Аль нь үндэсний шашин бэ?
Нүүдэлчид түүхийн туршид нэг шашинаас нөгөө рүү шилжин явсаар ирсэн. Энэ явцдаа түрүүчийн шүтлэгээ ор тас марталгүйгээр шинээр орж ирсэнтэй нь холин прагматик байдлаар өөриймшүүлж байлаа. Шинэ шүтлэг орж ирэхэд түрүүчийнхийгээ үгүйсгэн заримдаа харгис хэрцгийгээр устган сөнөөж байсан авч тэндээс маш олон санаа, ёс журам, ритуал ёслол, авч үлдэж байв. Ингэхээр монголчуудын уугуул үндэсний шашин аль нь вэ?Анхных нь уу, сүүлчийнх нь үү, удаан ноёлсон нь уу, оюун санааны хувьд тус болсон нь уу, хөгжил дэвшилд хүргэсэн нь үү…?
АЛЬ НЬ ҮНДЭСНИЙ ШАШИН БЭ?
ХҮМҮҮС ЯАГААД ШАШИН ШҮТДЭГ ВЭ?
“Шашин гэж юу вэ?” гэсэн бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл. Өөр олон хүний хувьд шашин бол бурханлаг дээд ойлголт. Гэтэл зарим нь шашин гэдэгт тодорхой бурхан тодорхой үнэмшлийг оруулж тооцдоггүй. Цаанаасаа зохион байгуулагдсан системийг биш, зөвхөн өөрийнхөө хувийн итгэл үнэмшил, амьдрах арга, ертөнцийг үзэх үзлээ шашин гэж ч олон хүн ойлгодог. Гэхдээ нэг нийтлэг юм байна: Шашинд итгэж байгаа бараг бүх хүн үүнийгээ өөрт нь нөлөөлдөг ямар нэг хүч цаана нь байна гэж итгэдэг.
Ангилж үзэх юм бол хүний түүхэнд мянгаар тоологдох янзын шашин оршсоор иржээ. Антропологичид болон шашны түүх судлаачдын тогтоосноор 60 мянган жилийн өмнөөс шашны анхны хэлбэр үүссэн бололтой. Төсөөлөн бодох чадваргүй хомо эротикус (уг нь анх гал олсон), хомо нэндэртал (уг нь анх хувцаслаж эхэлсэн) зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс гэгдэх орчин үеийн хүн төсөөлөх чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй ажгуу.
ӨНӨӨГИЙН ШАШИНУУД
Орчин үеийн ертөнцөд найман гол шашин оршиж байгаа нь: Буддизм, Христос, Лал, Күнз, Хинду, Иудай, Шинто, Дао буюу монголоор Бумба. Эндээс Бумба, Шинто, Хиндуизм гурав нь үргэлжлэн хөгжсөөр сургаалиа буй болгосон бол бусад тав нь нэр бүхий үүсгэгчтэй, түүнийхээ сургаальд тулгуурладаг: Буддизм нь Шагжиймунын Будда, Христос нь аврагч Есүс, Лал нь зөнч Мохамэд, Күнз нь Күнз багш, Иудай нь Мойсэс.
Дээд хүчний талаар философийн гурван гол үзэл бий. Дээд хүч гэж огтоос байхгүй гэж үздэгийг атейзм, байгаа гэж үздэгийг нь тейзм, байгаа байхгүйг нь тодорхойлох аргагүй гэж үздэгийг нь агностик гэнэ. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг, гэхдээ жишээ нь Күнзийн сургааль үүнийг үгүйсгэдэг учир атейст шашин болж таарч байна. Олон шинжээрээ шашны агуулгатай болсон ортодокс марксизм ч гэсэн атейст шашин гэж нэрлэгдэж болмоор.
Ихэнх шашин номлолоо даган өөрийн иргэншил үүсгэсэн. Өрнийн иргэншлийн суурь нь загалмайн шашин бол Энэтхэгийн иргэшлийнх хинду, Лалын иргэншлийх лалын шашин, Хятадын иргэншлийнх Күнз, Лаоцы нарын сургааль. Зарим шашин зөвхөн тухайн үндэстэнд зориулагдсан. Жишээ нь хинду нь энэтхэг хүмүүст, иудай нь зөвхөн жүүд үндэстэнд хамаатай. Шинто ч ердөө л япончуудынх. Харин лал, христос зэрэг нь нийт хүн төрлөхтөнд хамаатай гэж сургадаг. Гагцхүү буддизм бол соёл болохоос иргэншил биш гэж судлаачид үздэг. Буддизм бүх соёл болон иргэншилд нэвтрэн нөлөөлж холилдох чадвартай ч өөрөө бие даасан иргэншил үүсгэж чадаагүй, ерөөс сургаалийнхаа мөн чанараар тусгай иргэншил болох бололцоогүй юм.
Шашинууд хоорондоо бүлэг бүлгээрээ гарал үүслийн хувьд ах дүүгийн холбоотой. Иудай, Христос, Лал гурав нь нэг эхээс үүдэлтэй, үндсэн нэг уг зарчимтай ах дүү шашин. Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. Үүнийг монотейзм буюу ганц бурхант зарчим гэнэ. Нэг л Бурхан байдгийг Библид бичсэнээр эртний жүүд нар Яахва гэж нэрлэдэг байж, араб хэлэнд энэ нь Аллах гэсэн нэршилтэй. Христос шүтлэгт орнуудад үүнийг өөр өөрийн хэлээр Гот, Гад, Бог гэх мэтээр нэрлэжээ. Олон бурхад байдаг гэсэн үзлийг политейзм гэнэ. Эртний Герег, Ромд худалдаа, дайн, хайр гээд өөр өөрийн хариуцсан салбартай мэргэшсэн бурхадын тухай домог их бий. Эдний дарга нь Зевс. Энэтхэгчүүдийн итгэл үнэмшлээр Брахман даргатай бас л олон бурхан байдаг аж. Сонирхолтой нь нэг эх сурвалжтай ах дүү шашинууд түүхийн явцад хоорондоо илүүтэй дайсагналцаж байв.
Дэндүү хатуу чанга дэглэмтэй арабын зарим орныг эс тооцвол өнөөгийн ертөнц шашин болгоныг өөртөө багтааж, шашин болгонд хүлцэлтэй ханддаг болжээ. Лондон, Улаанбаатар, Дели, Исламабад, Ерусалэм, Ром алинд нь ч лалын хиндусын, христосын, буддын, иудайн сүм хийд биендээ дайсагналцалгүй зэрэгцэн оршиж байна. Шашны үл тэвчил өөрийн түүхэн бүдүүлэг үеэ хэдийнээ өнгөрөөжээ. Чингисийн монголчууд магадгүй анхны шашны хүлцэлтэй гүрэн байсан байх. Тэнд айлчлаад ирсэн Марко Поло олонд дуулдаагүй элдэв сонин ярьсанд европчууд итгэж эхэлсэн боловч Хархоринд лалын болон христосын сүмүүд биендээ огт муу юм санахгүй зэрэгцэн оршдог тухай яриадахсан чинь “мянган худалч” хоч зүүсэн байдаг. Түүнээс өмнө Монголд ирсэн Рүбрүк буддын, лалын, христосын шашинтнууд зэрэгцэж суугаад хорвоогийн мөн чанарын тухай ном хаялцан маргаж байсан тухай бичиж үлдээжээ. Тэр байтугай Мөнх хаан лалынхнаас христосыг өмөөрч байсныг тэмдэглэсэн байна.
АНИМИЗМ
Эртний хүмүүс шашинд онцгой ач холбогдол өгдөг байжээ. Шашны ямар нэг зан үйл, тахилга үйлдэх нь цаашид оршин тогтнох, ялангуяа хоол унд олдох үндсэн шалгуур гэж ойлгодог байв. Британы антропологч Тайлорын онолоор ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг гэж эртний хүмүүс ойлгодог байжээ. Иймээс тэднийг аргадах тайвшруулахын тулд элдэв тахилга үйлдэх болж. Германы хэл шинжээч Мюллэрийнхээр эртний хүмүүс аяндаа өөрт нь нөлөөлж буй далдын хүчнийг муу тэнгэр, сайн тэнгэр гэх мэтээр хувааж эхэлсэн аж. Ингээд сайныг нь хөхиүлэх, мууг нь зайлуулах есөн шидийн ритуал ёслол бодож олсон гэнэ. Энэ нь бурханы тухай анхдагч ойлголт байжээ. Орчин үеийн шашинд автаагүй, соёлын доод төвшинд яваа бүдүүлэг овог омгуудад энэ байдал өнөө болтол байсаар байгаа. Туйлын, Сибирийн, Канад, Аляскийн, эсвэл Бразилийн шугуйн, Африкийн ширэнгэ дахь, Далайн орнууд болон Шинэ Зеланд, Папуа Гвиней, Австралийн бөглүү гээд олон газарт буй овог отгуудад энэ ойлголт болон хэмжээ агуулагдсаар байгааг харж болно.
Анимизм буюу сүнс шүтэх үзэл гэсэн санаатай нэршил бий. Дээрх бөөгийн мухар сүсгийг ингэж нэрлэдэг. Шаманизм нь үүний нэг хэлбэр. Шаман гэдэг нь зайран, удган гэсэн эвенк-тунгус үг бололтой. Ингэхээр шаманизм гэдэг нэршил Сибирь болон түүний ойр орчим дахь хүйтэн газрын бөө мөргөлийг нэрлэдэг.
НҮҮДЭЛЧДИЙН ДУНД НЭВТЭРСЭН ШҮТЛЭГҮҮД
Монголчууд бүр эхнээсээ л бөө мөргөлтэй байсан. Түрэг угсаатны эзэмшил өнөөгийн Монгол нутагт монгол угсаатан нэлээд хожим Сибирийн тайгаас орж ирсэн байж магадгүй. Тал гэдэг бол хөвчтэй харьцуулахад соёлын илүү дэвшилд хүрэх бололцоо юм. Өнөөгийн Монгол нутагт үе үеийн турш төр улсаа төвхнүүлж байсан түрэг, монгол, хамниган овгийн улсын тал хээрт олон шашны урсгал орж ирж байжээ.
Мани. Уйгарууд бол онгон тэнгэрийг шүтэгч бөө мөргөлөөс татгалзаж соёлт ертөнцийн шашинд орсон анхны нүүдэлчид юм. Ер нь Хүннү гүрнээс эхлээд Монголын байлдан дагуулалтыг дуусталх хугацаанд Төв Ази нь дэлхийн улс төрийн хамгийн чухал цэгийн нэг байсны хувьд хоёр мянган жилийн турш янз бүрийн шашны үзэл суртал энд урсан орж ирж суурьших оролдлого хийж байлаа. Нүүдэлчид бүх түүхийнхээ турш аль ч шашинд хүлцэнгүй ханддаг онцлогтой байв. Харин уйгараас өмнөх ямар ч нүүдэлчид өөрсдийн онгон тэнгэрийн шүтлэгээ орхиж байсангүй. Гэтэл өөрийн тэрс суртлаас болж персийн зароастр болон лал, загалмайн аль аль шашинд хавчигдан тэнүүчилж явсан мани шашин өргөмжлөн дээдлэгчээ Төв Азийн элгэн дээрээс олсон билээ.
Манихаизм нүүдэлчдийн дунд нэвтэрснээр уугуул бөөгийн мөргөлийн ёс заншил, бэлэг тэмдэг, ёслолд ихээхэн өөрчлөлт оруулжээ. Гал тахих зароатустрын ёслол энэ үеэс нүүдэлчдийн бөөгийн ёсны салшгүй нэг хэсэг болсон юм. Тэдний оруулж ирсэн овоо тахих ёсыг хожим буддизм болон марксизм янз бүрээр хорьж байсан боловч XXI зуунд ч гэсэн амь бөхтэй үргэлжилсээр байна.
Манай эриний II зууны үед Вавилоны Ктэсифон хот шашны чөлөөт бүс байсан тул зароастризмаас гадна загалмайн, лалын, иудайн шашин, митраизм, гностицизм, тэр байтугай буддизм чөлөөтэй байж. Мани энэ болгоныг сайтар хольж өөрийн сургаалийг буй болгосон аж. Уг сурвалж нь Библи сударт тулгуурласан загалмайн шашны үндэстэй боловч аяндаа зороастризм болон буддизмын нөлөөгөөр өөрийн гэх номлолтой болон төлөвшиж, номлогчид нь Армян, Хойд Энэтхэг, Иранаар тэнүүчлэн сургаалиа сурталчилжээ. Манигийн онолоор энэ ертөнц нь гэгээ гэрэлтэй олон сайн Тэнгэр, мөнхөд харанхуй олон муу Тэнгэртэй тулалдан байлдаж байдаг аж.
Манийн сургааль Согд болон Дорнод Түрэгстанд өргөн тархсан байсны нөлөөгөөр уйгарын Бэхю хаан 762 онд төрийн шашнаа болгон тунхагласан юм. 840 онд хиргис нар хүчирхэгжин уйгаруудыг нам цохиж өнөөгийн Монгол нутагт өөрийн төрийг байгуулав. Харин тэд мани шашныг уйгаруудаас шууд өвлөн авлаа.[i] Дараахан нь Төв Азийн бөө мөргөлт бүхий л үндэстнүүдэд нөлөөлөн уугуул бөөтэй нь холилдон эх сургаалиасаа ихээхэн өөрчлөгдөн шингэжээ. Төв Азийн бөө мөргөлийг тэнгэризм гэх ба энэ нь Сибирийн шаманизм-аас нэлээд ялгаатай. Магадгүй, тэнгэризм нь манихаизмын нөлөөгөөр өнөөгийн хэлбэрээ олсон байж болох.
Христос. Манийн сургаалийн дараа Төв Азийн нүүдэлчид рүү орж ирсэн нэг том шашин бол загалмайн шашны нэсторын урсгал юм. V зууны үед Александрын патриарх гэгээн Кирилл, Константинополийн патриарх Нэсторий нарын хооронд Есүс бурхан байсан уу, бурхан-хүн байсан уу гэсэн онолын том маргаан дэгджээ. Сүэцээс баруун тал нь Кириллийг дэмжиж байхад, Сүэцээс зүүн тал нь Есүсийн бурханлаг ба хүнлэг тал нь холилдож байсан гэсэн Нэсторийн үзлийг баримталж байв. Эцэст нь 431 онд шуугиант хурал-шүүх болж Нэсторын талынхан ялагдсан боловч тэд нэг шинэ урсгал бий болгосон нь Сири бoлон Дорнын орнуудад олон зуун жил амжилт олжээ.[ii] Нэсторын загалмайн шашин түгээгчид Дорнын орнуудаар сургаалиа түгээж явсны дотор Төв Азид нэлээд сайн дэлгэрүүлж, хэдэн зуун жил том нөлөөтэй байж чадаж байлаа. Загалмайн шашинтнуудыг буруу номтноос өмгөөлөн хамгаалах гэгээнтэн хаан Прэстр Ионны домгийг анхлан Төв Азид орж ирсэн нэсторын шашинтнууд зохиожээ.[iii] Хожим доминикан, францисканы шашин дэлгэрүүлэгч нар Төв Азид олон удаа ирж байсан авч аль нь ч нэсторын урсгалаас дээр гарч чадаагүй.
Монгол болон бусад түрэг, хамниган овогтнууд ч сургаальт шашныг авахын зэрэгцээ өөрийн бөө мөргөлтэй ихээхэн “эрлийзжүүлж” байв. Христ санваартан Рүбрүк Монголд ирчихээд загалмайн шашныг хэрхэн дампууруулж танигдахгүй болгож байгааг хараад гасалж байв. Тэрээр тэмдэглэхдээ монголын христ санваартнууд олон эхнэр авдаг, архи их уудаг, загалмайд тэлэгдсэн Христийн дүрсийг авч хаячихаад дан загалмайгаар аравнайлдаг гэж шүүмжилж байв.[iv] Бөө маягийн загалмайтан, бөө маягийн лал мөргөлтөн, бөө маягийн буддист Монголын талаар нэг байв. Чингисийн өмнөхөн Монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос мөргөлтөн байжээ. Чингис хааны бүх бэр христосын шашинтай байсан нь сонин. Ач хүү Гүег христос шүтэгч байсан бололтой. Дөрвөн их хааны эх Соргагтани христ шүтдэг байсан тул бараг ХХ зуун хүртэл олон сүмд Мари дарь эхийн орыг эзэлж байв. Бат хааны дараа хаан ширээний төлөө тэмцэлдсэн нь Батын дүү лал мөргөлт Бэрх, Батын ууган хүү христ шашинт Сартаг нар байлаа. Тэмцэлд хэрэв Сартаг ялсан бол Алтан Орд гүрэн хриcт шашинтай байх байсан.
Чингис хааны дараагаас монголчууд дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох буюу талтай болон автаж байлаа. Зүч болон Цагаадайн удмынхан лалын шашинтан болсон бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашин тийш хэлбийжээ. Хубилай Хятадын Юань династийн хаан болоод хятадын гол гурван шашин күнз, бумба, буддын төдийгүй мөн христос, иудай, лалын шашны баярыг албан ёсоор тэмдэглэдэг байсан байна.
Бумба. Хувь хүний мөн чанарын шинж агуулсан бумбын шашин ямар нэг хэмжээгээр нүүдэлчдэд нэвтрэн оюун санаанд нь нөлөөлж байсныг үгүйсгэх аргагүй. Чингис хаан бумбын сартваахи Чан Чунтай уулзсанаар Бумбын тал руу нэлээд хэлбийжээ. Бумбынхан үүнийг ашиглан гол өрсөлдөгч буддынхныг нэлээд гадуурхан шоглосон баримт бий. Иймээс “Бурхангүй газрын Бумба галзуурна” гэсэн үг гарсан бололтой. Гэтэл нийгмийн шинж мөн чанартай күнзийн сургааль суурин соёл үл мэдэх буюу үл хүндэтгэх тархай бутархай нүүдэлчдийн нийгмийн оюун санаанд хэзээ ч нэвтэрч байсангүй.
Буддизм. Буддын шашин VIII зууны үеэс Төв Азийн нүүдэлчид рүү буддын нэг урсгал маягаар нэвтэрч байв. Нүүдэлчид ч, тухайлбал хар хятан нар Дундад Азид буддизмыг тараах, дэлгэрүүлэх хүчин болж байсан юм. Хархорумын балгасыг ухсан судалгааны дүнгээс үзэхэд тухайн үед монголчуудад орж ирсэн буддизм Пакистан, Афганистан хавиас эхтэй байв. Тэр үед Пакистан-Афганистаныг дамнасан Ли улсад буддизм цэцэглэж байжээ.
Дашрамд дурдахад, иргэншлүүдийг илтгэх хамгийн энгийн шинж тэмдэг бол шашин билээ. Томxон шашнууд нь Кристофэр Давсоны ажигласнаар, “бодит утгаараа их иргэншлүүдийн тулгуур үндэс болдог”. Вэберийн нэрлэсэн “дэлхийн хэмжээний” таван шашнаас Христос, Лал, Хиндүизм, Конфуцианизм гэсэн дөрөв нь их иргэншлүүдтэй холбоотой бөгөөд харин тав дахь буюу буддизмын хувьд хамаарах томхон иргэншил байхгүй гэж үздэг.
Учир нь, лал болон христосын шашны нэгэн адил буддизм нь бүр эрт цагт хоёр урсгалд хуваагдсан, мөн христосын шашны нэгэн адилаар үүссэн уугуул тэр нутагтаа шалгарч үлдэж чадаагүй. МЭ-ий I зууны үеэс Махаяана буддизм эхлээд Хятад руу, дараа нь Солонгос, Вьетнам, Япон руу экспортлогдон гарсан. Эдгээр нийгэмд буддизмыг янз бүрээр хүлээж авсан бөгөөд уугуул соёлын хүрээнд уусч (тухайлбал, Хятадад күнз ба бумба), элдвээр дарамтлагдсан. Эдгээр оронд буддизмыг соёлынхоо чухал хэсэг гэж үздэг ч нийгэм нь бүхэлдээ түүнийг буддист иргэншил гэж үздэггүй. Харин Тэрэвада буддист иргэншил нь Шри Ланка, Бирм, Тайланд, Лаос, Камбожид дэлгэрсэн байх бөгөөд Махаяана буддизмын ламаист шарын шашны чиглэлийг Төвд, Монгол, Бутаны хүн ам шүтэж иржээ. Энэ утгаар эдгээр улсад буддын шашны хоёр дахь орон зай бий. Ингэж Энэтхэгт бараг устаж, зарим талаар Хятад, Японы иргэншилд ууссан буддизм нь хэдийгээр дэлхийн том шашны нэг боловч эдүгээ их иргэншлийн үндэс болж чадсангүй.
Буддизмын тэравада хэмээх урсгал нүүдэлчдэд анх өнөөгийн Афганистанаас орж иржээ. Шагжимуна Буддагаас хэдэн зуун жилийн дараа Их хөлгөн буюу Махаяана урсгал буй болж уугуул буддистууд тэравадаг Бага хөлгөн буюу Хинаяана хэмээн басамжлан нэрлэх болсон аж.
Мөн үед Персээс гаралтай манахэйн шашин орж ирж нэлээд хүчтэй нөлөө үзүүлж байв. IX зууны үед христосын шашин орж ирлээ. Тодорхой системтэй, сургаальтай, тайлбартай, моралтай, шалгууртай, үндэстэн дамнасан шинжтэй эдгээр шашнууд нь далдын хүчинд итгэн дулдуйдсан, ердийн мухар сүжиг болсон бүдүүлэг бөө мөргөлд амархан цохилт өгч байв. Гэвч ямар ч сургаальт шашин бүдүүлэг овог отог руу нэвтрэхэд удаан хугацаа шаарддагаас гадна нутгийн уламжлалт аминист шашинтай зөрчилддөг мөртөө бас холилддог. Христосын шашин орж ирэхээс өмнө герман, слав үндэстний шүтдэг байсан бөө мөргөлийн олон элемент өнөө хүртэл европчуудын дунд цөөнгүй бий.
Төвдийн буддизм. Төвдийн түүх бол бараг л төвд шашны түүх юм. Умард Энэтхэгт амьдарч байсан Буддагийн номлосон сургааль нүүдэлчин маягийн амьдралтай, иргэншлийн хувьд туйлын хоцрогдонгуй, ертөнцийн хамгийн өндөрлөгт сийрэг суудаг хөрш зэргэлдээ төвдүүдэд хэтэрхий хүнд хэцүү сургааль байсан болов уу. Төвдүүд эрт дээр үеэс өөрийгөө мичнээс гаралтай гэж тооцож байсан нь монголчуудын өөрсдийгөө чононоос үүсэлтэй гэж үздэгтэй утга нэг хэрэг.
Төвдийн буддизмын анхны урсгалыг нямапа гэх ба энэхүү “эртний сургааль” нь буддизмыг сүйтгэсэн Ландарма хааны (МЭ 836-842) үе хүртэл ноёлж байв. Буддизм орж ирэхээс өмнө Төвдийн уугуул шашныг бон хэмээдэг ба энэ нь анимизмын нэг төрөл юм. Мэдээж хэрэг буддизм орж ирснээр хуучин шашин нь байраа тавьж өгөхгүй гэж урт удаан сөргөлдөөн болжээ. Түүхийн явцад энэ хоёр тэс өөр шашин сонин байдлаар зохицлоо олсон аж. Бон мөргөл нь Төвдийн буддизм дахь туйлын элбэг үзэгдэл болох олон урсгалын нэг нь юм шиг болтлоо ижилсжээ. Нөгөө талаас буддын сургааль нь бон шашинтай удтал тэмцэлдсэн боловч олон элемент, үзлийг дийлэлгүй бууж өгч өөртөө шингээн болхижсон юм. Чухам яг ийм үзэгдэл Төвдийн шашин Монголд орж ирэх үед тохиолдож, монголын уугуул бөөгийн шашны олон элементтэй зохицохоос өөр аргагүйд хүрсэн юм.
1042 онд Энэтхэгээс Атиша гэгч бандид ирсэн ба үүнээс хойш төвдүүдийн амьдрал буддизмтэй салшгүй холбоотой боллоо. Янз бүрийн лам, банди нар сүм байгуулан өөрийн урсгал номлолыг айлтгах болов. Атишагийн сургаалийг кадмапа гэх аж. Төвдийн лам Гончигжалбуу 1073 онд сажапа-гийн сүм байгууллаа.
Урсгал хоорондын хүчтэй өрсөлдөөн удтал үргэлжилсэн ба ингэж байтал монголчуудын эрин үе эхлэв. Гүюг хааны хүү Годон бол төвдийн буддизмыг Монголд урин залсан анхны хүн юм. Аугаа их эзэнт улс байгуулсан монголчууд энэ үед нэгдсэн төрийг барьж тогтооход туслах ямар нэг иргэншиж соёлжсон шашныг эрж хайж байлаа. Чингис хаан үхэхийнхээ өмнө бумбын шашинд тал өгч байсан бол Гүюг загалмайн шашныг илүүтэй эрхэмлэх жишээтэй. Годон болон дараагийн зарим удирдагчдад төр, шашин хоёрыг хослон барилдуулах тухай Төвдийн буддын сургааль ихэд шохоорхогдсон бололтой. Өөрөөр хэлбэл нэгдсэн төрийг нэгдсэн шашнаар барина гэсэн үг. Төвдийн хоорондоо өрсөлдөгч шашны урсгал ч энэ бололцоог гярхайгаар харж, Монголын хүчирхэг эздээр дэмжүүлэх гэж уралдацгааж байв. Гармапа урсгалынхан Мөнх хааны үед үнэлэгдэж байв. Тэд эзэнт гүрний нийслэлд ирж лал, загалмайтан, бумбынхантай хөршлөн сүм хийдээ байгуулж байлаа.
Чингисийн ач хүү Годон Төвдөд анхлан 1240 онд халджээ. Тангадад ямар эмгэнэлт явдал болсныг сайн мэдэх Төвдийн ихэс хүлцэнгүй байв. Годон нэгэн сүмийн талахдаа 500 лам алсан гэдэг[v]. Тэр явцдаа Сажаа Бандит хэмээх шидтэй хуврагийн тухай сонсч, улмаар буддизмын тухай сонирхов.
Хубилай их хаан болсныхоо дараа Годонгоос Пагва ламыг асуусан байна. Таван жилийн дараа 23 настай Пагва лам их хааны өргөөнд уригдан очлоо.
Хубилай хаан бол нүүдэлчдийн дундаас төрсөн хамгийн боловсролтой хүний нэг. Төр, шашныг хослох төвдийн буддизмын сургааль нь прагматик шинжтэй учир Эзэн хааны сонголт түүн дээр туссан. 1260 онд тэрээр Сажапагийн тэргүүн Пагва ламыг урин залж улмаар энэ шашныг нийт гүрний гол шашин мөргөл болгохоор шийдсэнээ Сувдан зарлиг-таа тунхаглажээ. Гэвч төвдийн шашин Бээжингийн монголчуудаас цааш төдийлөн ахиагүй. Юань династи унасны дараа монголчуудын буддизмын намтар ч тэгсхийгээд унтарч, сажапагийнхны ч үнэмлэхүй ноёрхол мөхөж. Төвдөд урсгал хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч самуун удтал үргэлжлэв.
Шарын шашин. Чухам энэ үед Төвдийн шашны аугаа реформч Зонхов Хөх нуурын хавьцаа төрлөө. Тэрээр хинаяна судрын махаяма буюу тарнийн ёсыг зэрэгцүүлэн баримталж эдний хоорондох зөрчлийг зөөлрүүлэв. Шид увидасаар бурхан болно гэсэн тарнийн ёсыг шүүмжилж, лам хувраг эхлээд сахил санваарь, ёс суртахууны хэв хэмжээг хатуу мөрдөн дагаж бусдыг аврах буян хийсний дараа зөв бясалгал үйлдсэний үндсэн дээр бурхан болох хэрэгтэй гэж сургах аж.
Зонхов ийнхүү сонгомол цөөнх буюу зөвхөн лам хувраг нар л бурхан болох тухай, зөвхөн тэдний хүртээл хэрэглүүр болсон урсгалыг шүүмжлэн зөв бясалгал, зөв буян хураавал доод, дээд төрөлтөн хэн ч бурхан болох тухай сургаснаар нийт ард олонд нэн таашаагдсан шинэ урсгал буй болголоо. Тэрээр өөрийн номлолыг нэгтгэн Бодь мөрийн зэрэг хэмээх алдарт бүтээлээ туурвисан юм.[vi]
Гэвч Зонховын шинэтгэл нь агуулгын гэхээсээ гадаад өнгө, хэв маяг, дэг жаягийн талыг илүүтэй хамарчээ. Зонхов Өмнөд Төвдөд нэгэн агуйд шар малгай өмсөн удтал даяанчлан суусан тул түүний буй болгосон шашны урсгалыг шар малгайтны салбар буюу гэлэгпа гэх болсон ба явсаар монголоор товчлогдон шарын шашин гэж нэрлэгдэх болжээ.
Хэдийгээр Зонховын сургааль нь ард олонд ихэд таашаагдсан боловч хуучин урсгалынхны хүчтэй эсэргүүцлээс болоод Төвдөд ноёлж чадахгүй нэлээд хугацааг элээжээ. Өөрөөр хэлбэл Төвдөд ноёлоход нь шарынханд үзэл суртал, ёс суртахууны номлол нь хангалттай биш аж. Цэрэг зэвсэг, хүч чадлын тусламж зайлшгүй хэрэгтэй нь харагдав. Төвдүүдэд ийм цагт нь монголчууд тусалж чадна. Төвдөд шашин урсгал урсгалаараа хангалттай бий. Харин монголчуудад хүч чадал бий.
Гэлэгпагийнхан эхэндээ зөвхөн Далай ламын дараагийн дүрийг тодруулж байсан бол удалгүй энэ нь хавтгайрсан үзэгдэл болж бараг хийд болгоны удирдагчийн сүнс үхсэнийхээ дараа аль нэг хүүхдийн биед очиж шингэх болжээ.
Түмэдийн Алтан хан 1578 онд Төвдийн шарын шашны тэргүүн Содномжамцыг нутагтаа заллаа. Содномжамцыг ийнхүү Хөх нуурт айлчлахад нь Алтан хан түүнд Далай лам гэсэн цол шагнажээ.[vii]
Бөө мөргөлтэй хатуу тэмцсэн шашин бол ХVII зууны үесд Монголд нэвтэрсэн шарын шашин юм. Монголд шарын шашныг анх залсан гэдэг Алтан хан юун түрүүн уул овоо тахих бөөгийн ёсыг цаазлан хорьж өндөр торгууль ноогдуулж байв. Хөгширсөн өвгөнийг ач хүү нь ам руу нь өөх чихэн араас нь ясаар гудруулж алах, уул ус тахихдаа онгон залуу охидыг усанд үйж алдаг зэрэг зэрлэг бүдүүлэг заншил ёслолтой буддизм ширүүн тэмцсэн юм. Ялангуяа шарын шашин төрийн зэрэглэлтэй болсноос хойш эдгээр үйлдлийг чангаар яллах болжээ. Ойрдод бөөгийн эсрэг хүч хэрэглэж бараг ор мөргүй болгож орхисон. “Тийм их шидтэй юм бол өөрийгөө авар” гээд бөө нарыг орон гэртэй нь шатааж байсан тохиол тун элбэг байж. Үүний зэрэгцээ ухуулга сэнхрүүлэг хүмүүжлийн ажил ч их явуулж байсан юм.
Шарын шашин тал газраар илүүтэй хурдан тархаж байсан ч уул хөвчид тун удаашралтай байв. Ялангуяа Хөвсгөлийн болон Тагнын нуруу, Алтайн чанад руу хүний хөл хүрэхэд хэцүү газар бөө мөргөл амь бөхтэй оршсоор байлаа. Энгийн үгээр хэлбэл дэд бүтэц байхгүй учраас л тэнд лам нар очиж чаддаггүй байж. Хөвсгөлийн урианхай, дархад нарыг бөөгөөс нь салгахын тулд Богдоос тэднийг шавь болгон зарлаж өөрийн ивээлд хүртэл авсан байдаг. Хөвсгөлийн болон Тагнын нурууны аглаг бөглүү газар ХХ зуун хүртэл бөө үлдсэн нь ийм учиртай. Орос Алтайн (Горный Алтай ч гэдэг) ойрдуудын дунд ч өнөө хэр бөө мөргөл байсаар байна. Сияаны нуруунд тува нар ч бөөгөө авч үлдсэн. Харин Байгал нуур, Хэнтийн нуруу тал руугаа бол бөөг ор мөргүй болтол нь шахаж чаджээ.
Хачирхалтай буцах процесс бас болсон байх юм. Хилийн наана цаана орших халх, буриад монголчуудыг хооронд нь зааглахын тулд оросууд XIX зууны сүүлчээс эвенк, тунгус хүмүүсийг авчирч хилийн харуул козак болгон суурьшуулжээ. Тэднийг халхчууд хамниган буриад гэдэг, харин тэд нэгэнт буриадтай огт хамаагүй болохоор буриадууд зүгээр л хамниган гэдэг. Бүдүүлэг омгийн тэд хоёр монголын дунд суугаад тун амархан монголжижээ. Ногоон нүдээр нь л ялгаж болно гэж ярилцдаг. Тэд Хэнтийн нуруу хавийн буриад, халх монголчуудын дунд мартагдсан бөөгийн мөргөлийг нь авчирсан байна. Үр дүн нь одоо л гарч байгаа юм байлгүй, Хэнтийн хойд сумдаар нэг салбаганасан бөө нар гараад ирж, саяхнаас.
Марксизм. Марксизмыг шашины нэг хэлбэр гэж зарим судлаачид үздэг. Хэдийгээр марксизм нь Бурханыг болон хойд насыг үгүйсгэдэг ч тийм өөр шашин байдгийн нэг нь Күнзийн сургааль. Лал мөргөлтнүүд өөрийн шүтлэгээ шашин биш философи гэж тунхагладаг нь марксист тайлбартай төстэй. Маркс өөрийн сургаалийг шинжлэх ухаан гэж нэрлэсэн ба хожим суртлыг нь дагагч гүрнүүд “шинжлэх ухааны коммунизм” гэх онол буй болгосон ч марксизм угаасаа хэзээ ч шинжлэх ухаан байгаагүйг олон эрдэмтэд нотолсны дотор Карл Поппэр маш үндэслэлтэй баталсан юм.[viii]
Монголд марксизм орж ирснээр хэдийгээр гаднаас тулгасан боловч 300 жил шүтсэн шарын шашнаа монголчууд өөрийн гараар галдан устгаж түйвээсэн. 30 мянган лам хуврагаа хядах, 800 сүм хийдээ нураах, ном судраа шатаах, соёлын бүхий л өвөө устгах ажлыг хэдийгээр тулгалт шахалтаар боловч гардан гүйцэтгэгч нь монголчууд өөрсдөө байсан. Хомо сапиэнс нь төсөөлөх чадвараар бусад хомоидоос илүү учир бүгдийг нь ялан дийлж өнөөгийн соёл иргэншилд хүрэн энэ ертөнцийн үнэмлэхүй захирагч болсон билээ. Ингэхээр шашинаа устган балласан өнөөгийн монголчуудын хувьд шашныг нь юу орлох болсон бэ? Ийм асуултанд хариу авахын тулд Ягеллоны Их сургуулийн социологичид 1987 онд Монголд ирж судалгаа хийжээ. Марксизм нь бүхий л түүхийн турш нүүдэлчдийн, тэр дундаа монголчуудын шүтсээр ирсэн бөө мөргөлийн шаманизм ба тэнгэризм, мани шашин, христиан шашин, буддын тэравада, төвдийн буддизм, шарын шашныг холин орлуулсан шинэ шашин маягаар хэлбэршин тогтжээ гэсэн дүгнэлтэд тэд хүрчээ. Бурханыг Маркс, Ленин нар орлох ба Энгельс, Сталин, Брежнев, Чойбалсан, Сүхбаатар, Цэдэнбал зэрэг тухайн цагийн удирдагчид архадын үүрэг гүйцэтгэнэ. Хойд насыг ирээдүйд хүрэх коммунист нийгмээр төсөөлнө. Энэ насандаа сахилга баттайгаар социализмд үнэнч байх нь хожим коммунист диваажинд хүрэх гол зам гэж үзнэ. Сайн тэнгэр нь ЗХУ ба бусад социалист орнууд бол муу тэнгэр нь АНУ, Хятад, Япон, Өрнөдийн капиталист орнууд. Үзэл суртлын алдаа гаргасан хэн ч чарлаб, ландрам болон хувирсан буруу номтнууд. Намын батлах, баярын цуглаан жагсаал, үзэн ядах цуглаан зэрэг нь чойг, майдар эргэх, барам гаргах зэрэг ритуал ёслолыг орлож буй. Сүм хийдийг үзэл суртлын танхим, сонин уншлага, лекц суртал нэвтрүүлэг орлоно. Цаг тухай бүрд тасралтгүй цувран төрдөг стахановчууд шинэ хутагт хувилгаадын бас нэг шинэ хэлбэр. Гэх мэт, гэх мэт.
Нүүдэлчид түүхийн туршид нэг шашинаас нөгөө рүү шилжин явсаар ирсэн. Энэ явцдаа түрүүчийн шүтлэгээ ор тас марталгүйгээр шинээр орж ирсэнтэй нь холин прагматик байдлаар өөриймшүүлж байлаа. Шинэ шүтлэг орж ирэхэд түрүүчийнхийгээ үгүйсгэн заримдаа харгис хэрцгийгээр устган сөнөөж байсан авч тэндээс маш олон санаа, ёс журам, ритуал ёслол, авч үлдэж байв. Ингэхээр монголчуудын уугуул үндэсний шашин аль нь вэ?Анхных нь уу, сүүлчийнх нь үү, удаан ноёлсон нь уу, оюун санааны хувьд тус болсон нь уу, хөгжил дэвшилд хүргэсэн нь үү…?
2018.10.21
[i] Берзин, Александр. Историческое взаимодействие буддиской и исламской культур до возниковения Монгольской империи (Библиотека Берзина 1996)
[ii] Russell, Bertrand. A History of Western Philosophy (Roudledge, London 1995) p-365-366
[iii] Абу-ль-Фарадж. Книга занимательных истории (Москва. Государственное издательство художественной литературы 1961)
[iv] Рүбрүк, Гийом дө Дорно этгээдэд зорчсон минь (Улаанбаатар 1988) х-147-148
[v] The New Encyclopedia Britanica, 15th edition vol 16 (Encyclopedia Britanica, Inc1987) pp-244
[vi] Tsong-Kha-Pa. The Great Treatise on the Stages of the Path to Enlightenment (Snow Lion Publications)
[vii] Саган сэцэн. Тэнгэрээс заяагаар үүдсэн хаадын алтан ургийн цагаан түүх нэрт эрдэнийн товч (түүхч С.Идшинноровын кирилл үсэгт буулгасан гар бичмэл, хувийнх нь цуглуулга)
[viii] Popper, Karl Postscript to the Logic of Scientific Discovery