтай огт бэргэхгүй барилдахад үнэхээр сайнаар нөлөөлсөн шигээ ёс бус зан авир гаргадаг болоход нь ч замчилсан нь үнэн билээ. Үүнийг өгүүлэхийн учир энэ жилийн наадмын гурвын даваанд тэрбээр дархан аварга Г.Өсөхбаярыг амалж авсантай уялдах юм. Одоо ч монголчууд ЯАГААД хэмээн гайхширч элдэв таамаг дэвшүүлж суугаа. Зөв хүний үйлдэл нь далд байхдаа ч зөв байдаг биш үү. Энэ удаа жижиг аварга маань дэндүү увайгүй загналаа. Хүний өмнөөс ичих гэдэг ямар хэцүү болохыг гурвын давааны өмнө мөн ч олон хүн мэдэрсэн дээ. Тэр тусмаа үе үеийн бөхчүүд. Зодог тайлахаа зарлан зүлэг ногоон дэвжээнээ сөгдөн мөргөж үнсэн уйлж байсан аварга энэ жил зүүний магнайд гарна хэмээн олныг гайхшруулан цамнаж бас нэгэнтээ уйллаа. Тухайн үйл явдлыг харсан хэн бүхэн ямар их жигшин сэжиглэж байсныг А.Сүхбат аварга анзаарах сөхөөгүй болтлоо уурласан байсан. Энд бичихэд ч төвдмөөр араншинг бөх хүнээс тэр тусмаа үндэсний бөхийн дархан аваргаас гарахыг харлаа. Нөгөө Монгол бөхийн ёс жудаг хаачив аа. Хамгийн гол нь хоёр аваргыг би сайн танина. Хэн хэнтэй нь мэндтэй устай явдаг. Хэн нэгний талд орох шалтгаан надад үгүй . Болсон явдлыг уншигчдад үнэнээр нь хүргэхийг үүргээ гэж үзлээ.Яагаад гэвэл наадмын дараа А.Сүхбат аваргын телевизийн сурвалжлагчдад өгч буй хэд хэдэн удаагийн яриаг сонсоод сэтгэл гутлаа. Отгон дархан аварга Өсөхөөгөө хүндэтгээд амалж аваад, даваа өглөө хэмээн ярьж байх юм. Яачихаа вэ? энэ аварга.
Авгай хүүхдээ орхиж солиод, нүүр амаа татуулан, хиймэл давхараа суулгуулаад... Махнаас гарч цагаан хоолтон ч болж байх шиг. Монгол бөхийн аварга биш Солонгосын савангийн дуурийн жүжигчин шиг аяглахын учир гайхалтай.
Наадмын нэгийн даваа эхлэхэд л бөхийн холбооны дэд тэргүүн Данзантай заамдалцан, талцаж зодолдохдоо тулсан шившиг гурвын давааны өмнө Өсөхөө аварга руу агсчин “ална, тална” хэмээн уйлан дайрснаар үргэлжилж бөхчүүд, тэр хавийн хүмүүс ичиж, балмагдсандаа үнэхээр шооконд орсон шүү дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан руу утасдаж, зүүний мангайд гаргахгүй бол барилдахгүй ч гэж туниж гомдоллоод туйлсандаа. Бөх хүний ёс жудаг ийм дорой болчих гэж. Аварга аваргаа амалж болохгүй гэсэн хууль дүрэм үгүй ч энд нэг тийм авгай хүүхнүүдийн адгийн хэрүүл шиг зүдэг хийгээд шившиг тарих ямар хэрэг байв аа. Харин ч Өсөхөө аварга жинхэнэ буурь зааж тэвчээртэй хандсанаараа ЖИЖИГ аваргын омог тэгсхийгээд дарагдсан. Адилхан омогтой зан гаргаад зодоо цохиондоо хүрсэн бол яана. Эндээс Монголын үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаа ямар арчаагүй болсон нь харагдлаа. Үнэхээр энд дорвитой шинэчлэл хэрэгтэй болж. Цаг ямагт хэдэн бөхчүүдээ талцуулан хэмлэлдүүлэн, нэгийг нь гомдоож, нөгөөг нь өөгшүүлдэг явдал эцсийн эцэст ийм шившигт хүргэж байна. Наадмын өмнөх өдөр наадмын бөхийн комиссоос Өсөхөө аваргад зүүний манлайд гарна шүү гэсэн атлаа сүүлд нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж дарамтлаад байна хэмээн гаргасан шийдвэрээ буцааж байдаг...Яг үнэндээ бөхийн амжилтаараа Г.Өсөхбаяр аварга илүү ч, монгол бөхийн дэг жаягаараа А.Сүхбат түрүүлж ам авч, зүүнийг манлайлах нь зүйн хэрэг. Бөхийн холбооныхон үүнийг мэдсээр байж заавал ийм маргаан будлиан хутгаж, хэн хэнийгээ эвгүй байдалд оруулах ямар хэрэг байв. А.Сүхбат аварга ч гэсэн уйлж, дэвсэлж байхын оронд үнэхээр л аварга бөх, монгол эрийн уужуу ухаан, жудаг гарган цөлх загнасан бол ард түмэн түүнийг хэчнээн хүндэтгэн бахдах байв аа. “Би Өсөхөөгийн дархан аварга цолоо энэ наадамд дуудуулахыг нь харна аа” хэмээн А.Сүхбат хашигчин Амбантны цагаан Жигмэд аятай аяглахыг хараад ахмад бөхчүүд толгой сэгсэрч суусан. Ямар сайндаа л Баянмөнх аварга хүртэл “Монгол бөх ийм жудаггүй болчих гэж дээ”хэмээн санаа алдахав. Үгүй нээрээ хэн хэн нь нэг цаг үед бөхийн дэвжээнээ од болон гялалзаж, хөлстэй цээжээ түшилцэж явсан хоёр дархан аварга хэмээх эрхэм цолыг адилхан л “хэлмэгдэж” байж авчихаад зүүн, барууны магнайг тэргүүлэн шинэ цолоо дуудуулан элин халин дэвж, хийморь лундаагаа сэргээсэн бол хэчнээн сайхан дурсамж үлдэх байв. Давдаг ч бай, давдаггүй ч бай цолоо хамт дуудуулж , монгол бөхийн эрэмбэ жудгийг илтгэн хоёулаа наадмын талбайгаа тойрон алхаж түмэнд хүндэтгэлээ илэрхийлсэн бол бүүр ч гоё байх байсан биш үү. Түүний оронд нус, нулимстайгаа хутгалдаж, арчаагаа ингэж алдаж байх ч гэж дээ. Бөхийн комиссынхны нотолсноор ЕТГ-аас хүртэл бөхийн барилдаанд хутгалдсан нь шившиг. Аливаад улстөржиж болдог юмаа гэхэд энэ удаа арай л дэндлээ. Цааш цаашдаа энэ байдлаараа бид наадмаа ч хийж чадахаа болих нь ээ. Гурвын давааны барууны магнайн тэр доогуур залуу бөх шиг амлагдан дэвэх нь Өсөхөө аваргад мэдээж сайхан байгаагүй. Хөндлөнгийн үзэгчдэд ч эвгүй байсан шүү дээ. Нэгэн бодлын доромжлол. А.Сүхбат аварга тэгээд амалсан ёсоороо “алалцсангүй” цолоо дуудуулан гарч ирээд Өсөхөөд барилдалгүй тахимаа өгсөн нь бүр ч хоржоонтой байлаа. Жир хүн ч ийм санаа гаргах гутамшиг. Ямар муухай сэтгэнэ вэ? Тэгээд үүнийгээ хүндлэл хэмээн тайлбарлаад том, томоор санаа алдан Монгол бөх нэг л бишээ хэмээн “ухаантай ” үг ярьж байх нь юутай зохимжгүй байв аа. Өөрийнхөө үйлдэл болгоныг бүр бишрэн шүтэж, олонд таалагдаж байна хэмээн тэнэгтсэн иймэрхүү хүмүүсийн жүжиглэлийг өгдөөн дэврээдгээ хаана хаанаа болих хэрэгтэй юм. Энэ бол жинхэнэ солиорол бөлгөө. Наадамчид ийм юм хараад цэнгэж чадна гэж үү? Монгол бөхийн наадмын түүхэнд аварга хүн ийнхүү уйлж дуулж, бөхчүүдээ занаж зүхэж, олныг бухимдуулсан нь үүнээс өөр үгүй билээ. Монгол хүн хэрүүл, маргаанаас хэзээний цээрлэн цэрвэж, сэжиглэн, бузартана хэмээн холуур байхыг эрмэлздэг. Гурвын давааны өмнө болсон маргааны дараа дөрөв, тав, зургаа, долоо, наймын давааны зүүний магнайг тэргүүлж гарсан бүх бөх ойчсон нь ч тохиолдынх биш ээ. Магадгүй монгол бөхийн ариун дэвжээ бузартсан ч юм билүү хэн мэдлээ. Өнгөрсөн наадмаар улсын шинэ арслан, гарьд цолтон төрсөн нь нэн сайхан хэрэг. Н.Батсуурь, Ш.Жаргалсайхан хоёрын хурдан шаламгай, хурц дайчин, эрэмгий бас одтой хийморьтой барилдааныг монголчууд олон арван жилээр шагшин дурсахын зэрэгцээ аварга А.Сүхбатын ёс бус үйлдлийг ч үл мартах биз ээ.